Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2017/02078

 

2017 оны 10 сарын 31 өдөр         Дугаар 182/ШШ2017/02078           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: ХЭХХК

Хариуцагч: Э.Э

Хариуцагч: Г.Б

буцааж сургалтын төлбөрийн зардалд Э.Эаас 115.804.682 төгрөг, Г.Боос 137.665.334 төгрөг, бусад зардалд 130.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Э.Эын төлөөлөгч Г.Ж, хариуцагч Э.Эын өмгөөлөгч Г.О, Г.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компанийн зардлаар Э.Э нь нийт 9568,50 ам доллар, 39.570 евро, 5.575.100 төгрөг, Г.Бнь 16.212 ам доллар, 44.730 евро, 3.629.400 төгрөгийн сургалтад тус тус хамрагдсан. Э.Э нь Монголиан Аэрлайнес Групп ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2012 оны 10 сарын 03-ны өдрийн 03 тоот тушаалаар нисгэгчээр томилогдож, хөдөлмөрийн гэрээ хийж байсан. 2013 оны 04 сарын 23-нд компанийн нэр ХЭХХК болж өөрчлөн бүтэц, зохион байгуулалт хийсэнтэй холбогдуулан ХЭХХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 05 сарын 31-ний өдрийн 13/008 тоот тушаалаар А319 агаарын хөлгийн хамтран нисгэгчээр томилж, 2013 оны 06 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг хийсэн.

Э.Э нь хэдийгээр АНУ-ын Калифорни мужийн Нисэхийн Академи-г Агаарын хөлгийн нисгэгч мэргэжлээр төгссөн боловч Иргэний нисэхийн багц дүрмийн 121, 121.509, 121.511-д заасан сэнст агаарын хөлгийн хамтран нисгэгчийн зохих сургалтуудад хамрагдаагүй, тус дүрэм болон компанийн Нислэгийн үйл ажиллагааны заавар 5.1.1-д заасан хамтран нисгэгчээр ажиллах дадлага, туршлага, нислэгийн цаг дутуу байснаас компанийн Фоккер 50 маягийн агаарын хөлгийн хамтран нисгэгчээр ажиллах боломжгүй байсан тул 2011 оны 10 сарын 05-ны өдөр компанитай Сургалтын гэрээ хийж, 2011.10.07-2011.11.18-ны өдрүүдэд Швед Улсын Стокольм хотод Фоккер 50 маягийн агаарын хөлгийн 2-р нисгэгчийн шилжин сургалт, 2012.04.21-04.27-ны өдрүүдэд тус Академид Фоккер 50 маягийн агаарын хөлгийн авран хамгаалах болон давтан сургалтад хамрагдаж, хамтран нисгэгчээр ажиллаж байсан.

Мөн Аэробус 319 агаарын хөлөг дээр ажиллахаар БНХАУ-ын Бээжин хотод 2012.11.12-2012.12.22-ны өдрүүдэд Аэробус 319 агаарын хөлгийн энтри лэвэл трэйнин болон шилжин сургалт, БНСУ-д 2013.04.24-04.27-ны өдрүүдэд Аэробус 319 агаарын хөлгийн авран хамгаалах сургалт, Бээжин-Улаанбаатар-Бээжинд чиглэлд Аэробус 319 агаарын хөлгөөр шалгах нислэг (гадаадын мэргэжилтэн урьж авчирч хийлгэдэг), Хонгконг-д 2013.07.05-07.08-ны өдрүүдэд Аэробус 319 маягийн агаарын хөлгийн давтан сургалтанд тус тус хамрагдсан болно.

Э.Э нь 2013.11.06-ны өдөр ажлаас гарах хүсэлтээ өгч ажиллагүй. Түүний сургалтын зардалд118.756.103,8 төгрөг зарцуулагдсан ба үүнийг Э.Эаас нэхэмжилнэ.

Г.Бнь МАГ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2012 оны 10 сарын 05-ны өдөр Фоккер 50 маягийн агаарын хөлөгт хамтран нисгэгчээр томилогдож байсан. 2013 оны 04 сарын 23-нд компанийн нэр ХЭХХК болж өөрчлөн бүтэц, зохион байгуулалт хийсэнтэй холбогдуулан ХЭХХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 05 сарын 31-ны 13/008 тоот тушаалаар А319 агаарын хөлгийн хамтран нисгэгчээр Г.Быг дахин томилж, 2013 оны 06 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ хийсэн. Г.Бнь БНХАУ-ын Бээжин хотод 2012.11.12-11.19-ний өдрүүдэд Аэробус 319 агаарын хөлгийн энтри лэвэл трэйнин болон шилжин сургалт, ХБНГУ-ын Берлин хотод 2013.02.18-04.14-ний өдрүүдэд Аэробус 319 агаарын хөлгийн хамтран нисгэгчийн сургалт, мөн хотод 2013.04.15-04.25-ны өдрүүдэд Аэробус 319 агаарын хөлгийн авран хамгаалах сургалт, Бээжин-Улаанбаатар-Бээжинд чиглэлд 2013.07.16-07.18-ны өдрүүдэд Аэробус 319 агаарын хөлгөөр шалгах нислэг, Хонгконг-д 2013.11.01-11.08-ны өдрүүдэд Аэробус 319 маягийн агаарын хөлгийн давтан сургалтанд тус тус хамрагдсан болно. Түүний сургалтын зардалд 137.665.334 төгрөг зарцуулагдсан ба үүнийг Г.Боос нэхэмжилнэ. Э.Э, Г.Бнартай компани 2011 оны 10 сарын 05-ны өдөр, 2013 оны 02 сарын 13-ны өдөр байгуулсан Суралцагчтай хийх гэрээ-гээр гэрээний гол нөхцлийг тодорхойлсон. Тодруулбал, гэрээгээр компани нь 3.1. ...сургалтын төлбөрийг барагдуулах, шаардлагатай зочид буудал, томилолтын зардлыг олгох, суралцаад ирэхэд нь ажлын байраар хангах, Ажилтан нь 5.4 ...сургалтдаа амжилттай суралцаж, сертификат авах, 3.5 ...сургалтаа төгсөж ирээд компанид тогтвортой 5-аас доошгүй жил ажиллана, 3.6 ...суралцаж ирээд өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гаргавал компаниас гаргасан нийт зардлыг 100 хувь буцаан төлөх үүргийг тус тус хүлээж, дээрх үүргүүдийг биелүүлснээр гэрээ дуусгавар болох үндэслэл 4.1 ...гэрээний үүрэг биелэгдсэнээр дуусгавар болно гэдгийг тусгасан.

Хэрэв Э.Э, Г.Бнар нь дээр дурьдсан зохих сургалтуудад хамрагдаагүй, түүнчлэн нислэгийн цаг гүйцэт биш, зохих мэргэжлийн байгууллагаас бие даан нислэг үйлдэх зөвшөөрөл олгоогүй бол ямар ч Нислэгийн компани түүнийг ажилд авахаар сонирхохгүй юм. Өөрөөр хэлбэл нисгэгч хүнд мэргэжлийн дадлага, туршлага олгох, нислэг үйлдэх эрх авахын тулд Нисэхийн аливаа компаниуд асар их хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаарддаг тул уг зохих агаарын хөлгөөр нислэг үйлдэх эрхтэй, зохих сургалтад хамрагдсан, нислэгийн цаг гүйцсэн нисгэгчийг авах сонирхолтой байдаг.

Гэтэл Э.Э нь 2013 оны 11 сарын 06-нд, Г.Бнь 2013 оны 11 сарын 11-нд тус тус өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлт нь сургалтын гэрээгээр хүлээсэн компанидаа тогтвортой 5-аас доошгүй жил ажиллах үүргээ зөрчсөн. Компанийн зүгээс урьд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Э.Эаас сургалтын нийт зардал 115.804.682 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд зарим сургалтын төлбөр өөрчлөгдсөний зөрүү 400 ам доллар буюу 699.280 төгрөгөөс татгалзаж, мөн Аэробус САС-н шалгагч багш Жэн Рэр Хүдинийг компанийн зардлаар урьж ирүүлэн нислэгт шалгасан тухай дүгнэлт гаруулахад гарсан зардал 3.650.701,84 төгрөгийг нэмж тооцон нийт 118.756.103,8 төгрөгийг, Г.Боос 137.665.334 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд зарим нэг сургалтанд хармагдах тушаал гарсан боловч өөр сургалттай давхцаж байснаас уг сургалтанд яваагүй байсан тул сургалтын зардал 9.002.016,3 төгрөгөөс татгалзаж, мөн Аэробус САС-н шалгагч багш Жэн Рэр Хүдинийг компанийн зардлаар урьж ирүүлэн нислэгт шалгасан тухай дүгнэлт гаруулахад гарсан зардал 2.745.040 төгрөгийг нэмж тооцон нийт 131.408.357,7 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Мөн уг иргэний хэргийн хянан шийдвэрлэх ач холбогдолтой, хамааралтай баримтуудыг нотариатчаар гэрчлүүлэхэд 56.500 төгрөг, 8 хуудас гадаад нэхэмжлэлийг баталгаат орчуулга хийлгүүлэхэд 74.300 төгрөг, нийт 130.800 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Бын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ХЭХХК нь Г.Боос 131.408.357,7 төгрөгийг нэхэмжилжээ. Энэ нь 4 сургалт, нэг гадаад мэргэжилтэн урьсны зардал байна. Г.Бын зүгээс нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь Сургалтын гэрээ хийгдсэн эсэх нь тодорхой биш, байгууллага өөрийн ашиг орлогын төлөө ажилчдаа ажиллах нөхцөл, сургалт, орон байр, хувцас хэрэглэл, ажиллах орчноор нь хангаж өгөх үүрэгтэй. Франц улсын Аэробус компаниас сургалтын гэрээ гаргуулахыг шаардсан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Тэр гэрээнд үнэгүй сургахаар заасан байдаг гэсэн. Учир нь онгоцоо түрээслэж байгаа тул. Нөгөө талаас Г.Бнь ганцаараа сургалтанд яваагүй, тухайн үед онгоцны дарга Б.Ж гэх хүн ч суусан. Мөн бусад зардал нэхэмжилсэн шаардлагын тухайд уг нэхэмжлэлд орчуулуулсан баримтууд нь Г.Бод зарцуулсан төлбөртэй холбогдох баримт гэдэг нь тодорхой биш байна. Нэхэмжлэгчийн баримтууд ямар ч эмх замбараагүй байна. Байгууллага өөрсдөө тушаалаа гаргаж, өөрийнхөө нэхэмжилсэн нэхэмжлэлийг нотлохын тулд холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байх ба ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хязгаарлагдмал хариуцлагатай компани тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Э.Эын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч ХЭХХК-д хариуцагч Э.Э нь 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 21 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд тус гэрээнд тулгуурлан 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Суралцагчтай хийх гэрээ гэх 11/02 дугаар гэрээг байгуулсан. 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал Швед улсын Стокольм хотын Оксфорд эвэйшн академи сургуульд Фоккер 50 агаарын хөлгийн 2-р нисгэгчийн шилжин сургалтанд амжилттай суралцаж сертификатаа авч Хөдөлмөрийн гэрээ болон суралцагчтай хийх гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлэн Фоккер 50 агаарын хөлгийн 2-р нисгэгчийн ажил үүргийг алдаа дутагдал, зөрчил гаргалгүйгээр хийж гүйцэтгэж байсан.

Гэтэл ажил олгогч нь өөрийн санаачлагаар 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 21 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалж, Фоккер 50 агаарын хөлгийн 2-р нисгэгчийн ажлаас чөлөөлж, Аэробус маягийн агаарын хөлөг дээр ажиллуулах болсон. ХЭХХК нь Э.Этай 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 12 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. АЗ19 (аэробус) агаарын хөлгийг жолоодох 2 удаагийн сургалтанд хамруулсан. Энэ үед сургалтанд хамруулсны зардлыг ажилтан эргэж хариуцах талаар хөдөлмөрийн гэрээнд заагаагүй байна. Иймээс ажилтныг хөдөлмөрийн гэрээний дагуу үндсэн үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор сургалтанд хамруулсны зардлыг эргүүлэн шаардаж байгаа нь хууль болон гэрээнд нийцэхгүй байна. Мөн түүнчлэн гадаадаас мэргэжилтэн урьж авчраад түүний зардлыг ажилтнаар төлүүлнэ гэсэн нь үндэслэлгүй юм.

Нисгэгчийн ажлын онцлог нь олон хүний амь насыг хариуцаж явдаг асар хариуцлагатай ажил учраас ажил олгогч нь нисгэгчийг холбогдох сургалтанд суулгах, дахин сургах нь ажил олгогчийн зүгээс хөдөлмөрлөх нөхцөлөөр хангахтай холбоотой түүний үүрэг юм. Иймд хүнийг хөдөлмөрлөх нөхцлөөр хангасныхаа төлөө хөдөлмөрийн гэрээнд заагаагүй атлаа сургалтын төлбөр буцаан нэхэмжилж буй үйлдэл нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нъ өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй мөн хуулийн 38.3-д Шүүх зохигч алъ нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно гэж заасны хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтаа өөрсдөө бүрдүүлэх түүнчлэн эсрэг талаасаа нотлох баримтыг гаруулах эрхтэй байна. Хариуцагчийн зүгээс хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нотлох баримтыг гаргуулсныхаа төлөө түүний зардлыг төлөх үүрэггүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжпэгчийн зүгээс шүүхэд нотлох баримт гаргаж өгөхөд гаргасан зардал нь нөхөн төлүүлэх шүүхийн зардал биш юм.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, суралцагчтай хийх гэрээ, иргэний нисэхийн дүрэм, ажилд томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал, компанийн зардлаар хамрагдсан сургалтын төлбөрийн тооцоо, гадаадад томилох тухай, хамтран нисгэгчээр томилох, бие даасан нислэгийн урамшуулал олгох тухай гүйцэтгэх захирлын тушаал, сургалтанд хамруулах тухай, аэродромын дадлага хийх тухай, үйлдвэрлэлтийн зөөлтийн нислэгт гаргах тухай гүйцэтгэх захирлын тушаал, албан томилолтын удирдамж, зардлын төсөв батлах тухай гүйцэтгэх захирлын тушаал, томилолтын зардлын төсөв, төлбөрийн баримт, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, хөдөлмөрийн дотоод журам зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

         

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч ХЭХХК нь хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хохирлоо төлүүлнэ гэж сургалтын төлбөрт гарсан зардлыг хариуцагч Э.Эаас 115.804.682 төгрөг, Г.Боос 137.665.334 төгрөг, тэднээс бусад зардалд 130.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Эаас 118.756.103,8 төгрөг, Г.Боос 131.408.357,7 төгрөг нэхэмжлэн өөрчилсөн. Гэхдээ Э.Эаас нэхэмжлэх шаардлагыг нэмэгдүүлсэн атлаа бичгээр гаргаж, улсын тэмдэгтийн хураамж нэмж төлөөгүй болно.

МАГ ХХК 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ХЭХХК болж нэрээ өөрчилсөн нь 2013 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр улсын бүртгэлд хийгдсэн өөрчлөлтөөр тогтоогдож байна.

Э.Э тус компанид 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нийсгэгчээр томилогдсон байх ба 2011.10.07-2011.11.18-ны өдрүүдэд Швед Улсын Стокольм хотод Фоккер 50 маягийн агаарын хөлгийн 2-р нисгэгчийн шилжин сургалт, 2012.04.21-04.27-ны өдрүүдэд тус Академид Фоккер 50 маягийн агаарын хөлгийн авран хамгаалах болон давтан сургалтад хамрагдсан, БНХАУ-ын Бээжин хотод 2012.11.12-2012.12.22-ны өдрүүдэд Аэробус 319 агаарын хөлгийн энтри лэвэл трэйнин болон шилжин сургалт, БНСУ-д 2013.04.24-04.27-ны өдрүүдэд Аэробус 319 агаарын хөлгийн авран хамгаалах сургалт, Бээжин-Улаанбаатар-Бээжинд чиглэлд Аэробус 319 агаарын хөлгөөр шалгах нислэг (гадаадын мэргэжилтэн урьж авчирч хийлгэдэг), Хонгконг-д 2013.07.05-07.08-ны өдрүүдэд Аэробус 319 маягийн агаарын хөлгийн давтан сургалтанд тус тус хамрагдсан байна.

Г.Бнь БНХАУ-ын Бээжин хотод 2012.11.12-11.19-ний өдрүүдэд Аэробус 319 агаарын хөлгийн энтри лэвэл трэйнин болон шилжин сургалт, ХБНГУ-ын Берлин хотод 2013.02.18-04.14-ний өдрүүдэд Аэробус 319 агаарын хөлгийн хамтран нисгэгчийн сургалт, мөн хотод 2013.04.15-04.25-ны өдрүүдэд Аэробус 319 агаарын хөлгийн авран хамгаалах сургалт, Бээжин-Улаанбаатар-Бээжинд чиглэлд 2013.07.16-07.18-ны өдрүүдэд Аэробус 319 агаарын хөлгөөр шалгах нислэг, Хонгконг-д 2013.11.01-11.08-ны өдрүүдэд Аэробус 319 маягийн агаарын хөлгийн давтан сургалтанд тус тус хамрагдсан байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч Э.Эын дээрх 4 сургалт, нэг шалгах нислэгт урьсан гадаад мэргэжилтэн багшийн зардалд нийт 118.756.103,8 төгрөг, хариуцагч Г.Бын 4 сургалт, нэг шалгах нислэгт урьсан гадаад мэргэжилтэн багшийн зардалд нийт 118.756.103,8 төгрөг зарцуулагдсан, сургалтын гэрээгээр 5 жилийн дотор ажилтан өөрөө ажлаас чөлөөлөгдвөл сургалтын зардлыг буцаан төлөх үүрэгтэй, хариуцагч нар өөрсдөө хүсэж ажлаас чөлөөлөгдсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна. Сургалтын зардалд нэхэмжлэгч сургалтын төлбөрөөс гадна онгоцны тийзийн үнэ, байр, хоол, унааны мөнгөний зардлыг оруулжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд Э.Эын компанитай хийсэн 2011.10.07-2011.11.18-ны өдрүүдэд Швед Улсын Стокольм хотод болох Фоккер 50 маягийн агаарын хөлгийн 2-р нисгэгчийн шилжин сургалтын 2011 оны 10 сарын 05-ны өдрийн Суралцагчтай хийх гэрээ, Г.Бын ХБНГУ-ын Берлин хотод 2013.02.18-04.14-ний өдрүүдэд Аэробус 319 агаарын хөлгийн хамтран нисгэгчийн сургалтад хамрагдах тухай 2013 оны 02 сарын 13-ны өдөр хийсэн Суралцагчтай хийх гэрээ-г тус тус ирүүлсэн байна. Гэрээнд компани нь 3.1. ...сургалтын төлбөрийг барагдуулах, шаардлагатай зочид буудал, томилолтын зардлыг олгох, суралцаад ирэхэд нь ажлын байраар хангах, Ажилтан нь 5.4 ...сургалтдаа амжилттай суралцаж, сертификат авах, 3.5 ...сургалтаа төгсөж ирээд компанид тогтвортой 5-аас доошгүй жил ажиллана, 3.6 ...суралцаж ирээд өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гаргавал компаниас гаргасан нийт зардлыг 100 хувь буцаан төлөх үүргийг тус тус хүлээж, дээрх үүргүүдийг биелүүлснээр гэрээ дуусгавар болох үндэслэл 4.1 ...гэрээний үүрэг биелэгдсэнээр дуусгавар болно гэж заажээ. Гэрээний агуулгаас харахад сургалт бүрд гэрээ хийхээр байгаа ба бусад сургалтын талаарх гэрээг ирүүлээгүй болно.

 

Агаарын хөлгийн маяг солих бүрт, тухайлбал, Фоккер 50 маягаас Аэробус 319 маягийн агаарын хөлөг рүү, түүнээсээ буцаж Фоккер 50 маягийн агаарын хөлөг рүү шилжихэд ажилтныг ажиллуулах тухай компаний захирлын тушаал гарч, сургалтанд хамруулдаг тухай талууд тайлбарлаж, зарим нэг тушаал, хөдөлмөрийн гэрээг ирүүлжээ. Иргэний нисэхийн дүрэм-121-ийн 121.509-т Хамтран нисгэгчийн дадлага туршлага гэдэг дээр онгоцны маягийн хувьд тохирох сургалтанд хамрагдсан байх гэсэн шаардлагыг тавьсан байна.

 

Э.Э Фоккер 50 маягийн агаарын хөлгийн нисгэгчийн сургалтанд хамрагдаад уг хөлөг дээр ажиллаж байхад нь Аэробус 319 маягийн агаарын хөлөг дээр ажиллуулахаар сургалтанд хамруулж, өмнөх гэрээг ажил олгогч өөрөө дуусгавар болгосон ба дахин Фоккер 50 маягийн агаарын хөлөг дээр ажиллавал дахин сургалтанд хамрагдах ёстойг нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж байна. Иймд дээрх гэрээний дагуу Э.Э сургалтын төлбөр төлөх үндэслэлгүй, энэ талаарх хариуцагч Э.Эын төлөөлөгч өмгөөлөгч нарын тайлбарын хүлээн авах үндэслэлтэй байна.

Г.Бын гэрээний хувьд гэрээг компанийг төлөөлөх эрх бүхий этгээд хийгээгүй байх тул хүчин төгөлдөр гэрээ байж, талуудад эрх, үүрэг үүсгэж чадахгүй байна. Гэрээнд Аэробус 319 агаарын хөлгийн хамтран нисгэгчийн сургалт гэж заагдсан байхад төлбөр төлсөн гэх баримт Аэробус 320 агаарын хөлөг дээрх давтан сургалт гэсэн байна.

Иргэний нисэхийн дүрэм-121-ийн 121.565(а)-д Багийн гишүүд нь ажил үүрэг гүйцэтгэх онгоц бүрийн хувьд болон багийн гишүүдийн ажил үүрэг, нийслэгийн төрлийн хувьд 12 сараас дээшгүй хугацаанд давтан сургалтанд хамрагдсан байна гэж заажээ. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 10.2 дугаар зүйлийн 10.2.5-т компани ... ажилтны мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж хамруулах... үүрэгтэй гэж заажээ. Ажил олгогч хариуцагч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүдэд нарийвчилсан зохицуулалтуудыг хийгээгүй байна.

 

Э.Э, Г.Бнар тус компанид анх хэдийд, ямар ажилд орсон нь тодорхойгүйн гадна урьд гэрээ дуусгавар болсны дараа сургалтын шинэ гэрээ хийхдээ урьд гэрээний зарим үргэлжилж болох зохицуулалтыг хэрхэхийг шийдвэрлэхгүй орхигдуулдаг тул гэрээг ойлгомжгүй болгож байна. Мөн түүнчлэн компаний хэвийн ажиллагааг хангах, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг мөрдөх, нисгэгч нарын ур чадварыг шалгах үүднээс компани гадаадаас мэргэжилтэн урьд авчирч ажиллуулсан зардлыг ямар нэг гэрээ хэлцэлгүйгээр бусад этгээдэд хариуцуулах үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй баримтуудын зарим нь орчуулгагүй, баллаж арилгасан, тоо баримт засвартай, зардлын баримтуудыг товчоолж нэгтгэсэн байдлаар гаргаж ирсэн, үндсэн баримтууд дутуу, ихэвчлэн хэд хэдэн хүнийг хамарсан тооцооны баримтыг нэр усгүй хувааж тооцсон байдалтай байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр ХЭХХК сургалтын төлбөрт Э.Эаас 115.804.682 төгрөг, Г.Боос 137.665.334 төгрөг, тэднээс бусад зардалд 130.800 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-ийг баримтлан сургалтын төлбөрт Э.Эаас 115.804.682 төгрөг, Г.Боос 137.665.334 төгрөг, тэднээс бусад зардалд 130.800 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ХЭХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1.717.823 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй ба эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

 

 

                              ДАРГАЛАГЧ                                   С.БУД