Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2017/02227

 

  

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, тоот хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар-, регистрийн дугаар /, Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: дүүрэг, хороо, гудамж тоот хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар/, Р ХХК-д холбогдох

 

 Ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 4,600,00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч У, хариуцагчийн төлөөлөгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэсвгэрт баригдаж буй Рома хотхоны 1 болон 2 тоот орон сууцны гадна заслын ажлыг хийж гүйцэтгэсэн. Гүйцэтгэгч нь дээрх ажлыг гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд захиалагчийн материалаар хийж гүйцэтгэж захиалагч Р ХХК-д хүлээлгэн өгсөн. Нийт ажлын хөлс нь 46,000,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд ажил хүлээн авсны дараа барьцааны мөнгийг өгөхөөр харилцсан тохиролцсон тул ажлын хөлсний үлдэгдэл 4,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Р ХХК-ийн төлөөлөгч О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь 1, 2 дугаар болокны гадна заслын ажлыг гэрээний 3.1-д заасны дагуу гэрээ байгуулсан өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний 5.3-д зааснаар гадна заслын чанарын баталгаат хугацаа нь хүлээлгэн өгснөөс хойш 3 жил байх бөгөөд энэ хугацаанд заслын ажилд ямар нэгэн доголдол үүссэн тохиолдолд гүйцэтгэгч тал өөрийн зардлаар доголдлыг арилгах арга хэмжээ авч, засварлана гэж заасан байдаг. Гэрээний 6.2.10-д зааснаар ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан боловч ажлыг хүлээлгэж өгөөгүй байдаг. Ажил гүйцэтгэсэн байдлын тодорхойлолт нь ажлын чанар байдлыг тодорхойлсон акт биш гэж үзэж байна. Гүйцэтгэгч тал барилгын ажлыг хаяж явснаас хойш доголдлууд гарсан. Захиалагч 10 хувийг барьцаа болгож 4,600,000 төгрөгийг суутган авсан нь үнэн. Гэхдээ Улсын комисст хүлээлгэж өгсний дараа шилжүүлнэ гэж тохирсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Р ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт  4,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Р ХХК-нь Гэрээний нийт үнийн 10 хувийг буюу 4,600,000 төгрөгийг барьцаа болгож суутган авсан бөгөөд Улсын комисст хүлээлгэж өгсөний дараа шилжүүлнэ гэж тохирсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй  гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй байна.

 

Б ХХК нь Р ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэсвгэрт баригдаж буй Рома хотхоны 1 болон 2 тоот орон сууцны гадна заслын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцон Барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна /хх-ийн 8-11 талд/ байна.

 

Гэрээний 4.3.4.Гэрээний нийт дүнгийн 10 хувийг барьцаа болгон суутгах ба Улсын комисст хүлээлгэн өгсөний дараа гүйцэтгэгчийн нэхэмжлэхийг үндэслэн төлнө, гэрээний 5.3.Гадна заслын чанарын баталгаат хугацаа нь хүлээлгэн өгснөөс хойш 3 жил байх бөгөөд  хугацаанд нь заслын ажилд ямар нэгэн доголдол үүссэн тохиололд гүйцэтгэгч тал өөрийн  зардлаар доголдлыг арилгах арга хэмжээ авч, засварлана гэж тохиролцжээ.

 

Хариуцагч Р ХХК нь 4,600,000 төгрөгийг барьцаа болгож суутган авсан талаар маргаагүй. Улсын комисст хүлээлгэж өгсөний дараа шаардах эрх үүснэ гэж маргаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Улсын комисст хүлээлгэж өгөөгүй нь өөр бусад доголдолтой холбоотой гэж мэтгэлцэж байна.

 

Б ХХК болон Р ХХК нарын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээний 5.3.Гадна заслын чанарын баталгаат хугацаа нь хүлээлгэн өгснөөс хойш 3 жил байна” гэж заасан хугацаа өнгөрсөн байх тул Р ХХК-ийн барьцаа болгож суутган авсан ажлын хөлс 4,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-нд олгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                            ТОГТООХ нь:  

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Р ХХК-иас 4,600,000 /дөрвөн сая зургаан зуу/ төгрөгийг гаргуулж Б ХХК-нд олгосугай.      

 

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 88,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай. 

 

  3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ