Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 181/2019/02174/И |
Дугаар | 001/ХТ2020/00532 |
Огноо | 2020-09-17 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2020/00532
Ч.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02314 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 132 дугаар магадлалтай,
Ч.Б-ийн нэхэмжлэлтэй,
“М” ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3 300 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболдын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 09 сарын 06-ны өдөр “М” ХХК-ийн Эрдэнэт салбарт гэрээт жолоочоор ажилд орж, 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс жинхэлсэн.
Ерөнхий захирлын 2019 оны 07 сарын 03-ны өдрийн 1117 дугаартай тушаалаар сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Би ажиллах хугацаандаа ажлын цагийг үр дүнгүй өнгөрөөсөн тохиолдол байгаагүй. Ажлын байранд заасан жолоочийн үүрэг гүйцэтгэхээс гадна үйлчилгээний ажилчдад тусалж гэрээг эмхтгэн янзлах, шуудангийн бичиг хүргэх, хоол ундыг нь зөөх, үүдний төлбөр төлдөг автомат машин дээр зогсох, байгууллагын эвдэрч хэмхэрсэн эд зүйлсийг янзлах, цас, борооны үед байгууллагын үүдний хэсгийг цэвэрлэх, байгууллагын боршурыг үргэлж шинэчлэх, янзлах, бусад байгууллагад бичиг баримт хүргэж өгөх, авах гэх мэт маш олон ажлыг хийдэгээс гадна салбарын захирал, ахлахаас өгсөн үүрэг даалгаврыг цаг алдалгүй гүйцэтгэж байсан. Мөн өөрийн хариуцдаг автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж засвар үйлчилгээ, оношлогоог цаг алдалгүй хийдэг байсан. Би ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Намайг үндэслэлгүйгээр халсан тул хүний нөөц, байгууллагын соёлын газрын байгууллагын хөгжлийн албаны захиргааны хэлтсийн диспетчерийн хэсэгт жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б нь “М” ХХК-ийн Эрдэнэт салбарын жолоочоор 2018 оны 10 сарын 01-ний өдөр ХГ-18-30289 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан үндсэн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Ч.Б нь ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэг, компанийн дотоод дүрэм журам, заавруудыг удаа дараа зөрчсөн дараах зөрчлүүдийг гаргаж байсан бөгөөд гаргасан зөрчилд нь тухай бүр шууд удирдлагын зүгээс сануулж байсан байдаг.
Ч.Б шууд удирдлагын зүгээс даалгасан ажлыг хугацаанд нь хийдэггүй, замын хуудсыг хүнээр бөглүүлсэн улмаар алдаатай /худал/ бөгөлсөн, ажлын цаг хангалтгүй, ажлын цагийг үр дүнгүй өнгөрөөсөн, ажлын цагаар утсаар авахгүй алга болох зэргээр удаа дараа зөрчил гаргасан тул 2019 оны 02 сарын 21-ний өдөр зөрчил бүртгэлийн хуудсыг бөглөн өөрт нь танилцуулан сануулсан. Ч.Б ч дээрх зөрчлүүдийг дахин гаргахгүй гэсэн амлалт өгсөн учир сануулга өгөөд өнгөрсөн.
Гэтэл Ч.Б нь хөдөлмөрийн гэрээ, дотоод дүрэм журам, зааврыг дахин зөрчиж замын хуудсыг бодит байдлаас зөрүүлэн худал тайлагнасан, ажлын цагаар утсаа авахгүй алга болсон, хариуцсан авто машинаа зориулалтын гаражид байрлуулах үүрэгтэй байтал харуул хамгаалалтгүй газар орхиж хонуулсан, ажлын цагаар ажлын авто машинтай ажлын байраа орхиж явсан байдаг.
Ажилтан нь удаа дараа сануулсаар байтал ХГ-18-30289 дугаартай хөдөлмөрийн гэрээний 5-р зүйлийн 5.1.6 Ажлын цаг ашиглалт хангалтгүй байдлыг давтан гаргасан, ажлын цагийг үр дүнгүй өнгөрөөсөн удаа дараа ажлаас хоцорсон; 5.1.11 Ажил олгогчоос батлан мөрдүүлж буй дотоод дүрэм журмын заалтыг зөрчсөн; 5.1.12 Ажил олгогчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчлүүдийг давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-ыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02314 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Ч.Бийг М ХХК-ийн Хүний нөөц Байгууллагын соёлын газрын Байгууллагын хөгжлийн албаны Захиргааны хэлтсийн Диспетчерийн хэсгийн жолоочийн ажилд нь эгүүлэн тогтоож, “М” ХХК-аас 3 300 000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулж Ч.Бөд олгож, Ч.Бийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг хариуцагч “М” ХХК-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Бийг ажлаас буруу халсан талаарх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “М” ХХК-иас 67 750 /жаран долоон мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 132 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02314 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02314 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, хэрэгсэхгүй болгуулах тухай давж заалдах гомдол гаргасан.
Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг ИХШХШТ хуулийн 40 дүгээр зүйл 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь бүрэн гүйцэд үнэлнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөнөөс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна. Мөн гомдлыг хянахдаа хавтаст хэрэгт байгаа талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажил олгогчийн зүгээс гарган өгсөн ажилтны зөрчлийг бүртгэн өөрт нь танилцуулан баталгаажуулсан зөрчил бүртгэлийн хуудас /уг хуудсанд ажилтан нь ажлын цагаар гэрлүүгээ явснаа хүлээн зөвшөөрсөн баримт юм/, хөдөлмөрийн дотоод журам, мөн тээврийн хэрэгсэл ашиглах журам зэрэг нотлох баримтуудыг бүрэн судлаагүй нь хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлагдахгүй бүхэлд нь хянана гэсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. /ИХШХШТухай хууль 166 дугаар зүйл 166.4.-д Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэсэн байдаг/
Учир нь талуудын хооронд байгуулсан ХГ-18-30289 тоот Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэхүү гэрээг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдээр ажил олгогчийн санаачилгаар цуцлах бөгөөд дараах тохиолдлуудыг Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох, гэрээг цуцлах ноцтой зөрчил гэж үзнэ” гэж харилцан тохиролцон. /ХГ-18-30289 тоот хөдөлмөрийн гэрээний 5.1.1-ээс 5.1.22 дугаар зүйл/ Гэтэл ажилтан Ч.Б нь хөдөлмөрийн гэрээний 5.1 дүгээр зүйл 5.1.6 Ажлын цаг ашиглалт хангалтгүй байдлыг гаргасан, ажлын цагийг үр дүнгүй өнгөрөөсөн ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох, гэрээ цуцлах ноцтой зөрчлийг 2019 оны 02 сард гаргаж 2019 оны 02 сарын 21-ний өдөр шууд удирдлагаас зөрчил бүртгэлийн хуудсаар анхааруулга авч байсан байдаг, мөн 2019 оны 05, 06-р сард ажлын цагаар 3 удаа алга болж ажлын цаг ашиглалт хангалтгүй байдлыг давтан гаргасан, ажлын цагийг үр дүнгүй өнгөрөөсөн буюу уг зөрчлийг давтан гаргасан бөгөөд уг зөрчлийг зөрчил бүртгэлийн хуудсаар баримтжуулж улмаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн дээрх зөрчлийг ажилтан гаргасан бол сахилгын шийтгэлийг дараалал харгалзахгүйгээр ногдуулж хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тухай хөдөлмөрийн дотоод журмын 4.1.2 дугаар зүйлд нэг бүрчлэн тусгасан дээрх баримтууд хэрэгт авагдсан байсан.
Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ ... 2019 оны 05, 06 сард ажлын цагаар утсаа авахгүй 3 удаа алга болсон, байгаа газраа худал тайлагнасан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд “Тээврийн хэрэгсэл ашиглах” журам, ХЭМАБ-н бодлого журам зааврыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах үүрэгтэйг танилцуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ гэж дүгнэсэн дүгнэлт, ... Мөн нэхэмжлэгч Ч.Бийн гаргасан гэх зөрчлийг түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчилд тухайлан заагаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ гэж дүгнэсэн дүгнэлт зэргээс хархад шүүх хэргийг хянахдаа хавтаст хэргийг бүхэлд нь судлаагүй, баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй нь илт байна.
Мөн байгууллагаас батлан мөрдүүлж байгаа дүрэм журмыг үл тоон зөрчдөг, худал ярьдаг зэрэг шударга бус зүйлийг анхан шатны шүүх өөгшүүлж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн, дээд шатны шүүх нь мөн хэргийг бүхэлд нь хянах үүргээ зөрчин хуулийг хэрэгжүүлдэггүй улмаар шударга шүүхээр шүүлгэх үндсэн хуулийн эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна.
Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Ч.Б нь “М корпорац” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3 300 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй, ...хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, ...хэргийг бүхэлд нь хянах Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үүргээ биелүүлээгүй, ...анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэлтэй дүгнэлт хийлгүй хэвээр үлдээсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Бийг “М” ХХК-ийн Эрдэнэт салбарт жолоочоор ажиллаж байхад нь Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1117 тушаалаар “ажлын цаг ашиглалт хангалтгүй байдлыг давтан гаргасан, ажлын цагийг үр дүнгүй өнгөрөөсөн ноцтой зөрчил гаргасан” гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., Хөдөлмөрийн гэрээний 5.1.6., 5.1.11., 5.1.12. дахь хэсгүүдийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох бөгөөд ажил олгогчоос ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэжээ.
Ажилтныг ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болсон зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.6.-д ажлын цаг ашиглалт хангалтгүй байдлыг давтан гаргасан, ажлын цагийг үр дүнгүй өнгөрөөсөн, удаа дараа ажлаас хоцорсон бол, 5.1.11.-т ажил олгогчоос батлан мөрдүүлж буй дотоод дүрэм журмын заалтыг зөрчсөн бол, 5.1.12.-т ажил олгогчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол тус тус хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох, гэрээг цуцлах ноцтой зөрчил гэж үзэхээр харилцан тохиролцжээ.
Ажилтан тушаалыг эс зөвшөөрч, ажиллах хугацаандаа ажлын цагийг үр дүнгүй өнгөрүүлсэн тохиолдол байгаагүй, өөрийн хариуцдаг автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, засвар, үйлчилгээ, оношилгоог цаг алдалгүй хийдэг байсан, ...салбарын захирал, ахлахаас өгсөн үүрэг даалгаврыг цаг алдалгүй гүйцэтгэж байсан тул ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 129 дүгээр зүйлийн 129.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.
Ажилтныг ажлаас халсан тушаал эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажилтныг ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил, халагдсан үндэслэлтэй тохирч байхаас гадна ажилтныг ажлаас халсан үндэслэл нотлогдсон байхыг шаардана.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ноцтой зөрчлийг талууд хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байх, улмаар тухайн зөрчлийг ажилтан гаргаснаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдана.
Гэтэл “М” ХХК-ийн ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцох зөрчлийг ерөнхий байдлаар тусгасныг тухайлан заасан зөрчлийг харилцан тохиролцсон гэж үзэхэд учир дутагдалтай байна. Тухайлбал: хөдөлмөрийн гэрээний 5.1.6.-д заасан “ажлын цаг ашиглалт хангалтгүй байдал” гэдэгт ямар зөрчил хамаарах нь тодорхойгүй, ямар ч зөрчлийг хамаатуулж болохоор, 5.1.11.-д “ажил олгогчоос батлан мөрдүүлж буй дотоод дүрэм, журмын заалтыг зөрчсөн” гэдэг нь хэтэрхий нийтлэг буюу байгууллагын дотоод журамд заасан зөрчил бүр хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчилд тооцогдохоор тусгагдсан байх тул ажил олгогч ноцтой зөрчлийг тухайн дүрэм, журамтай холбож, гаргасан зөрчил бүрийг нэг бүрчлэн тушаалд зааж, нотолсон байхыг шаардана.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаантай харилцааг зөв тодорхойлж, тушаалд заасан зөрчил бүрт дүгнэлт хийхдээ хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр тушаалд заасан зөрчил баримтаар нотлогдоогүй гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.
Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул “...шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй...” гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02314 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 132 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболдын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД