| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Ням |
| Хэргийн индекс | 170/2019/0083/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/85 |
| Огноо | 2019-08-21 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Халх боржигин овогт Доржийн Ням даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Баяжих овогт Батжаргалын Одонтуяа Шүүгдэгч Алаг адуун овогт *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.ЧимэдОчирсүрэнд холбогдох 1923001160079 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн Завханмандал сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3 аав, ээжийн хамт Завхан аймгийн Завханмандал сумын Олонтүрүү багт оршин суух хаягтай боловч одоогоор Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг Агьтын ам гэх газар оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Алаг адуун овогт *******гийн *******, Регистрийн дугаар:******* Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн дэслэгч Д.*******ыг хэл амаар доромжлон хамар хэсэгт нь гараараа цохиж хүч хэрэглэн эсэргүүцэн “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт/яллах дүгнэлтэнд дурдснаар/ холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн үйлдэл буюу хэргийн үйл баримтын талаар хохирогч Ц.******* “...Би 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагаас 06 дугаар сарын 22-ны өдрийн 01 цаг хүртэл Цагдаагийн газрын Замын цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн үүрэг томилгоот үүргийн цагдаагийн ахлах ахлагч Б.Баатарсүх, ахлагч Б.Аминдаваа нарын хамт замын хяналт, шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан...Тэр үед мотоциклын жолооч болон араар нь сууж явсан зорчигч нар мотоцикл дээрээ зогсоороо зогсож байсныг мотоциклоос буулгахад уг хүмүүс архи, согтууруулах ундааны зүйл илт үнэртэж байсан. Тэгээд мотоциклын жолооч болон зорчигч нарт та нар согтуу байна согтуугаар мотоцикл жолоодон явж болохгүй ээ гэж хууль сахиулагчийн зүгээс шаардлага тавиад мотоцикл жолоодож явсан намхан биетэй залуугийн ар шил орчмын дээлний захаас бариад зогсож байтал нөгөө залуу та нар муу сайн цагдаа нар ингэж болохгүй ш дээ, муу пизда нар ингэдэг байхгүй юу, би шээж чадахгүй байна гэж орилон биднийг хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжлон заналхийлж байснаа гэнэт миний нүд болон хамрыг хавсруулан гараараа нэг удаа цохиод авсан...” гэж мэдүүлжээ. Хохирогчтой хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Б.Аминдавааг гэрчээр байцаахад “...Дэслэгч Ц.******* бид нар тухайн мотоцикл жолоодож явсан Б.*******д та согтуугаар мотоцикл жолоодон явж болохгүй гэсэн хууль ёсны шаардлагыг тавьсан. Бидний шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл нь Б.******* нь миний мотоцикл тоормозгүй гэж орилсон байдалтай мотоциклоороо дайрах шахсан. Мотоциклоосоо буусан байхдаа дэслэгч Ц.*******ын нүүрэн тус газар нь цохисон бололтой хамарнаас нь цус гаргасан...” гэж мэдүүлсэн бөгөөд тухайн үед шүүгдэгчийн араар сууж явсан Л.Дарханбаатарыг гэрчээр байцаахад дээрх гэрч, хохирогчийн мэдүүлгийг батлан мэдүүлсэн байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.7-д заасан “нэг бүрийн бусад тусгай хэрэгсэл” гэдэгт цагдаагийн алба хаагчийн энгэрийн камер хамаарах бөгөөд мөн хуулийн хуулийн 52 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэглэхээр хуульчилсаны дагуу хохирогч Ц.******* шүүгдэгчийн үйлдлийг өөрт олгогдсон эрхийн дагуу энгэрийн камераараа бичсэн байна. Мөрдөгч цагдаагийн албаны компьютерт хуулбарласан уг камерийн бичлэгт үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан улмаар дуудүрсний бичлэгээр бэхжүүлэн/CD-д буулган/ хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан бөгөөд камерийн бичлэгт тухайн үеийн нөхцөл байдал буюу хууль сахиулагчийг эсэргүүцэн цохисон шүүгдэгчийн үйлдлийн дуу-дүрс тодорхой туссан байна. Тухайн үед Ц.******* албан үүргээ гүйцэтгэж явсан болох нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Цагдаагийн газрын жижүүр, эргүүл, саатуулах байранд ажиллах томилгоо, томилгоонд өөрчлөлт орсон тэмдэглэлээр нотлогдож байна. Цагдаагийн албан хаагч нь Цагдаагийн албан тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болох ба уг шаардлагыг мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт зааснаар тухай хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй. Шүүгдэгч Б.*******гийн, цагдаагийн албан хаагч Ц.*******ын албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн улмаар түүний нүүр рүү цохиж, хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн албаны ашиг сонирхолд халдсан шинжээрээ Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Ийнхүү шүүгдэгч Б.******* нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь тогтоогдож байх тул Б.Чимид-Очирсүрэнг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлэн дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгосон болно. Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч мөн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж заасны дагуу шүүгдэгчид хүлэлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа түүнд танилцуулж, шүүгдэгч уг саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Түүнчлэн шүүгдэгч Б.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвсөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэдгээ шүүх хуралдааны шатанд илэрхийлж байна. Хохирогч Ц.******* нь шүүгдэгчтэй эвлэрч, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн баталгааг бичгээр гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол болон хор уршиггүй гэж үзэх үндэстэй байна. Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтогдоогүй бөгөөд түүнд улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5-1.9, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Алаг адуун овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.*******г 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж энэ хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 3. Шүүгдэгч Б.******* тэнссэн 1/нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн дээрх албадлагын арга хэмжээг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл мөн хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар тус тус ял оногдуулах журамтай болохыг анхааруулсугай. 4. Шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 5. Шүүгдэгч Б.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нөхөн төлүүлэх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн үйлдлийг бичсэн бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчийн хөрөнгө болох 1 тооны үхрийг битүүмжилсэн прокурорын 2019 оы 08 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМ