Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2287

 

 

 

 

 

 

 

 

 

С.Б-ыннэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/02202 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Б-ыннэхэмжлэлтэй,

Хариуцагч Х ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: С.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.А

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хаан банкинд 9 жил гаруй хугацаанд тогтвортой ажиллаж, 2014 оноос шинээр байгуулагдсан SOC аналист ажлын байранд аналистаар ажиллаж байгаад 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үндэслэлгүйгээр халагдсан.

Ажлын байранд явагдсан аттестатчилал, үнэлгээ нь хууль, журамд заасан дагуу явагдаагүй бөгөөд дээрх үнэлгээнүүдийг зөвшөөрөхгүй байгаагаа болон аттестатчиллыг хүчингүй болгохыг Хүний нөөц хариуцсан захиралд хандан гомдол гаргасан боловч хүлээн аваагүй.

Аттестатчилал авах гол үндэслэлээ Хаан банк Хөдөлмөрийн дотоод журамд заахдаа дараалан 2 удаа 4 эсхүл 5 болон 4 гэсэн үнэлгээг дараалан авсан бол тохирох өөр ажлын байранд ажиллуулах, хэрэв тийм ажлын байр, орон тоо байхгүй бол ажилтны мэргэжил ур чадвараар гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэх эсэхийг аттестатчиллын комисс тогтоож, ажилдаа тэнцэхгүй гэж үзсэн бол, мөн дараалан 2 удаа 5 эсхүл 4 болон 5 гэсэн үнэлгээг дараалан авч ажлын гүйцэтгэл буурсан бол... аттестатчиллын комисс тогтоож, ажилдаа тэнцэхгүй гэж үзсэн бол хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан.

Гэтэл аттестатчилал энэ журамд заасны дагуу явагдаагүй. Энэ ажлын алба байгуулагдаад 2 жил гаруй болж байгаа, ажлын туршлага, сургалт, ахлагч удирдагч, зөвлөхийн хоорондын харилцаа болон уг ажлын зорилтуудын хэрэгжилтийг хангаж ажиллах нарийвчилсан төлөвлөгөө байхгүй, зохих хяналтгүй, олон шалтгаан байгааг банкны удирдлага тооцолгүй зөвхөн 4 ажилчинд аттестатчилал нэрээр шалгалт гэгчийг зохион байгуулсан.

Ажлын үнэлгээг яаж хэрхэн дүгнэж буй нь тодорхойгүй. Үнэлгээ, шалгалт, ахлах зөвлөхийн хооронд уялдаа холбоогүй, сургалтад суулгаад шалгалтаа өгөөгүй болохоор аттестатчиллын шалгалт авах болсон гэдгийг бид огт ойлгохгүй байсан бөгөөд шалгалтыг бидний хийдэг ажлын хүрээнд хөндлөнгийн хүнээр авахуулахыг хүсэж мөн дотоод аудитад хандаж байсан. Хаан банкны Мэдээллийн аюулгүй байдлын газрын үйл ажиллагаанд иж бүрэн аудит хийж, уг ажлын байрны үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй, аналистуудын гүйцэтгэлийг хэрхэн үнэлдэг нь тодорхой бус, ахлах аналистын удирдан зохион байгуулах чадвар муу, түүнчлэн 2015-2016 оны ажлын гүйцэтгэлтэй танилцахад 2015 оны 1, 3, 2016 оны 2 улирлын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ тодорхой бус байсан гэсэн дүгнэлт гаргасан юм.

Намайг энэ ажил дээр чадваржуулах сургалт огт явагдаж байгаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгүүлдэггүй, багаар ажиллах, удирдах, хянах, дэмжих, туслах биш ялгаварлал, муу удирдсан гэх удирдлага нь өөрсдөө шалгалт авдаг зэрэг нь шударга бус юм.

Түүнчлэн журамдаа заасны дагуу тохирох өөр ажлын байр санал болгоогүй бөгөөд ажлын байр, орон тоо байхгүй бол аттестатчилал явуулна гэх заалт нь Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах, хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх... гэснийг зөрчиж байна. Мөн 4 орон тоонд өөр хүн авахын тулд энэ хүмүүсийн хүрээнд аттестатчилал гэгчийг явуулсан нь Хөдөлмөрийн хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банк SOC аналистуудын ур чадвар, мэргэжлийн мэдлэгийн түвшинг шалган тогтоох шаардлагатай гэж үзсэн тул SOC аналистын ажлын байранд аттестатчилал буюу ажилтны мэргэжил, мэргэшил, мэдлэгийн ур чадварыг шалган тогтоох шийдвэрийг гаргасан.

Ийнхүү хэрэгжүүлсэн аттестатчиллаар нэхэмжлэгч С.Б  нь ажил мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Банкны зүгээс мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажлыг хангалтгүй явуулсан гэж үзэж, аттестатчилал явуулсан нь Хаан банкны ажилтны мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшинг үнэлж, тогтоох журамд нийцсэн. Журамд зааснаар аттестатчилыг 3 жил тутам зохион байгуулдаг бөгөөд шаардлагатай буюу тухайн албан тушаалд тавигдах шаардлага нь зах зээлд өргөн хэрэгцээтэй бөгөөд хурдан хугацаанд байнга шинэ ур чадвар шаардаж байдаг албан тушаалын хувьд 3 жилээс бага хугацааны давтамжтайгаар явуулж болдог.

Нэхэмжлэгчийн дурдаж буй Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан аттестатчилал явуулах үндэслэл нь ердөө 1 л үндэслэл нь болохоос үүнээс өөр үндэслэлээр аттестатчилал явуулж болохгүй гэж үзэх үндэслэл биш юм. Аттестатчилал явуулах үндэслэл, журмыг Хаан банкны ажилтны мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшинг үнэлж, тогтоох журмаар л зохицуулна. Банкны зүгээс аттестатчиллыг уг журмын дагуу явуулсан.

Банк аттестатчилал явуулах талаар 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр С.Б т цахим шуудангаар мэдэгдэж, 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шалгалт авсан. Шалгалтын асуулт нь тухайн ажлын байранд тавигдах шаардлагад нийцэх эсэх талаар гадны байгууллага буюу Мэдээлэл холбооны технологийн сургалтын төвөөр үнэлгээ хийлгэсэн. Гэтэл шалгалтын 1-20 дахь асуултуудыг CCNA сургалтын хүрээнд болон түүнээс доошхи түвшний мэдлэгийг шалгасан асуултууд байгааг тодорхойлсон. Тиймээс шалгалтын асуултуудтай холбоотой нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

С.Б  шалгалтанд 43,3 оноо авсан. Энэ нь хангалтгүй гэсэн үнэлгээ. Гэсэн ч банк түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлаагүй, харин сургалтад хамруулж, тодорхой хугацааны дараа дахин аттестатчилал явуулахаар шийдвэрлэсэн. Ингээд гадны зөвлөх мэргэжилтнээр хичээл заалгаад 2017 оны 1 дүгээр улиралд дахин аттестатчилал хийсэн. Ингэхдээ 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдэл өгч, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр аттестатчилал хийсэн. 2 дахь шалгалтад С.Б  нийлбэр дүнгээр 48,9 оноо буюу хангалтгүй үнэлгээ авсан ба банк 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дүнг танилцуулж, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн. Улмаар 30 хоногийн дараа буюу 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Түүнд нийт 4 удаагийн ажлын байр санал болгосон. Гэвч н.Долгормаа, н.Өсөхбаяр 2 сонгон шалгаруулалтад орж тэнцээд ажилдаа орсон. Харин С.Б  өөрөө санал өгөөгүй, өөр ажилд ажиллахгүй гэсэн тул ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан С.Б ийг Х ХХК -ийн Мэдээллийн аюулгүй байдлын аналистын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Хаан банк ХХК-иас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 641 860 төгрөгийг гаргуулж С.Б т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 04-нийг хүртэлх хугацааны С.Б-ыннийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Х ХХК -ийн удирдлагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 150 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 121 220 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Ажил олгогч ямар ажлын байранд хэзээ, хэрхэн аттестатчилал хэрэгжүүлэх тухай хориглосон, хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй, хэрэв ажлын байрандаа мэргэжил, мэргэшил ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзэж байгаа бол аттестатчиллын комиссын шийдвэрээр тогтооно гэсэн зохицуулалт л байдаг. Банк үүнийг дагуу аттестатчилал хэрэгжүүлсэн. Гэтэл зөвхөн Хөдөлмөрийн дотоод журмын дагуу л ажлын гүйцэтгэл 2 улирал дараалан хангалтгүй байхад л ганцхан аттестатчилал хэрэгжүүлнэ гэж дүгнэсэн нь буруу юм.

Түүнчлэн SOC аналист буюу Мэдээллийн аюулгүй байдлыг хангах төвийн аналистын ажлын байр нь Банкны Мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, аливаа цахим халдлага, эрсдэл, алдаа гарахаас урьдчилан сэргийлдэг, алдааг олж чаддаг, илрүүлж чаддаг тохирох арга хэмжээг цаг алдалгүй авч чаддаг байх, үүний тулд хурдацтай хөгжиж байгаа мэдээллийн технологийн өргөн мэдлэг чадвартай байж, алдааг илрүүлэх олон арга хэрэгслийг ашигладаг, чаддаг байх зэрэг ур чадвар эзэмшсэн байхыг шаарддаг. Ажлын байрны тодорхойлолтод энэ талаар тодорхой дурьдсан, нотлох баримтаар өгсөн, шүүх хурал дээр хангалттай тайлбарласаар байтал энэ тухай нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд SOC аналистын ажил үүргийг ойлгоогүй, буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Банк 3 жилийн давтамжтайгаар биш 2 жилийн дараа SOC аналистын ажлын байранд аттестатчилал хэрэгжүүлсэн нь хууль болон дүрэм журмаа зөрчөөгүй.

Мөн Хаан банкны ажилтны мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшинг үнэлж тогтоох журмын 1.1, 1.5 дэх хэсгийн зохицуулалт нь банк SOC аналистын ажлын байранд энэхүү журмын дагуу аттестатчилал хэрэгжүүлсэн нь харагдаж байна. Хаан банк журмынхаа дагуу аттестатчиллын комисс байгуулсан. Комисст ажилтан ажил олгогч, хөндлөнгийн төлөөлөл бүхий этгээдүүд оролцсон. Комисс журмынхаа дагуу аттестатчилал хэрэгжүүлсэн. Энэ тухай шүүгч шийдвэртээ ч дурдсан байдаг. Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15.2-т заахдаа "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдоно" гэдгийг ....аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно" гэж зохицуулсан байна. Үүнээс харахад ажил олгогч аттестатчилал хэрэгжүүлсэн байх ёстой, комиссын шийдвэр гарсан байх ёстой гэж ойлгоно. Хаан банк аттестатчиллын үйл ажиллагааг журмын дагуу хэрэгжүүлсэн, комисс хуралдаж хуралдаанаараа шийдвэр гаргасан. Энэ тухай шийдвэр бүхий хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар хүргүүлсэн байтал түүнийг шийдвэр биш гэж үзсэн нь хэт хэлбэр талаас нь харсан үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт өгөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

 

            Нэхэмжлэгч С.Б  нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч С.Б  нь Х ХХК -ийн захирлын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06/221 тушаалаар тус банкны Мэдээллийн аюулгүй байдлын газрын Мэдээллийн аюулгүй байдлын аналистын ажил, албан тушаалд 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн жинхлэн ажиллаж байгаад тус банкны хүний нөөц хариуцсан захирлын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 06/1485 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан дээрх тушаалууд, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 4, 5, 6, 7, 121-129 /

 

Хаан банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02/362 тоот тушаалаар Хаан банкны Мэдээллийн аюулгүй байдлын газрын SOC аналист-ын ажлын байранд аттестатчилал 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс явуулахаар шийдвэрлэж, аттестатчиллын комиссыг 8 хүний бүрэлдэхүүнтэй томилон ажиллуулсан нь “Х ХХК -ийн ажилтны мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшинг үнэлж, тогтоох журам”-ын 1.5, 2.2, 2.6 дахь заалтуудад нийцжээ.

 

Аттестатчиллын комиссын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 06/1851 тоот тушаалаар SOC Аналистын ажлын байрыг аттестатчилах удирдамжийг баталж, үүний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Мэдээллийн аюулгүй байдлын газрын SOC аналист М.Б, Д.Д, С.Б , Э.Ө нараас үндсэн 3 чиглэл бүхий нийт 100 онооны шалгалт авахад нэхэмжлэгч С.Б  43.3 оноо буюу хангалтгүй үнэлгээ авсан байна. /хх 70/

 

Аттестатчиллын комиссын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хангалтгүй үнэлгээ авсан нэхэмжлэгч С.Б  нарыг 2016 оны 04 дүгээр улиралд үргэлжлүүлэн ажиллуулж, ажлын байран дээрх сургалтыг цаашид үргэлжлүүлэх, 2017 оны эхний улиралд багтаан 2 дахь удаагийн аттестатчилал явуулахаар шийдвэрлэж, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2 дахь удаагийн аттестатчилал явуулахыг цахим шуудангаар дээрх ажилтнуудад мэдэгдсэн, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шалгалт авахад С.Б  48.9 буюу хангалтгүй үнэлгээг дахин авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, дээрх 2 удаагийн шалгалтын үнэлгээний дүнгийн талаар зохигчид маргаагүй болно. /хх 71, 205, 206/

 

Дээрх журмын 5.2.4-т Аттестатчиллын үнэлгээ нь 60-аас доош оноо бол хангалтгүй байхаар заасан бөгөөд ажил олгогч нь уг журмыг баримтлан С.Б ийг гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэж дүгнэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр цуцалсан нь буруу биш байна.

 

Шүүхийн “нэхэмжлэгчийн мэргэжил ур чадварын талаар аттестатчилал явуулах хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэл бүрдээгүй, аттестатчиллын комиссын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлийг дүгнэлт гэж үзэх боломжгүй” гэх дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамтай нийцээгүй байна.

 

Хөдөлмөрийн дотоод журамд ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр дараалан 5, эсхүл 4 болон 5 гэсэн үнэлгээг авч буурсан бол ажлын байрандаа тэнцэх эсэхийг Аттестатчиллын комиссын шийдвэрээр тогтооно” гэж заасан нь тухайн ажилтны ажлын гүйцэтгэл буурсан байдал нь мэргэжлийн ур чадвартай холбоотой эсэхийг тогтоох зорилго агуулсан гэж үзэхээр байна.

 

Дээрх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил ур чадварын хувьд албан тушаалдаа тэнцэхгүй болсныг тогтоохоор нарийвчлан зохицуулсан гэж үзэхгүй.

 

Хариуцагч байгууллага нь ажилтны мэргэжил ур чадварын түвшинг үнэлж, тогтоох тусгайлсан журамтай байх ба тухайн ажлын байрыг уг журмын 1.5-д зах зээлд өргөн хэрэгцээтэй хурдан хугацаанд байнга шинэ ур чадвар шаардаж байдаг албан тушаал гэж үзэж нэхэмжлэгчийн мэргэжил ур чадварын түвшинг тогтоох аттестатчилал явуулсан нь хууль зөрчөөгүй байна.

 

Аттестатчиллын комисс шалгалтын явц, үнэлгээний талаар хэлэлцэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн талаар 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул нэхэмжлэгчийг мэргэжил, ур чадварын хувьд албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн аттестатчиллын комиссын дүгнэлт гарсан гэж үзнэ.

 

Иймд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Б-ын хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/02202 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч С.Б-ынхариуцагч Х ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Х ХХК -ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 219 төгрөгийг буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                              

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

                                           ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН