| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0110/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/54 |
| Огноо | 2017-03-18 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2017/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэгийг суулцуулан
Улсын яллагч Г.Ганхөлөг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Р.Н*********** нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Н***********ид холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Р.Н*********** нь согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө иргэн Л.Д***********ын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж хивсэнцэр, наамал зураг, шигтгээн наамал, эмэгтэй дээл, ороолт, цүнх, хув бугуйвч 2 ширхэг, хантааз 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлан авч 485.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.Н*********** нь 2016 оны 12 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө согтуурсан үедээ иргэн Л.Д***********ын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж хивсэнцэр, наамал зураг, шигтгээн наамал, эмэгтэй дээл, ороолт, цүнх, хув бугуйвч 2 ширхэг, хантааз 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлан авч 485.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Шүүгдэгч Р.Н*********** мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Л.Д***********ын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 11-ний өглөө цагдаагаас над руу ярихад нь манай сууцны байшинд хулгай орсон юм байна гэж мэдсэн. Дараа нь манай ажлын газрын хүн над руу бас утсаар ярьж гэрлүү чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Ингээд би гэртээ ирж үзэхэд манай сууцны байшингийн хамгийн баруун талын вакум цонхоор хулгай орж манай гэрээс эд зүйлүүд алдагдсан байсан. Алдагдсан эд зүйлүүдийг жагсаавал: 1. 3*4 метр хэмжээтэй хивсэнцэр 1 ширхэг 2011 онд 20.000 төгрөгөөр авч байсан хуучин хэрэглэж байсан эд зүйл юм. Одоо бол 80.000 төгрөгөөр үнэлнэ. 2. 40*50 см хэмжээтэй жаазтай 2 хунгийн дүрс бүхий шигтгээн наамал зураг, үүнийг манай хүүхэд надад өөрийн гараар хийж өгч байсан. Энэ наамлыг 80.000 төгрөгөөр үнэлнэ. 3. 60*80 см хэмжээтэй 8 морины дүрс бүхий шигтгээн наамал 120.000 төгрөгийн үнэтэй хатгамал, 4. Дээр үеийн 2 ширхэг жинхэнэ хув бугуйвч тус бүр 50.000 төгрөг, 2 ширхэг 100.000 төгрөг, 5. 2 ширхэг зэс аяга тус бүр 30.000 төгрөг 2 ширхэг 60.000 төгрөг 6. Эмэгтэй шинэ хантааз 2 ширхэг тус бүр 30.000 төгрөг 60.000 төгрөг, 7. Загварын эмэгтэй дээл 1 ширхэг 50.000 төгрөг 8. Малгайтай ороолт, хөөвөр ороолт 20.000 төгрөг, 9. Цүнх 1 ширхэг 5.000 төгрөг, нийт 6 нэр төрлийн 575.000 төгрөгийн эд зүйл алдагдсан байна. гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч Д.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 10-11- нд шилжих шөнө замын цагдаагийн 24 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 9 дүгээр багийн 04 тоот гудамжинд эргүүлийн машинтай явж байхад овор ихтэй зүйл өргөж явсан 2 хүн харагдахаар нь юун зүйл өргөж явдаг юм бол гээд хажууд нь очиж зогсоод бууж очиж шалгасан. Хаанаас юун эд зүйл авч яваа юм бэ? гэхэд гэрээсээ юмаа зөөж айл руу аваачих гээд явж байна гэсэн. Шөнөөр юун эд зүйл зөөдөг юм хулгайн эд зүйл юм биш үү гэхэд айлаас авсан гэдгээ хүлээж, авч явсан дрож 2 ширхэг жаазтай зураг, цүнхтэй эд зүйлүүдийнх нь хамт цагдаагийн газарт авчирч мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дугаар хуудас/,
Гэрч О.Лхагва-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2016 оны 12 дугаар сарын 10-ны орой 23 цагийн орчимд гэртээ байж байхад Н*********** ирж дуудаад байхаар нь гартал нэг юм айлд аваачих хэрэгтэй байна хөгшин чинь даахгүй байна гэсэн. За тэгье тэгье гээд гарсан. Юу юм бэ гэж асуухад тэр яахав очоод хар гэхээр нь би дагаад явсан. Тэгээд дагаад явтал манай гудамжны урд талын ар талд хашааны ёроолд дрож бололтой эвхсэн зүйл жаазтай зураг, цүнхтэй хувцас зэрэг зүйл байсан. Цүнхэн дотор юу байсныг нь мэдээгүй. Тэгээд хойшоогоо айлд аваачина гээд дрожыг нь өргөөд яв гэхээр нь би дрожыг нь өргөөд Н*********** нөгөө зүйлүүдээ бариад явж байтал удаагүй араас машинтай цагдаа ирээд бид хоёрыг юу эд зүйлүүд авч яваа юм гээд бид хоёрыг аваад явсан. Цагдаа дээр авчирсан. Тэгээд удаагүй Н*********** айлаас хулгай хийсэн зүйл авч явсан юм байна гэж мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Шүүгдэгч Р.Н***********ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 10-ны орой 18 цагийн орчимд гэрээсээ гарсан. Гараад зах орсон. Зах дээр Энхээ гэх ахтай таарч цуг архи уусан. Энхээ ах надад архи авч өгсөн. Тэгээд орой бүжгэн дээрээс Энхээ ахаас салсан. Тэгээд 9 дүгээр хороо руу Лхагва-Эрдэнийнд очих гэж яваад эзэнгүй айл байхаар нь цонхоор орсон. Цонхоор нь ороод хананы 2 хатгамал зураг 1 ширхэг дрож нэг цүнхтэй хувцас зэргийг цонхоор нь гаргаж ганцаараа зөөсөн. Ганцаараа зөөж 12 дугаар хороо 9 дүгээр хорооны дундах засмал замаар хөндлөн гаргаж Лхагва-Эрдэнийн гудамжинд авчирч гудамжны ар талд харанхуйд тавиад Лхагва[1]Эрдэнийнд очсон. Тэгээд Лхагва-Эрдэнэд юм өргөлцөөд өгөөч гэж дагуулан явсан. Тэгээд гудамжинд нь тавьсан юман дээрээ очоод өргөөд явж байтал хажуугаар нэг машин ирсэн нь цагдаагийн машин байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжилгээ хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн ...Хэргийн газраас илрүүлэн авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр нь Р.Н***********оос хурааж авсан гутлын мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна... гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5, 7, 20-21 дүгээр хуудас/, Хураан авах тогтоол /хх-ийн 6 дугаар хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 15 дугаар хуудас/ зэрэг дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ. Иймд шүүгдэгч Р.Н***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбараар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ялтайд тооцогдохоор байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хамаарагдаж байх тул түүний ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч Р.Н***********ид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож үзлээ. Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар шүүгдэгчээс эд хөрөнгө хураахгүйгээр, баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзэв.
Эрүүгийн ***********дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй болохыг дурдаж, шүүгдэгч Р.Н***********ийн цагдан хоригдсон 59 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт Рагчаагийн Н***********ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Р.Н***********ийг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар цагдан хоригдсон 59/тавин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
4. Эрүүгийн ***********дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Н*********** нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Н***********ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР