Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/51

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  Д.Соёлзул

             Улсын яллагч                                Б.Энхбаяр

   Шүүгдэгч                                       Д.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

         Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Наранбаатарт холбогдох эрүүгийн 2232000700066 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг Тэмээтийн хонхор гэх хөдөө хэсэгт оршин суух хаягтай, урьд 9 удаагийн ял шийтгэлтэй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МИ:84091719/ Боржигон овогт Дашдондовын Наранбаатар.

 

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

 

            Шүүгдэгч Д.Наранбаатар нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг 96 дугаар байрны 13 тоотод иргэн Н.Дүүрэнцэцэгтэй маргалдан улмаар нүүрэн тус газарт хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Наранбаатар мэдүүлэхдээ: ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

 

            Хохирогч Н.Дүүрэнцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн орчимд Наранбаатартай хамт хөдөө Тэмээтийн хонхороос Мандал сумын төв рүү орж ирээд гадуур явж байтал Наранбаатар надтай хэрэлдэж муудалцаад байхаар нь би орж гэртэй очиж байж байгаад 16 цагийн үед Наранбаатар руу залгахад архи уучихсан бололтой утасны цаанаас намайг хараагаад байсан. Тэгэхээр нь би 96 айлд байдаг найзтай Мандал баг лиг үзэхээр болж гэрт нь очоод гэрээс нь 19 цагийн үед гарахад 96 дугаар байрны гадна талд Наранбаатар нь Чимгээ, Бямбаа гэх хүнтэй архи барьчихсан Чимгээ гэх хүний гэр лүү орж байсан. Тэгэхээр нь араас орж Наранбаатартай гадуур тэнэлээ гэж маргалдахад Наранбаатар намайг түлхэж миний хацар хэсэгт 1-2 удаа нэлээн хүчтэй цохисон. Тэр үедээ би ухаан балартаад хэсэг сууж байгаад цагдаа дуудсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-р тал/

 

            Гэрч Ё.Чимгээ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Д.Наранбаатарын араас Дүүрэнцэцэг манай гэрт орж ирээд Наранбаатартай хэрүүл маргаан хийсэн. Наранбаатар манай гэрээс Дүүрэнцэцэгийг гаргах гэж байгаад Наранбаатар, Дүүрэнцэцэг хоёр манай хаалганы босгон дээр унаад гараад явцгаасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-р тал/

 

            Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /ХХ-ийн 5-р тал/

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгийн компьютерт томографийн оношилгоо, яаралтай тусламжийн хуудас /ХХ-ийн 22-24-р тал/

 

            Шүүхийн шинжилгээний 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаартай дүгнэлт: ...

 

            1. Н.Дүүрэнцэцэгийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхины доод хэсэг, зүүн чихний гадна дэлбэн, доод уруулын доод хэсэг, зүүн дал, нуруунд цус хуралт, зүүн хацрын урд дээд хэсэг, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн чихний гадна дэлбэнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

            2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 20-21-р тал/

 

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 45-83 дугаар хуудас/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /ХХ-ийн 41-43 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 44 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Наранбаатар нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг 96 дугаар байрны 13 тоотод иргэн Н.Дүүрэнцэцэгтэй маргалдан улмаар нүүрэн тус газарт хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

 

Хохирогч Н.Дүүрэнцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14-р тал/, Гэрч Ё.Чимгээгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг  /ХХ-ийн 16-р тал/, Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /ХХ-ийн 5-р тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгийн компьютерт томографийн оношилгоо, яаралтай тусламжийн хуудас /ХХ-ийн 22-24-р тал/, Шүүхийн шинжилгээний 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 20-21-р тал/ болон тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Д.Наранбаатарыг иргэн Н.Дүүрэнцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Наранбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6,36.7,36.8,36,10 дугаар зүйлд  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Дашдондовын Наранбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Д.Наранбаатарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд  хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч Д.Наранбаатарт даалгасугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Наранбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Наранбаатарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.А