| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2017/02620/И |
| Дугаар | 182/ШШ2017/02231 |
| Огноо | 2017-11-17 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2017/02231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, гудамж тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Т-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, хороо, давхарт байрлах, /улсын бүртгэлийн дугаар , регистрийн дугаар /, П ХХК холбогдох
Даатгалын нөхөн төлбөрт 8,775,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С, хариуцагчийн төлөөлөгч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Даатгуулагч Т нь улсын дугаартай Ниссан экстрайл маркийн автомашиныг 2015 оны 01 дүгээр сард худалдан авахдаа Ариг банкны зээлээр авч улмаар П-д уг тээврийн хэрэгслийг даатгуулан 1125298 дугаартай гэрээ байгуулсан. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хандгайт мод гэх газрын ойролцоо 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн үед тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осолд өртсөн бөгөөд цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэсний дараа 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр нийт 9,750,000 төгрөгийн хохирлоос өөрийн хариуцах 10 хувийг хасч 8,775,000 төгрөгийг гаргуулахаар хандсан. 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр даатгагч гэрээний 3.2.6 дахь хэсгийг үндэслэн нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан. Зам тээврийн осол 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гарсан бөгөөд эвдэрсэн машинаа 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр машины ченжид зарсан нь татгалзах үнпэслэлд хамаарахгүй. Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан боловч П- ХХК-ийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж гомдлыг хүлээн аваагүй. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 8,775,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч П ХХК шүүхэд болон төлөөлөгч М
шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хадагтай мод гэх газрын ойролцоо Л.Төмөрбаатар нь улсын дугаартай Ниссан Эктрайл маркийн автомашин унаж явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчин Б.Батзоригийн жолоодон явсан улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Авто тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын 1195298 тоот гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулан тус гэрээний дагуу 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ослын талаарх материалаа бүрдүүлэн өгч нөхөн төлбөр гаргуулах өргөдөл гаргасан. Хуулийн хугацаанд нөхөн төлбөрийн асуудлыг хянан шалгаж байх хугацаанд даатгуулагч Т нь улсын дугаартай Ниссан Эктрайл маркийн тээврийн хэрэгслийн даатгагчаас зөвшөөрөл авалгүйгээр бусдад худалдан борлуулсан байх тул бидний хооронд байгуулсан 1195289 тоот даатгалын гэрээний 3.2 “даатгагч дараах тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй нөхцөл бүрдсэн үндэслэлээр бид нөхөн төлбөр олгохоос татгалзсан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т нь хариуцагч П- ХХК-нд холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 8,775,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч П- ХХК нь даатгалын гэрээний 3.2.6. даатгагчаас зөвшөөрөл авалгүйгээр тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан тул нөхөн төлбөр олгохгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Т нь хариуцагч П- ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Тээврийн хэрэгслийн 1195289 тоот даатгалын гэрээ байгуулж, даатгалын хураамж төлжээ.
Даатгалын гэрээний 6.1.Даатгагч нь даатгалын тохиолдол болсон үед дор дурьдсан баримт материалыг үндэслэн даатгалын гэрээ болон гэрээт баталгаанд заасны дагуу нөхөн төлбөр олгохоор тохиролцсон байна.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хандгайт мод гэх газар 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн орчим иргэн Б нь улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Дархан-Уул аймгийн талаас Улаанбаатар хотруу явах төв зам дээр Т гэгч нь улсын дугаартай Экстрайл маркийн тээврийн хэрэгсэлтэй гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа шахаж замын хажуу руу унагаж зам тээврийн осол гарган, ослын улмаас 8,775,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Замын цагдаагийн газрын Зам тээврийн ослын 2017 оны 7 дугаа сарын 24-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт, Арвижих-Эстимейт ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 08137000 дугаартай Авто машин техникийн хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 39-46 талд/-гаар тогтоогдсон байна.
Хариуцагч П- ХХК нь “Т 21-69 УНВ улсын дугаартай Экстрайл маркийн тээврийн хэрэгсэл унаж явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчин Б улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ослын талаарх материал бүрдүүлэн өгч нөхөн олговор хүссэн. Хуулийн хугацаанд нөхөн төлбөрийн асуудлыг хянан шалгаж байх хугацаанд даатгуулагч Т нь 21-69 УНВ улсын дугаартай Экстрайл маркийн тээврийн хэрэгслээ даатгагчаас зөвшөөрөл авалгүйгээр бусдад худалдаж борлуулсан тул даатгалын гэрээний 3.2.6.Даатгагчаас зөвшөөрөл авалгүйгээр ямар нэгэн санал гаргах” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлээр нөхөн олговор олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.
Санхүүгийн зохицуулах хороо 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 9/2886 тоот албан бичгээр “П- ХХК нь Тээврийн хэрэгслийн 1195289 тоот даатгалын гэрээний 3.2.6-д заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэстэй” гэсэн хариуг даатгуулагчид өгсөн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С “Зам тээврийн осол 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гарсан бөгөөд эвдэрсэн машинаа 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр машины ченжид зарсан нь даатгалын нөхөн төлбөр авахад харшлахгүй гэж мэтгэлцэж байна.
Даатгуулагч Т нь даатгалын нөхөн төлбөр олгох асуудлыг шалгах явцад улсын дугаартай Экстрайл маркийн тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулсан нь даатгагчийн ослын улмаас 8,775,000 төгрөгийн хохирол учирсан эсэхийг шалган тогтоох, дээрх тээврийн хэрэгслийг засварлах эсэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөлийг үүсгэж, даатгалын гэрээний 3.2.даатгагч нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлийг өөрөө бүрдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцагч П- ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 8,775,000 төгрөг гаргуулах тухай Т нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П- ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 8,775,000 төгрөг гаргуулах тухай Т нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ