Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 288

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сугармаа,

-улсын яллагч Ц.Батбямба,

-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн /№0695/,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бадамсүрэн,

-шүүгдэгч М.Одгэрэл нарыг оролцуулан

Төв аймгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шар овогт Мөнгөнцэцэгийн Одгэрэлд холбогдох Эрүүгийн 201619000472 тоот хэргийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн 13-а-03 тоотод оршин суух, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Шар овогт Мөнгөнцэцэгийн Одгэрэл /РД:НЮ86012473/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.Одгэрэл нь Төв аймгийн Зуунмод сумын 4-р багийн нутаг 13а-03 тоот гэртээ 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэртэйгээ маргалдаж улмаар модон сандал авч шидсэн нь хана мөргөн орон дээр унтаж байсан 28 хоногтой нярай О.Бат-Эрдэний толгойн тус газар нь унаж биед нь хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Одгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “..2016 оны 6 сарын 20-ны өглөө 9 цагын үед эхнэртэйгээ маргалдаад гэрээсээ гараад Дэнж орсон. Дэнжид 1 найзтайгаа таараад 1 шил архи хувааж уусан. Үдээс хойш 16 цаг өнгөрч байхад гэртээ харьсан. Очоод эхнэртэйгээ маргалдаад гэр орныхоо юмыг эвдэлсэн. Тухайн үед хүнд гар хүрнэ гэж бодоогүй, эхнэртээ ч гар хүрээгүй. Сандал аваад хана луу шидсэн. Сандалаар хүн цохичихно гэж бодоогүй. Сандал ойгоод орон дээр хэвтэж байсан хүүгээ цохьсон байсан. Яг тэр үед Бадмаа гаднаас орж ирээд хүүхдээ аваад цагдаа дуудсан байсан. Тэгээд намайг цагдаа ирээд аваад явсан..” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бадамсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "..2106 оны 06 дугаар сарын 20-ний өдөр М.Одгэрэлтэй маргасан. Өмнөх өдөр нь хонь авсан байсан уг хонины мөнгө өгөх талаар маргасан. Ажил хийхгүй байна гэж нөхөртөө уурласан. Өглөө нь нөхөр уурлаад гараад явсан. Өдөр орж ирэхээр нь нь уур хүрээд хоол ундгүй гадуур архи уулаа гэж чамд байшингаас өөр юу байгаа юм бэ гээд хэдэн үг хэлсэн. Тэгсэн нөхөр уурласан. Урьд нь тэгж агсан тавьж байгаагүй учраас айгаад цагдаа дуудсан. Тэгээд сүх оруулж ирээд хана цохьсон. Айгаад тэр сүхийг нь гаргаж тавьчихаад ороод ирэхэд хүүхдээ цохьчих шиг боллоо гээд улайд байсан. Эмнэлэгт үзүүлж хэвтсэн одоо зүгээр болсон хохирол гомдол нэхэмжлэх зүйлгүй .." гэв.

 

Гэрч С.Туяацэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "...2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн оройхон яг цагийг нь сайн санахгүй байна манай найз Бадамсүрэн 4 хүүхдээ дагуулаад манай гэрт ирсэн Одгэрэл сандал шидсэн чинь бага хүүхдийн толгойг оночих шиг боллоо гэж хэлэхээр нь бага хүүхдийг нь үзсэн чинь толгойных нь баруун чамархай чихнийх хавьд нь шалбарчихсан байсан. Тэгээд Бадамсүрэн 3 хүүхдээ манайд үлдээгээд бага хүүгээ эмнэлэгт үзүүлэхээр явсан. Тэгээд эмнэлэгт үзүүлчихээд гэрт ирээд эмнэлэгт хэвтэхээр боллоо ээж, аав хоёрыгоо дуудчихсан хүүхдээ ээж аав хоёрт үлдээх боллоо гэж хэлээд явсан.." гэх мэдүүлэг /хх-18-19/,

 

Гэрч М.Өнөдэлгэр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "..Одгэрэл, Бадамсүрэн нар нь манай хөрш айл юм. Одгэрэл Бадамсүрэн хоёр 4 хүүхэдтэй, хүүхдүүд нь 0-5 насных. 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Одгэрэл хөдөө хонинд явчихаад ирсэн юм. 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 09 цаг өнгөрч байх үед Одгэрэл манай гэрт орж ирээд өчигдрийн авч ирсэн махаа зарахаас Бадамсүрэн бид 2 муудалцаад Бадамсүрэн намайг тэжээж байгаа гээд байна өчигдөр авсан махыг зээлээр авсан юм мөнгийг нь төлж чадахгүй гээд байна гэж хэлээд манайхаас гараад явсан. ...Тэгээд би төвд найз Туяацэцэгийнд очсон тэгээд найзынхаа гэрт байж байтал оройхон одоо яг цагийг нь санахгүй байна Бадамсүрэн уйлсаар ороод ирсэн юу болов гэтэл Одгэрэл согтуу ирээд агсан тавиад хүүхдийн толгой руу сандлаар цохичихлоо гэсэн. Тэгээд Бадамсүрэн бид хоёр хүүхдийг нь эмнэлэг авч явах болоод найз Туяацэцэг Бадамсүрэнгийн хүүхдүүдийг харж үлдсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлчихээд хот руу эмнэлэг явах болж Бадамсүрэн гэртээ очиж хүүхдийнхээ юм хумыг авахаар очих үед гэрт хамаг хувцас нь газраар тарчихсан хүүхэд нь унтдаг орон дээр жижиг модон сандал хэвтэж байсан.." гэх мэдүүлэг /хх-20/,

 

 Гэрч С.Алтангэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "..2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг өнгөрч 18 цаг болох гэж байх үед охин Бадамсүрэн утсаар яриад Одко согтуу ирээд хүүхдийн толгой руу сандлаар цохичихсон одоо эмнэлэг явж байна, аав ээж хоёр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр Төв аймаг руу явсан. 19 цагийн үед Төв аймгийн Зуунмод суманд ирээд Бадамсүрэнгийн гэрээр ч ороогүй шууд эмнэлэг дээр Бадамсүрэнтэй уулзсан. Охин хүүхдийн толгой цууралттай байна гэнээ гэмтлийн эмнэлэгт очих шаардлагатай гээд хот руу явсан. ...Одгэрэл согтуу орж ирээд агсан тавьж байгаад сандал аваад шидсэн чинь хүүхдийн толгой оночихлоо хүүхэд уйлаад байна би хүүхдээ аваад эмнэлэг явлаа, Одког цагдаа ирээд аваад явчихсан гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй.." гэх мэдүүлэг /хх-21/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 316 тоот: "...О.Бат-Эрдэний биед баруун чамархай ясны далд шугаман хугарал, хуйханд хаван, нүүрэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 25-рт/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/,

-шүүгдэгч М.Одгэрэлийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад "урд ял шийтгүүлж байгаагүй" гэсэн лавлагаа /хх-37/,

-шүүгдэгч М.Одгэрэлийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр /хх-33/ сэжигтнээр, 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр /хх-35/ яллагдагчаар тус тус байцаасан тэмдэглэлүүд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч М.Одгэрэл нь Төв аймгийн Зуунмод сумын 4-р багийн нутаг 13а-03 тоот гэртээ 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэртэйгээ маргалдаж улмаар модон сандал авч шидсэн нь хана мөргөн орон дээр унтаж байсан 28 хоногтой нярай О.Бат-Эрдэний толгойн тус газар нь унаж биед нь хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: гэрч С.Туяацэцэгийн: “..2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн оройхон яг цагийг нь сайн санахгүй байна манай найз Бадамсүрэн 4 хүүхдээ дагуулаад манай гэрт ирсэн Одгэрэл сандал шидсэн чинь бага хүүхдийн толгойг оночих шиг боллоо гэж хэлэхээр нь бага хүүхдийг нь үзсэн чинь толгойных нь баруун чамархай чихнийх хавьд нь шалбарчихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Өнөдэлгэрийн “..Бадамсүрэн бид 2 муудалцаад Бадамсүрэн намайг тэжээж байгаа гээд байна өчигдөр авсан махыг зээлээр авсан юм мөнгийг нь төлж чадахгүй гээд байна гэж хэлээд манайхаас гараад явсан. ...Тэгээд би төвд найз Туяацэцэгийнд очсон тэгээд найзынхаа гэрт байж байтал оройхон одоо яг цагийг нь санахгүй байна Бадамсүрэн уйлсаар ороод ирсэн юу болов гэтэл Одгэрэл согтуу ирээд агсан тавиад хүүхдийн толгой руу сандлаар цохичихлоо гэсэн....” гэх мэдүүлэг, гэрч С.Алтангэрэлийн: “..19 цагийн үед Төв аймгийн Зуунмод суманд ирээд Бадамсүрэнгийн гэрээр ч ороогүй шууд эмнэлэг дээр Бадамсүрэнтэй уулзсан. Охин хүүхдийн толгой цууралттай байна гэнээ гэмтлийн эмнэлэгт очих шаардлагатай гээд хот руу явсан...” гэх мэдүүлэг, шинжээчийн №316 тоот дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бадамсүрэн, шүүгдэгч М.Одгэрэл нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч М.Одгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч М.Одгэрэлд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох эхнэр С.Бадамсүрэн нь “..миний бие гомдол саналгүй, 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр эмнэлэгт хүүхдээ үзүүлэхэд биеийн байдал нь эдгэрсэн гэсэн” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзсэн болно.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Энэ хэрэгт иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч М.Одгэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг модон сандлыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шар овогт Мөнгөнцэцэгийн Одгэрэлийг бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Одгэрлийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан М.Одгэрэлд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан М.Одгэрэлд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Одгэрэлд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан М.Одгэрэл нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсан болохыг дурдсугай.

7. Ялтан М.Одгэрэл нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг модон сандлыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Одгэрэлд урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргү/цэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА