Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2017/02016

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 24 өдөр

      Дугаар 182/ШШ2017/02016

       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: С.Н                                                                                                                                                                                                                           

Хариуцагч: “МД ” ХХК

амь нас хохирсны нөхөн төлбөр, алданги, нийт 183.214.524 төгрөг гаргуулах гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г, Д.Т, Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, Т.А, гэрч П.Л, С.Н, Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: С.Н миний төрсөн дүү С овогтой О нь 1994 оноос эхлэн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Баянгол, Хан-уул дүүргийн шүүх, Сум дундын 28-р шүүх, Хэнтий аймгийн сум дундын шүүх, Сонгинохайрхан дүүргийн шүүгчээр тус тус тасралтгүй 29 жил ажиллаж байсан ба сүүлд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2017 оны 02-р сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд /элэгний хатуурал ээнэгшил, улаан хоолойн варизозын цус алдалт, эзлэхүүн багадалтын оврого, элэгний дутагдал, комын байдал, бөөрний цочмог дутагдал/ оноштой хэвтэж, эмчилгээ авалгүй цус алдаж нас барсан. Шүүхийн Ерөнхий зөвлөл нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “МД” ХХК-тай “шүүгчийн амь нас эрүүл мэндийн даатгал” ШХНЭМДҮ-00/2016-01 гэрээг байгуулсан байдаг ба энэхүү гэрээгээр шүүгчийн амь нас эрсдэх, эрүүл мэндэд бэртэл учирсан болон хохирол учруулсан нөхцөлд даатгагч нь даатгалын зүйлд учирсан хохирлыг нөхөн төлөх, даатгалын гэрээ байгуулагч нь даатгалын хураамж төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар заасан. Гэрээний хугацаа 1 жил байдаг ба 505 шүүгчийн даатгалын хураамжид 596 сая төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөл “МД” ХХК-д төлсөн байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанаас 2017 оны 02-р сарын 15-ны өдрийн 04/199, 2017 оны 06-р сарын 08-ны өдрийн 01/591 тоот албан бичгүүдээр талийгаач С.Оийн ар гэрт Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгох талаар “МД” ХХК-д хандсан болно.

            “МД” ХХК нь 2017 оны 05 сарын 02-ны өдрийн НТА-17/045 тоот албан бичгээр “…даатгалын гэрээний 7.1.3 дахь заалт болон Даатгалын тухай хуулийн 8.5-р зүйлийн 8.5.3 дахь заалтыг үндэслэн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох боломжгүй болохыг мэдэгдэж байна…” гэсэн ба үүнийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандахад 2017 оны 06-р сарын 27-ны өдөр 9/2025 тоот албан бичгээр “…даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэл бүхий байна. Шийдвэрийг эс зөвшөөрвөл Даатгалын тухай хуулийн 82-р зүйлийн 82.1-д заасны дагуу гэрээний маргааныг талууд иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой…” гэсэн хариуг тус тус өгсөн болно.

 

            Гэтэл дүү С.Оийн гэнэт цус алдаж нас барсан нь даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10, 4-р зүйлийн 4.1.8-д заасан даатгалын эрсдэл, мөн гэрээний хавсралтын “Үйлчилгээний үр дүнгийн тодорхойлолт” гэсэн бүлэгт заасан даатгалын эрсдэлийн “Амь насны даатгал” хэсгийн 2-т заасан “Амь насанд аюултай бүхий л өвчин эмгэгийн улмаас эрүүл мэндийн шалтгаанаар амь нас нь хохирсон” гэдэгт хамаарч байгаа юм. С.О нь маш их ачаалалтай, хагас бүтэн сайнгүй ажилладаг байсан.

 

            Дүү С. О нь эмнэлэгт очоод 24 цаг ч болоогүй нас барсан. Урьд нь цөсний хагалгаанд л орж байснаас өөрөөр өвдөж, зовж, үзүүлж харуулж байгаагүй. Архинд донтсон байгаагүй. Хагас сайны орой бие нь муудахад очиход учир нь ойлгогдохгүй олон зүйл яриад байхаар архи уучихаж гэж бодож ярьсан, гэтэл өвчний шокт орсон байсныг мэдэхгүй байсан, үүнийг эмч хэлснээр л бид ойлгосон юм.  Талийгаач эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан, талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийлгэхгүй гэж нас барахынх нь өмнө гэрт нь гаргасан тухай бичиг баримтыг бүрдүүлсэн юм.

 

Гэрээний дагуу шүүгч асан С.Оийн нас барсан өвчний онош нь даатгалын эрсдэлд орж байгаа тул гэрээний 5-р зүйлийн 5.1-д заасан 133.246.974 төгрөгийн нөхөн төлбөр, гэрээний 9-р зүйлийн 9.2-д заасны дагуу даатгагч  “МД” ХХК-иас 2017 оны 04 сарын 22-ны өдрөөс 2017 оны 07 сарын 05-ны өдрийн хүртэлх 75 хоногийн алданги 49.976.550 төгрөг, нийт 183.214.524 төгрөгийг авах эрхтэй гэж үзэж байна. Иймд “МД” ХХК-иас “Шүүгчийн амь нас, Эрүүл мэндийн даатгал” ШАНЭМДҮ-00/2016-01 гэрээний 2-р зүйлийн 2.1.10, 4-р зүйлийн 4.1.8, 6-р зүйлийн 6.2.3-д тус тус заасны дагуу талийгаач С.Оийн амь нас хохирсны нөхөн төлбөрт 133.246.974 төгрөг, алданги 49.976.550 төгрөг, нийт 183.214.524 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.

 

            Шүүхийн ерөнхий зөвлөлөөс талийгаачийн ар гэрт учраад байгаа гачигдлыг боломжоороо шийдэж өгөхийг хариуцагчид хүссэн, мөн нэхэмжлэгчийн зүгээс  талийгаачийн орон сууцны асуудлыг нааштай шийдэж өгөөч гэсэн хүсэлт гаргасан боловч хариуцагч гачигдал нотлогдоогүй гэж үзсэн.

 

С.О нь эцэг эхээс өвлөсөн өөрийн эзэмшлийн байраа хүнд өвчнөөр өвдсөн ахынхаа эмчилгээний зардалд зарцуулаад өөрөө Баянгол дүүрэг, ***** 30 тоот байрыг түрээслэн амьдарч байгаад Хэнтий аймагт хуваарилагдан очсон. Хэнтийд ажиллаж байх хугацаандаа 2015 оны 06 сарын 03-ны өдөр “Финанс лайн” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 13-р хорооны **** орших 184 айлын баригдаж буй орон сууцанд захиалга өгөн гэрээ байгуулсан. Уг сууцны нийт төлбөр 95.655.600 төгрөг бөгөөд урьдчилгаа төлбөрт 20 хувь буюу 19.131.120 төгрөгийг бэлнээр төлсөн. Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу хуваарилагдсан ирэх үед байрны асуудал шийдэх шаардлагатай болсон үед барилга хугацаандаа амжиж баригдаагүй, барилгын туслах материал үйлдвэрлэдэг найз нь бартерийн олон байр байхад аль нэгийг нь сонгоод надаас байр ав гэснээр захиалгын байрны гэрээгээ цуцалж, гэрээ цуцалсны 10 хувь болох 1.913.112 төгрөгийг суутгуулж үлдсэн мөнгөө авсан. 2016 оны 01 сарын 28-ны өдөр байрны урьдчилгаа болох 12.000.000 төгрөгийг А-н Хаан банкны дансаар шилжүүлсэн. Мөн дансанд 2016 оны 02 сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөг, 2016 оны 02 сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөгийг шилжүүлж нийт 20.000.000 төгрөгийг байрны урьдчилгаанд шилжүүлсэн. Улмаар Баянгол дүүргийн *** 106 тоот 64,32 м.кв хоёр өрөө байрыг сонгож бүрэн тавилгын хамтаар 147.936.000 төгрөгөөр худалдан авахаар нүүж орсон. Ипотекийн зээл авахаар хамтран зээлдэгчээр төрсөн ах Б-той тохиролцоод хөөцөлдөж эхлэх үедээ амь насаа алдаж бидэнд нөхөж баршгүй уй гашуу авч ирсэн гэв.

 

Хариуцагч “МД” ХХК-аас шүүхэд ирүүлсэн болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3 дахь заалтаар шүүгчийг албан үүргээ гүйцэтгэх явцад амь нас, эрүүл мэндэд нь учирч болох эрсдлээс хамгаалах, нийгмийн хамгаалалтыг төр хариуцаж, даатгалын хураамжийг улсын төсвөөс гаргаж даатгуулах, 24.2.1 дэх заалтаар “шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас нас барсан бол даатгалын төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр шүүгчийн өв залгамжлагчид төлөх” гэсэн хууль зүйн зохицуулалттай байдаг. Энэ нь ерөнхийдөө бэртэл, гэмтлийг хамаараад байгаа юм. “МД” ХХК нь 2016 оны 08 дугаар сард тендерээр Шүүгчдийн даатгалыг авч, дээрх хуульд заасан тохиолдлоос гадна ажил үүргээ гүйцэтгэх явцад гэнэт гарч болох зарим гэнэтийн өвчнийг тооцон “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал”-ын ШАНЭМДҮ-00/2016-01 тоот гэрээг Шүүхийн Ерөнхий Зөвлөлтэй байгуулсан бөгөөд дээрх гэрээний 1.2-д “хоёр тал гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөр”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “даатгуулагч албан үүргээ гүйцэтгэх явцад, албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотойгоор учрах гэнэтийн эрсдлүүдийг даатгалын үндсэн эрсдэлд тооцохоор 2 тал тохиролцсон.

Тухайлбал: “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24.2.1, 24.2.2, 24.2.3 дэх хэсгүүдэд эрсдэлүүдээс гадна байгалийн эрсдэл, ахуйн эрсдэл, мал амьтдын нөлөөгөөр үүсэх эрсдэл, гуравдагч техниктэй харьцах үеийн эрсдэл, гуравдагч этгээдээс учруулах хохирол, бусдад хорлогдох, ах, буу, хутга, мэс зэрэг зэвсэгт болон гадны дайралтад өртөх, гэнэтийн өвчлөл” гэсэн үндсэн эрсдэлээс хамгаалахаар заасан. Гэрээний 4.1.8-д “Гэнэтийн өвчлөл” гэдэгийг тодорхойлон ажил үүргээ гүйцэтгэх явцад гэнэт гарч болох дараах өвчнийг нэр заан эрсдэлд тооцно гэж тохиролцсон. Үүнд:  

-           Мухар олгойн хурц түгжирэл болон түүний архаг өрөвслийн сэдрэлт

-           Гэдэсний хурц түгжирэл

-           Хоол боловруулах эрхтэний цооролт, түлэгдэлт 

-           Цус харвалт

-           Ухаан алдалт, зүрхний цусан хангамж алдагдах болон цус багадалтаас үүдэлтэй зүрх хаагдах, зүрхний цочмог шигдээс

-           Гэнэтийн ухаан алдалт

-           Татаж унах

-           Хордолт

-           Бүх төрлийн хордлого гэх мэт гэж заасан.

 

Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаар дамжуулан ирүүлсэн даатгалын нөхөн төлбөртэй холбоотой цугларсан нотлох баримтуудаас үзэхэд талийгаач нь шүүгчийн албан үүргээ гүйцэтгэх явцтай огт холбоогүй шалтгаантай буюу “2015 оноос өвчилсөн цөсний шалтгаантай элэгний хатуурал өвчин түүний ээнэгшил алдсан үе шат, хоол боловсруулах дээд замын цус алдалт, эзлэхүүн багадалтын оврого, элэгний хурц дутагдал, комын байдал, бөөрний цочмог дутагдал” гэсэн онош бүхий ердийн өвчнөөр нас барсан нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1 дэх “шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас нас барсан бол даатгалын төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр  шүүгчийн өв залгамжлагчид төлөх”, даатгалын гэрээний 4.1 дүгээр зүйл “даатгуулагч албан үүргээ гүйцэтгэх явцад, албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотойгоор учирсан эрсдэл”, 4.1.8 дах “гэнэтийн өвчлөл” гэсэн заалтуудад хамаарахгүй, даатгалын тохиолдол үүсээгүй харин даатгалын гэрээний 7.1.3 дах заалт болон Даатгалын тухай Монгол улсын хуулийн 8.5 дугаар зүйлийн 8.5.3 дахь “даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан”, 8.5.5 дах “Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл” гэсэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл байдал үүссэн байсан тул даатгалын сангаас нөхөн төлбөр олгохооc татгалзаж шийдвэрлэн энэ тухай хариуг албан бичгээр Шүүхийн Ерөнхий Зөвлөл болон талийгаачийн эгч С.Нт даатгалын гэрээнд заасан хугацаанд өгсөн.

С.Нийн нөхөн төлбөр авах өргөдлийг дараахь нотлох баримтуудыг үндэслэн татгалзсан. Үүнд:

-Хэнтий аймгийн Хаштун эмнэлгийн тодорхойлолтоор 2015 оны 04 дүгээр сарын 06-нд “элэгний билиар цирроз өвчин” оноштойгоор тус эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан, цаашид нарийн мэргэжлийн эмчийн хяналтад бай гэсэн тодорхойлолт байдаг.  

- амбулаториор эмчлүүлэгчийн картын 6 хуудас баримт

-талийгаачийн эгч С.Н нь 2017 оны 02 дугаар сарын 04-ний бямба гараг буюу амралтын өдрийн 18 цаг 24 минутад Нийслэлийн Түргэн тусламжийн Төв буюу 103-д “олон хоног гэрээр архи уусан, өнөөдрөөс цусаар бөөлжүүлж эхэлсэн, эмчид үзүүлээгүй, цус гарахаар нь 103 дуудсан” гэсэн дуудлага өгсөн, түргэний эмч Б.Анхбаяр талийгаачийн Баянгол дүүрэг дэх гэрт нь очиж үзлэг хийн “архины хордлого” гэсэн урьдчилсан онош тавьж Баянгол дүүргийн Эрүүл мэндийн Төвд хүргэж өгсөн нь Нийслэлийн түргэн тусламжийн Төвийн MCIB11467263 дугаартай түргэн тусламжийн хуудсаар батлагддаг.

-Баянгол дүүргийн Эрүүл мэндийн Төвийн яаралтай түргэн тусламжийн баг зохих эмнэлгийн үйлчилгээ тусламж үзүүлэн эмчлэгч эмч О.С Яаралтай тусламжийн хуудсыг 20 цаг 35 минутад нээн бичиж “хорт зуршил: “архи”, өвдөлт: “архаг”, өмнөх өвчний түүх “элэгний өвчин”, онош: “элэгний хатуурал, ээнэгшил алдсан үе, хоол боловсруулах дээд замын цус алдалт” гэсэн урьдчилсан онош тавьсан байдаг.

-Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн Эрчимт эмчилгээний тасаг 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 21 цаг 05 минутад 535 тоот өвчний түүх нээсэн, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг 45 минутад өвчтөнийг эмнэлгээс гаргаж өвчний түүхийг хаасан байдаг. Эмчлэгч эмч Г.Норовсүрэн өвчний түүх дээр хэвтэх үеийн онош: К74 буюу элэгний ширэгдэл ба хатуурал”, эмнэлгээс гарах үеийн үндсэн онош: элэгний хатуурал, ээнэгшил алдах үе, дагалдах онош: архисах өвчин” өвчний хүндрэл: “ходоод гэдэсний дээд замын цочмог цус алдалт, элэгний дутагдал комын байдал 2-р үе шат, элэг бөөрний хам шинж” гэж бичиж тэмдэглэсэн байдаг.

-Мөн талийгаачийг эмнэлэгт хүргэж ирсэн түүний эгч С.Нийн өвчтөний талаарх эмчийн асуултанд хариулсан: “2014 оны 11 сард цөсний хүүдий авахуулах мэс засал хийлгэсэн, 2015 онд элэгний хатуурал оношлогдсон, эмнэлэгт үзүүлж хяналтанд байдаггүй, дүү нь сувилагч гэрээр дусал тариа хийдэг, сүүлийн нэг cap архи ууж байгаа 3 хоногийн өмнөөс гэрээр дусал тариа хийлгэж байгаа хоол идээгүй өнөөдөр 19 цагийн үед амнаас нь цус гарч бүлэгнэсэн цус байсан тул 103 дуудаж ирсэн” гэсэн хариулт тэмдэглэсэн байдаг.

-Талийгаачийг Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж яаралтай тусламж үзүүлэн 15 цаг өнгөрсний дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг 45 минутад “биеийн байдал нь дээрдэх боломжгүй, бид ойлгосон, цус алдах, амьсгал хураах, зүрх зогсох хүндрэл учрахыг ойлгосон” гэсэн хүсэлт гаргаж, “өөрийн хүсэлтээр эмнэлгээс гарах тухай зөвшөөрөлийн хуудас”-ыг ар гэрийнхэн нь бичгээр гаргаж өгснөөр эмчилгээг зогсоож, талийгаачийг гэрт нь гаргаж, мөн өдрөө буюу 02 дугаар сарын 05-ны өдөр гэртээ нас барсан байдаг.

Талийгаачийн өвчин гэнэтийн өвчин эсвэл ердийн өвчний алин болох нь тусгай мэдлэг шаардсан ажил тул Монгол Улсын Зөвлөх эмч, анагаах ухааны доктор, профессор Д.Д эмчид хандахад Өвчний түүхтэй холбоотой эмнэлгийн бүх баримт материалтай танилцаад:

1.         С.О 2015 онд анх цөсний шалтгаант элэгний хатуурал оношлогдсон байна. Өвчний түүхэнд архины өндөр хэрэглээтэй байсан. Уг өвчнийг хүндрүүлсэн.

2.         2017 оны 2 дугаар сарын 04-нд цөсний шалтгаант элэгний хатуурал өвчний ээнэгшил алдсан үе шатанд ХБДЗ-н цус алдалт, элэгний хурц дутмагшил үүсч биеийн байдал маш хүндэрсэн байна.

3.         Уг өвчний төгсгөл үе шат болох ээнэгшил алдах үе шатанд элэгний үйл ажиллагааны хурц дутагдал үүсэх нь эмнэлзүйн практикт нилээд тохиолддог хүндрэлийн нэг юм.

4.         С.От Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч ажилтнууд стандартын дагуу эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн болно гэсэн дүгнэлт гаргасан.

Дээрх байдлуудаас үзэхэд талийгаач элэгний архаг өвчтэй байж нас барсан ба энэ нь албан үүргээ гүйцэтгэхтэй огт холбоогүй гэдэг нь нотлогддог юм.

Түүнчлэн Санхүүгийн Зохицуулах Хороо С.Нийн гомдлоор даатгагчийн татгалзсан шийдвэрийг хянаж үзээд, нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэл бүхий байна гэсэн хариу өгсөн байдаг.

Нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 75 хоногийн алданги 49.967.550 төгрөг тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Ажлын Албаны 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04/199 тоот албан бичиг болон түүнд хавсаргасан /өрөгдөл, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх, нас барсан гэрчилгээ, даатгалын баталгаа, амбулаториор эмчлүүлэгчдийн картын 6 хуудас, эмнэлгийн тодорхойлолт/ баримт материалыг манай Нөхөн төлбөрийн алба 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцахад нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд нас барсан шалтгаан тодорхой биш шүүгчийн ажил үүргээ гүйцэтгэх үед даатгалын тохиолдол гарсан эсэх нь тодорхой биш нотлох баримт дутуу байсан тул даатгалын гэрээний 1.2, 8.1.3, 8.1.8 дахь заалтын дагуу дутуу байгаа баримт материалыг бүрдүүлж өгөхийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03/12-369 тоот албан бичгээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албанаас шаардахад ШЕЗ-ийн Ажлын алба 03 дугаар сарын 24-ны өдрийн 04/306 тоот албан бичгээр амбулаториор эмчлүүлэгчийн карт, нас барсны гэрчилгээг эгч С.Нээс авах, нас барахын өмнөх оношлогоо, эмчилгээ хийлгэсэн баримтыг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд хандаж авна уу гэсэн хариу ирүүлсэн. Энэ албан бичигт бичсэний дагуу талийгаачийн эгч С.Нт хандаж энэхүү баримт бичгийг ирүүлэхийг хүсэхэд С.Н нь амбулаториор эмчлүүлэгчийн карт гэх мэт баримт байхгүй гэж ирүүлээгүй. Харин Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 263 тоот албан бичгээр Яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, оношлогоо, эмчилгээг зогсоож өөрийн хүсэлтээр эмнэлгээс гарах тухай зөвшөөрлийн хуудас, эмчилгээ, шинжилгээний бусад холбогдох баримт болох 34 хуудас баримт бичгийг манайд ирүүлсэн. Эдгээр баримт бичгүүдтэй танилцаж судлаад Монгол Улсын Зөвлөх эмч, анагаах ухааны доктор, профессор Д.Д эмчид хандан дүгнэлт гаргуулсан. Ингээд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03/12-476 тоот албан бичгээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Ажлын Албанд хариу мэдэгдсэн. С.Нт 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 01/12-483 тоот албан бичгээр хариу мэдэгдсэн. Иймд хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй.

Манай нөхөн төлбөр татгалзсан тухай хариуг аваад ШЕЗ-өөс 2017 оны 06 дугаар 08-ны өдөр 61/591 тоотоор талийгаачийн ар гэрт учраад байгаа гачигдлыг боломжоороо шийдэж өгөөч гэсэн бичиг ирүүлсэн, С.Н 2017 оны 07 дугаар сарын 17-ны талиийгаачийн орон сууцны асуудлыг нааштай шийдэж өгөөч гэсэн хүсэлт гаргасан, судалж үзэхэд хүсэлтэд дурдсан гачигдал нотлогдоогүй, орон сууцны зээлгүй байсан.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйпийн 24.2.1, даатгалын гэрээний 4.1-д тус тус заасан даатгалын тохиолдол гараагүй, даатгагчид Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан үүрэг үүсээгүй гэдэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр П.Л, С., Д.Г нарыг шүүх хуралдаанд оролцуулж гэрчээр асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

Шүүх нэхэмжлэл, Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ, хавсралт, С.Оийн нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, цалингийн тодорхойлолт, ажил байдлын тодорхойлолт,  нас барсны тодорхойлолт, гэрчилгээ, С.Оийн эцэг эх, ах эгч нарын төрөл садангийн лавлагаа, талийгаач гэрлэлтгүй, хүүхэдгүй тухай бүртгэлийн лавлагаа, эцэг эхийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, яаралтай тусламжийн хуудас, эмчлүүлэгчийн карт, өвчний түүх, өөрийн хүсэлтээр эмнэлгээс гарах тухай зөвшөөрлийн хуудас, амь нас эрүүл мэндэд эрсдэлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийн хуудас, хоол боловсруулах эрхтэн судлалын эксперт эмчийн дүгнэлт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн албан бичиг, хариуцагчийн болон Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгүүд, орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ, дансны орлогын мэдүүлэг, шилжүүлгийн мэдээлэл, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тэмдэглэл, шүүгч ажилтнуудын амралтын хуваарь батлах тухай тамгын газрын даргын тушаал, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С. Н нь “МД” ХХК-д холбогдуулан өөрийн дүү, шүүгчээр ажиллаж байсан С.Оийн амь насны даатгалын нөхөн төлбөрт 133.246.974 төгрөг, түүнийг хугацаанд нь төлөөгүйн алданги 49.967.550 төгрөг, нийт 183.214.524 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч даатгалын тохиолдол үүсээгүй, өөрөөр хэлбэл, даатгуулагч ердийн буюу элэгний архаг өвчний улмаас нас барсан, түүний өвчин гэнэтийн биш, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гэмтэж бэртээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

С. О нь Сонгино-Хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байсан ба 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн орой цус алдаж, яаралтай түргэн тусламжийн дуудлагаар Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэгдэн “элэгний хатуурал, ээнэгшил, улаан хоолойн варикозын цус алдалт, эзлэхүүн багадалтын оврого, элэгний дутагдлын комын байдал, бөөрний цочмог дутагдал” оноштойгоор эмчлэгдсэн боловч маргааш өдөр нь буюу 02 дугаар сарын 05-ны өдөр нас барсан байна.

Тэр 1987-1990 онд Улсын дээд шүүхэд үйлчлэгч, 1990-1994 онд Монгол улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөн 1994 оноос дүүргийн шүүхэд нарийн бичгийн дарга, туслах шүүгчээр, 2000 оны 03 дугаар сараас анхан шатны шүүхийн шүүгчээр тасралтгүй ажилласан болох нь хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрүүдэд тэмдэглэгдсэн байдлаар тогтоогдож байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг худалдан авах тендер зарлаж, түүнд ялсан “МД” ХХК-тай даатгалын гэрээг 2016.08.05-ны өдрөөс 2017.08.04-ний өдрийг дуустал 1 жилийн хугацаатай байгуулж, давж заалдах болон анхан шатны шүүхийн 505 шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжид 596.000.000 төгрөгийг даатгуулагч компанид төлсөн байна. 505 шүүгчийн нэрийн жагсаалтын 228-д Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Самбуугийн О гэж байна.

 Талууд С.Оийн нас барсан шалтгаан даатгалын эрсдэлд орох орохгүй дээр маргаж байна.

Даатгалын гэрээний 4.1-д даатгалын эрсдэлийг заасан байх ба 4.1.8-д гэнэтийн өвчлөл, үүнд:

-           Мухар олгойн хурц түгжирэл болон түүний архаг өрөвслийн сэдрэлт

-           Гэдэсний хурц түгжирэл

-           Хоол боловруулах эрхтэний цооролт, түлэгдэлт 

-           Цус харвалт

-           Ухаан алдалт, зүрхний цусан хангамж алдагдах болон цус багадалтаас үүдэлтэй зүрх хаагдах, зүрхний цочмог шигдээс

-           Гэнэтийн ухаан алдалт

-           Татаж унах

-           Хордолт

-           Бүх төрлийн хордлого гэх мэт өвчлөл орно гэж заажээ.

Дээрх заалтаас харахад гэнэтийн өвчлөл гэж үзэх өвчлөлийн жагсаалт дуусаагүй байхаар даатгалын гэрээнд тусгагдсан байна. Мөн түүнчлэн “гэнэтийн өвчлөл” гэдгийг гэрээний 2.1.10-т “Хүлээгдэж байгаагүй, эрүүл мэндэд хохирол учруулахуйц гэнэтийн шинж чанартай өвчин” гэж тайлбарлажээ.

Гэрээний 6.2.3-т гэрээнд заасан эрсдэлийн улмаас болон албан үүргээ гүйцэтгэх явцад нас барсан тохиолдолд тухайн шүүгчийн сүүлийн 15 жилийн цалинтай тэмцэх хэмжээгээр буюу даатгалын үнэлгээний 100 хувиар түүний өв залгамжлагчид нөхөн төлбөр олгоно гэж заасан байна.

Тендерийн баримт бичгийн “Үйлчилгээний үр дүнгийн тодорхойлолт” гэсэн бүлэг нь даатгалын гэрээнд хавсралт болж орсон байх ба түүнд заасан даатгалын эрсдэлийн “Амь насны даатгал” хэсэгт “Шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад дараахь шалтгааны улмаас амь нас нь хохирсон бол даатгалын нөхөн төлбөрийг олгоно. Үүнд: ... 2. Амь насанд аюултай бүхий л өвчин эмгэгийн улмаас эрүүл мэндийн шалтгаанаар амь нас нь хохирсон бол” гээд “Бүхий л өвчин эмгэг” гэдгээ “шүүгчийн амь нас эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц бүх төрлийн өвчнийг ойлгоно” гэж тодорхойлжээ. Хавсралтыг гэрээний салшгүй хэсэг гэж даатгалын гэрээний 3.3-т заасан байна.

Шүүх С. Оийн нас барсан нь даатгалын тохиолдол мөн гэж дүгнэж байна.

  • шүүгчийн албан тушаалыг онцгойлон авч үзэж, тодорхой нөхцлүүдийг зааж даатгагчийг тендерээр шалгаруулж, түүний даатгалын өндөр хураамжийг төр хариуцаж төлөхөөр тогтоосон байна. Гэрээний хавсралт болсон тендерийн баримт бичгийн “Үйлчилгээний үр дүнгийн тодорхойлолт”  хэсэгт “Амь насанд аюултай бүхий л өвчин эмгэгийн улмаас эрүүл мэндийн шалтгаанаар амь нас нь хохирсон бол даатгалын нөхөн төлбөр олгоно” гэж заасныг тохиолдлын шинжтэй заасан заалт гэж үзэхгүй байна.  Уг хэсгийн “Амь насанд аюултай бүхий л өвчин эмгэгийн улмаас эрүүл мэндийн шалтгаанаар амь нас нь хохирсон”, даатгалын гэрээний 2.1.10-т заасан “Гэнэтийн өвчлөл гэж хүлээгдэж байгаагүй, эрүүл мэндэд хохирол учруулахуйц гэнэтийн шинж чанартай өвчин” гэсэн заалтуудаас дүгнэж үзэхэд хэдийгээр өвчтөн удаан явцтай архаг өвчнөөр өвдсөн байж болох боловч үхэл хүлээгдэж байгаагүй, мөн үхэлд хүргэх хүндрэл нь гэнэт цочмог илрэх тийм өвчин үүнд хамаарахаар байна. Талийгаач С.О 2015 оны 04 дүгээр сард элэгний хатуурал өвчин оношлогдсон гэх боловч түүнээс хойш эмнэлэгт үзүүлж байсан, эмчилгээ хийлгэж байсан байдал үгүй, биед нь мэдрэгдэх байдал үгүй, талийгаач насан эцэслэх хүртлээ ажлаа хийж явсан байна. Тэр 2017 оны 02 дугаар сарын 03-ны 5 дахь өдөр ажиллаж шүүгчийн захирамж гаргасан байдаг ба 02 дугаар сарын 04-ний өдрийн орой гэнэт цочмог цус алдаж, яаралтай түргэн тусламжийн дуудлагаар Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд очиж эмчилгээ хийлгэсэн боловч эмчилгээ авалгүй 02 дугаар сарын 05-ны өдөр нас барсан байдаг. Талийгаач шүүгч ажлын их ачаалалтай ажиллаж байсан нь түүний үлдэгдэл 73 хэргийг бусад шүүгчдэд хуваарилсан шүүгчдийн зөвлөлгөөний тэмдэглэлээс харагддаг.

 

Хариуцагчаас ирүүлсэн амбулаториор эмчлүүлэгчийн картын 6 хуудас материал байдаг боловч энэ нь нотариатын гэрчилгээгүй, түүнд талийгаач 2014 оны 11дүгээр сард цөсний хагалгаа хийлгэсэн, 2015 оны 04 дүгээр сард Хэнтий аймгийн Хаш Тун эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тэмдэглэгээ байна.

 Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй нэг үндэслэлээ талийгаачийн өвчнийг урьд өвдөж байсан өвчний хүндрэлээр нас барсныг тогтоосон гэж хоол боловсруулах эрхтэн судлалын эксперт эмч Д.Даваадоржийн дүгнэлтийг заадаг ба уг дүгнэлт нь амбулаториор эмчлүүлэгчийн картын 6 хуудас материал, талийгаачийн хэсэгхэн хугацаанд (02 дугаар сарын 04-ний өдрийн оройноос маргааш өдөр нь буюу 05-ны өдөр хүртэл) хийгдсэн эмчилгээ, өвчний түүхт тэмдэглэгдсэн мэдээлэлд үндэслэн гарсан байдаг бөгөөд талийгаачийн өвчний талаар хангалттай сайн мэдээллийг өгч чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, өвчин хэр удаан явцтай өвчин болох, уг өвчнөөр өвдөх үед ямар шинж тэмдэг илэрдэг, өвчтөний биед хэр мэдрэгдэх, эмчлүүлэхгүй явж болох эсэх, гэнэтийн цочмог байдлаар илэрдэг эсэх зэрэг олон шинж байдлыг тодорхойлоогүй байдаг тул түүнийг үндэслэн даатгалын тохиолдолд хамаарагдахгүй өвчин гэж үзэх боломжгүй юм.

            Хариуцагч өөр нэг үндэслэлээ талийгаачийг архины хорт зуршилтай байсан, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчийн “архины хордлого” гэсэн оноштой Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд очсон гэж тайлбарлах боловч энэ нь нотлогдохгүйн гадна энэ нь өвчний түүхт тэмдэглэгдсэн эгчийнх нь хэлснээс эхтэй байх ба “учир нь ойлгогдохгүй олон зүйл яриад байхаар архи уучихаж гэж бодож хэлсэн, гэтэл өвчний шокт орсон байсныг мэдэхгүй байсан, эмч хэлсэн” гэсэн эгчийнх нь тайлбар, мөн архи хэрэглэж байгаагүй, ажил амьдралаа хэвийн залгуулж явсан тухай хамт ажиллаж байсан, хамт амьдарч байсан гэрчүүдийн мэдүүлгээр дээрх байдал үгүйсгэгдэж байна. Нөгөө талаар талийгаачийг үхэлд хүргэсэн өвчин нь “элэгний хатуурал, ээнэгшил, улаан хоолойн варикозын цус алдалт, эзлэхүүн багадалтын оврого, элэгний дутагдлын комын байдал, бөөрний цочмог дутагдал” өвчин байна.

            Мөн хариуцагч талийгаачийн өвчнийг болон засрал авахгүйг мэдэж түүний ар гэрийнхэн нас барахынх нь өмнө гэрт нь гаргасан гэдэг ба талийгаач эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. Харин ар гэрийнхэн нь талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийлгэхгүй гэж нас барахынх нь өмнө гэрт нь гаргасан тухай бичиг баримт бүрдүүлсэн нь хэрэг хэлэлцэх явцад тодорхой болсон болно.

            Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1-т заасан “шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас нас барсан” тохиолдол, өөрөөр хэлбэл, гадны хүчин зүйлээс улбаатай бэртэл, гэмтэл л даатгалын тохиолдол байх ёстой, бид харин ч гэрээгээр өөр нэмэлт өвчнүүд байхаар тохиролцсон гэж хариуцагч тайлбарладаг ба хэрэв даатгалын тохиолдлыг хариуцагчийнхаар ингэж ойлговол шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал нь гэнэтийн ослын даатгалаас ялгагдах зүйлгүй болохоор байна.

            Даатгалыг гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.16-д нөхөн төлбөр олгохгүй нөхцлүүдийг заасан байх ба талийгаачтай холбоотой нөхцөл үүнд орохгүй байна.

            Даатгагч шүүгчийн амь нас эрүүл мэндийн даатгалын гэрээг хийхдээ тэднийг эмчийн үзлэгт хамруулж, өвчтэй эсэхийг тодруулж, даатгалын эрсдэлээ бүр тодорхой болгож заах боломжтой байжээ. Талийгаачийн өвчин 2015 онд оношлогдсон гэж үзвэл “МД” компани өвчтэй хүнийг даатгасан байх бөгөөд даатгуулагч урьд нь өвчтэй байжээ гэж ярих боломжгүй юм.

Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нөхөн төлбөр олгохоос татгалзсан тухай хариуг аваад 2017 оны 06 дугаар 08-ны өдөр 61/591 тоот албан бичгээр талийгаачийн ар гэрт учраад байгаа гачигдлыг боломжоороо шийдэж өгөхийг хүссэн, мөн С.Н нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр талийгаачийн орон сууцны асуудлыг нааштай шийдэж өгөөч гэсэн хүсэлт гаргасныг судалж үзэхэд хүсэлтэд дурдсан гачигдал нотлогдоогүй, орон сууцны зээлгүй байсан гэж тайлбарлаж байна.

Гэтэл талийгаач С. О нь 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Финанс Лайн ХХК компанитай орон сууц захиалгаар бариулах гэрээ хийж, Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж, 2016 оны 1 дүгээр сард ашиглалтанд орох байсан барилгаас 2 өрөө орон сууцыг 95.655.600 төгрөгөөр авахаар тохиролцон, урьдчилгаанд 19.131.120 төгрөгийг төлсөн байх ба гэрээг цуцалж уг мөнгийг буцаан авсныг “Финанс Лайн” ХХК тодорхойлсон байна. Тэрээр А.Х-аас Баянгол дүүргийн **** тоот, 64.32 метр квадрат талбай бүхий орон сууцыг 147.936.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож байрны урьдчилгаанд А-ийн дансанд 2016 оны 01 дүгээр сарын 28-нд 12 сая төгрөг, 02 дугаар сарын 05-нд 5 сая төгрөг, 02 дугаар 06-нд 3 сая төгрөгийг тус тус төлсөн нь нотлогдож байна.  Уг орон сууцыг шилжүүлэн авч оршин сууж байсан болох нь  нэхэмжлэгчийн тайлбар, орон сууцны ашиглалтын төлбөрийг уг хаягаар төлж байсан байдлуудаар тогтоогдож байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна, 24.2-т Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал дараах хэлбэр, хэмжээтэй байна: 24.2.1.шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас нас барсан бол даатгалын төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр шүүгчийн өв залгамжлагчид төлөхөөр зохицуулжээ.

            С. О нь гэрлэлтгүй, хүүхэдгүй байсан ба түүний аав Ш.С 1988 онд, ээж Б.Н 2003 онд нас барсан нь иргэний бүртгэлийн байгууллагын лавлагаагаар тогтоогдож байна. Талийгаачийн ах эгч болох Н.Д, С.Э, С.Б, С.З, С.О, С.Н нар нь талийгаачийн эгч С.Нийг өв залгамжлагч болгож, өөрсдөө өв залгамжлахаас татгалзсан баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул С.Н нь нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн байна.

Иймд хариуцагч “МД” ХХК-иас шүүгчээр ажиллаж байсан С.Оийн амь насны даатгалын нөхөн төлбөрт 133.246.974 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. Харин алдангийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлгүй байна. Тэр нөхөн төлбөр төлөх үүргийг санаатай хугацаа хэтрүүлсэн зүйлгүй, асуудлыг шийдвэрлэхэд нарийн мэргэжлийн мэдлэг шаардсан нөхцөл байсан байна.  

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 431 дүгээр 431.1, 232 дугаар зүйлийн 232.4-ийг баримтлан “МД” ХХК-аас 133.246.974  төгрөгийг гаргуулж С.Нт олгож, нэхэмжлэгчийн 49.967.550 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.074.023 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 824.185 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      С. БУД