Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 17

 

О.М-, А.А- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2018/0429/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Н.Идэр

Шүүгдэгч                                       О.М-

                                                      А.А-

Шүүгдэгч нарын өмгөөлөгч         Л.Оюунсувд

Нарийн бичгийн дарга                 Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 466 дугаар шийтгэх тогтоолтой, О-ийн М-, А-ы А- нарт холбогдох 1818007030483 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч О.М-, А.А- нарын өмгөөлөгч Л.Оюунсувдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

- Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, М- овогт А-ы А-,

- Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Д- овогт О-ийн М-.

- Шүүгдэгч А.А-, О.М- нар нь бүлэглэж 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол агуулсан ургамлыг худалдан борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн  466 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч М- овогт А-ы А-, Д- овогт О-ийн М- нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч А.А-, О.М- нарыг тус бүр 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч А.А-, О.М- нарт оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эрээн болон ногоон өнгийн цүнхтэй өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-, О.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.М-, А.А- нарын өмгөөлөгч Л.Оюунсувд давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тэдний нас биеийн онцлог, хувийн байдал зэрэгт нийцээгүй байх бөгөөд шууд хорих ялыг биечлэн эдлүүлэх болсонд гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5.д заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаагаа анхаарч үзсэнгүй.

Шүүгдэгч А.А- нь мэргэжил эзэмших зорилгоор сургуульд суралцдаг, О.Мөнх- Оргил нь эзэмшсэн мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхэлж амьдралд дөнгөж хөл тавьж байгаа өсвөр насны хүүхдүүд учраас тэдний анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарлан ойлгосон болон бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар тэнсэж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.М-, А.А- нарын өмгөөлөгч Л.Оюунсувд тайлбартаа:

Давж заалдах гомдлоо дэмжиж байна.., шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн хор уршгийг ойлгож гэмшиж гэм буруугаа ойлгож байгаа зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.А- тайлбартаа:

Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Сурч боловсрох насандаа ийм явдал болсонд харамсаж байна. Би үсчин мэргэжилтэй бөгөөд олонд танигдсан үсчин болж сайхан амьдрахыг хүсч байна. Миний хүсэл мөрөөдлийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.М- тайлбартаа:

Надад ганцхан удаа боломж олгож хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Идэр дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч  А.А-, О.М- нар нь бүлэглэж 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол агуулсан ургамлыг худалдан борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж хадгалсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Энэ үйлдэл нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох  шүүгдэгч нар өөрсдөө хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатад  хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт /ургамал түүсэн газар/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  шүүгдэгч нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, / х.хийн 4-8., 9.,12 –р хуудас/ 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн   шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн  9404  дугаартай :

...Шинжилгээнд ирүүлсэн эрээн үүргэвч дотор байгаа  өвс мэт ногоон зүйлд  “дельта 9- тетрагидроканнабинолийн” агууламж илэрсэн.,  энэ нь НҮБийн 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг ...гэсэн дүгнэлт.,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 9400., 9401 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн ...А.А- болон О.М-ийн шээсний дээж шинжилгээнд тэнцэнэ.,  шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй... гэсэн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон, тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж,  шүүгдэгч нарт хуульд заасан ял оногдуулжээ.

Гэвч сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах эм тэдгээрийн түүхий эдтэй холбоотой гэмт хэрэг нь нийгмийн аюул, цаашид нөлөөлөх хор уршгийн хувьд ноцтой боловч  энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал,  учруулсан хор хохирол түүнчлэн хэрэг үйлдсэн нөхцөл байдал өөр өөр бөгөөд тухайлбал  шүүгдэгч нар Эрүүгийн хуульд заасан 18 насанд хүрсэн боловч 21 насанд  хүрээгүй, шүүгдэгч А.А- нь  18 настай, оюутан,  шүүгдэгч  О.М- нь 20 настай, ахуй амьдралын хувьд эхийн хамт  амьдардаг,  “Энержи ресурс” компанид ажиллаж байгаа,  мөн  тэд  анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  үйлдсэн хэргийн талаар үнэн, зөв хүлээн мэдүүлж гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзээд  энэ удаа тэднийг заавал хорих ял биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан тэнсэх боломжтой байна.

Иймд энэ шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч  шийтгэх тогтоолд энэ талаар  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 466 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг:

- Шүүгдэгч А.А-, О.М- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.т зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр  тус бүрийг 2  жилийн хугацаагаар тэнсэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 3.,  7.3 дугаар зүйлийн 2., 3.т зааснаар тэднийг согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, буруу зан үйл, зуршлаа арилгах албадлын арга хэмжээ авч, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй..,  гэж өөрчилсүгэй.           

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт :

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч нар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг  мэдэгдсүгэй... гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн  3 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.       

3. Шүүгдэгч А.А-, О.М- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, нэн даруй сулласугай.

4. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувдын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.  

5. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР

                                                     ШҮҮГЧИД                                   Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                         Ц.ТУЯА