| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2018/0034/Э/202/2018/0021/ |
| Дугаар | 2018/ШЦТ/43 |
| Огноо | 2018-03-16 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.Б,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Даланжаргалан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Тэнгэрийн дуу ХХК-ны бутлуурын талбай дээр иргэн Н.Ныг өөрөөсөө зайлуулах гэж түлхэн нүх рүү унаган эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Ковшны шанагаа эвгүй тавьсан байсан болохоор хүн дарчих вий дээ гэж хэлсэн чинь Н уурлаад дандаа үглэж байхын гээд намайг заамдаад авсан. Одоо бодоход би тэр үед зайлаагүй бол намайг зодох байсан байх гэж боддог...” гэв.
Хохирогч Н.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр...Тухайн үед миний гагнуулах ковш руу Ж бид хоёр явсан ба Б цуг байсан.Тэгээд би ковшиндоо суугаад шанагаа гагнуулахад бэлэн болгож байрлуулчихаад буугаад иртэл Б надад хандан: Би чамайг өмөөрч байхад, чи Пг өмөөрлөө гэж надад хэлсэн, тэгэхээр нь би Бд хандан: Чи хүн цохиж авах нь чиний буруу шүү дээ гээд хэлтэл, чи наад шанагаа аятайхан байрлуул, Жы дээрээс уначихвал яах юм гэж хэлэхээр нь миний уур хүрээд Б дээр очоод цамцнаас нь зууртал, миний гарыг дээш нь сөхөөд зүүн тал руугаа зайлаад намайг татчихсан, тэгээд би эрчиндээ бутлуурын яамны нүх рүү унасан ба унахдаа гараараа тулж унаад гараа хугалчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч Ү.Жы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр...Нын авто ачигчийн шанагыг гагнах гээд Ноор өөрөөр нь авто ачигчийн шанагыг дээш доош нь болгуулж байрлуулсан. Н өөрийн ажиллуулдаг авто ачигчийн шанагыг байрлуулаад авто ачигчаас бууж ирэхэд Б миний хажууд зогсож байсан. Тэгээд би Нын авто ачигчийг гагнаж эхэлсэн... Би гагнуур хийж байгаад эргэж харсан чинь Н Тэнгэрийн дуу ХХК-ний бутлуурын шороо асгадаг нүх рүү унаж байгаа харагдсан. Тэгээд би нүх рүү авто ачигч ордог талаар нь тойрч ороход Н сууж байсан ба намайг очиход зүүн талын гараа тохойн хэсгээс нь барьчихсан миний гар хугарчих шиг боллоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Шинжээчийн ... дугаартай: “...Н.Нын биед атгаал ясны доод хэсгийн дайрсан зөрөөтэй ил хугарал, зүүн бугалганд хагалгаа хийж ясыг бэхэлсэн байдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр... Н ковшныхоо шанагыг өргөөд нэг төмөр дээр тавьсан болчихоод доор нь манай гагнуурчин ороод шанагыг нь гагнаад байж байхаар нь наадах чинь алдахвий дээ ямар болгоомжгүй юм хийдэг юм гээд Нт хэлсэн чинь Н бууж ирээд чамд ямар хамаа байсан юм энэ тэр гээд надтай маргалдсан ба намайг заамдаад авах гэхээр нь би зайлаад гар руу нь ёворсон чинь Н нүх рүү унаад гараа хугалчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-12 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Даланжаргалан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Тэнгэрийн дуу ХХК-ны бутлуурын талбайд иргэн Н.Н нь гагнуурчин Жаар ковш машиныхаа шанагыг гагнуулж байхад шүүгдэгч Ц.Б нь болгоомжтой байх талаар сануулсаны төлөө хохирогч Н уурлаж цамцнаас нь татах үед зайлснаас Н бутлуурын нүхэнд унахдаа гараа хугалж хүнд гэмтэл авсан болох нь Шинжээчийн ... дугаартай: “...Н.Нын биед атгаал ясны доод хэсгийн дайрсан зөрөөтэй ил хугарал, зүүн бугалганд хагалгаа хийж ясыг бэхэлсэн байдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөгүй...” гэсэн дүгнэлт, хохирогч Ү.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...унахдаа гараараа тулж унаад гараа хугалчихсан юм...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг шиж болох обьектив шинж нь хүний бие махбодид гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлсэн ямар нэгэн дүрэм, журам зөрчсөний улмаас хүний бие мах бодид гэмтэл учруулсан үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг. Гэтэл Ц.Б нь хүний эрүүл мэндэд гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлсэн ямар эрхийн акт зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй. Харин хамт ажиллаж байсан найзын хувьд ковшны шанага гагнуулахдаа доор нь байгаа хүнийг шанагаар дарчих вий гэсэн санаагаар болзошгүй аюулын талаар урьдчилан сэргийлж анхааруулсанд Ү.Н уурлаж Ц.Бгийн цамцнаас заамдаж довтолгоон хийх үед өөрийгөө хамгаалж зайлаад гарыг татах үед Ү.Н эрчиндээ бутлуурын яамны нүх рүү унаж гараа хугалсан байна. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаанд Ү.Нын өгсөн: “...чи наад шанагаа аятайхан байрлуул, Жы дээрээс уначихвал яах юм гэж хэлэхээр нь миний уур хүрээд Б дээр очоод цамцнаас нь зууртал, миний гарыг дээш нь сөхөөд зүүн тал руугаа зайлаад намайг татчихсан, тэгээд би эрчиндээ бутлуурын яамны нүх рүү унасан ба унахдаа гараараа тулж унаад гараа хугалчихсан юм...” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бгийн өгсөн: “...Н ковшныхоо шанагыг өргөөд нэг төмөр дээр тавьсан болчихоод доор нь манай гагнуурчин ороод шанагыг нь гагнаад байж байхаар нь наадах чинь алдахвий дээ, ямар болгоомжгүй юм хийдэг юм гээд Нт хэлсэн чинь Н бууж ирээд чамд ямар хамаа байсан юм, дандаа үглэж байх юм гээд намайг заамдаад авах гэхээр нь би зайлаад гар руу нь ёворсон чинь Н нүх рүү унаад гараа хугалчихсан...ер нь би тэгж зайлаагүй бол намайг зодох байсан байх гэж боддог юм. Тэр нүх рүү ойчино гэж ёстой санаанд ороогүй, би ч сандраад араас нь барьж авах гэсэн боловч амжаагүй...” гэсэн мэдүүлэгүүдээр тогтоогдож байна. Түүнчлэн Ц.Б, Ү.Н нарын хооронд маргалдаж муудсан асуудал болоогүй ба энэ нь гэрч Ү.Жы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н, Б нар авто ачигчийн хажуу талд хоорондоо юм яриад инээлдэж байсан, би гагнуур хийж байгаад эргэж харсан чинь Н Тэнгэрийн дуу ХХК-ний бутлуурын шороо асгадаг нүх рүү унаж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогддог.
Шүүгдэгч Ц.Б нь Н.Нын эсрэг ямар нэгэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, өөр рүү довтолсон довтолгооноос зайлсхийснээс довтолж байгаа хүн өөрийнхөө эрчинд нүх рүү унаж ийм үр дүнд хүрнэ гэдгийг Ц.Б мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзлээ.
Иймд Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтаар Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр цагаатгаж, хэргийг прокурорт бцуух нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 40 дүгээр хуудаст хохирогч Н.Н нь “... эмчилгээний зардал 1 000 000 төгрөг урьдчилж өгсөн. Одоо гомдол саналыг минь барагдуулж үлдэгдэл 1 000 000 төгрөг өгөхөөр тохирсон. Иймд гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэнийг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн прокурорын газраас Ц.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бд холбогдох :...... дугаарт хэргийг аймгийн прокурортын газарт буцаасугай.
3.Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5, 38.1 дүгээр зүйлд зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА