Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 125/2023/0012/3 |
Дугаар | 221/МА2023/0680 |
Огноо | 2023-11-16 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2023/0680
Т.А-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.А, Д.Ж, түүний өмгөөлөгч М.Э
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Т.А
Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.А, Д.Ж
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16-17/31 дугаар актыг хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 125/ШШ2023/0021 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э
Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.А, Д.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбаяр
Хэргийн индекс:125/2023/0012/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.А- нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.А, Д.Ж нарт холбогдуулан “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16-17/31 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 125/ШШ2023/0021 дүгээр шийдвэрээр: “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16-17/31 дүгээр “Илүү олгосон тэтгэвэр буцаан олгох тухай” актын төлбөрийг 2,890,322 төгрөгөөр багасгаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.А, Д.Ж, түүний өмгөөлөгч М.Э нар давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
1. “... Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхөн даатгалд Т.А нь хамрагдаж 11 жилийг нөхөн тооцуулсан. Гэвч ингэж тооцуулахдаа 1990-1992 оны 6 дугаар сарыг дуусталх хугацаанд сурч байсан, тухайн үед ажиллаж байсан хугацаагаа Нийгмийн даатгалын байцаагчид Т.А-ийн суралцсан, ажилласан хугацаа нь нөхөн даатгалд давхар тооцогдсон зөрчил илэрсэн бөгөөд нэхэмжлэгч өөрөө хэлээгүй, өргөдөлдөө тусгаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон.
Тиймээс Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16-17/31 дугаар “Эрх үүсээгүй байхад тэтгэвэр тогтоолгож илүү авсан 5,690,322 төгрөгийг иргэн Т.А-ээр төлүүлэх” тухай акт нь хууль зүйн үндэслэл бүхий гарсан.
...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэсэн зохицуулалт нь тухайн шаардлага бүрэн хангасан иргэн тэтгэвэр тогтоолгон авах нөхцөл шаардлагыг зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүхээс шаардлага хангаагүй 8 сарын хугацаанд тохирсон тэтгэврийг тооцож хассан нь дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн тооцоолсноор 19 жил 5 сар ажиллаад тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэхээр тооцоолсон нь буруу юм. Нэгэнт 19 жил 5 сар ажилласан байх болзол шаардлага хангасан гэж үзвэл нэхэмжлэгч Т.А тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсээгүй юм. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.
Мөн анхан шатны шүүхээс дээд сургуульд суралцсан хугацааг нөхөн даатгалд тооцсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан” гэх заалтад суралцсан хугацааг оруулан тооцсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэн Т.А- өөрөө хүсээд, түүнээс хамаарах шалтгаанаар суралцсан тул энэ хугацаанд ажил эрхлээгүй нь өөрөөс нь шалтгаалсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасан үндэслэлээр анхан шатны шүүхээс дээрх хуулиудын зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2 дахь хэсэгт зааснаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 125/ШШ2023/0021 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх Т.А-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.А, Д.Ж нарт холбогдуулан “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16-17/31 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.А, Д.Ж нар нь 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16-17/31 дүгээр “Илүү олгосон тэтгэвэр буцаан олгох тухай” актаар “Эрх үүсээгүй тэтгэвэр тогтоолгож илүү авсан 5.690.322 төгрөгийг иргэн Т.А-ээр буцаан төлүүлэхээр” тогтоожээ.
3. Нэхэмжлэгч Т.А- нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 5 хүүхэд төрүүлж өсгөсөн, 20 жил 01 сар тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994 он/ 4 дүгээр зүйлийн 2-т зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна.
4. Тэтгэврийн хувийн хэргийн баримтын бүрдүүлэлт, тогтоолтын үндэслэлийг улсын байцаагч нар шалгаад дээрх хуульд заасныг зөрчиж, тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй байхад тэтгэвэр тогтоолгосон, сургуульд сурсан хугацааг нөхөн даатгалд хамруулсан зөрчил илэрсэн, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс тэтгэвэр тогтоолгох байсан хэмээн үзжээ.
5. Анхан шатны шүүх “Хариуцагч нар Т.А-д 1990-1992 оны 07 сар хүртэлх хугацаа буюу 2 жил 6 сарын хугацаанд акт тогтоох байсан, харин Т.А-ийн үрчилж авсан 1 хүүхэд 6 нас хүрсэн тул 1.6 жилийг, мөн “Е” ХХК-д нийгмийн даатгалын шимтгэл төлсөн зэргийг хасаж 1 жил 4 сар 4 хоногоор тооцож акт тогтоосон. Үүнээс ажилласан хугацаа нь 8 сар, суралцсан хугацаа нь 8 сар 4 хоног гэж тайлбарладаг. ... Иймд шүүхээс Т.А-ийн ажилласан хугацаа 8 сар, суралцсан хугацаа 8 сар 4 хоногийн хугацаанд дүгнэлт хийлээ.” хэмээн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасантай нийцээгүй байна.
6. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль /2012 он/-ийн дагуу нэхэмжлэгч Т.А 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 11 жилийн хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажилласнаар нөхөн тооцуулж, 1613000742 дугаар баталгаажилтын хуудас авчээ.
7. Хариуцагч хариу тайлбартаа “Үүнээс 2 жил 6 сарын хугацаанд акт тогтоох байснаас Т.А-ийн үрчилж авсан 1 хүүхэд 6 нас хүрсэн тул 1.6 жилийг, мөн “Е” ХХК-д нийгмийн даатгалын шимтгэл төлсөн зэргийг хасаж 1 жил 4 сар 4 хоногоор тооцож акт тогтоосон”, харин давж заалдах шатны шүүх хуралдаанд “1 жил 4 сарын хугацаа нь суралцсан хугацааг нөхөн тооцуулсан нь хууль бус тул акт тогтоосон” гэх тайлбаруудыг гаргаж байгаагаас үзвэл ийнхүү 1 жил 4 сар 4 хоногийн хугацааг хариуцагч хэрхэн тооцож зөрчилд хамааруулсан нь тодорхойгүй байна.
7.1 Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн Хойчбай Жанеркег үрчлэхийг зөвшөөрсөн мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын А/344 дүгээр захирамж, төрсний гэрчилгээний хуулбар, 2021 оны 4 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сар дуустал /Е/ 12 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай тодорхойлолт зэргээс үзвэл хариуцагч улсын байцаагч нар 2 жил 6 сараас 1 жил 2 сарыг хасаж тооцсон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг хэрхэн хангаж байгаа, ийнхүү үлдсэн 1 жил 4 сар 4 хоногийн хугацааг нэмэгдүүлж тэтгэвэр тогтоолгох нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэжээ.
7.2. Мөн тооцооллын хувьд 2 жил 6 сараас үрчилж авсан 1 хүүхэд 6 нас хүрснээр 1,6 жил хассан эсэх, “Е” ХХК-д нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 12 сарын хугацааг хэрхэн, яаж тооцон эрх үүсээгүй тэтгэвэр тогтоолгосон хугацааг 1 жил 4 сар 4 хоног хэмээн зөрчлийн хугацааг тодорхойлсон нь ойлгомжгүй, энэ талаар анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан талуудаас тодруулж тайлбар авах, мэтгэлцүүлэх зэргээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т заасан зарчмыг хэрэгжүүлээгүй, хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоож чадаагүй байна.
8. Хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбараар зөвхөн сурч байсан хугацааг хасаж тооцсон, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 8 сар Ховд сумын Баянбулаг бригадад хүний бага эмчээр ажилласан хугацааг оруулж тооцоогүй гэх бөгөөд шүүхээс хариуцагчийн гаргаж буй тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтад үндэслэж хэргийг нэг мөр шийдвэрлээгүй байна.
8.1 Энэхүү ажилласан хугацаа нь 7 сар 25 хоног тоологдож байх бөгөөд шүүх “...1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 8 сарын хугацаанд /1 сард 350.000 төгрөгийн тэтгэвэр авч байсан/ 2.800.000 илүү тогтоолгож авсан гэж үзэж улсын байцаагч акт тогтоосон нь үндэслэлтэй” гэх дүгнэлт хийсэн нь нотлох баримтаас зөрүүтэй, үндэслэлгүй болжээ.
9. Анхан шатны шүүхээс “. .. суралцсан хугацаа болох 8 сар 4 хоногт тогтоосон акт болох 2.890.322 төгрөгийг үндэслэлгүй тогтоосон гэж үзэж тус төлбөрийг төлбөр тогтоосон актаас хасаж тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг хийж төлбөрийг хасаж тооцон /8 сар 4 хоногийн төлбөрийг тооцоход 2.846.666 төгрөг/ шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994 оны/ 4 дүгээр зүйлийн 2-т “ Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох зохицуулалтыг анхаарч үзээгүй, хэрхэн нийцэж буйг дүгнээгүй байна.
10. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай /2020 онд хүчингүй болсон/ хуулиар нэхэмжлэгч Т.А- нь 1990-2000 оныг дуустал ажилласнаар нөхөн тооцуулсан байхад ийнхүү улсын байцаагч нар зөрүүтэй тайлбарыг хийж нэгэнт тогтоосон тэтгэврийн хугацааг өөрчлөн, буцаан төлүүлэхээр шийдвэрлэхдээ ямар нотлох баримтад үндэслэж, хэрхэн тооцсоныг гаргуулж энэ нь хууль тогтоомжид нийцэж байгаа үгүйд шүүх тайлбар өгөх шаардлагатай юм.
11. Хариуцагч нарын “...Шүүхийн тооцоолсноор 19 жил 5 сар ажиллаад тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэхээр байгаа нь буруу, ... Анхан шатны шүүхээс Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан” гэх заалтад суралцсан хугацааг оруулан тооцсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.
12. Эрх үүсээгүй тэтгэвэр тогтоолгосон гэх зөрчлийн үндэслэл, хугацаа, хэдэн төгрөг илүү авсан зэргийг бүрэн гүйцэт шалгаагүй, маргаан бүхий акт хууль болон холбогдох журмын заалтуудтай нийцэж буй эсэхэд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримттай холбогдуулан нотлох баримт дээр тулгуурлан маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд тайлбар дүгнэлт өгөх, хэргийг нэг мөр хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.5-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 125/ШШ2023/0021 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.А, Д.Ж нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА