| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0190/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/199 |
| Огноо | 2019-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням, Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Мт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 12 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Л.М ,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 31-ний оройн 17 цагийн орчим ... тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Г.Цийг хутгалсны улмаас баруун бугалганы шарх бүхий хөнгөн гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би архи уугаад Цтой маргалдсан. Ширээн дээр байсан заазуурыг авч хохирогчийн гарыг зүссэн байсан. Өөрийгөө хянах чадвар байгаагүй. Миний буруу, гэм буруугаа маш сайн ойлгож байгаа...” гэсэн мэдүүлэг
Хохирогч Г.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”... хаалгаар нь гарах гэтэл араас цохих шиг болохоор нь тэр чигтээ байшингаас нь гараад хэсэг урагшаа явж байтал баруун гар халуун оргиод, нойтон болоод хүндрээд явчихаар нь цамцны ханцуйгаа үзэхэд том нөж байсан ба түүний хажуугаар цус гарахаар нь тэр чигтээ явж О...эгчээр боолт хийлгээд тэндээсээ эгчийн хамт Даланжаргалан сумын эмнэлэгт ирж анхны тусламж авч эмчлүүлж дотор 2, гадна талд нь 7 оёдол тавиулсан.. М ах миний баруун гарны тохойны дээд талын булчингийн хэсэгт хутгаар зүссэн...миний гарт үүссэн шарх эдгэрсэн...гомдолгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-р тал /
Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Би 2019 оны 10 сарын 31-ний өдөр 17 цагийн орчимд гэртээ байж байтал гаднаас Ц нь цусандаа холилдчихсон хувцас, нүүр гар нь цус болсон байдалтай согтуу ирсэн...асуухад М ахтай муудалцаад намайг заазуураар зүсчихлээ” гэж хэлсэн. Ингээд би О гээд эгчрүүгээ утсаар залгаж болсон асуудлын талаар хэлээд Цийг эмнэлэгт хүргэж өгсөн...гэсэн мэдүүлэг./хх-ийн 24-25-р тал / Гэрч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : ”.. О ... Ц хүнд заазуурдуулсан цус нь гоожсон байдалтай ирлээ. Та эмнэлэгт мэдэгдээд өгөөч гэсний дагуу ...дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 22-23-р тал /
Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...М тэр хоёр бие биенийхээ дээгүүр гарах гээд хоорондоо маргалдсан ба тэр үед Л.М Цийг сандал дээр сууж байхад нь алгадаж сандал дээрээс нь унагаасан ба тэр үед Ц босох гээд өндийгөөд байж байтал М гал тогооны шүүгээн дээр байсан заазуурыг авч Ц руу далайх шиг болоод гараа буулгахад Цийн баруун гарыг зүсэж цус гаргасан... гэсэн мэдүүлэг./хх-ийн 27-28-р тал /
Аймгийн шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:”...Г.Цийн биед баруун бугалганы шарх гэмтэл тогтоогдлоо ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 14-р тал /
Хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол. / хх-ийн 47-р тал /
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-23 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Л.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 31-ний орой 17 цагийн орчим ... тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Г.Цийг хутгалсны улмаас баруун бугалганы шарх бүхий хөнгөн гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Г.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”... хаалгаар нь гарах гэтэл араас цохих шиг болохоор нь тэр чигтээ байшингаас нь гараад хэсэг урагшаа явж байтал баруун гар халуун оргиод, нойтон болоод хүндрээд явчихаар нь цамцны ханцуйгаа үзэхэд том нөж байсан ба түүний хажуугаар цус гарахаар нь тэр чигтээ явж О...эгчээр боолт хийлгээд тэндээсээ эгчийн хамт Даланжаргалан сумын эмнэлэгт ирж анхны тусламж авч эмчлүүлж дотор 2, гадна талд нь 7 оёдол тавиулсан.....” гэсэн мэдүүлэг
, гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Би 2019 оны 10 сарын 31-ний өдөр 17 цагийн орчимд гэртээ байж байтал гаднаас Ц нь цусандаа холилдчихсон хувцас, нүүр гар нь цус болсон байдалтай согтуу ирсэн...асуухад М ахтай муудалцаад намайг заазуураар зүсчихлээ” гэж хэлсэн....гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...Ц хүнд заазуурдуулсан цус нь гоожсон байдалтай ирлээ. Та эмнэлэгт мэдэгдээд өгөөч гэсний дагуу ...дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...М тэр хоёр бие биенийхээ дээгүүр гарах гээд хоорондоо маргалдсан ба тэр үед Л.М Цийг сандал дээр сууж байхад нь алгадаж сандал дээрээс нь унагаасан ба тэр үед Ц босох гээд өндийгөөд байж байтал М гал тогооны шүүгээн дээр байсан заазуурыг авч Ц руу далайх шиг болоод гараа буулгахад Цийн баруун гарыг зүсэж цус гаргасан... гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Аймгийн шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Л.Мт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Л.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Л.Мт аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. Шүүгдэгч Л.М нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан, улсын яллагчийн санал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Мын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилжээ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна” гэж заасан ба хохирогч Г.Ц нь шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргаагүй, хуульд зааснаар 72 цагийн дотор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан тул шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдсэн боловч оролцохгүй гэсэн тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч,хохирол төлбөрөө төлсөн/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мт 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.Мт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. Хохирогч Г.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Л.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.М нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 23/ тогтоогдож байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мыг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.Мт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Л.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр, саарал өнгийн заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН