Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2020/00508

 

А.Б, Э.Э нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/02547 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 65 дугаар магадлалтай,

А.Б, Э.Э нарын нэхэмжлэлтэй,

Мхолбогдох,

Ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, Мын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-07 тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын олговорт А.Бт 30 688 493 төгрөг, Э.Эт 24 367 751 төгрөгийг, нийт 55 056 244 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, А.Бийн нийгмийн даатгалын шимтгэлд сайн дураар төлсөн 318 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, Б.Сарангуа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 8 цаг 45 минутад Шивээ-Овоо өртөөний 1 дүгээр зам дээр вагоны авто угсраанд туслах найруулагч хавчуулагдан нас барсан хэрэг гарсан. Тухайн үед А.Б нь М-ын Сайншанд татах хэсгийн машинистаар, Э.Э нь туслах машинистаар тус тус ажиллаж байсан юм. Энэхүү осолтой холбогдуулан 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр М-ийн даргын Б-II-07 дугаар Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гарч, Э.Э, А.Б нарыг ажлаас нь халсан. Улмаар Эрүүгийн 201724000035 дугаартай хэрэг үүсч, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн ШЦТ/10 дугаар тогтоол, мөн аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ДШМ/07 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар тогтоол гарч, нэхэмжлэгч нарыг гэм буруугүй болохыг тогтоосон. Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байж үндэслэлгүй ажлаас халсан нь шүүхээр тогтоогдсон.

Нэхэмжлэгч нарыг осол гаргаагүй, осол гарахад ямар ч хамаагүй гэдэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Хариуцагч талаас нэхэмжлэгч нарыг удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэж тайлбарлан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар буруутгадаг. Хуулийн уг заалтаар удаа дараа зөрчил гаргасан байхыг шаарддаг бөгөөд, 2016 онд нэхэмжлэгч нарыг сахилгын шийтгэл авч байсан талаарх баримт байдаггүй. М-ээс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч нарыг буцааж ажилд нь авсан. Хариуцагч тал нэхэмжлэгч нарыг хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажилд авсан гэж тайлбарладаг ч Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15, 24.1-д зааснаар нэхэмжлэгч нарыг үндсэн хөдөлмөрийн гэрээний дагуу ажилд орсон гэж үзэхээр байна. 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч нарыг ажлаас халсан тушаал гарсан ба, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч нар ажилд орсон. Ажилгүй байсан 14 сар 22 хоног буюу ажлын 328 хоног байгаа.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын 7-д зааснаар нэхэмжлэгч А.Бийн нэг өдрийн хөдөлмөрийн хөлс 86 976 төгрөг, үүнийг 328 хоногт үржүүлэн 26 788 608 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин. Э.Эын нэг өдрийн ажлын хөлс 73 072 төгрөгийг 328 хоногт үржүүлэн 23 967 616 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагч тал тус тус төлөхөөр байна. Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаартай Ээлжийн амралт олгох тухай зааврын 2-д зааснаар А.Бийн сүүлийн 12 сарын дунджаас тооцон ээлжийн амралтын мөнгө 2 334 396 төгрөг, Э.Эын сүүлийн 12 сарын дунджаас тооцон ээжжийн амралтын мөнгө 1 729 976 төгрөгийг тус тус гаргуулах. 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн М-ийн даргын ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэхийг шаардаж байна.

Мөн нэхэмжлэгч А.Б ажилгүй байсан хугацаандаа 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Говьсүмбэр аймгийн нийгмийн даатгалын газартай сайн дурын даатгалын гэрээ байгуулан, нийт 318 800 төгрөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож нийгмийн даатгал төлсөн. Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг үндэслэлгүй ажлаас халсан нь тогтоогдсон бөгөөд, хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгч А.Б Говьсүмбэр аймгийн нийгмийн даатгалын газартай дээрх гэрээг байгуулж, нийгмийн даатгал төлж байсан тул уг 318 800 төгрөгийг өөрт учирсан гэрээний бус гэм хорын хохирол гэж үзэн, Иргэний хуулийн 497.1, 510.1-д заасны дагуу М-ээс шаардаж байгаа.

Харин нэхэмжлэгч А.Б нь Говьсүмбэр аймгийн нийгмийн даатгалын газартай байгуулсан сайн дурын даатгалын гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэгч нар тушаал авах үедээ үндэслэлтэй, үндэслэлгүй ажлаас халагдсан эсэхээ мэдэхгүй байсан. Өөрсдийн буруугаас хүн нас барсан гэж бодож байсан. Гэтэл Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас гарсан тогтоолоор өөрсдийгөө буруугүй, үндэслэлгүй ажлаас халагдсан гэдгийг мэдсэн.

Иймд 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тоологдож, нэхэмжлэгч нар 7 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нарыг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа бол шүүхээс хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.Б нь М-ын Сайншанд дахь Татах хэсгийн даргын 2001 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №548 тушаалаар ачааны хөдөлгөөний илчит тэрэгний туслах машинчийн дагалдангаар, 2004 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн сэлгээний хөдөлгөөнд илчит тэрэгний машинчаар, Э.Э нь 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай илчит тэрэгний туслах машинчийн дагалдангаар, мөн оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Ашиглалтын цехийн 3 дугаар цуваанд илчит тэрэгний туслах машинчаар тус тус ажилласан. Ажиллах хугацаандаа А.Б 2016 оны 7 дугаар сард 2 сарын хугацаатай 20 хувиар цалин бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн. 2017 онд өмнө гаргасан зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан. Э.Эын хувьд 2012, 2014 онуудад сахилгын шийтгэл авсан ч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байжээ.

2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 08 цаг 45 минутын үед Чойр өртөөнөөс Шивээ-Овоо татах хэсэгт галт тэрэгний туслах найруулагч нь зүтгүүр салгах сэлгээний ажил хийх явцад зүтгүүр болон вагоны хооронд хавчуулагдаж нас барсан. Осол гарах үед А.Б машинчаар, Э.Э туслах машинчаар тус тус ажиллаж байсан. Тухайн үед машинчаар ажиллаж байсан А.Б, Э.Э нарын 4 ажилтанд 2017 оны Замын даргын тушаалаар сахилгын арга хэмжээ авсан. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Замын даргын 2009 оны А-55 дугаартай тушаал биелүүлж ажиллаагүй, 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн шуурхай хурлын шийдвэр зэрэг болно. Нэхэмжлэгч нарыг 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгож ажлаас нь халсан.

Нэхэмжлэгч нар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа М-ийн Сайншанд дахь татах хэсгийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.3.5., 10.3.6, Хөдөлмөрийн гэрээний 2.3, Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 12.9, 16.17, 17.18-ын б,в, г, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.21., 10.34б, в, г, 10.35, Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуйн тухай хуулийн 11.2.7 зэргийг тус тус зөрчсөн.

Иймд Төмөр замын тээврийн тухай хуулийн 3.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс А.Б, Э.Э нарын гэм буруугүйг шүүх тогтоосон гэж тайлбарлалаа. Говьсүмбэр аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Б, Э.Э нарыг Төмөр замын тээврийн хөдөлгөөний ашиглалтын аюулгүй байдал сахих үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-д зааснаар тус бүр 1 жилийн хорих ялаар шийтгэсэн. Шүүгдэгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн анхан шатны шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Хяналтын прокурор эсэргүүцэл бичиж, Дээд шүүхээс 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаартай тогтоол гарч, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээн, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэрэгт н.Саранжаргал болсон асуудлын талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Машинч нар холболт хийсэн эсэхийг шалгаж, найруулагч дохио өгсөн тохиолдолд хөдөлгөөн эхлэх ёстой. Гэтэл тухайн үед технологийн процесс, Хөдөлмөрийн сахилга зөрчигдсөний улмаас хүний амь нас хохирсон. Сэлгээний бригадад туслах найруулагч, машинч, найруулагч, холбогч нар ордог. Тэдний үйл ажиллагаа бие биенээсээ хамааралтай, харилцан уялдаатай байдаг. Тийм учраас хамтын хариуцлагын тухай асуудал яригдана.

Эрүүгийн хариуцлага, Хөдөлмөрийн сахилга, зөрчлийн асуудлыг ялгаж салгаж, зөв дүгнэх ёстой. Хэдийгээр нэхэмжлэгч нарыг Эрүүгийн хэрэгт гэм буруугүй гэж цагаатгасан ч эдгээр хүмүүс Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, машинч нарын мөрдвөл зохих эрх зүйн актууд, дүрэм, журам, Замын даргын тушаалууд зэргийг тус тус зөрчсөн. Машинч нар хөдөлгөөн эхлүүлж, ажилтан хавчуулагдаж нас барсан. Нэхэмжлэгч нарыг ноцтой зөрчил гаргасан болохыг 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ослын газрын ажилласан комиссын акт, хэргийн газрын үзлэг, нэхэмжлэгч нарын гараар бичсэн тодорхойлолт, радио станцын бичлэг шалгасан акт, Шивээ овоо салбарын шуурхай хурлын тэмдэглэл, 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн М-ийн шуурхай хурлын тэмдэглэл зэргээр нотлогдоно.

2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сайншанд татах хэсгээс нэхэмжлэгч нартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, ажиллуулсан. 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр даргын 507, 509 дүгээр тушаал, хамтын гэрээ зэргээр нэхэмжлэгч нарыг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл илчит тэрэгний туслах машинчийн дагалдангаар ажиллуулахаар, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 579 дугаартай тушаалыг тус тус үндэслэж ажиллуулсан. Э.Э ажиллаж байхдаа ажлын байранд архи ууж, согтуу ирсэн үндэслэлээр ажлаас халагдсан. Ажилд эгүүлэн авсан талаар баримт байхгүй.

А.Б, Э.Э нар ажил олгогчийн ажлаас халсан шийдвэрийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр авч, мөн оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл хуулийн хугацаанд нэхэмжлэгч нар гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл болно. Нэхэмжлэгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гадуур шалгагдаж, анхан шатны шүүхээс шийдвэр гарч, Давж заалдах хүртэл 21 хоног цагдан хоригдсон. Энэ хоног ажилгүй байсан хугацаанд тооцогдохгүй. Нэхэмжлэгч нар ажилгүй байсан хугацаа 14 сар 20 хоногийн хугацааны 55,220,240 төгрөг нэхэмжилсэн. 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажлын 317 хоног, үүнээс 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажлын 42, хуанлийн 57 хоног байна. Энэ хугацааны хохирол 3 046 291 төгрөгийн 7 272 582 төгрөгийг шүүхийн шийдвэрээр олгосон. А.Бийн нэг өдрийн цалин 59 431 төгрөг, Э.Эын нэг өдрийн цалин 47 300 төгрөг. А.Б 4 045 220 төгрөг, Э.Э 2 880 540 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж тус тус авсан. А.Бийн Говьсүмбэр аймгийн нийгмийн даатгалын хэлтэстэй байгуулсан Сайн дурын даатгалын гэрээний дагуу төлсөн гэх 318 800 төгрөгийг бид хариуцахгүй. Учир нь түүний ажиллах хугацаанд гаргасан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасны улмаас хүний амь нас хохирсон. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/02547 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, “М” ХНН-т холбогдуулан гаргасан, Замын даргын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-07 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын нөхөн олговорт 55 560 244 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, А.Бт учруулсан гэм хорын хохирол 318 800 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч А.Б, Э.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Бийн гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 10 200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 65 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/02547 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дүгээр зүйлийн 166.4-д заасан хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлсэнгүй.

Магадлалын Хянавал хэсэгт “ ...Ажил олгогчоос 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-07 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2, 131.1.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.2, 30.2.4, Хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалт, “М” ХНН-ийн дүрмийн 22 дугаар зүйлийн А, И, 3 заалтууд, 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн шуурхай хурлын шийдвэрийн санал зэргийг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 8 цаг 45 минутын орчимд Шивээ-овоо өртөөний галт тэрэгний туслах найруулагч нь өртөөний 1 дүгээр замд вагонд зүтгүүр залгах сэлгээний ажил хийх үедээ нас барсан осол гаргасантай холбогдуулан Техник ашиглалтын дүрэм, галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам, М-ын даргын 2009 оны А-55 дугаар тушаалыг биелүүлж ажиллаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч А.Б, Э.Э нарт ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байна”.

Дээрх тушаалд заагдсан зөрчлүүд нь тогтоогдсон бөгөөд талууд маргаагүй гэж буруу дүгнэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт “...М”-ийн Сайншанд дахь татах хэсгийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.2, 10.3.6, Хөдөлмөрийн гэрээний 2.3, Төмөр замын техникийн ашиглалтын дүрмийн 12.9, 16.17, 17.18, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34, 10.34г, 10.35, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 11.2.7 зэргийн тус тус зөрчсөн гэж мэдүүлсэн байдаг.

Тэгвэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарыг буруутгаад байгаа дээрх заалтууд нь галт тэрэгний машинч, туслах машинч нарын хүлээх үүргүүдийг тусгасан заалт юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөөх, тээвэрлэх зориулалттай хэрэгсэл, тэдгээрийн эд ангийг устгасан, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан, буруу дохио, анхааруулга өгсөн, үүнтэй төстэй аюултай үйлдэл хийх замаар төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн аюулгүй ажиллагаанд нөлөөлж хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах, эсхүл бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн бол”, 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төмөр замын, агаарын, усан замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан бол” эрүүгийн хариуцлага хүлээхээр хуульчилж өгсөн байдаг.

Энэхүү осолтой холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, Эрүүгийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч нарыг ажил үүргээ биелүүлж ажилласан, ямар нэгэн зөрчил гаргаагүй гэдгийг тогтоосон байхад иргэний хэргийн анхан болон давах шатны шүүхээс гэм буруутай мэтээр дүгнэж буруутгаад байгаа нь нэхэмжлэгч нарын Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан үндсэн эрхийг зөрчиж байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нарыг үүргээ биелүүлсэн, тухайн осолд ямар ч хамааралгүй болохыг шүүхээр нэгэнт тогтоосон байхад үүргээ биелүүлээгүйгээс ажлаас халагдсан нь үндэслэлтэй байна гэж дүгнээд байгаад нь гомдолтой байна.

Хэрэв хариуцагчийн тайлбарт заагдсан зөрчлүүдийг нэхэмжлэгч нар нь гаргасан бол эрүүгийн хариуцлага хүлээхээр Эрүүгийн хуульдаа хуульчлаад өгчихсөн байна.

Жич: Хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн материалууд нь Эрүүгийн хэргийн материал дотор авагдсан байдаг.

 “Хөөн хэлэлцэх хугацааны хувьд” шүүх буруу дүгнэлт гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “...Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, эцэслэн шийдвэрлэсэн гэх хяналтын шатны шүүх хуралдаанаас хойш 2 сарын дараа буюу 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ханджээ”, “...энэ нь хуульд заасан 1 сарын хугацаанд шүүхэд хандсан гэж үзэх үндэслэл болохгүй” хэмээн буруу дүгнэжээ.                                                                     

Дээд шүүхийн 2018 оны 5 дүгээр сарын 30-ны өдрийн 250 дугаар тогтоол нь уншмагц хүчин төгөлдөр болдоггүй. Хуулийн хүчин төгөлдөр болоогүй шүүхийн шийдвэр, магадлал тогтоолыг дагаж мөрдөхгүй байхаар хуульчилж өгсөн байдаг.

Шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 12.5 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр болсон хугацаанаас эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилж өгсөн байх бөгөөд шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр” биелэгдэх тусгай зарчмыг буруу хэрэглэсэн байна.

Тиймээс нэхэмжлэгч нар нь Дээд шүүхийн 2018 оны 5 дүгээр сарын 30-ны өдрийн 250 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон хугацаанаас эхлэн хугацааг тоолсон нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нар нь “шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор “ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо мэдсэнээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 -т заасан “нэг сар”-ын дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Дээрхээс харахад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасны дагуу уг хугацааг сэргээн тогтоох боломжтой байна.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 02547 дугаар шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 65 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч А.Б, Э.Э нь Мд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, Мын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-07 тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын олговорт А.Бт 30 688 493 төгрөг, Э.Эт 24 367 751 төгрөгийг, нийт 55 056 244 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, А.Бийн нийгмийн даатгалын шимтгэлд сайн дураар төлсөн 318 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нарт Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр хариуцлага тооцсон ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй, ...нэхэмжлэгч нарын гэм буруугүй нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байхад байхад үүргээ биелүүлээгүйгээс ажлаас халагдсан нь үндэслэлтэй гэж дүгнэж, ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцож, үндэслэлгүй дүгнэлт хийсэн...” тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 45 минутын үед нэхэмжлэгч А.Б, Э.Э нарыг Сайншанд татах хэсгийн харьяа Чойр солилцох тасгийн машинч, туслах машинчаар тус тус ажиллаж, сэлгээний М62УМ-0014 дугаарын илчит тэргээр вагон холбох үйлдэл хийж байхад нь туслах найруулагч Б.Баатаржаргал авто угсраанд хавчуулагдаж амь нас нь хохирсон осол гарсан байна.

Уг осолтой холбогдуулан Засгийн Газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дугаар тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд заасны дагуу ослын газар комисс ажиллаж, комисс Чойр өртөөний ослыг судлан  бүртгэж, сэлгээний үед хийгдсэн албан ярианы бичлэгийг давтан сонсож хронологийг тогтоож, илчит тэргэнд иж бүрэн үзлэг хийж, тухайн үеийн үзэгдэх байдал, дуун дохионы сонсогдох байдал, найруулагч, холбогчийн байрлал, эзэлж явсан газар дээр нь туршилт хийсний баримтыг бүрдүүлж бүртгэсэн, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн  шуурхай зөвлөлгөөнөөр ослын талаар хэлэлцэж, хурлаас Э.Э, А.Б нарыг Техник ашиглалтын дүрмийн 16.17., 16.18.б заалт, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34 заалтын б, в, г, 16.18в заалт, ХАБЭА хуулийн 18.2.7.  дахь заалтыг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасныг үндэслэн Мын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-07 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., Хөдөлмөрийн гэрээний 2.3. дахь заалтыг үндэслэл болгон нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Мөн нэхэмжлэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3.-т заасан төмөр замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн журмаар шалгаж, анхан шатны шүүхээс ял шийтгэсэн боловч, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нарын үйлдэл хохирогчийн нас барсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарыг цагаатгаж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч нарыг хохирогч нас барсанд гэм буруугүй гэх үндэслэлээр цагаатгаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тэднийг М-ын Сайншанд татах хэсгийн Хөдөлмөрийн дотоод журам, Төмөр замын техник ашиглалтын дүрэм, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын холбогдох заалтыг зөрчсөн, Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг цуцлах ноцтой зөрчлийг гаргасан гэх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул анхан шатны шүүх ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон, ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй... гэж заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4. дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нарыг тухайн осолд ямар ч хамааралгүй болохыг шүүхээр тогтоосон байхад ажлаас халсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...” гэх гомдлыг  хангах үндэслэлгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэжээ.

Нэхэмжлэгч нар ажлаас халах Сахилгын шийтгэл ногдуулсан 2017 оны 01 дүгээр сарын  26-ны өдрийн №Б-II-07 дугаартай ажил олгогчийн тушаалд тухайн үед гомдол гаргаагүй байна.

Улмаар тэдэнд холбогдох хэргийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэж, гэм буруугүй болохыг тогтоож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан үеэс ажил олгогч ажлаас үндэслэлгүй халсан, хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөн болохыг мэдсэн гэх үндэслэлээр 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2.-т шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, ...үеэс үүснэ гэж зохицуулсан байна.

Нэхэмжлэгч А.Б, Э.Э нарын 4 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн, Улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр тул нэхэмжлэгч нарын шаардах эрх энэ өдрөөс үүссэн гэж үзнэ.

Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 31-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх ба хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тухай баримтгүй, энэ талаар хүсэлт гаргаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт холбогдох хуулийг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/02547 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 65 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД