Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Э.П***********, түүний өмгөөлөгч А.Ууганбаяр нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э***********гийн П***********д холбогдох Эрүүгийн ***********тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Э.П*********** нь 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд Ниссан тероно маркийн 58-18 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-р зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчснөөс иргэн Б.Ө***********г мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.П*********** нь 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд Ниссан тероно маркийн 58-18 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-р зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчснөөс иргэн Б.Ө***********г мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Э.П***********ы мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 12 дугаар 29-ний орой 19 цаг 30 минутын үед хар саарал өнгийн Ниссан тероно маркийн 58-18 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад эхнэр Хандаамааг суулгаад Тосонцэнгэл сум руу сумын шинэ жил үзэхээр явсан. Гэрээсээ гараад Тосонцэнгэл орох гээд явж байтал Оргил зоогийн газрын урд талын засмал зам дээр автобус зогсож байсан. Тэгээд хажуугаар нь зөрөөд гарах гэтэл автобусны хойгуур зам хөндлөн урдаасаа хойшоо чиглэлтэй гүйгээд гараад ирсэн. Яг автобустай зөрөх үед автобусны араас гэнэт хүн гараад ирсэн тормос гишгэхийн завдал болоогүй мөргөчихсөн. Бараг л тулаад гараад ирсэн юм. Миний унаж явсан машин буруу талдаа рультэй машин юм. Миний жолоодож явсан талын урд гэрэл хэсгээр хүнийг мөргөсөн. Тэгтэл замын хажуу тал руу хүн мөргүүлээд унахаар нь машинаа зогсоогоод мөргүүлсэн хүн дээр очтол хүүхэд байсан. Тэгээд тэр хүүхэд хурхираад байгаа юм шиг сонин дуугараад байсан. Тэр хүүхэд машинд мөргүүлээд замын хойд хэсэг рүү шидэгдсэн байсан. Тэгээд тэр хүүхдийг аваад Тосонцэнгэл сумын эмнэлэг дээр аваачсан... тэр хүүхэд Улаанбаатар хотод очоод хагалгаанд ороод одоо гараад байж байгаа. Манайх тэр хүүхдэд 2 сая гаруй төгрөгний туслалцаа өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 64-69-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Ө***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 12 дугаар сарын 29- ны өдрийн 18 цагийн автобусаар дүү Хулангийн хамт Улаанбаатар хот руу ээж Түвшинтөгс дээрээ очих гээд явсан юм. Автобусанд суугаад Мөрөнгөөс гараад Тосонцэнгэл сумын зүүн хойд талд цайны газарт автобус зогссон. Би тухайн үед цайны газар ороод дүү Хуландаа цай хоол авч өгч идүүлчихээд буцааж автобусанд суулгачихаад би өөрөө 00 ороод гараад ирэхэд автобус хөдөлж байх шиг байхаар нь автобус руу гүйж орсон. Тэгтэл би автобусаа андуураад өөр автобус руу гүйж орсон байсан. Тэгээд тэр автобуснаас буугаад хойд талаар нь тойрсон тэгээд би юу ч санахгүй байна. Нэг мэдсэн чинь Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан. Би андуурч суусан автобуснаасаа буугаад гүйж байсан. Автобусны хойгуур гүйж гарсан. Андуурч суусан автобусны гэрэл асаалттай байсан” гэсэн мэдүүлэг /хх[1]ийн 21-22-р хуудас/,

Гэрч П.Түвшинтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...... Эмнэлэг дээр очиход манай хүү Ө*********** ухаангүй хөл нь хугарсан байдалтай мэс заслын тасагт хэвтэж байсан. Ө*********** надад хэлэхдээ автобусаа андуурч суугаад автобуснаас буугаад хойгуур нь тойрох гээд явж байсан тэгээд өөр зүйл санахгүй байгаа. Тэр хүмүүс хохирол гомдлыг маань барагдуулаад өгчихвөл гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг/хх-ийн 27-р хуудас/,

Гэрч Ч.Баттөрийн мөрдөн байцаатын шатанд өгсөн: ... Тэр хүүхдийг дөнгөж буулгаад хөдлөх үед хажуугаар нэг машин өнгөрч байсан. Манай автобус шууд хөдөлгөөнөө үргэлжпүүлээд шууд яваад өгсөн. Хажуугаар өнгөрч байсан машин хурц гэрэлтэй байсан, нилээд хурдтай явж байх шиг байсан. Жолооч автобусаа хөвөө рүү шахаж замаа чөлөөлсөн байсан. Аваарын гэрлээ татаад гэрлээ ойр дээр нь асаасан байсан” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 29- р хуудас/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10-р хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12-р хуудас/, Хураан авах тогтоол, хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-14, 16-р хуудас/, Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 15-р хуудас/, Хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-р хуудас/, Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 46, 55-р хуудас/, Замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 27-28-р хуудас/, Хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 29-р хуудас/, Хэргийн газрын үзлэгийг нөхөн хийсэн схем зураг /хх-ийн 131-р хуудас/, Комиссын шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 134-р хуудас/, Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн комиссын дүгнэлт /хх-ийн 135-р хуудас/, Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 139-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1547 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Б.Ө***********-н биед тархины эдийн олон тооны няцрал, баруун уушигны няцрал, урагдал, элэгний эдийн няцрал, баруун бөөрний эдийн няцрал, цус хуралт, судасны тасрал, Хэвлийн хөндийн шингэн хуралт, 2 талын сүүжний тогооны бяцарсан хугарал, дунд чөмөг ясны хугарал, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.12, 3.6.1-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 56-р хуудас/, Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Түмэнбатын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон актын дүгнэлтэнд: 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 19 цаг 30 минутын үед Тосонцэнгэл сумын нутгийн ар талын хатуу хучилттай асфальтон замд хөдөлгөөн оролцож явсан явган зорчигч Б.Ө*********** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3-4-р зүйлд заасан “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарч ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийшээ сайн харагдах саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. 3.9 в-д заасан “ явган зорчигч дор дурьдсан зүйлийг хориглоно” ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн, Ниссан терона маркийн 58-18 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан жолооч Э.П*********** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дугаар зүйлд заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэх акт /хх-ийн 48-р хуудас/ зэргээр Шүүгдэгч Э.П***********ыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж явсны улмаас зам тээврийн осол гарган насанд насанд хүрээгүй хохирогч Б.Ө***********гийн биед хүнд зэргийн гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Э.П***********д хуульд заасан нэмэгдэл болон үндсэн ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь хохирогчид 5 сая төгрөг өгсөн нь эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх тул төлөх төлбөргүй болон хохирогч болон хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрсэн гэж үзлээ.

 Шүүгдэгч Э.П*********** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-р хуудас/-аар тогтоогдож байна.

 Шүүгдэгч нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.П***********ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал болон хохирогчийн буруутай ажиллагаа зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн ***********дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №667771 дугаартай жолооны үнэмлэхийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт шилжүүлэхийг шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хангай овогт Э***********гийн П***********ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Э.П***********ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.П***********д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Э.П***********д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Э.П***********ы №667771 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт шилжүүлэхийг шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгасугай.

6. Эрүүгийн 2017222000036 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.П***********д урьд авсан батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН