МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-нарийн бичгийн дарга Д.Сүхням
-улсын яллагчаар томилолтоор М.Гансувд
-шүүгдэгч С.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Зад холбогдох эрүүгийн 2034000000579 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.З нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Баамын байранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн ээж Д.Сарантуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.З хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч С.З нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Баамын байранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн ээж Д.Сарантуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/
- Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны №558 дугаартай: "...Д.Сарантуяагийн биед баруун, зүүн бугалга, баруун зүүн шуу, цээжний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна...Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тонгтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 13-14 тал/,
- Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 28-29 тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 20 тал/
- Хохирогч Д.Сарантуяа, шүүгдэгч С.З нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 41-42 тал/
- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 46 тал/
- Хохирогч Д.Сарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Миний хувьд мэдэж байгаа тухайн үед болсон асуудлыг үнэн зөвөөр өмнө нь мэдүүлж байсан надад одоо нэмж ярих зүйл байхгүй байна...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 тал/,
- Хохирогчоор хоёр дахь удаагаа өгсөн: "...Миний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан...С.З миний бага охин байгаа юм...Золзаяагаас нэхэмжлэх зүйл байхгүй...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй сайн дураараа эвлэрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,
- Түүний гэрчээр өгсөн: "...Миний хувьд зүрхний хагалгаанд ороод удаагүй бөгөөд миний төрсөн бага охин С.З нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны 14 цагийн орчим ирээд надад би мөнгөтэй болсон гэх зэргээр надад баярхаад байсан тэгэхээр нь би чи эгчтэйгээ дандаа маргалддаг гэхэд чи надаас бусдыг нь хайрладаг гэх зэргээр над руу дайрахаар нь чи миний хүүхэд биш гэж хэлээд орон дээр очоод суутал шууд хүрч ирээд та яасан их хүүхдүүдээ өмөөрдөг юм гээд миний гэдсэн дээр суугаад өвдгөөрөө миний хагалгаатай зүрх рүү чи ингээд үхээд өг гээд цохиод байсан тэгэхээр нь би зууралдаад миний гар хөхөрсөн байгаа. Мөн босоод миний зүрхэнд уудаг эмийг бас аваад явчихсан юм шиг байгаа юм. Би эмээ авах гээд нилээн зууралдсан...Манай бэр Дулмаа байсан. Дулмаа салгах гээд дийлээгүй...С.З Дэнжийн Энгэрийн 4-14 тоотод байдаг юм. ...Миний хоёр гар хөх няц болсон. Даралт ихсээд байна. Хөл өвдөөд байна...Өмнө 2016-2017 оны үед байсан байх яг сайн санахгүй байна. Тухайн үед согтуу байсан бөгөөд гараараа намайг миний биеийн бүх хэсэгрүү цохиж хөх няц болж байсан. Тухайн үедээ эмнэлэгт үзүүлж байгаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,
- Гэрч О.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Миний хувьд Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2-р багийн 4-14 тоотод нөхөр Сарантуяагийн Ариунболдын хамтаар амьдардаг бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 14 цаг 20 минутын орчим хадам ээж Сарантуяагийнд Төв аймгийн Зуунмод сумын төвд байх Баамын байранд байрлах гэрт нь ирсэн юм. Намайг гэрт нь ирэхэд манай нөхрийн дүү Золзаяа ирчихсэн байсан. Тэгээд бид хоёр юм яриад сууж байхад ээж та нар яахаараа бие биенийхээ дээр гарах гэдэг юм гэж хэлсэн тэгээд Золзаяа ээж Сарантуяа руугаа дайрч эхэлсэн. Тэгээд хэрэлдэж байгаад Золзаяа бас өөрийгөө ална гээд өөрийнхөө хагалгаанд орсон гэдэс рүүгээ цохьсон. Тэгээд Золзаяа ээжийг үхээд өгөөч гээд зууралдаж байгаад орон дээр нь хэвтүүлээд ээжийн хагалгаанд орсон зүрхнийх нь тэр хавьцаа гараараа цохиод байсан. Тэгээд би гайгүй байлгүйдээ гэж бодоод хүүхдээ авах гээд явсан...Намайг зодож цохисон зүйл байхгүй ээжтэй маргалдаад зууралдаад байсан би салгах гээд дийлээгүй...Миний харсанаар бол зодож цохисон зүйл байхгүй, харин хэрэлдэж л байсан...Өөр хүн бол байгаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,
- Шүүгдэгч С.Згийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: "...Миний хувьд Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2-р багийн Энгэрийн 01-06 тоотод амьдардаг бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хураасан төмснөөсөө ээж Сарантуяадаа аваачиж өгсөн юм. Тэгээд би бэр Дуламсүрэнтэй юм ярьж байгаад манай том эгчийн том банди болох Батдоржийн талаар ярилцаж байсан юм аа. Батдорж бол ээжид агсам согтуу тавьдаг мөн манай нөхөр хүүхдийг шоронгийн ялтан болгоно гэдэг. Тэгээд ээж нь хүртэл намайг дарамтлаад байдаг юм. Тэгж байтал ээж дундуур орж ирээд нөгөө хүмүүсээ өмөөрөөд над руу дайраад чи яахаараа сайхан яваа хүндээ атаархдаг юм бэ. Тэгээд чи зайл миний хүүхэд биш, мөн танай нөхөр чинь хулгайч хулгай хийж ирсэн зүйл чинь гэрт чинь байна уу? гэх зэргээр доромжлоод эхэлсэн юм. Тэгэхээр нь би тэсэлгүй би танай хүүхэд биш юм бол танайд үхээд өгье гэж хэлээд өөрөө эм уугаад үхнэ гэж хэлээд өөрийнх нь уудаг эмийг нь аваад сугандаа хавчуулчихсан чинь тэр эмээ надаас авах гээд зууралдаад байсан. Тэгээд би нөгөө хайрцагтай эмийг нь буцааж өгөөд гартаа атгачихсан байсан эмийг нь тавьчихаад би эмийг чинь өгсөн шүү гэсэн чинь олон эм байсан чи заримыг нь авчихлаа хулгайлчихсан уу? Наад эм чинь үнэтэй эм би бол баян хүн гэх зэргээр хэлэхээр нь би уйлсан чинь чи миний хүүхэд биш би чамайг хоёр сартай байхад чинь олсон юм чи одоо миний гурван хүүхдээс холдоорой гэх зэргээр загнаад байсан. Тэгээд л би гараад яваад өгсөн юм...Миний хувьд зодож цохисон зүйл байхгүй би амиа хорлоно гээд эмийг нь авч уух гэтэл эмээ авна гээд л ноцолдсон юм....Намайг үгээр өдөөд байхаар нь үхээд өгөөч гэж хэлсэн байгаа. Миний хувьд юу боллоо гэж үхүүлэх вэ дээ...Өмнө нь ямар нэгэн байдлаар зодож цохисон зүйл байхгүй...Миний биед учирсан гэмтэл байхгүй...Миний хувьд архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,
- Түүний дахин өгсөн: "...Намайг ирэх үед тийм гэмтэл байгаагүй...Тухайн үед ээж надтай маргалдаж ноцолдож байх үедээ үүссэн гэмтэл байгаа юмаа. Тэгээд намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд хэрүүл хийгээд байхаар нь та яахаараа дандаа инэгж хэл амаар доромжилж байдаг юм ингээд байхаар нь чинь би таныг алчихаад араас чинь үхнэ гэж хэлээд гар дээрээс нь бариад авсан тэгтэл чи наадахаа тавиа наадах чинь амархан хөхөрчихдөг юмаа гэж хэлэхээр нь тавиад хартал амархан улайчихсан байсан. Мөн орон дээр та дандаа ингэж байх юм ингээд хамт үхье гээд би цээжин дээр нь гараараа 4-5 удаа дарсан тэр үед бас хөхөрсөн байх....харин хамт үхнэ гэж хэлээд гараараа дарсан зүйл бол байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,
- Яллагдагчаар өгсөн: "...би хүлээн зөвшөөрч байна...би ээж Сарантуяаг та юу гээд байгаа юм гээд бид хоёрын хооронд хэрүүл маргаан болоод ээж намайг чи миний хүүхэд биш би чамайг хогийн цэгээс олж авсан юм чи гуйлгачин гэх зэргээр хэл амаар доромжлоод над руу дайраад байсан би тэгэхээр нь ээж Сарантуяаг цааш нь түлхээд орон дээр унахаар нь би гараараа цээжин дээр нь дараад би таны хүүхэд биш юм чинь таныг алчихаад араас нь үхчихье гэж хэлсэн...өөрийгөө ална гээд гараараа хэд хэдэн удаа дарсан мөн хоёр гарын бугалганаас нь гараараа базсан юм...гэм буруугаа ойлгож байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.З нь 2020 оны 10 сарын 09-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 23 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Азжаргал нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 10 сарын 23-ны өдөр 164 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-46 тал/ 2020 оны 10 сарын 23-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч С.З нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
С.Зд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч С.З нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч С.Зг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч С.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч С.Заг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- С.Заг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
- Шүүгдэгч С.Зд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагпдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч С.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
- Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА