Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 855

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр     Дугаар 128/ШШ2019/0855              Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч М.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Н.Ц /РД:*********/

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геологи, уул уурхайн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Ц.

Гомдлын шаардлага: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геологи, уул уурхайн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Цийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Н.Ц, хариуцагч хяналтын улсын байцаагч Г.Ц, гэрч Г.Ө, иргэдийн төлөөлөгч П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Н.Ц шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Г.Ц нь Ч.Өын хүсэлтээр тэтгэврийн хөгшний газрыг хууль бусаар луйвардан авах гэсэн шуналын сэдэлтэй гомдлыг Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оноох нь хууль зөрчсөн асуудал байсан. Зөрчлийн хэрэг үүсгэх үндэслэлгүй.

Газартай холбоотой асуудлыг Захиргааны хэргийн шүүх нь 3 шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд Ё.Б, Ч.Ө нарын үйлдсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгсөн байдаг.

Улсын байцаагч Г.Цийн шийтгэлийн хуудас нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бичиж, ямар ч хуулийн хүчин төгөлдөр акт болоогүй нөхцөлд шуудангаар явуулсан байдаг. Үүнийг гомдол гаргагч иргэний эрх ашгийг илтээр зөрчсөн акт болохыг харуулж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр улсын байцаагч Г.Ц нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг прокурорт хянуулсан худал тайлбар өгсөн. Прокурорын хянасан ямар ч албан бичиг байхгүй.

Иймээс төрийн албан хаагчид ингэж өөрсдийн давуу эрхийг хамгаалсан дүгнэлт гаргасан учир Төрийн албаны ёс зүйн хороонд хандсан юм.

Зарим нэг төрийн албан хаагчид ямар нэг асуудлыг эзэн холбогдогчийн хүлээн зөвшөөрсөн актыг үндэслэлгүй, ямар ч гарын үсэггүй баримтаар өөрсдийн давуу эрхээ ашиглан, хүчээр шийтгэл оноодог асуудал нь хуулийн ямар ч үндэслэлгүй бөгөөд хариуцлагагүйн тод жишээ юм.

Хамсан хуйвалдагч Ё.Бын хууль бусаар газар дээрэмдэж барьсан зуны модон байшинг ашиглан элдэв зан үйлийг хийж байгааг ч улсын байцаагч Г.Ц шалган тогтоох ёстой.

Ё.Бын 2003 онд авсан газрын гэрчилгээний хугацаа нь 2008 онд дууссаныг Нийслэлийн Өмч, газрын харилцааны газрын 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5/1489 тоот мониторингийн дүгнэлтээс харж болно.

Бид хүний газар дээр амьдраагүй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжтай, кадастрын зурагтай, газар дээрээ 2000 оноос хойш амьдарч байгаа. Амьдарч байсан газрын маань орц, гарцыг хаан, 00 орох замыг хүртэл давхар хашаа татан, газрыг хэсэгчлэн хуваасан Ч.Өын үйлдэлд улсын байцаагч дүгнэлт өгөх ёстой байсан.

Улсын байцаагч Г.Ц нь зөрчил үүсгэх шаардлагатай байсан бол анх хэн, хэдэн онд, ямар Засаг даргын захирамжтай тухайн газарт амьдарч байсныг тогтоолгүйгээр 19 жилийн дараа хүнийг гүтгэн, жинхэнэ зөрчил гаргагч Ч.Өын хүсэлтээр жирийн амьдарч байсан иргэнд тулган торгууль оноох нь хуулийн олон заалт зөрчиж байгааг гэрчилж байна.

Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геологи, уул уурхайн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Цийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геологи, уул уурхайн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие иргэн Ч.Өаас ирүүлсэн ...2014 оноос Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зуслан, ******* тоотод оршин суугч иргэн Н.Ц нь нийтийн эзэмшлийн гудамж талбайд модон жорлон, муу усны нүх, гражийн бетонон суурь цутгаж, орц, гарц хааж, газар эзэмших хуулийг зөрчиж, иргэдийг хохироож байгаа тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдлийн дагуу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зуслан, ******* тоотод оршин суугч иргэн Н.Цын газар эзэмших үйл ажиллагаанд Газрын тухай хууль болон холбогдох дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн.

Шалгалтаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зуслан, ******* тоотод оршин суугч иргэн Н.Ц нь нийтийн эзэмшлийн гудамж талбайд модон жорлон, муу усны нүх, гражийн бетонон суурь цутгаж, орц, гарц хааж, Газрын тухай хуулийг зөрчиж, иргэдийг хохироож байгаа нь газар дээрх нөхцөл байдал, баримт бичгийн бүрдэл, гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсгийн дагуу 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

Гэтэл иргэн Н.Ц нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу сайн дураар биелүүлээгүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.12 дахь хэсэг, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааны журмаар захирамж гаргаж өгөхийг хүсч шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02-02/551 тоот албан бичгээр хандсан болно” гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гомдлын шаардлага үндэслэлтэй байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх дараах үндэслэлээр Н.Цаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геологи, уул уурхайн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Цид холбогдуулан гаргасан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянгол дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ч.Өаас 2018 оны 8 дугаар сарын 13, 17, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд иргэн Цэрэнлхам нийтийн эзэмшлийн гудамж талбайд 2014 оноос хойш модон жорлон, муу усны нүх, гараашийн бетонон суурь цутгаж, орц гарц хааж ...иргэдийг хохироож байна гэх агуулга бүхий гомдлыг удаа дараа гаргасны дагуу тус газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Ц нь хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1802000562 дугаар зөрчлийн хэргийг нээж, холбогдогч Н.Цыг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заагдсан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх зөрчил тогтоогдож байна гэж үзэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д заасан журмын дагуу Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасныг үндэслэн2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар Н.Цд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Гомдол гаргагч Н.Ц дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ ...төрийн албан хаагчид ямар нэг асуудлыг эзэн холбогдогчийн хүлээн зөвшөөрсөн актыг үндэслэлгүй, ямар ч гарын үсэггүй баримтаар өөрсдийн давуу эрхээ ашиглан, хүчээр шийтгэл оноодог асуудал нь хуулийн ямар ч үндэслэлгүй, ...анх хэн, хэдэн онд, ямар Засаг даргын захирамжтай тухайн газарт амьдарч байсныг тогтоолгүйгээр 19 жилийн дараа хүнийг гүтгэн, жинхэнэ зөрчил гаргагч Ч.Өын хүсэлтээр жирийн амьдарч байсан иргэнд тулган торгууль оноох нь хуулийн олон заалт зөрчиж байна...” хэмээн тайлбарлан маргаж байна.

Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар албан бичгээр, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 697 дугаар албан бичгээр Ц.Б********жид нийтийн эзэмшлийн зам талбайд бие засах газар, бохирын цооног барьж, гараашийн суурь цутган газар ашиглаж байгаа тул бие засах газраа авахыг удаа дараа шаардсан боловч бие засах газраа шилжүүлээгүй одоог хүртэл ашиглаж байгаа, бохирын цооног ухсан болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас тус шүүхэд ирүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2/2974 дүгээр албан бичиг, хавсралтаар ирүүлсэн зурган лавлагаар нотлогдож байна.

Хэргийн оролцогчдын тайлбар болон маргаан бүхий газрын 2017 оны агаарын зураг зэргээс үзэхэд бохирын цооног болон бие засах газар нь олон жил болсон байх бөгөөд харин гараашийн суурийн тухайд газрын кадастрыг нарийвчлан тогтоох нь зүйтэй байна.

Түүнчлэн гомдол гаргагч Н.Ц нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 8341 дүгээр шийдвэрээр Ц.Бя***********той хамтын амьдралтай байсныг тогтоосон байх бөгөөд Н.Ц нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 252 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын гадна бие засах газар, бохирын цооног барьж зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа нь дээрх албан бичгүүд болон гэрч Чингэлтэй дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Г.Өын мэдүүлэг, Ц.Б-ийн нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 324 дүгээр шийдвэр, Н.Ц нарын 7 иргэний нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 275 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 411 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 410 дугаар тогтоол зэргээр тус тус тогтоогдож байна.

Гомдол гаргагчийн зүгээс ...зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд надтай уулзаж тайлбар аваагүй, хүчээр тулган зөрчлийн хэрэг үүсгэж, хариуцлага хүлээлгэсэн хэмээн тайлбарлан маргаж байх боловч тус 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр холбогдогч Н.Цэ************мыг байлцуулан газар дээр нь хяналт шалгалтын ажлыг хийж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэн, нөхцөл байдлыг гэрэл зургаар баталгаажуулан, 11 дүгээр сарын 28-ны өдөр холбогдогч Н.Ц-аас, 11 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Ч.Өаас, 12 дугаар сарын 04-ний өдөр гэрч Чингэлтэй дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Г.Ө нараас тус тус мэдүүлэг авсан байх бөгөөд хариуцагч улсын байцаагч Г.Ц нь зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн хүрээнд явуулж, гомдол гаргагчид тухай бүр эрх үүргийг нь тайлбарлаж, холбогдох нотлох баримтыг цуглуулахтай холбогдсон хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэн ажилласан болох нь тогтоогдож байна.

Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заасан байх бөгөөд гомдол гаргагч Н.Ц нь Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан шаардлагын дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд барьсан бие засах газар, бохирын цооног ухсанаа шилжүүлээгүй ашигласаар байгаа тул зөрчил одоог хүртэл үргэлжилж байна гэж үзэх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэх боломжгүй.

Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геологи, уул уурхайн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Цийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар Н.Цд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн байна гэж шүүх үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2, 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геологи, уул уурхайн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Цид холбогдуулан гаргасан тус байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Н.Цын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ОДМАА

                                  ШҮҮГЧ                                      Б.АДЪЯАСҮРЭН

                             ШҮҮГЧ                                      М.БАТЗОРИГ