Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 221/ЁС2015/0006 |
Дугаар | 221/МА2015/2006 |
Огноо | 2015-02-26 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2015/2006
2015 оны 02 сарын 26 өдөр Дугаар 221/ШЁЗ2015/2006
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон
Шүүхийн ёс зүйн хорооны магадлалын тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, гомдол гаргагч Г.М нарыг оролцуулан хийж, АП ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолтой, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Г.Б д холбогдох, Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 76 дугаар магадлалыг гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч АП ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдолдоо: ...Манай компанийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 08 цагт болсон. Шүүх хурал цагтаа эхэлж нэхэмжлэгч тал цагтаа ирээгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг буцаасан байна. Миний бие хуралд яг цагтаа ирж, хурлын оролцогч болон хурлын танхимыг хайж явж байтал 08 цаг 02 минутад шүүгч Г.Б коридорт тааралдан хурал болсон, танай нэхэмжлэлийг буцаасан гэж хэлсэн.
Өмнөх хурлуудад хүндэтгэн үзэх ямар ч шалтгаангүйгээр хурлыг цагтаа эхлүүлэхгүй хойшлуулж байсан ба энэ удаад илтэд нэхэмжлэгч талыг үл ойшоон, хариуцагч талтай хуйвалдан нэхэмжлэлийг буцаасан. Шүүгч Г.Б нь хариуцагч тал болох МАН-ын төлөөлөгчөөс элдэв зовлонг нь асууж, дэмжиж шүүгч хүнд байхааргүй шударга бус зан гаргадаг байсан. Хэргийн хугацааг нэг удаа сунгаж, шүүх хурал зарлахад хурал болгон дээр асуудал үүсгэж нэхэмжлэлээ буруу хийж ирэх, хүчин төгөлдөр бус гэрээ авчирч шүүх хуралдааныг хойшлуулдаг байсан. Удаа дараа хариуцагч талд нэг ч хариуцлага тооцоогүй байж хуралд хоцорч ирээгүй боловч хурлын танхимдаа орж амжаагүйн төлөө нэхэмжлэлийг буцааж байгаад гомдолтой байна. Шүүх хурал аль танхимд болохыг сануулаагүй, мөн ямар нэг бичлэггүй 02 минутын дотор хурал хийж, нэхэмжлэлийг буцаасан нь хууль зөрчсөн. 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэрэгтэй танилцах гэтэл хуралдааны тэмдэглэлийг гаргаагүй байсан бөгөөд миний шаардсаны дагуу тухайн өдөрт нь гаргаж хэрэгт хавсаргасан. Ёс зүйгүй шүүгчийн хохирогч болсондоо гомдолтой байна гэжээ.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Г.Б Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан тайлбартаа: ...Миний бие хууль болон шүүгчийн ёс зүйн дүрмийг чандлан сахиж ажилладаг бөгөөд Монгол Ардын Намтай хуйвалдсан, нэг талд үйлчилж хэргийг шийдвэрлэсэн зүйл байхгүй. Шүүх хуралдааныг өмнө нь хойшлуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан ажиллагаануудыг хийсэн ба захирамжид заасан хугацаандаа тус шүүхийн байранд шүүх хуралдааныг эхлүүлэн явуулахад нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байсан учир хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийг буцаах хүсэлт гаргасан тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.
Шүүхийн хувьд хэн нэгнээс хараат бусаар гагцхүү хуульд захирагдан үйл ажиллагаа явуулах үүрэгтэй тул шүүх хуралдаан товлогдсон цаг хугацаанд хүрэлцэн ирсэн хариуцагч нэхэмжлэгч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй учраас нэхэмжлэлийг буцаах хүсэлт гаргасаар байхад шүүгч АП ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүрэлцэн иртэл нь шүүх хуралдааныг эхлүүлэхгүй хүлээнэ гэсэн тайлбар хэлэх нь зүйд нийцэхгүй төдийгүй шүүгчид ийм тайлбар хэлэх эрх ч байхгүй... гэжээ.
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Сахилгын хэрэг үүсгэх тухай 211 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, шүүгч Г.Б д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч АП ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М давж заалдах гомдолдоо: ...Шүүгч Г.Б нь манай компанийн нэхэмжлэлтэй Монгол Ардын Намд холбогдох иргэний хэргийн шүүгчээр томилогдсон. Нэхэмжлэлийг анх 2013 оны 12 дугаар сард өгсөн ч хариуцагч талын үндэслэлгүй хүсэлтүүдээс болж хойшлогдсоор хагас жил болсон. Хэргийг хянан шийдвэрлэх явцад миний бие хурлын цагтаа ирж, хуулиар тогтоосон үүргээ биелүүлсэн боловч Г.Б шүүгчийн ёс зүйгүй хууль зөрчсөн үйлдлээс болж хэргийг сунжруулж, зохигч талуудыг ялгаварласан үйлдэл болсон. Миний бие Шүүхийн ёс зүйн хороонд шүүгч Н. Билгүүнийг хуралд хоцорсон гэх шалтгаанаар хэргийг буцаасан үйлдэл нь нэхэмжлэгч талын эрх ашгийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болсон тухай гомдол гаргасан. Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор сахилгын хэрэг үүсгэхээр болж, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар магадлалаар хэргийг дахин шалгахаар болсон. Гэтэл 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 76 дугаар магадлалаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Шүүгч Г.Б нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасан Шүүгч өмчийн аливаа төрөл хэлбэрийг алагчилж болохгүй, 3.2 дугаар зүйлийн 1-д заасан Шүүгч хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна гэх заалтууд буюу худал хэлсэн, шүүх хуралдааны явцад загнаж зандрах, тайлбарыг дарангуйллын аясаар хэлэх зэрэг илтэд хариуцагч талыг өмгөөлж байсан зэрэг үйлдлүүдийг Шүүхийн ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцэлгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн процесс буюу тухайн шүүгчийн ёс зүйгүй байдлаас хамаарч манай компани их хэмжээний хохиролд орж, шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхээ алдсан.
Г.Б шүүгч илтэд Монгол Ардын Намын талд орж, шүүх хурал болсон тухайн өдөр хурлын тэмдэглэл, бичлэг хийгээгүй, мөн шүүгчийн захирамжиндаа гомдол гаргахгүй байх тухай дурдсан зэрэг үйлдлүүд нь Г.Б шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах бүрэн үндэслэлтэй. Иймд, Шүүгчийн ёс зүйн хорооны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 76 дугаар магадлалыг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин ёс зүйн хорооны хурлаар хэлэлцүүлж өгнө үү. Уг хуралд Г.Б шүүгчийг өөрийн биеэр оролцуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 76 дугаар магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
АП ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь ...шүүгч Г.Б нь хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлэж өгөөгүй, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 08 цаг 00 минутад хурал зарласан ч аль танхимд болох талаар сануулаагүй байж нэхэмжлэгч талыг байхгүй гэх шалтгаанаар ямар нэгэн хурлын бичлэггүй, 02 минутад хурал хийж хэргийг буцаасан, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлийг миний шаардлагын үндсэн дээр 26-ны өдөр гаргаж хэрэгт хавсаргасан, уг тэмдэглэлд хурал 0800-0810 цагийн хооронд үргэлжилсэн гэж заасан ч миний бие шүүхийн 2 давхарт шүүгч Г.Б тэй 08 цаг 02 минутад тааралдсан ба илтэд худал хэлсэн гэсэн үндэслэлээр Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргажээ.
Шүүхийн ёс зүйн хороо гомдолд дурдсан асуудлуудыг сахилгын хэрэг үүсгэн шалгасан байх бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд 76 дугаар магадлалыг гаргаж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
1. Шүүгч Г.Б ийг АП ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Ардын Намд холбогдох Гэрээний үүргийн гүйцэтгэлд 117.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос эвлэрэх, итгэмжлэл тодруулах, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагчид гардуулах, хуульд заасан хугацаанд ажиллагаануудыг хийлгэх зэрэг хүсэлтүүд гаргаж, улмаар шүүгч дээрх хүсэлтүүдийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг 4 удаа хойшлуулсан байна. Үүнээс 2 удаагийн шүүх хуралдаан нэхэмжлэгч талын хүсэлтээр хойшилж байжээ. /хх-ийн 13-21/
Үүнээс үзэхэд шүүгч Г.Б нь хэргийн оролцогчдыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхээр хангаж, улмаар Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлсэн байх тул түүнийг хуулийн хугацаанд хэргийг шийдвэрлээгүй гэж буруутгах үндэслэлгүй.
2. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс АП ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байхад шүүх хуралдааныг аль танхимд болох талаар сануулаагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч нь шүүх хуралдааны танхимд цагтаа хүрэлцэн ирсэн байх үүрэгтэй төдийгүй мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ гэсэн зохицуулалттай тул шүүгчийг буруутгах үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд цагтаа ирээгүй ба хариуцагчаас нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй учраас нэхэмжлэлийг буцаах хүсэлт гаргасныг шүүгч хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн нь буруу биш байна.
Түүнчлэн АП ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М гийн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 08 цаг 00 минутад шүүхийн хаалгаар орж ирсэн, шүүгч Г.Б тэй 08 цаг 02 минутад таарсан, худал хэлсэн, гэх гомдлын үндэслэл нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан явагдсан хугацааг 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 08 цаг 00 минутад эхэлж, мөн өдрийн 08 цаг 10 минутад хаасан гэж тэмдэглэгдсэн байх ба хэрэв энэхүү тэмдэглэл алдаатай бичигдсэн бол түүнд засвар оруулах саналаа 3 хоногийн дотор гаргах бүрэн боломжтой байсан боловч энэ талаар гомдол, санал гаргаагүй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т Тэмдэглэлийг шүүх хуралдааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ... үйлдэнэ гэж заасан бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын хуульд заасан хугацааг хэтрүүлж, тэмдэглэлийг бэлэн болгосон гэх үйлдэлд шүүгчид хариуцлага хүлээлгэх боломжгүй.
Үүнээс гадна 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны бичлэг хийгдээгүй байдал нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой асуудал бөгөөд шүүгч Г.Б ийг хурлын бичлэг хийгээгүй гэж буруутган үзэх боломжгүй. Тухайн өдөр шүүхийн дуу, дүрс бичлэгийн серверт гэмтэл гарсны улмаас шүүх хуралдааны бичлэгүүд хийгдээгүй, мөн хяналтын камерийн DVR төхөөрөмж нь 10 хоногийн бичлэгийг тасралтгүй хадгалах боломжтой учраас шүүхийн коридорын бичлэгийг хуулах боломжгүй талаар тус шүүхийн Тамгын газрын даргын албан бичгээр тогтоогдож байна.
3. Гомдол гаргагчийн тухайн шүүгчийн ёс зүйгүй байдлаас хамаарч манай компани их хэмжээний хохиролд орж, шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхээ алдсан гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
АП ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Нэхэмжлэлийг буцаах тухай 10811 дүгээр захирамжийг эс зөвшөөрч байгаа бол уг захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцааж байгаа тохиолдолд зөрчигдсэн эрхээ хамгаалуулах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлаж байгаа үйлдэл биш бөгөөд дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна.
4. Гомдол гаргагч нь шүүгч Г.Б д холбогдуулан Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдолдоо дурдаагүй боловч шүүх хуралдааны явцад загнаж зандрах, тайлбарыг дарангуйллын аясаар хэлэх зэрэг хариуцагч талыг өмгөөлж байсан, шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй тухай дурдсан гэсэн үндэслэлийг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурджээ.
АП ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь дээрх гомдлоо Монгол Улсын шүүхийн ёс зүйн хороонд гаргаагүй, хянан шалгах ажиллагаа явагдаагүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй тул давж заалдах шатны шүүхээс үнэлж дүгнэх боломжгүй.
Иймд, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 76 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 76 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч АП ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М гийн гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР