Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2314

 

 

 

 

 

 

 

 

 

Б ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/02792 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийннэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Ц-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 49 513 755.91 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Ц  нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр №ЗГ0101140205 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 40 тоотын 28 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, 12 сарын хугацаатай 20 000 000 төгрөгийг нэг сарын 4.2 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгчээс удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч Л.Ц аас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 18 259 870 төгрөг, зээлийн хүүнд 16 508 061.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 145 259.05 төгрөг, түүнчлэн 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №ЗГ0101140205 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 3 600 000 төгрөг буюу нийт 39 513 190.31 төгрөгийг гаргуулж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар тусгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Тус ББСБ нь иргэн Л.Ц-д холбогдуулан 39 513 190.31 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх хариуцагч Л.Ц аас 35 913 190 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 3 600 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн. Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргаж, тэрхүү гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №2054 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэлийн шаардлага нь нэг мөр шийдвэрлэгдээгүй, түүнчлэн олон өдөр, хоног өнгөрсний дараа дахин анхан шатнаас эхэлж байгаа явдал нь бусдын өмнө гэрээгээр үүрэг хүлээсэн хуулийн этгээд болох нэхэмжлэгчид тодорхой, бодитой эрсдэлүүдийг хүлээлгэж байна. Нөгөө талаасаа Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд зээлийн хүүг 3 451 115.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 690 223.09 төгрөг, нийт 4 141 338.52 төгрөгөөр ихэсгэж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын ихэсгэсэн хэмжээгээр болон үндсэн нэхэмжлэлийн хамт тус тус барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч тус ББСБ нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа зээлийн хүүг 3 451 115,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 690 223,09 төгрөг, нийт 4 141 338,52 төгрөгөөр ихэсгэж 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр болсон анхан шатны шүүх хурал дээр ч анхны нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн шаардлага, нэхэмжлэлээ дэмжиж оролцсон. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тус шүүхийн шүүгчийн 101/ШЗ2017/03679 тоот захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн болно. Ингэж шийдвэрлэгдэлгүй, хоног хугацаа алдаж байгаа гол буруутан нь хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд шүүхэд зээлийн тооцооллыг шалгуулах хүсэлтийг гаргаж, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шинжээч томилуулсан байтал шүүгчийн захирамжийг үл ойшоон шинжээчийн зардал, хөлсийг төлөхгүй удааж, хайнга хандсан нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүүг 4 882 689.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 976 537.85 төгрөг, нийт 5 859 227.09 төгрөгөөр дахин ихэсгэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ихэсгэсэн болон 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дахин ихэсгэсэн хэмжээгээр 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлагын хамт тус тус барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээл буюу 18 259 870 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэмэгдүүлсэн хүүтэй маргахгүй, хариуцлагаа хүлээх ёстой гэж үзэж байна. Харин тооцож байгаа хүүгийн хэмжээ нь өндөр байх тул хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Ц аас 37 473 414 төгрөгийг гаргуулан Б ББСБ ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 040 341 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг гэрчилгээний 000199883 дугаар бүхий, улсын бүртгэлийн Ү-2204001821 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байр, 40 тоотод байрлах 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц буюу барьцаа хөрөнгөөр хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355 515.95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Ц-аас 345 317 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ББСБ ХХК -д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээ давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №ЗГ0101140205-3 тоот зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөд дурдсанаар зээлдэгч нь 17 777 400 төгрөгийн үндсэн зээл, түүний үндсэн хүүгийн төлбөр нэг сарын 746 650 төгрөг байна. Мөн гэрээнд зааснаар 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 183 хоног буюу 6 сар, үүн дээр нэхэмжлэгч тал анх шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр нь 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр буюу энэ хүртэл 7 сар, нийт 13 сар болж байна. Тодруулбал анхан шатны шүүхийн дүгнэснээр нэхэмжлэл гаргасан өдрөөр гэрээний үүрэг буюу зээлийн хүүг зогсоон дүгнэсэн нь хэргийг шударгаар шийдвэрлэсэн ба харин нэхэмжлэл гаргасан огноо болон зээл, зээлийн хүүгийн бодолт дээр алдаатай гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Тухайлбал 17 777 400 төгрөгийн үндсэн зээлийн хүүгийн төлбөр нэг сарын 746 650 төгрөг х 13 сар = 9 706 450 + үндсэн зээл 17 777 400 төгрөг = 27 483 850 төгрөг + нэмэгдүүлсэн хүү 2 918 019 төгрөг, нийт 30 401 869 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсэг болох 7 071 545 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

       Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

       Нэхэмжлэгч Б ББСБ ХХК  нь хариуцагч Л.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18 259 870 төгрөг, зээлийн хүү 24 841 865, нэмэгдүүлсэн хүү 2 812 019 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 3 600 000 төгрөг, нийт 49 513 755 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 106 537 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, өмгөөллийн зардал 3 600 000 төгрөг гаргуулах хэсгээс татгалзсанаас хариуцагч эс зөвшөөрч “зээлийн үндсэн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгээс бусдыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр №ЗГ0101140205 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, хариуцагч нь 20 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.2 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204001821 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 40 тоот байршилтай, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээл хүссэн өргөдөл, бэлэн  мөнгөний зарлагын баримт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, талуудын тохиролцоо Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. /хх 4-11, 36, 114-117/

 

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “зээлийн хүүгийн хэмжээг нэмэгдүүлсэн нь зээлийн гэрээ дуусгавар болоогүй, гэрээ зогсоогүй үргэлжилж байгаатай холбоотой” гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...нэмэгдүүлсэн хүүгээр хариуцлага хүлээнэ. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш гэрээ үргэлжлээд байгаа нь ойлгомжгүй, шүүхэд хандсанаар гэрээ цуцлагдах учиртай...” гэж тус тус тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь “гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 3 дах хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж тус тус заажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр тус гэрээний үүргийг зогсоон, түүнээс хойш хугацааны зээл, зээлийн хүүгийн төлбөрийг тооцон нэмэгдүүлсэн хэмжээ болох 8 333 804 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацааны болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 37 473 414 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Харин шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэг гэж өөрчлөлт оруулав.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/02792 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Ц аас 37 473 414 төгрөгийг гаргуулан Б ББСБ ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 040 341 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсэгт “2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204001821 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 40 тоот байршилтай, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай” гэсэн 2 дахь заалт нэмж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “3”, 3 дахь заалтыг “4” дэх заалт болгож өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй..        

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээгийн төлсөн 129 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН