Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2017/02278

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, Ц.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Э-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг, хаягт байрлах, У газар,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, хаягт байрлах, Ш газарт холбогдох

 

Гэм хор учруулсны төлбөрт амьжиргааны түвшний доод хэмжээгээр тэжээн тэтгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э, хариуцагч Монгол У газрын төлөөлөгч Э, хариуцагч Ш газрын төлөөлөгч С, гэрч Н, Б, иргэдийн төлөөлөгч Б.Есөнтөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э нь 2007 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 239 тоот шийтгэх тогтоолоор 6 жил 2 сарын хорих ял шийтгүүлж, Хорих 407 дугаар ангид ял эдэлж байсан. 2010 онд Эмэгтэйчүүдийн хорих ангиас ялтан оргосон шалтгаанаар хорих ангийн төлөөлөгч О бүх хоригдлуудыг жагсааж байгаад резинэн бороохойгоор бороохойдож зодсон. Энэ үед Э нуруугаа хугалуулж хэвтэрт орсон. Улмаар хэвтэрт байснаас ясны сүрьеэтэй болж хагалгаанд 2 удаа орж эрүүл мэндээ бүр мөсөн алдсан. Нийгмийн ажилтан Оийн энэ үйлдэл нь ноцтой гэмт хэрэг. Ш газар болон Прокурорын байгууллага гэмт хэргийг нуун далдлахын тулд Эээс олон удаа янз бүрийн байдлаар гуйж дарамталсан бөгөөд өргөдөл гаргасан эсэхэд анхаарал тавьж ажиллаж байсан. Төрийн хамгаалалтад ял эдэлж байсан хэдий ч оргодол ялтны өмнөөс зодуулж болдог хууль байхгүй, үйлдсэн гэмт хэргийг нуун далдлах эрх Прокурорын байгууллага, Ш газрын аль алинд нь байхгүй гэж үзэж байна. Э гэмтлээс болж олон жил эмнэлгээр явж хохирсон одоо ажил хийх гэхээр удаан хугацаагаар сууж чадахгүй, тэнгэр муухайрах үед хэвтэрт орох, алхаж чадахгүй болсон учир гэмт хэргийг нуун далдалсан байгууллагуудаас насан туршдаа тэжээн тэтгүүлэх шаардлага хүслээ. Иймд төлөөлөгч О гэгч этгээдийн гэмт хэргийг нуун далдалж түүнийг хохироосон У газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас амьжиргааны түвшний доод хэмжээгээр насан туршдаа тэжээн тэтгүүлнэ гэв.

Хариуцагч Ш газар шүүхэд болон түүний төлөөлөгч С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Э нь Хорих 407 дугаар ангид хоригдож байгаад 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 64 дүгээр тогтоолоор өвчний учир ялаас чөлөөлөгдсөн байна. Түүнчлэн 2010 онд Эмэгтэйчүүдийн хорих ангиас нэг ялтан оргосон гэдэг нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 2010 онд ялтан оргосон эсэхийг Ш газрын архивын баримт материалыг шүүж үзэхэд холбогдох баримт олдоогүй. Мөн тухайн үед Хорих 407 дугаар ангид ээлжийн даргаар ажиллаж байсан Г.Оаас гэрчийн мэдүүлэг авахад Эийг зодож бороохойдож байсан удаагүй гэсэн болно. Иймд Эт гэм хор учруулсан шалтгаант холбоо болон гэм хор учруулсан этгээд нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэв.

Хариуцагч Монгол У газар шүүхэд болон төлөөлөгч Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Э нь 2007 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 239 тоот шийтгэх тогтоолоор 6 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих 407 дугаар ангид уг ялыг эдэлж байхдаа уушгины болон бусад эрхтнийг хавсарсан /бөөр, яс, үе мөч, гэдэс, умай, дайврын наалдац, нэвчдэс, сарын тэмдэг/ сүрьеэ өвчний улмаас ялаас чөлөөлөгдсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд дээрх үйл баримттай холбоотой шүүхийн тогтоол, захирамж хүчин төгөлдөр болсон байна. Э нь Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байхдаа төлөөлөгч  От резинэн бороохойгоор цохиулж, нуруугаа хугалуулсан гэх боловч энэ талаар хуулийн байгууллагад гомдол гаргаж байгаагүй талаар нэхэмжлэлдээ дурдсан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэв.

 Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Э хариуцагч Монгол У газар, Ш газарт холбогдуулан гэм хор учруулсны төлбөрт амьжиргааны түвшний доод хэмжээгээр тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны үед Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан хохирлыг  амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тооцож насан туршдаа тэжээн тэтгүүлэх тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Хариуцагч Ш газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Хорих ангийн төлөөлөгч Г.О албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй гэж маргажээ.

Хариуцагч У газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, цагдан хоригдож байсан Э тухайн үед ямар нэгэн гомдол гаргаагүй, Прокурорын газраас зохих хяналтаа тавьж байсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Э Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй байна.  

 

Нэхэмжлэгч Э нь бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 239 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, шүүгдэгч Эт 300,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хорих ял шийтгэсэн

болох нь зохигчийн тайлбар, шийтгэх тогтоол зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Э 2010 оны 9 дүгээр сард Эмэгтэйчүүдийн хорих ангиас ялтан оргож, төлөөлөгч Г.О хоригдлуудыг жагсааж резинэн бороохойгоор бороохойдож нуруугаа хугалуулсан тул өвчний учир ялаас чөлөөлөгдсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж маргажээ.

 

            Нийслэлийн Прокурорын газрын 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 19 тоот Прокурорын тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэст Э нь ямар өвчнөөр өвчилсөн болох, уг өвчин нь хорих ял эдлэхэд саад болох эсэх асуултанд хариулж дүгнэлт гаргахыг даалгаж, Шүүх эмнэлгийн 674 тоот шинжээч нарын дүгнэлтээр “...Э нь цээжний 8-9 дүгээр нугаламын их бие болон орчны зөөлөн эдийг хамарсан сүрьеэгийн гаралтай үрэвсэл, сээр нурууны 8-9 дүгээр нугаламын буглаа, үхжилтийг авах мэс заслын дараах байдал, сүрьеэгийн гаралтай үрэвслийн улмаас 8-9 дүгээр нугаламын их биеийн шахагдсан хугарал, нугасны дарагдал, доод мөчдийн саа, саажилт, аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал, цөсний хүүдийн архаг үрэвсэл, цөсний хүүдийн чулуу өвчтэй байна...” гэжээ. /хх-ийн 47 тал/

 

Өвчний түүх 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2 цаг 50 минутад “Эмчлүүлэгчийн анамнез”-ын хэвтэх үеийн зовиур Бөөр сав өвдөнө. Нуруу өвдөнө. Толгой эргэнэ” гэх, Амбулаторийн үзлэг 2008 оны Эмчлүүлэгчийг эмнэлэгт /сувилалд/ хүлээн авсан бүртгэлд Э 42 настай, эм, нуруу өвдөнө. Баруун гуяа дагаж өвдөнө” гэх, 2007-2012 оны Өвчний түүх, Эийн биеийн байдлын тодорхойлолт, гэрч В.Нанжидийн “Э Буян компанид ажиллаж байгаад 2009 оны намар Бирагийн Мөнхбаяр оргосноос болж зодуулсан гэж сонссон. Зодуулж байхыг нь хараагүй. Би зоонд байсан” гэх мэдүүлэг, 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актанд Э уушигны болон бусад эрхтэнд /бөөр, яс, үе мөч, гэдэс, умай, дайврын наалдац, нэвчдэс, сүрьеэгийн улмаас мэс засал хийлгэсэн үндэслэлээр 6 сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон комиссын дүгнэлт /хх-ийн 43 талд/ зэргээр 2010 оны 9 дүгээр сард Эмэгтэйчүүдийн хорих ангийн төлөөлөгч Г.От зодуулж гэмтэл авсны улмаас хөдөлмөрийн чадвар алдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Ш газрын тогтоол гүйцэтгэх газраас “Э нь Хорих 401 дүгээр ангид ял эдэлж байгаад 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өвчний учир ялаас чөлөөлөгдсөн тухай” 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 105 дугаартай лавлагаа ирүүлсэн байна.

Эмэгтэйчүүдийн хорих ангийн төлөөлөгч Г.О бусдыг зодож гэмтээсэн гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй байх тул  Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төрөөс нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэсэн үндэслэлд хамаарахгүй.

 

Иймд хариуцагч Монгол У газар, Ш газарт холбогдох төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан хохирлыг амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тооцож насан туршдаа тэжээн тэтгүүлэх тухай Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 509 дугаар зүйлийн 509.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол У газар, Ш газарт холбогдох Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан хохирлыг амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тооцож насан туршдаа тэжээн тэтгүүлэх тухай Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.НАРАНГЭРЭЛ

 

                                 ШҮҮГЧИД                                    Х.ДАШДЭЧМАА

                                                                             Ц.НАРАНЧИМЭГ