Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2315

 

 

 

 

 

 

 

 

 

С.Э, А.Г нарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01942 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Э, А.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 38 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: С.Э А.Г ,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Д.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч А.Г , С.Э нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Г  миний бие Б.Б тай уулзаж манай компанийн мэдлийн хүн ороогүй байгаа 3 өрөө байранд урьдчилгаа төлбөрөө төлөөд ор гэж хэлсэн. Ингээд байрыг үзэж м.кв-ын үнэ 850 ам.доллар буюу тэр үеийн ханшаар 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр эхнэр, дүү нарын хамт мөнгөө авч очоод өгсөн. Тэр үед Б.Б  одоохондоо тамга байхгүй байгаа зээлийн гэрээ хийнэ гээд 40 000 000 төгрөг авч гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Бид нарт байр таалагдаж байсан бөгөөд үлдэгдэл төлбөрөө үргэлжлүүлэн төлнө гэсэн ойлголттой байсан. Ингээд байранд орсноос хойш мөнгө авах өөр нэгэн хятад компани гарч ирээд хоёр компани хоорондоо маргалдаж бид төлбөрөө хэнд нь өгөхөө мэдэхгүй хугацаа алдаж 3 жил гаруй хугацаа өнгөрсөн. Эцэст нь “Дааган” ХХК байрны төлбөрийг бөөнд нь өгөхгүй бол гэрчилгээ өгөхгүй гэж хугацаа тогтоож төлж чадахгүй бол байрнаас албадан гаргана гэсэн. Ингэээд бид аавынхаа 3 өрөө байрыг банкинд барьцаалж жилийн 23 хувийн өндөр хүүтэй 40 000 000 төгрөгийн зээлийг банкнаас зээлж 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байрныхаа гэрчилгээг “Д” ХХК-иас авсан. Гэтэл 40 000 000 төгрөг манай компанид хамаагүй өөрсдөө олж ав гэж хэлсэн. Б.Б г гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж мөнгөө нэхсэн боловч 2015 оны 07 сард 2 000 000 төгрөг өгөөд түүнээс хойш утсаа ч авахгүй зугтах болсон. Иймд Б.Б гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 38 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Уг мөнгийг байрны урьдчилгаа гэж тохиролцсон боловч зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн хүүнд нь байранд суугаад тодорхой хугацааны дараа зээлийн эргэн төлөлтөө хийхээр тохиролцсон. Тиймээс тухайн үед зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Иймд зээлийн гэрээний дагуу Б.Б гаас 38 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б гаас 38 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Г , С.Э нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 347 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид 347 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Г , С.Э нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч А.Г , С.Э нар нь иргэн Б.Б д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “...байрыг үзэж м.кв-ын үнэ 850 ам.доллар буюу тэр үеийн ханшаар 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр эхнэр дүү нарын хамт мөнгөө авч очоод өгсөн. Тэр үед Б.Б  одоохондоо тамга байхгүй байгаа зээлийн гэрээ хийнэ гээд 40 000 000 төгрөг авч гэрээ байгуулж гарын үсэг зурсан..." гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ 2011 оны 9 сарын 22-ны өдрийн нэг талаас А.Г .С.Э, А.А нөгөө талаас Б.Б  нарын хооронд хийгдсэн "мөнгө зээлсэн баримт" гэх тодорхойлолтыг хавсаргасан.

Энэ тодорхойлолтод "Б.Б  би “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар томилогдон ажиллаж байгаа болно. А.Г-аас 40 000 000 төгрөг зээлсэн болно. Хүүнд нь байранд суулгахаар тохиролцов" гэсэн байдаг.

Хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Прокурорын газрын архиваас эрүүгийн 20947247 дугаартай хэргээс “Ш” ХХК-ны захирал Ли Шан Богийн 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/25 тоот тушаалаар Б.Б-г “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл томилсон тушаал хэрэгт авагдсан.

Нэхэмжлэгч А.Г , С.Э нарын нэхэмжлэлийн агуулга, 2011 оны 09 сарын 22-ны өдрийн "мөнгө зээлсэн баримт" гэх тодорхойлолтын агуулга, Ш ХХК-ийнзахирал Ли Шан Богийн 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/25 тоот тушаалаар Б.Б-г Ш ХХК-ийнгүйцэтгэх захирлаар томилсон тушаал зэргийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүйн зэрэгцээ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу ирүүлсэн 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 462 дугаартай "Ш” ХХК-ийн тамга, тэмдгийг Нийслэлийн Цагдаагийн газарт хүргүүлэхээр хураан авсан" тухай шүүгчийн захирамжийг нотлох баримтаар үнэлээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

А.Г , С.Э болон Шүнди ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Б  нарын хооронд зээлийн гэрээний харилцаа болон Б.Б  нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн ямар ч үйл баримт болоогүй.

Б.Б  Ш ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа Ш ХХК-ийнтөлөөлөн А.Г , С.Э нарын Ш ХХК-ийнбарьж ашиглалтанд оруулсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 39 дүгээр байр, 30 тоот орон сууц худалдан авах хүсэлтийн дагуу гүйцэтгэх захирал Б.Б  нь 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн "мөнгө зээлсэн баримт" тодорхойлолтыг бичиж өгсөн, тэдний төлсөн 40 000 000 төгрөг Ш ХХК -д орсон, тэнд байрандаа орсон.

Тэгэхээр А.Г , С.Э нар орон сууцны урьдчилгаанд өгсөн мөнгөө Ш ХХК -иас нэхэмжлэх эрхтэй ба Б.Б  нь иргэнийхээ хувьд хариуцагч биш юм.

Нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан үеэс эхлэн хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн, хэргийн хариуцагч биш хүлээн зөвшөөрхгүй гэсэн тайлбар гаргаж байсан.

Шүүх хуралдаан эхлэх тоолонд шүүгчээс эвлэрлэх санал хүсэлтийн талаар асуухад "эвлэрэхгүй, манайх хариуцагч биш" гэсэн тайлбаруудыг хойшилсон хуралдаан бүрт хэлж байсан.

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгч хамтран хариуцагчаар татсан Ш ХХК-ийнзахирал Ли Шан Бог оролцуулах хүсэлтээсээ татгалзсанаар шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулсан.

Ингээд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдаанаар тов гарч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс нотлох баримт гаргуулахаар болж шүүх хуралдааныг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цаг 30 минутанд хийхээр хойшлуулсан.

Хариуцагчийн төлөөлөгч би энэ өдөр 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтан дээр гарын үсэг зурсан, 09 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны товыг хүлээн авсан, мэдсэн. Харин 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдаан болохоор тов өөрчлөгдсөн талаар мэдэгдээгүй, мөн хүсэлтийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс ирсэн нотлох баримтуудыг танилцуулаагүй атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч нар "...Б.Б г гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж мөнгөө нэхсэн боловч 2015 оны 07 сард 2 000 000 төгрөг өгөөд түүнээс хойш утсаа ч авахгүй зугтах болсон..." гэсэн нь огт үндэслэлгүй ба Б.Б  нь өөрөөсөө нэхэмжлэгч нарт 2 000 000 төгрөг өгч байгаагүй, 2 000 000 төгрөгийг Ш ХХК-ийнзахирал Ли Шан Богийн төлөөлөгч М.Мандахбаяр өгч байсан.

Б.Б  нь А.Г , С.Э нарын өмнө иргэнийхээ хувьд ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, тэдэнд төлөх төлбөргүй болно. Анхан шатны шүүх ямар ч нотлох баримтуудыг үнэлээгүй, хэтэрхий нэг талыг барьж хэргийг шийдвэрлэж Б.Б гаас 38 000 000 төгрөг гаргуулан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааг баримтаагүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

       Нэхэмжлэгч А.Г , С.Э нар нь хариуцагч Б.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 38 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар тайлбар, татгалзлалаа ирүүлээгүй байна.

 

       Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Б.Б  нь Ш ХХК-ийнгүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд тус компанийн барьж байсан байранд мөнгөө өгөөд орж суухаар тохирсон. Ингээд 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр эхнэр, дүү нарын хамт мөнгөө авч очоод Б.Б д өгөхөд одоохондоо компанийн тамга байхгүй байгаа тул, өөрийн нэрээр зээлийн гэрээ хийж 40 000 000 төгрөгийг авч, гарын үсэг зурсан... Б.Б  нь 2015 оны 07 сард 2 000 000 төгрөгийг өгөөд түүнээс хойш зугтаад олдохгүй байгаа тул үлдэгдэл 38 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлажээ.

 

Талуудын хооронд 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бичгийн хэлбэрээр “Мөнгө зээлсэн баримт” үйлдсэнээр нэхэмжлэгч А.Г , С.Э нар нь хариуцагч Б.Б д 40 000 000 төгрөгийг зээлж, зээлийн хүүгийн төлбөрийг оронд орон сууцандаа суулгахаар тохиролцсон болох нь уг хэлцэл болон бэлэн мөнгийг хариуцагчид нэхэмжлэгч нар шилжүүлсэн баримт, зохигчдын тайлбар зэрэг хэргийн баримтаар тогтоогдож байна./хх-ийн 3, 4/

 

Дээрх хэлцэлд Ш ХХК-ийнөмнөөс хариуцагч Б.Б  мөнгө зээлэн авсан талаар тусгагдаагүй, талуудын хэн алин нь байрны урьдчилгаанд төлөх 40 000 000 төгрөгийг зээлийн гэрээ гэсэн хэлцлийн дор халхавчилж хийсэн гэх тайлбар гаргаж байх тул уг зээлийн гэрээ гэх баримтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэстэй.

 

Энэхүү халхавчилж хийсэн хэлцлийн дагуу хариуцагч Б.Б  нь нэхэмжлэгч нараас 40 000 000 төгрөгийг авсан гэж үзэх баримт хэрэгт авагдсан  байна. Байрны урьдчилгаанд хариуцагч Б.Б д төлсөн гэх 40 000 000 төгрөгийг Ш ХХК -д шилжүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт байхгүйгээс гадна хэрэгт авагдсан Ш ХХК-ийнулсын бүртэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар Б.Б  тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх нөхцөл байдал нотлогдоогүй болно. /хх 8, 27-29, 118/

 

Б.Б  нь Ш ХХК -ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн хувиар хэлцэлд заагдсан 40 000 000 төгрөгийг авсан гэж үзэх боломжгүй байна.

 

Иймээс анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэлч нараас хариуцагчийн хүлээн авсан мөнгө болох 38 000 000 төгрөгийг хариуцагч Б.Б гаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр утсаар мэдэгдсэн, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан хойшлуулах тухай нотлох баримтгүй хүсэлтийг хүлээн авалгүй хурлыг үргэлжлүүлэн явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм. /хх 133, 134, 143/

Мөн нэхэмжлэгч С.Э, А.Г нар нь хариуцагч Б.Б г байрны урьдчилгаанд өгсөн гэх 40 000 000 төгрөгөөс 2015 оны 07 дугаар сард 2 000 000 төгрөгийг нь буцаан төлсөн гэж тайлбарласан үйл баримтад хариуцагч маргаагүй байх тул энэ өдрөөс хойш буюу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01942 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН