Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2014/0017

 

2014 оны 01 сарын 02 өдөр                    Дугаар 17                                   Улаанбаатар хот

 

П.С-ийн нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэйгээр нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч П., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ийн өмгөөлөгч Д.Т нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 416 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ийн гаргасан давж заалдах гомдлоор П.С-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн ИТХ-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч П.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: "Би 2002 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн газрын албатай гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын 40 дүгээр байрны дэргэд 6x9 харьцаатай 8 нэрийн хүнсний дэлгүүр байгуулсан юм. Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 262 дугаар захирамжаар надад 54 м.кв газар олгосон.

Гэтэл Баянгол дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 354 дүгээр захирамжаар "Э" хоршооны газартай давхацсан тул иргэн П.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож газрыг чөлөөлсүгэй гэсэн захирамж гаргаж намайг хохироосон юм.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 97 дугаар шийдвэрээр иргэн П.С хохирсон байна гэсэн заалтын дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 2 дугаар цахилгаан станцын зүүн талд 500 м.кв газрыг 2010 онд “М” компанийн урд талд 500 м.кв газар олгосон. 2013 оны 4 сард уг газрыг ухаж хайргыг авсан газрыг тэгшлэхэд 3.500.000 төгрөгийн зардал газрын 3 жилийн төлбөр 330.000 төгрөгийг төлсөн болно. Иргэн миний зүгээс газар эзэмшихэд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй болно.

Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн П.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

Нэхэмжлэгч П.С-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад болон түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 97 дугаар шийдвэрээр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт 2010 оны 500 м.кв газар эзэмшиж байсан юм.

Гэтэл Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоолоор төлөвлөгдөөгүй газар олгосон гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байна. Энэ нь Үндсэн хуулиар олгосон иргэн хүний эрх зөрчигдөж байна. Иймд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоолын П.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү" гэв.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: "Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар иргэн П.С-д 500 м.кв газрыг 5 жилийн хугацаатай аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсгийг зөрчин Баянгол дүүргийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар олгосон тул Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12 дугаар захирамжийн иргэн П.С-д холбогдох хэсгийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоолыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар хүчингүй болгосон болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү" гэв.

Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: "Дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар иргэн П.С-д тус дүүргийн 20 дугаар хороо, "М" ХХК-ийн хашааны урд аж ахуйн зориулалттай 500 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, "Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна", 33 дугаар зүйлийн 33.1.2 дугаар зүйлд "газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан байхад тухайн заалтыг ноцтойгоор зөрчин газар эзэмшүүлсэн байна. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заажээ.

Мөн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2, 32.2.3 дахь хэсэгт иргэн газар эзэмших тухай хүсэлт гаргахдаа газар эзэмших зориулалт, хугацаа, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийг хүсэлтэд дурдсан байна гэж заасан байхад иргэн П.С-ийн хүсэлтэд дурдагдаагүй байна.

Баянгол дүүргийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар олгосон байна.

Иймд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг үндэслэн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаас Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны А/31 дугаар захирамжийн П.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалган шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү" гэв.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний 416 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “1.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоолын П.Сүрэнд холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн П.С-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.” гэж шийдсэн байна

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх БГД- ийн Засаг дарга нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг нөхөн барагдуулах зорилгоор П.С-д уг газрыг эзэмшүүлснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна" гэж буруу дүгнэлт хийжээ.

Хэдийгээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 97 дугаар шийдвэрийн дагуу БГД-ийн Засаг дарга нь иргэн П.С-ийн хохирол нөхөн барагдуулах зорилгоор газар эзэмшүүлснийг буруутгах үндэслэлгүй боловч иргэн П.С-д газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд нь зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу газар олгох үүрэгтэй.

Гэтэл Баянгол дүүргийн Засаг дарга 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн иргэн П.С-д газар эзэмшүүлэх тухай Б/12 дугаар захирамжийг Газрын тухай хууль"-ийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2; 33.4 дэх хэсгийг зөрчиж, гаргасан нь буруу байх бөгөөд уг асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг даалгасан Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг буруутгах боломжгүй юм.

Учир нь "Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д "Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй гэж заасныг анхан шатны шүүх чухам ямар үндэслэлээр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэртээ газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвхөн бодлогын түвшинд үйл ажиллагаа явуулдаг чиг үүрэг бүхий байгууллага гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь анхан шатны шүүх уг газрын орчимд газар эзэмшсэн аж ахуйн нэгж байгууллагуудад газар эзэмшүүлсэн үйл явц, тэдгээрт олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ, захирамж зэргийн хүчин төгөлдөр эсэхийг тодруулаагүй атлаа бусад этгээд газар эзэмшсэн байгаа учраас иргэн П.С-д ч мөн газар эзэмшүүлж болно гэж хуулийг буруу тайлбарлан, дүгнэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх "Иргэн П.С-ээс үг газарт 3.500.000 төгрөг зарцуулсан гэж үзэх санхүүгийн баримт алга байна гэж дүгнэсэн боловч “Н” ХХК- иас С.Б-ийн эзэмшил газарт шороо буулгав" гэх шүүх өмнө нь үнэлээгүй асуудалд Засаг дарга заавал дүгнэлт хийх ёстой байсан гэж үзсэн нь буруу байна.

Анхан шатны шүүх иргэн П.С-ээс уг газарт 3.500.000 төгрөг зарцуулсан гэх санхүүгийн баримт алга байна гэж дүгнэсэн атлаа "Н" ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/53 дугаар бүхий албан бичигт "БГД-ийн 20 дугаар хорооны “М" ХХК-ийн урд талын хонхор иргэн С.Б-ийн эзэмшил газарт буулгасан болно” гэх шүүх өмнө нь үнэлээгүй нотлох баримтыг Засаг дарга заавал харгалзан үзэж, дүгнэлт хийх ёстой байсан гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 97 дугаар шийдвэрээр иргэн П.С-д учирсан хохирлыг арилгахыг даалгасан нь уг хохирлыг заавал газар олголтоор нөхөн төлөх ёстой гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд иргэн П.С-ийн хувьд өөрөөс гаргасан зардал болох 3.500.000 төгрөгийг баримтаар нотолсны үндсэн дээр гаргуулан авах эрх нь нээлттэй юм.

Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтуудыг иргэн П.С-д газар эзэмшүүлсэн асуудал дээр хэрэглэсэн нь буруу байна.

Дүүргийн Засаг дарга нь иргэн П.С-д газар эзэмшүүлсэн асуудлыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон байхад анхан шатны шүүх иргэн П.С-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох, газар эзэмших эрхийг дуусгавар болгохтой холбогдох Газрын тухай хуулийн зүйл заалтуудыг буруу тайлбарлан, хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, иргэн П.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “М” ХХК-ийн хашааны урд 500 м2 газрыг иргэн П.С-д Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 24- ний өдрийн Б/12 дугаар захирамжаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5 жилийн хугацаатай байгуулан, гэрчилгээ олгосноор газар эзэмших эрх үүссэн байна.

Баянгол дүүргийн Засаг дарга 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоолыг үндэслэн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар олгосон гэх үндэслэлээр Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12 дугаар захирамжийн П.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 97 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараагаар Баянгол дүүргийн Засаг дарга болон Газрын албанд хандан “газрын давхцалыг арилгаж, газар олгох буюу хохирлыг гаргаж өгөх”-ийг хүссэн өргөдөл, хүсэлт гаргаж, үүний дагуу Баянгол дүүргийн Засаг дарга 2012 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар “шүүхийн шийдвэрийг биелүүлж” гэдэг үндэслэлээр 20 дугаар хорооны газар нутагт “М” ХХК-ийн хашааны урд байрлалтай 500 м.кв газрыг шинээр баталгаажуулж эзэмшүүлэхээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байгаа нь нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий, элэгдэл, эвдрэлд орж ашиглах боломжгүй байсан газрыг өөрийн хүч, хөрөнгөөр шороо хайрга зөөж, буулган тэгшилж, ашиглах боломжтой болгон нөхөн сэргээхэд нийт 3,500,000 төгрөг зарцуулсан гэдэг нь хамтарч шороо буулгуулсан гэрч С.Б-гийн мэдүүлэг, шороо буулгасан “Н” ХХК-ийн тодорхойлолтоор тогтоогджээ.

Иймд нэхэмжлэгч П.С-ийн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу газар эзэмших эрх үүссэн гэж үзэх үндэстэй байхад Баянгол дүүргийн Засаг дарга тухайн газрыг “2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Хариуцагчаас “Баянгол дүүргийн Засаг дарга 2012 онд иргэн П.С-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул, хууль бус шийдвэрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгосон” гэж тайлбарлаж байгаа ч, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээгээ журмын дагуу хэрэгжүүлээгүй захиргааны албан тушаалтны үйл ажиллагааны алдааг уг шийдвэрээр эрх нь нэгэнт үүсэж, үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн газар эзэмшигчид хамаатуулан, газар эзэмших эрхийг нь дуусгавар болгох үндэслэл болохгүй.

Нэгэнт дээрх байдлаар газар эзэмших эрх үүссэн тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлүүдийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан бөгөөд энд заасан үндэслэл нэхэмжлэгч П.С-ийн хувьд тогтоогдохгүй байна.

Мөн Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөөнд 20 дугаар хороонд шинээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэхээр төлөвлөөгүй байгаа боловч шүүхийн үзлэг болон Газрын кадастрын мэдээллийн сангийн зургаар уг газрын орчим өөр бусад этгээд хашаа хамгаалалт хийн газар эзэмшсэн байдалтай байгаагаас үзэхэд суурьшлын бүс үүссэн байна. Нэгэнт суурьшлын бүс үүссэн байдалтай байгаа газар П.С-д эзэмшүүлсэн газрыг төлөвлөгөөнд тусгагдаагүй газар гэж үзэн шийдвэрээ гаргасан нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцээгүй байна.

Түүнчлэн Баянгол дүүргийн Засаг дарга иргэн П.С-д тус дүүргийн 20 дугаар хороо “М” ХХК-ийн хашааны урд 500 м2 газрыг шинээр баталгаажуулж эзэмшүүлсэн шийдвэрийг хариуцагч тал хянахдаа “газрыг нь давхцуулан олгосны улмаас П.С-д учирсан хохирлыг арилгах” зорилгоор газар эзэмшүүлсэн үндэслэлд дүгнэлт хийлгүй газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгох ёстой байсан гэж хариуцагч тал тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх бөгөөд анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актуудын үндэслэл, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар

хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                              Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.