Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 3443

 

                                                                    

                            

                                              

 

 

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2017/03443

Улаанбаатар хот

 

              

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Я -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Я.Э  холбогдох,

 

3,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Я    , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , гэрч Б.М , гэрч Б.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Нарантуяа нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Я     шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний төрсөн охин болох Б.М   нь Б.А  тэй 2016 онд танилцаж гэр бүл болсон ба тэдний дундаас охин Номин-Эрдэнэ 2017 оны 05 дугаар сарын 04-нд төрсөн. Б.А   нь манай охиныг бэр гуйж авсан. Гэхдээ Б.М  , Б.А   нар албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Манай хүргэний төрсөн эгч болох Я.Э нь Б.А  , Б.М   нарыг тусад нь байшин гаргаж өгье гэж хэлдэг байсан. Тухайн үед манай охин Б.А  ийн амьдарч байсан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-493 тоотод байрлах хашаанд монгол гэрт хүүхдийн хамт амьдарч байсан. Б.А  ийн амьдарч байсан хашаа нь түүний эгч Я.Эийн өмчлөлийн газар байсан. Би охиноо тусад нь гаргах нь зүйтэй гэж бодоод хүргэний эгч Я.Эийн хэлсний дагуу ямар ч байсан байшинтай болгоё гэж бодсон. Тухайн үед охин Б.М  , түүний нөхөр Б.А   нар нь өөрсдөө байшин барих гэхээр барилгын материал авах мөнгөгүй, Б.А   ажилгүй байсан. Ингээд миний бие өөрт хадгалж байсан мөнгө болон тэтгэврээ аван нийт 3,500,000 төгрөгөөр 7х6 харьцаатай блокон хундаамтай торхыг 2016 оны 09 сараас 2016 оны 10 сар хүртэл 1 сарын дотор бариулсан. Ингэхдээ 5 хүнээр байшингийн хундаамыг цутгуулсан ба үүний дараа 2 хүнээр барилгын өрлөгийн ажил хийлгэж, хөлсөнд нь 300,000 төгрөгийг өгсөн. Цааш гүйцээж бариулах гэхээр мөнгөний боломж байхгүй болоод бариулж чадаагүй. Гэтэл 2017 онд Б.М  , Б.А   нарын амьдралд түүний эгч Я.Э оролцож, түүнээс болж Б.М  , Б.А   нар хоорондоо таарч тохирохоо больж салсан. Одоо манай охин надтай цуг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 26-28 тоотод амьдарч байна. Иймд миний бие тухайн үед Б.А  ийн эгч Я.Эийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-493 тоотод байрлах хашаанд барьсан 7х6 хэмжээтэй блокон байшинг барихад зарцуулсан барилгын материал, ажлын хөлс болох 3,500,000 төгрөгийг хариуцагч Я.Эээс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Я.Э шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Би өөрийн өмчлөлийн хашаандаа дүү Б.А  , түүний хамтран амьдрагч Б.М   нарыг монгол гэр барин амьдрахыг зөвшөөрсний дагуу амьдарч байсан. Энэ хугацаанд дүү Б.А   байшин босгох гэж байна гэсний дагуу цемент, хайрга, элс, блок зэрэг материалуудыг 900,000 төгрөгөөр авч өгсөн. Манай дүү өөрөө байшингийн 4 ханыг босгоход өөрийн найз, найзын эхнэртэй хамтарч босгосон. Үүнийг босгоход би Т.Я     гэх хүнээс мөнгө аваагүй, материал гаргуулаагүй, хүмүүст ажлын хөлс өг гэж хэлээгүй. Би түүнд мөнгө төлөх үүрэггүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Я     нь хариуцагч Я.Эт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-493 тоотод байрлах хашаанд барьсан 7х6 хэмжээтэй блокон байшинг барихад зарцуулсан барилгын материал, ажлын хөлс болох 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-493 тоотод байрлах хашаанд охин Б.М  , түүний нөхөр Б.А   нарт зориулан барьсан 7х6 хэмжээтэй блокон байшинг барихад зарцуулсан барилгын материал, ажлын хөлс болох 3,500,000 төгрөгийг хариуцагч Я.Эийн хэлсний дагуу гаргасан тул түүнээс гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

 

Хариуцагч Я.Э нь өөрийн өмчлөлийн хашаанд Б.А  , Б.М   нарыг монгол гэр барин амьдрахыг зөвшөөрсөн, тэдэнд зориулан блокоор байшин барихад өөрийн зардлаар блок болон бусад материал авсан, нэхэмжлэгч Т.Я    гаас мөнгө аваагүй гэх тайлбарыг гарган маргасан.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Т.Я    , хариуцагч Я.Э нарын хооронд хариуцагчийн өмчлөлийн хашаанд байшин барихтай холбоотой мөнгө өгч, авалцсан харилцаа үүсээгүй байх бөгөөд хариуцагчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-493 тоотод байрлах хашаанд дутуу баригдсан блокон байшинг барихад зарцуулсан барилгын материал, ажлын хөлс болох 3,500,000 төгрөгийг хариуцагч Я.Э хариуцах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Т.Я     нь хариуцагч Я.Эээс блокон байшинг барихад зарцуулсан барилгын материал, ажлын хөлс болох 3,500,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 3,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т  зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч Т.Я     нь өөрийн охин Б.М  , хүргэн Б.А   нарыг тусад нь гаргаж, байшин барихад нь зориулж Б.М  т мөнгө өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Б.М  ийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ”, мөн хуулийн 276.2-т “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Т.Я     нь өөрийн охин Б.М  т байшин барихад нь зориулж мөнгө өгсөн байх тул тэдний хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Иймд нэхэмжлэгч Т.Я     нь хариуцагч Я.Эээс Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-493 тоотод байрлах хашаанд дутуу баригдсан блокон байшинг барихад зарцуулсан барилгын материал, ажлын хөлс болох 3,500,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй этгээд биш байх тул хариуцагч Я.Эт холбогдох 3,500,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Я.Эт холбогдох 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Я    гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Я    гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР