| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0427/Э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 16
Б.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд
Прокурор А.Оргилбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа
Шүүгдэгч Б.Б-
Нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний 468 дугаар шийтгэх тогтоолтой Б-ын Б-д холбогдох 1818007630470 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяагийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд нь:.
-2017 оны 05 сарын 17-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1.т зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар,
-2017 оны 12 сарын 01-ний өдрийн 354 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай , Д- овогт Б-ын Б-.
Шүүгдэгч Б.Б- нь согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 19.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг, Цантын 1-8 тоотод оршин суух иргэн Л.Г-ын гэрт нэвтрэн орж 32 инчийн “Элко” маркийн өнгөт телевизорийг хулгайлан авч 250.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 468 дугаар шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч Д- овогт Б-ын Б-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Шүүгдэгч Д- овогт Б-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар 2 /хоёр/ жил хорих ял шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдаж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс тоолохоор... шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа давж заалдах гомдолдоо:
...Б.Б- 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 19.00 цагийн орчим Л.Г-ын гэрээс “Элко” маркийн 32 инчийн зурагт хулгайлан авсан хэрэгт холбогдсон байна. Б.Б-ийг Л.Г-ын гэрт нэвтэрч үйлдсэн гэж ял шийтгэжээ. Б.Б- нь тухайн үед халамцуу байдалтай байсан. ...гэрийн хаалга онгорхой байхад нь ...архи хамт уух хүн хайж орсон, ...Айл эзэнгүй гэдгийг мэдээгүй орсон... гэж мэдүүлдэг.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1.т “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, тус зүйлийн 2.т Энэ гэмт хэргийг... гээд 2.1.т “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэж заажээ.
Бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэдэгт анхнаасаа хулгайлах гэмт хэргийн субьектив санаа агуулан түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгодог. Харин гэрт нь нэвтэрч орсны дараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг орон байр, агуулах саванд нэвтэрсэн гэж үзэхгүй. Аливаа гэмт хэргийн субьектив санаа үүсэн бүрдээгүй байхад гэмт хэргийг эхэлсэн, үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.
Шүүгдэгч нь гэмт хэргийн субьектив талын хувьд хулгай хийх санаа зорилго агуулж хохирогчийнд орсон эсэх нь нотлогдоогүй, шүүгдэгчийн мэдүүлгээр хохирогчийнд ороход эзэнгүй байсан учраас зурагтыг хулгай хийх санаа төрж хулгайлж авсан байна. Үүнээс хулгайлах гэмт хэргийн субьектив санаа, зорилго нь байранд нэвтэрсэн хойно буюу гэнэт үүссэн санаа болох нь харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүхээс гэмт хэргийн сэдэлт, зорилго хэзээ үүссэн, орон байранд хулгайлах гэмт хэрэг үйлдэх зорилгоор нэвтэрсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй байж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан орон байранд нэвтэрч “хулгайлах” гэмт хэргийн субьектив талын нөхцөл бүрдээгүй байхад тус зүйлээр шүүгдэгчийг шийтгэсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна.
Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт санаа буюу гэм буруугийн хэлбэр, байдлаас гадна учруулсан хохирол, хор уршгийн хэмжээгээр тодорхойлогдоно.
...Б.Б- нь айлд нэгэнт нэвтэрсэн хойно зурагт хулгайлж авсан, 250.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь нийгмийн аюулын шинж чанарын хэр хэмжээгээр ялимгүй бөгөөд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх тул гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Хэрэв Б.Б-ийг бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж тус шүүх дүгнэвэл өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, эхнэр нь жирэмсэн, бага насны хүүхэдтэй байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг баримтлан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа тайлбартаа:
Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б- тайлбартаа:
...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оргилбаяр дүгнэлтдээ:
Шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан.., Давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээний дотор хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Б-ийг согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 19.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг, Цантын 1-8 тоотод оршин суух иргэн Л.Г-ын гэрт орж 32 инчийн “Элко” маркийн өнгөт телевизорийг хулгайлан авч 250.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийг согтуурсан үедээ хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил хорих ял оногдуулсан байна.
Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн болон гэрч, хохирогчийн мэдүүлэг, тухайн үед болсон үйл баримтаар шүүгдэгч Б.Б- дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон, үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулжээ.
Гэвч шүүгдэгч Б.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэрэг хувийн байдал, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүлйийн 2.1.д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жил хорих ял оногдуулж, энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах боломжтой байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяагийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсэг буюу ...шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан оногдуулсан ялаас хасаж өгнө үү... гэснийг хүлээн авч, ...үйлдэл гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 468 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг:
...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар шүүгдэгч Д- овогт Б-ын Б-ийг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй... гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяагийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
Ц.АМАРЖАРГАЛ