Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 195

 

     Н.Б-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

          Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Э.Ундраххэрлэн,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч Б.Хүрэлсүх,

          шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч С.Батболд,

          нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ч.Ганболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Б-д холбогдох 1803 0059 90371 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Н-н Б, 19.. оны 10 дугаар сарын 23-ны өдөр .... аймгийн ... суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Б Х ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ....... аймгийн ... сум, 1 дүгээр баг, ... гэх газар оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;

Н.Б нь 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 12 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 52-ын давааны урд замд “FAW-CA4226” загварын, 50-27 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, мөн дүрмийн 2.3-д “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Г.М-г мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Б-ийг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 12 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б-д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б болон иргэний хариуцагч “Б Х ” ХХК-иас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-д 9.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, иргэний хариуцагч “Б Х ” ХХК-иас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар 730.270 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-д, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 933.500 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Багануур АЗЗА” ТӨХК-д тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хор гэх 3.700.000 төгрөгийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, түүний нэхэмжлэлд өмгөөлөгчийн хөлс болох 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг энэ тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, 01555163, 01822804 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг уг тээврийн хэрэгслийн өмчлөгч “Б Х ” ХХК-д буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, түүний 339030 дугаартай В, С, D, Е ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар уламжлан зохих байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн эзэмшиж байсан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүйн улмаас зам тээврийн осол гаргаж, эрдэнэт хүний амь нас хохироож, ажиллаж байсан “Б Х ” ХХК маань санхүүгийн эрсдэл хүлээсэн зэрэгт маш их харамсаж гэмшиж байгаа учир гэм буруугийн тал дээр болон анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан ямар нэгэн маргаангүй. Харин өдий 50 гаруй насалтлаа улс эх орондоо үнэнч шударгаар хөдөлмөрлөн амьдарч байсан, ар гэртээ ганцаараа хөдөлмөр эрхлэн амьдралаа залгуулж, Улаанбаатар хотод суралцдаг 2 хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хариуцдаг, мөн 2002 оноос өнөөг хүртэл зүрхний хүнд өвчнөөр өвчилж байнгын эмнэлгийн хяналтад байдаг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас санамсар болгоомжгүйгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан үзэж, хуулийн энэрэнгүй зарчмыг баримтлан хуульд заасан журмын дагуу хөнгөн ял шийтгэл оногдуулж, эдлэх ялаас бага ч гэсэн хэмжээгээр хасаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Ч.Ганболд давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийг буруу хэрэгжүүлж хүндрүүлж ял оногдууллаа. Учир нь Н.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзаагүй, энэ талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй байна. ...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас 15.430.000 төгрөгийн бодит хохирол учирсан ба Н.Б болон иргэний хариуцагч “Б Х ” ХХК-иас 9.000.000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 5.700.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа билээ. Үлдэгдэл 3.700.000 төгрөг нь миний аав Г.М-н Төрийн банкнаас зээлсэн цалингийн зээлийн үлдэгдэл юм. Цалингийн зээл авсан тухай банкны холбогдох зээлийн баримтыг мөрдөн байцаалтын явцад гарган өгч хохирлыг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэлгүй орхисонд гомдолтой байна. Мөн дээрх гэмт хэргийг шийдвэрлэлтийн явцад өмгөөлөгч Б.Хүрэлсүхтэй гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийг төлсөн ба дээрх өмгөөллийн үйл ажиллагааны хөлсийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцдог хуулийн дагуу гэм буруутай этгээдүүдээс нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүгдэгч Н.Б-, иргэний хариуцагч “Б Х ” ХХК нь бидэнд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулах тал дээр хойрго хандаж байгаа ба хүний амийг хохироосон, үнэлж баршгүй гарз хохирол учруулсан үйлдэлдээ гэмшиж байгаа тал дээр эргэлзээтэй байна. Хохирогч бидний хохирлын үлдэгдэл төлбөр 5.700.000 төгрөгийг гэм буруутай этгээдүүдээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалт, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг баримтлан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэх болон шүүгдэгч Н.Б-д оногдуулсан ял шийтгэлийн тал дээр дахин нягталж, хянан хэлэлцэж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-н өмгөөлөгч Б.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирлын асуудлыг бүрэн шийдвэрлээгүй, заримыг нь хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулна гэж заасан. Амь хохирогчийн банкны зээлийн үлдэгдлийн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүгдэгч нь хохирол төлөх асуудал дээр хойрго хандсан. Гэтэл хохирогч талаас түүнд хөнгөн ял оногдуулах санал гаргасан. ...” гэв.  

Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч С.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Б нь тохиолдлын шинжтэй, болгоомжгүй хэрэгт холбогдсон бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Түүний эрүүл мэндийн байдал хүнд байгаа буюу зүрхний титэм судасны нарийсал гэсэн оноштой хүнд өвчтэй. Хохирлын мөнгийг өөрийн санаачилгаараа барагдуулсан бөгөөд цаашдаа ч төлөхөө илэрхийлдэг. Тиймээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөлийг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Ундраххэрлэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан. Хохирлын төлбөр 15 сая төгрөг нэхэмжилсэн боловч шүүгдэгч Н.Б 9 сая төгрөг төлснөөс 5 сая төгрөгийг нь иргэний хариуцагч төлсөн байдаг. Үүнээс үзэхэд хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хохирогчийн цалингийн зээлийн гэрээ байхгүй боловч дансны хуулга байдаг ба өмгөөлөгчийн зардлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Н.Б нь 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 12 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 52-ын давааны урд замд “FAW-CA4226” загварын, 50-27 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, мөн дүрмийн 2.3-д “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэж, мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Г.М-г мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч М.Мягмаржаргал /1 хх 121/, З.Чулуунхүү /1 хх 122/, Г.Батчулуун /1 хх 123/, А.Алтангадас /1 хх 124-125/ болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М /1 хх 38-39/, иргэний хариуцагч /нэхэмжлэгч/ С.Отгондэлгэр /1 хх 85/, иргэний нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнэ /1 хх 91/ нарын мэдүүлгүүд, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 6-15/, Техникийн шинжээчийн 598 дугаартай дүгнэлт /1 хх 162-163/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр дээд уруулын дунд хэсгээс дагзны хэсэг хүрсэн шархтай, тархины эд, хоёр нүдний алим үгүй болсон, нүүр, гавлын орой, суурь яснууд олон хэсэг болж салж үйрсэн хугарал, баруун 10, зүүн 2-6 дугаар хавирганы хугарал, баруун цавьны шарх, их бие, мөчдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. ...” гэх 1541 дугаартай дүгнэлт /1 хх 129-130/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Мөн шүүгдэгч Н.Б-д анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Н.Б нь хохирлын төлбөрт 9 сая төгрөг төлсөн байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М нь амь хохирогч Г.М-н цалингийн зээлийн үлдэгдэл болох 3.700.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич шийдвэрлүүлэх боломжтой болохыг шийтгэх тогтоолд заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зохицуулалтуудыг зөрчөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж заажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-н хувьд хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ хүрээнд өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэйгээ харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй болно.

Иймд анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өмгөөллийн хөлсөнд төлсөн гэх 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-н “...талийгаачийн цалингийн зээл 3.700.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 нэхэмжилнэ...” гэсэн, шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Ч.Ганболд нарын “...хорих ялыг багасгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.