Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 853

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр                 Дугаар 128/ШШ2019/0853                Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК /РД:*******/

Хариуцагч: Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Д

Нэхэмжлэлийн шаардлага: “...Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундралмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, өмгөөлөгч Ч.Т, хариуцагч Д.Д нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч М.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани нь Хан Уул дүүргийн 15 дугаар хороо Махатма Гандийн гудамжинд байрлах “Х” цогцолбор барилгын В1 давхарт супермаркетийн чиглэлээр 2012 оны 12 дугаар сараас одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Манай байгууллага нь Мэргэжлийн хяналтын байгууллагын 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №34-03-293-747 эрүүл ахуйн төлөв байдлын тухай улсын байцаагчдын дүгнэлттэй, 2018 оны 9 дүгээр сарын 13-нд Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын байгууллагын цахим мэдээллийн бүртгэлийн сангийн 112201689 тоот дугаарт бүртгүүлэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомжид заасны дагуу мэргэжлийн хяналтын бүртгэлийн хуудастайгаар үйл ажиллагаа явуулж байна.

2013 оноос хойш Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын байгууллагаас сар шинийн баяр, эх үрсийн баяр, шинэ жилийн баяр зэргээр хяналт шалгалтуудад удаа дараа хамрагдаж байсан.

Манай супермаркет нь Монгол улсад мөрдөгдөж буй “Худалдааны газар түүний үйлчилгээ” МNS5021:2007 стандартын 8 дахь хэсэгт заагдсан Шаардлагатай үндсэн техник, тоног төхөөрөмж, хэрэгслийн “8.2.4 Махыг жижиглэн бэлтгэх зориулалтын лангуу”-тай байна гэсэн заалтын дагуу махыг жижиглэн худалдааны зааланд гаргах, хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу жижиглэн савлаж өгөх зориулалтын лангуутай.

 “Худалдааны газрын үйлчилгээ” MNS5021:2007 улсын Стандартын шаардлагын биелэлтийн 5.4-д “Махны жижиглэн бэлтгэх зориулалтын лангуу”-тай байна гэсэн заалтын дагуу тохижуулсан махны лангуу байдаг болно.

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Н.З, Д.Д байцаагч нар 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шалгалтаар ирээд танай дэлгүүрээс “Үхрийн татсан мах худалдаж авахад дотроос нь будаа гарч ирсэн гэх” иргэний гомдлын дагуу манай байгууллагад шалгалтаар ирсэн.

Шалгалтаар ирэхдээ тухайн иргэний гомдолд заасан асуудлаар хяналт шалгалт хийгээгүй, тухайн махыг шинжилгээнд хамруулж будаа хольсон байсан талаар бидэнд мэдэгдээгүй, шинжилгээний хариугаа авъя гэхэд зөрчлийн хуулийн дагуу прокурорт шилжсэн байгаа гээд ямар нэг хариу өгөөгүй, манай дэлгүүр нь гурил будаа элсэн чихрийг жижиглэн савлаж худалдаалдаггүй учраас машиндсан маханд будаа орох ямар ч үндэслэл байхгүй байсан.

Өмнө нь манай байгууллагад Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын байгууллагаас мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч нар хүртэл шалгалтаар ирэхэд манайхыг мах ангилан савлах цехийн дүгнэлт авах ёстой гэж хэлж байгаагүй худалдаалж байгаа маханд хяналт тавиад л явдаг байсан.

Манай супермаркет нь махыг жижиглэн хэрэглэгчийн таашаалд нийцүүлэн хэрчиж, машиндаж өгдөг тоног төхөөрөмжтэй. Энэ төхөөрөмжид жижиглэсэн махыг зөвхөн өөрийнхөө супермаркетад жижиглэн худалдаалдаг бөгөөд гадагш бусад худалдааны газруудад нийлүүлдэггүй, мах ангилан савлах цехийн хэмжээний үйл ажиллагаа явуулдаггүй байхад танай дэлгүүр мах ангилан савлах цехэд хамааралтай. Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл дүгнэлт аваагүй гэх зөрчлөөр гурван мянган нэгж буюу 3.000.000 төгрөгийн торгууль /№******* мах ангилан савлах цехийн дүгнэлт, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан/ тавьсныг манай байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Иймээс Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын байцаагч Н.З, Д.Д нарын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Худалдааны газар түүний үйлчилгээ МNS5021:2007 стандартад заагдсан супермаркетийн үйлчлүүлэгч нарт зориулж худалдааны танхимд байрлуулсан махны жижиглэн савлах зориулалтын лангууг махны цех гэж аж ахуй нэгж байгууллагыг буруутгаж байгааг хянан үзэж Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Хан-Ул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Д шүүхэд болон шүүх хуралдпанд гаргасан хариу тайлбартаа: “...Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын тусгай дугаар *******-т Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай иргэн С.Оын ирүүлсэн “Хан-Уул дүүрэг замын цагдаагийн урд байрлах Home plaza-ийн махны тасгаас машиндсан мах авахад дотор нь будаа холилдсон байсан, шалгаж өгнө үү” гэх өргөдөл гомдлыг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1./Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ./-д үндэслэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн.

Төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар доорх зөрчил дутагдал илэрсэн.

Нэг. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд “Х” ХХК нь түүхий эд буюу махаа 7 хоногт 1 удаа Хүчит шонхор захаас байнгын нийлүүлэгч иргэн Н.Н /********/-ээс татан авч, худалдан борлуулдаг. Тухайн өдөр шалгалтын явцад гомдол гаргагч иргэн С.Оын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр худалдан авсан үхрийн махыг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хүчит шонхор захаас дагалдах гарал үүсэл /мал эмнэлгийн гэрчилгээ/-ийн бичиггүй нийлүүлж, худалдан борлуулсан зөрчил илэрсэн. Энэ нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.”...баримт нотолгоог үндэслэн үзлэг хийсэн албан тушаалтан түүхий эд бүтээгдэхүүнд гэрчилгээ олгоно”-д заасны дагуу үхрийн мах нь мал эмнэлгийн гэрчилгээ буюу баталгаажилттай худалдан борлуулах ёстой. Нэг татан авалтаар буюу 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр  ирсэн үхрийн махны үлдэгдэл байхгүй худалдаанд гарч дууссан байсан тул гомдол гаргагч иргэний ирүүлсэн үхрийн махны ижил дээж авах боломжгүй байсан.

Иймд Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт “Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журам”, Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/167 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Бүтээгдэхүүнээс дээж авах аргачлал”-ын дагуу гомдол гаргагч иргэний худалдан авсан 1 кг үхрийн машиндсан түүхий махыг 0006715 дугаартай лабораторид дээж өгсөн тэмдэглэл хөтлөн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжилгээнд хамруулсан.

Хоёр Гомдлын утга буюу “үхрийн машиндсан маханд будаа холилдсон” шалтгаан нөхцлийг тогтоохын тулд эхний цэгээс эцсийн цэг хүртэл хяналт шалгалтыг хийх шаардлагатай байдаг.

“Х” ХХК нь үхрийн махыг тодорхой тоо хэмжээгээр нийлүүлэн, дэлгүүр дээрх зориулалтын хүчин чадал бүхий хөргүүрт хадгалж, хэрэглэгчийн хүссэнээр /мах машиндах, хөрөөдөх, зүсэх тоног төхөөрөмж суурилуулсан/ зүсэж, зорж, хэрчиж, машиндаж худалдан борлуулдаг.

Мах тоног төхөөрөмжөөр дамжих гэдэг нь мах бохирдох эрсдэл нэмэгдэж байдаг. Мах махан бүтээгдэхүүн бохирдох 3 нөхцөл байдаг.

•           Нян /ажлын хувцас, багаж тоног төхөөрөмж, ажлын байр/

•           Хими /антибиотик, эм био бэлдмэл, угаалга, ариутгалын бодисын үлдэгдэл/

•           Механик /гадны биет үс, хумс, будаа гэх мэт/

Иймд үхрийн машиндсан мах бэлтгэх үйлдвэрлэл, үйл ажиллагааг заавал шалгах шаардлагатай ба энэ процесс үйл ажиллагаа дэлгүүр дээр хийгддэг байна. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн бохирдох эрсдлийг тоног төхөөрөмжөөр дамжих, ажлын байр, тоног төхөөрөмжийн ариутгал, цэвэрлэгээ, ажилчдын эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байдал зэрэг үхрийн мах машиндахад холбогдох бүх үйл ажиллагааг хяналт шалгалтанд хамруулдаг. Шалгалтын явцад мах бэлтгэгч Б овогтой Э РД:*******, утас-******, хуурамч эрүүл мэндийн дэвтэртэй байсан буюу Д овогтой Л-ийн эрүүл мэндийн дэвтэрт өөрийн зургийг сольж нааж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зөрчил илэрсэн. Энэ нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаал 1 дүгээр хавсралт” хүснэгт 1-ийн 1-т заасны дагуу мөн “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-ийн 10.1.7-д Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг буюу түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтанд хамруулах, эрүүл мэндийн үзлэгт тогтмол оруулах заалтыг зөрчсөн байна.

Гурав. “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.5. Хяналтын байгууллага дор дурдсан үйлдвэрлэлийг шинээр эрхлэх хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Хүнсний тухай хууль болон энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд урьдчилсан хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргана. Үүнд:

3.5.1. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл

Мөн “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийн 31 дүгээр зүйл 31.3.2. Мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх, мал, амьтны эм, тэжээл, тэжээлийн нэмэлт, мал эмнэлгийн хэрэгсэл, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, хадгалах, худалдах үйл ажиллагаанд хяналт тавьж, дүгнэлт гаргах-д заасны дагуу улсын байцаагчийн дүгнэлт, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн зөрчил илэрсэн.

          Дөрөв. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 19-967 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнгээс үзэхэд үхрийн машиндсан маханд механик хольц илрээгүй.

          Тав. “Х” ХХК нь Мэргэжлийн Хяналтын байгууллагын 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 34-03-293/747 тоот улсын байцаагчийн дүгнэлттэй ба энэ нь тус ажлын байрны Эрүүл ахуй, стандартын төлөв байдалд гарсан дүгнэлт болно. Мах, махан бүтээгдэхүүн нь дээрх 2 хууль /ХБАБХТХ, МАЭМТХ/-д тусгайлан заасны дагуу улсын байцаагчийн дүгнэлт зөвшөөрөлтэй явуулдаг үйл ажиллагаа болно.

          Зургаа. Дээрх зөрчил буюу “Х” ХХК нь мах ангилан савлах цехийн дүгнэлт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1.-д “Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой /зөвшөөрөлгүй/ зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.2. Зөвшөөрөл аваагүйг үндэслэл болгон “Х” ХХК-д “3000 нэгжтэй тэнцэх төгрөгийн шийтгэл оногдуулан, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралт “Шийтгэлийн хуудас” маягт-2-г үйлдэж, хувийг Улаанбаатар шуудангаар 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “Х” ХХК-д хүргүүлсэн. “Х” ХХК-д холбогдох “Хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материал”-ыг Хан-Уул дүүргийн Прокурорын газарт хүргүүлэн, хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Энхтунгалагт хянуулсан болно.

          Долоо. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлнэ” гэж заасны дагуу шийтгэлийн 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээг “Х” ХХК нь тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэх тухай албан бичгийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүргүүлсэн.

          Найм. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/Ш32019/6391 дугаартай шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн болон хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Д нь иргэн Н.О-аас гаргасан өргөдлийн дагуу “Х” ХХК-д төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгээд, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь: зөвшөөрөл аваагүй;” зөрчил илэрсэн гэж дүгнэн, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас үйлдэн 3000 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.

Нэхэмжлэгчээс “...Манайх “Худалдааны газрын үйлчилгээ” MNS5021:2007 улсын Стандарт шаардлагын биелэлтийн 5.4-д заасны дагуу махны лангуутай, мах ангилан савлах цехийн хэмжээний үйл ажиллагаа явуулдаггүй” гэж, хариуцагч Д.Д нь “...“Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.3.2-т “Мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх, мал, амьтны эм, тэжээл, тэжээлийн нэмэлт, мал эмнэлгийн хэрэгсэл, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, хадгалах, худалдах үйл ажиллагаанд хяналт тавьж, дүгнэлт гаргах” гэж заасны дагуу улсын байцаагчийн дүгнэлт, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн зөрчил илэрсэн...” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч гэж хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийг” гэж заасан бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02/3630 тоот албан бичигт “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “Хүнсний сүлжээ” гэж хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах, экспортлох импортлох, хоол үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх үйл ажиллагааг заасан тул супермаркетад мах ангилан савлах, мах худалдаалах үйл ажиллагаа нь хүнсний сүлжээнд хамаарагдана” гэснээс үзвэл “Х” ХХК-ийг “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч” гэж үзэхээр байна.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь дараах үүргийг хүлээнэ: үйл ажиллагаагаа эхлүүлэхээс өмнө энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу мэдээлэх, урьдчилсан хяналт шалгалтад хамрагдах” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан өөрийн байранд худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.О, Хүнсний чанар аюулгүй, байдлын хяналтын улсын байцаагч М.Г нар 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 34-03-293/747 Эрүүл ахуйн стандартын төлөв байдлын тухай дүгнэлт гаргаж “Х” ХХК-ийн супермаркет нь “Худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5021:2007 стандарт болон эрүүл ахуйн шаардлагыг хангаж байна” гэж үзсэн байна.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “анхан шатны үйлдвэрлэл эрхлэх” гэж ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийг тариалах, хураах, бэлтгэх, мал, амьтан, загас өсгөх, үржүүлэх, мал бэлтгэх, төхөөрөх, түүхий сүү бэлтгэх, боловсруулах, байгалийн гаралтай жимс жимсгэнэ, ургамлыг түүх, тэдгээрийг зах зээлд нийлүүлэхийг” гэж заасан бөгөөд супермаркетад махыг жижиглэн бэлтгэж савлан, лангуун дээр худалдаалах үйл ажиллагаа нь дээрх хуульд заасан мал бэлтгэх, төхөөрөх анхан шатны үйлдвэрлэл биш байна.

Махны үйлдвэрлэл шинээр эрхлэгчдэд урьдчилсан хяналт хийх хяналтын хуудсын /1.29.1/ асуулгад “үйлдвэрлэлийн гадна орчин, барилга байгууламжийн талаарх хэсэгт стандарт техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламжтай байх, үйлдвэр нь ус, намаггүй, хог хаягдал болон бусад бохирдолгүй цэвэр орчинд байрладаг байх, гадна орчны зам талбай нь хатуу хучилттай, зүлэгжүүлсэн цэвэрхэн байх” гэх зэргийг тусгаснаас үзэхэд дийлэнх асуултууд нь супермаркетад хамааралгүй, харин махан бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэл эрхэлдэг цехэд тавигдах шаардлагууд байх тул уг хяналтын хуудсаар супермаркетад мах худалдан борлуулах үйл ажиллагааг шалгасан нь үндэслэлгүй, тодруулбал “Х” ХХК-ийн мах худалдан борлуулах үйл ажиллагааг махны цех гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2001 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан MNS 5023:2001 “Мах, махан бүтээгдэхүүн, Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага”-ын 1-т “Энэхүү стандартыг дотоод болон гадаад зах зээлд нийлүүлэх зориулалтаар мал нядлах, мах боловсруулах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд мөрдөнө.” гэж хамрах хүрээг тодорхойлсон байх бөгөөд “Х” ХХК-ийн супермаркетын явуулж байгаа “махыг жижиглэн бэлтгэж, савлан лангуун дээр худалдах” үйл ажиллагаа нь дээрх мах нядлах, мах боловсруулах үйл ажиллагаа биш байна.

Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд дараах нийтлэг шаардлага тавина: стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх” гэж, Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаар тогтоолоор батлагдсан MNS 5021:2007 “Худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага”-ын 8 дугаар зүйлийн 8.1-д “Худалдаа эрхлэгчид нь худалдааны газрын үйлчилгээний төрлөөс хамааран дараах үндсэн техникийн тоног төхөөрөмж, хэрэгсэлтэй байхаас гадна энэ зүйлийн 8.2, 8.3-д заасан барааны төрөөс хамааруулан нэмэлт тоног төхөөрөмжтэй байна.”, 8.2.1-д “Түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүний температур хэмжигчтэй төрөлжсөн хөргөгчтэй лангуу”, 8.2.4-д “Махыг жижиглэн бэлтгэх зориулалтын лангуу” гэж тус тус заасан байх бөгөөд “Х” ХХК-ийн супермаркет нь тус техник тоног төхөөрөмжтэй болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон бөгөөд эдгээр тоног төхөөрөмжтэй байна гээд махны цех гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч Мал эмнэлгийн хяналтын улсын /ахлах/ байцаагчийн ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилт хэсэгт “Малын гаралтай түүхий эдээр үйлдвэрлэл явуулах талаар иргэн, хуулийн этгээдээс гаргасан хүсэлтийг хянаж үзэж, дүгнэлт гаргах” гэж зааснаас үзэхэд иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн дүгнэлт гаргах агуулгатай байх тул “...мал эмнэлгийн улсын байцаагчийн дүгнэлтгүй...” гэх зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь зөвшөөрөл аваагүй...” гэж үзэх боломжгүй байна.

Учир нь дээр дурдсанчлан 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 34-03-293/747 тоот улсын байцаагчийн дүгнэлтэд “Х” ХХК-ийн супермаркет нь “Худалдааны газар, түүний үйлчилгээ. “Ерөнхий шаардлага” MNS 5021:2007 стандарт болон эрүүл ахуйн шаардлагыг хангаж байна” гэж дүгнэсэн байхад нэхэмжлэгчийг зөвшөөрөл аваагүй гэж хариуцагчаас буруутгасан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нараас 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02-02-191/119  дүгээр “Бүтээгдэхүүн хураах тухай” улсын байцаагчийн актаар, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны 02-02-182/437 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 02-06-080/262 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар, “Х” ХХК-д илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчаас тухай бүрт нь акт үйлдэж зөрчлийг арилгуулж байсан байна.

Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02-04/4996 тоот албан бичигт “Хүнсний супермаркетад махыг жижиглэн бэлтгэж, савлан, лангуун дээр худалдахдаа үйл ажиллагааны дүгнэлт гаргахгүй бөгөөд худалдааны газрын стандартад заасны дагуу үйл ажиллагааг эрхэлж мэдээллийн санд бүртгүүлнэ” гэсэн байх тул “Х” ХХК нь тус үйл ажиллагааг  зөвшөөрөлгүй эрхэлсэн гэж үзэхгүй.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2/3630 дугаар албан бичгээр ирүүлсэн “...нийслэлийн хэмжээнд мах ангилан савлах үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжийн жагсаалтад нэхэмжлэгч компани бүртгэлгүй...” бөгөөд Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс ирүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02-17/475 дугаар албан бичигт “...2018 оноос хойшхи Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй мах ангилан савлах цехийн бүртгэлд “Х” ХХК нь бүртгэгдээгүй...” байна.

Хэдийгээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг “Скай хайпермаркет” ХХК-ийн мах ангилан савлах цехтэй ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг гэж маргах хэдий ч худалдааны газарт тавигдах шаардлага стандартаас дүгнэвэл супермаркет, хайпермаркет нь хүчин чадал, тоног төхөөрөмжийн хувьд ялгаатай байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч нараас 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Шошгын шаардлагыг хангаж ажиллах тухай” зөвлөмжийг, 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 34-02-303/38 дугаар Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх тухай” зөвлөмж, 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02-03-321/14 дүгээр Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх тухай” зөвлөмжүүдийг “Х” ХХК-д хүргүүлсэн байх бөгөөд энэхүү зөвлөмжүүдийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Дд холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйл нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих” гэсэн нэртэй байх бөгөөд уг хуульд заасан зөвшөөрлийг нэхэмжлэгчээс анх үйл ажиллагаа явуулж эхлэхдээ авсан байхад хариуцагчийн зүгээс Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль зөрчсөн гэх үйл баримтыг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчсөн мэтээр тайлбарлах нь үндэслэлгүй, харин уг шүүхийн шийдвэр нь хариуцагчаас өөр төрлийн зөрчлийг илрүүлэн зохих хариуцлага тооцоход саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12, 10 дугаар зүйлийн 10.1.2, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасныг тус тус баримтлан “Х” ХХК-иас Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Дд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Дын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                        Ц.ОДМАА