Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/00527

 

Н.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/02591 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр  сарын 15-ны өдрийн 99 дугаар магадлалтай,

Н.А-гийн нэхэмжлэлтэй,

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй   тэнцэх олговорт 9.788.614 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2009-2013 онд Хан-Уул даргын Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны, удирдлагын хэлтэст Архив, бичиг хэргийн эрхлэгч, 2013-2017 онд Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Төлөвлөлт гүйцэтгэл хяналт шинжилгээний хэлтэст гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. Ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангахгүй гэдэг үндэслэлгүй шалтгаанаар 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар намайг тус дүүргийн 1-р хорооны зохион байгуулагчийн үүрэгт ажлаас халсан. Дээрхи захиргааны актууд нь Төрийн албаны болон бусад холбогдох хуулийг зөрчсөн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хэлэлцэж, тухайн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 700 155 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан учир албадан биелүүлэх хүсэлтийг захиргааны шүүхэд гаргаж гүйцэтгэх хуудас бичүүлсэн. Хариуцагч байгууллага нь ажилд томилох, цалин олговор нөхөн олгох шүүхийн шийдвэрийг үл биелүүлж, миний хуулиар олгогдсон ажил хөдөлмөр эрхлэх эрхийг зөрчсөн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу 3 сарын цалингийн дунджаар нэг сарын цалин хөлсийг тооцож, 2017 оны 11 сарын цалин 914 171 төгрөг, 12 сарын цалин 1 386 282 төгрөг, 2018 оны 1 сарын цалин 936 171 төгрөг, нийт 3 236 624 төгрөгөөс 3 сарын хоол унааны хөнгөлөлт 567 000 төгрөгийг хасч, үлдэх 2 669 624 төгрөгийг 3 сард хуваахад нэг сарын дундаж цалин 889 874 төгрөгийг 11 сараар тооцож ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 9.788.614 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Дүүргийн засаг даргын Тамгын газрын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11/777 дугаар албан бичгээр Н.А-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг гаргуулахаар Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч тус хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн 345 дугаар албан бичгээр даатгуулагч иргэдийн мэдээллийг гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу ирсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 685 дугаар шийдвэрийг дахин хянуулах тухай хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхийн шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэгч нарыг ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч байсан эсэхийг тодруулах, мэдэх боломжтой байсан гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, тус шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Н.А- нь өөр байгууллагад ажил эрхэлж байсан байж болзошгүй байгаа тул Н.А-гийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын лавлагаа гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой байсан, хэрэв ажиллаж байсан гэдэг нь тогтоогдвол цалингийн зөрүүг хасаж, үлдэгдлийг тооцох боломжтой гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/02591 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 476 046 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А-д олгож, илүү нэхэмжилсэн 312 568 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.А-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 568 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжинд 166 566 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.А-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр  сарын 15-ны өдрийн 99 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/02591 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.А-гаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 430 төгрөг, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 430 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэлгэрэнгүй лавлагааг Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулахаар хандсан боловч хувь хүний нууцтай холбоотой баримт тул гаргаж өгөхгүй талаар албан бичгээр мэдэгдсэн. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нийгмийн даатгалын лавлагааг гаргуулан цалингийн зөрүүг хасаж, үлдэгдлийг тооцох боломжтой гэснийг шүүх авч хэлэлцээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.А-, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9.788.614 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөр маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/00685 дугаар шийдвэрээр Н.А-г урьд эрхэлж байсан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Ажилтан ажлаас халагдсан үеэс цалин хөлс авах эрх нь нэгэн адил зөрчигдөж эхлэх бөгөөд ажлаас халсан ажил олгогчийн тушаалыг хууль зөрчснийг шүүх дүгнэж, ажилтанг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бол шүүхийн шийдвэр бодитоор биелэгдэх хүртэл уг эрх зөрчигдсөн хэвээр үргэлжлэх тул энэ хугацааны цалинг нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар шаардах эрхтэй.

Иймд Н.А-д урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар 03-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасныг зөрчсөн гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна. Учир нь Н.А- нь өөр байгууллагад ажиллаж, цалин авч байсан эсэх нь ажил олгогчийн хууль зөрчсөн шийдвэрийн улмаас ажилгүй болж, шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэж тогтоогдсон ажилтанд ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох үүргээс ажил олгогчийг чөлөөлөх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, шүүх Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Н.А- нарын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа, уг харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийн эрх зүйн үндэслэл, үүнээс үүссэн үр дагаварын буюу зөвхөн зохигчийн хоорондох маргааны талаар дүгнэлт хийх тул нэхэмжлэгчийн өөр байгууллагад ажилласан үйл баримт энэ маргаанд хамаарахгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын лавлагааг гаргуулах шаардлагагүй гэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Хэргийн баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлийг хянаад хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/02591 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 99 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн Б.Э-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 166.566 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ