Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2019/0362/З |
Дугаар | 706 |
Огноо | 2019-10-21 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 706
2019 оны 10 сарын 21 өдөр Дугаар 128/ШШ2019/0706 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А” ХК /РД:********/
Нэхэмжлэгч: “МА” (МАК) ХХК /РД:********/
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Д.М, Г.А нар
Нэхэмжлэлийн шаардлага: “...“А” ХК-д шийтгэл ногдуулах тухай 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 005547 дугаартай шийтгэлийн хуудас, “МА” МАК ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 0005546 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг, нэхэмжлэгч “А” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, түүний өмгөөлөгч Г.Н, нэхэмжлэгч “МА” /МАК/ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж, Х.Ч, хариуцагч Г.А, Д.М, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, гуравдагч этгээд “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “...“МА” ХХК-тай “А” ХК-ийн байгуулсан гэрээ нь өрсөлдөөнийг хязгаарласан шинжтэй буюу Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчсөн гэсэн гомдлыг “Н” ХХК-ийн зүгээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гаргасны дагуу тус газраас шалгалтын ажиллагаа хийгдсэн.
2019 оны 01 дүгээр сарын 14-нд байгуулсан “Хамтран ажиллах” гэрээ нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан хэмээн үзэж, 005547 дугаартай шийтгэлийн хуудсаар 113.196.980 төгрөгөөр торгосныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна:
Нэг. “А” ХК болон “МА” ХХК, “Н” ХХК нь дангаар эсхүл бусад этгээдтэй гэрээ байгуулах замаар нүүрсний үнийг тогтоох боломжгүй бөгөөд Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар нийлүүлж буй нэг тонн нүүрсний үнийг тогтоодог.
Тиймээс “гэрээгээр тохиролцож үнэ тогтоосон” гэх зөрчил нь үгүйсгэгдэж байгаа ба Хамтран ажиллах гэрээний 3.2-т Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 223 дугаар тогтоолд заасан 12600 төгрөгөөр үнийг баримтлахаар заасан.
Хоёр. Шийтгэлийн хуудсанд Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчсөн гэж дүгнэсэн. Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйл нь 4 хэсэг, 8 заалттай байх бөгөөд алийг нь хэрхэн зөрчсөн талаар дүгнэлт хийгээгүй байна. Энэ нь захиргааны шийдвэр хуульд үндэслэх зарчмыг зөрчихөөс гадна ямар зөрчилд холбогдсон талаар холбогдогч мэдэх эрхийг хязгаарлаж байна.
Гурав. “А” ХК нь “Н” ХХК-тай ч “МА” ХХК-тай ч Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж өгсөн 12600 төгрөгийн үнэлгээг баримталж нүүрс олборлох гэрээг байгуулж “ДБЭХС” ТӨХК-д нийлүүлж ирсэн тул улсын байцаагч нар асуудлыг шалгаж тогтоогоогүй байж шийтгэл ногдуулсан.
Дөрөв. “А” ХК нь олборлогч буюу оператор компани тул лицензтэй компаниуд болох “Н” ХХК, “МА” ХХК-ийн санал болгосон үнэ, Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан үнээр “ДБЭХС” ТӨХК-д нүүрсийг нийлүүлсэн нь “үнэ тохиролцон тогтоосон” гэх дүгнэлттэй огт нийцэхгүйгээс гадна 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ байгуулаагүй болно.
Иймд хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрх зөрчигдөж байх тул түүнийг сэргээлгэхээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэгч “МА” МАК ХХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.М, Г.А нарын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай шийтгэлийн хуудас бүхий торгууль ногдуулсан шийдвэрээр “МА” ХХК-д 13 265 110 /арван гурван сая хоёр зуунжаран таван мянга нэг зуун арван/ төгрөгийн торгууль ногдуулсан.
Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан боловч шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариуг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн.
Улсын байцаагч нарын торгууль ногдуулсан шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Зөрчлийн тухай хууль болон Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтуудад нийцээгүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Байцаагч нар нь торгууль ногдуулсан үндэслэлдээ “МА” ХХК болон “А” ХК-иуд хооронд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн зах зээлийг нутаг дэвсгэрээр хуваарилсан, бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон зөрчлийг үйлдсэн нь тогтоогдсон гэжээ.
Улсын байцаагч нар нь Өрсөлдөөний тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийтгэл ногдуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байна. Үүнд:
Нэг. Хамтран ажиллах гэрээ нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) биш болох нь дараах үндэслэлүүдээр тогтоогддог.
Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.4-т “өрсөлдөгч” гэж тухай төрлийн бараа
бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт, борлуулалт хийж байгаа аж ахуй эрхлэгчийг”
хэлнэ гэж заасан. Энэхүү заалтаас үзвэл өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн /зах зээлийг хуваах, үнэ тогтоох/ гэрээ нь гагцхүү өрсөлдөгч нарын хооронд хийгддэг нь тодорхой байна.
Тухайн зах зээлд /тухайн бүс нутагт/ нүүрс олборлон худалдан борлуулдаг аж ахуй эрхлэгчид нь зөвхөн “МА” ХХК “Н” ХХК-иуд бөгөөд тус хоёр компанийн хооронд өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл байгуулагдах /зах зээлийн үнийг хэлцэн тогтоох, зах зээлийг нутаг дэвсгэрээр нь хуваарилах/ боломж бий. Харин гэрээ байгуулсан “МА” ХХК болон “А” ХК-иуд нь өрсөлдөгч аж ахуй эрхлэгчид биш, “А” ХК-ийн талбайн олборлох боломжтой нүүрсний нөөц дууссан учир ашиглалт, олборлолт хийхгүй байгаа.
Иймд “МА” ХХК болон “А” ХК-иудын хооронд нүүрсний зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл /картель/ байгуулах боломжгүй юм.
Хоёр. Өрсөлдөөний тухай хуулийн 11.1 болон Зөрчлийн тухай хуулийн 10.7.1 дэх заалтаас үзвэл аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулсан” байх нь гол нөхцөл мөн. Үүнд:
А. Зах зээлийг хуваарилаагүй тухайд:
Хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуульд заагдсан ажил гүйцэтгэх, Худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт /“МА” ХХК өөрийн тусгай зөвшөөрлийн талбайгаас “А” ХК-аар олборлолт хийлгэх, олборлосон нүүрсийг “А” ХК-д худалдаж байгаа/-ыг хамруулсан.
Гэрээнд 60:40 гэсэн харьцааг гаргасан нь тухайн үед нийт борлуулах нүүрсний хэмжээг урьдчилан мэдэх боломжгүй /гэрээндээ заах боломжгүй/ байсан тул Талууд тус харьцаагаар нүүрс худалдана, худалдан авна гэдэг тохиролцоогоо л баталгаажуулсан хэлбэр юм. Энэ нөхцөл байдлыг байцаагч нар бүрэн ойлголгүй зах зээлийг 60:40 гэсэн харьцаагаар хуваарилсан гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл, 60:40 гэсэн нь худалдах, худалдан авах нүүрсний хэмжээг илэрхийлсэн үзүүлэлт юм. “А” ХК нь “ДБЭХС” ТӨХК-тай гэрээ байгуулсан хэдий ч нийлүүлэх нүүрсний хэмжээ нь өөрчлөгддөг гэдгээ хэлэлцээрийн явцад бидэнд тайлбарлаж байсан, мөн жижиглэнгээр хэдэн тонн нүүрс худалдагдахыг урьдчилан мэдэх боломжгүй учраас ерөнхий харьцаа гаргаад төлбөр тооцоогоо гүйцэтгэлээр хийхээр болж, тэр агуулгаар 60:40 гэсэн харьцааг гэрээндээ зааж өгсөн.
Б. Үнэ тогтоогоогүй тухайд:
Өрсөлдөгчид барааныхаа үнийг зах зээл дээрх үнээс багаар, эсхүл өндрөөр борлуулахаар тохирсон тохиолдолд “үнэ тогтоосон” гэж үздэг. Гэрээнд заасан үнэ нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 233 дугаар тогтоолоор тодорхойлогдсон хэмжээтэй нийцдэг.
Худалдах, худалдан авах гэрээ байгуулж байгаа учраас барааныхаа үнийг гэрээндээ тусгах нь хууль зөрчсөн асуудал биш, гэрээ байгуулах наад захын шаардлага юм. Харин ч барааныхаа үнийг тодорхой заагаагүй тохиолдолд гэрээ байгуулагдаагүй гэж Иргэний хуулиар үздэг.
Олборлох нүүрс, худалдах нүүрс аль аль нь “МА” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас гарч байгаа учир Хамтран ажиллах гэрээ байгуулах үед “МА” ХХК-ийн хувьд нүүрсийг жижиглэнгээр борлуулах эрхээ өөртөө авч үлдэх боломж бүрэн байсан боловч “А” ХК-д худалдан авсан нүүрсээ цааш нь зах зээлд борлуулах /жижиглэнгээр/ эрхийг дараах шалтгаанаар олгосон. Үүнд:
“А” ХК-д нүүрсийг жижиглэнгээр худалдах эрх өгөөгүй тохиолдолд бүх жижиг хэрэглэгчид манайхаас нүүрс авахаас аргагүй нөхцөл байдал үүсч, иргэдийг чирэгдүүлэх байсан. Түүнчлэн жижиг хэрэглэгч нар “А” ХК-иас нүүрс худалдаж аваад сурчихсан, байнгын үйлчлүүлэгч нартай болсон байсан.
Худалдан авагч нь барааныхаа үнээр худалдагчтай тухайн зах зээл дээр өрсөлдөх боломж байхгүй, учир нь бага үнээр худалдвал алдагдал хүлээнэ, өндөр үнэтэй бол борлогдохгүй. Гэтэл улсын байцаагч нар Хамтран ажиллах гэрээний 2.2.2 “Талууд жижиглэн борлуулалтанд нэг үнийн бодлого баримталж ажилна” гэх заалтаар өнгөц дүгнэлт хийж байгаа нь буруу байна.
Иймээс Хамтран ажиллах гэрээ нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглээгүй, тийм агуулгагүй.
Хоёр. “МА” ХХК өөрийн тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон нүүрсээ “А” ХК-д худалдах нөхцөлөө сайн дурын үндсэн дээр тохиролцон байгуулсан гэрээ нь “Н” ХХК-ийн зах зээлд өрсөлдөх боломжийг хязгаарлаагүй. “Н” ХХК-д нүүрсээ борлуулахад ямар нэгэн саад учруулсан зүйл байхгүй. “Н” ХХК нь өөртэй нь хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласангүй гэх үндэслэлээр “МА” ХХК, “А” ХК-д холбогдуулан үндэслэлгүй гомдол гаргасны дагуу улсыг байцаагч нар нь дээрх торгуулийн шийтгэлийг ногдуулсан.
Дээрх үндэслэлүүдээр Улсын байцаагч нар нь Өрсөлдөөний тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчид торгуулийн шийтгэл ногдуулсан болох нь тодорхой харагддаг.
Иймд нэхэмжлэгч “МА” ХХК нь “А” ХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулснаараа Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11,1.3 дахь заалтуудыг зөрчөөгүй, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх заалтын 1.1, 1.2, 1.3-т заасан зөрчлийг гаргаагүй тул улсын байцаагч Д.М, Г.А нарын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 0005546 дугаар шийтгэлийн хуудас бүхий торгууль ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Д.М, Г.А нар нь “А” ХК-аас гаргасан нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан “Н” ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан “А” ХК болон “МА” ХХК-иуд нь хамтран ажиллах гэрээг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулахдаа Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ байгуулж зах зээлийг хуваасан гэх зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шалгаад 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр “А” ХК, “МА” ХХК-иудад холбогдох 1902000035 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Ингээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж “МА” ХХК, “А” ХК-иудад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн үндэслэлээр 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0005547 дугаартай шийтгэлийн хуудсаар борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан.
Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх шалтгаан:
Нэг. “А” ХК, “МА” ХХК, “Н” ХХК-иуд нь дангаар эсхүл бусад этгээдтэй гэрээ байгуулах замаар нүүрсний үнийг тогтоох боломжгүй бөгөөд Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар нийлүүлж буй 1 тонн нүүрсний үнийг тогтоодог гэсэн агуулга бүхий үндэслэлийг нэхэмжлэлдээ дурджээ. Үүнд дараах хариу тайлбарыг гаргаж байна:
“А” ХК, “МА” ХХК-иудын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 3.2-т “ДБЭХС ТӨХК-д нийлүүлэх нэг тонн нүүрсний үнэ нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 223 дугаар тогтоолоор тогтоогдсон 12600 төгрөг болно” гэж тусгасан ч мөн гэрээний 2.2.2-т “талууд жижиглэн борлуулалтанд нэг үнийн бодлого баримталж ажиллана” гэж, 3.3-т “Жижиглэн борлуулалтын үнийг 14000 төгрөг /НӨАТ/-гүй” болгон ижил хэмжээгээр тогтоосон буюу тогтсон нэг үнээр борлуулахаар харилцан тохиролцсон байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 223 дугаар тогтоолоор “А” ХК-ийн эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар нийлүүлж буй 1 тонн нүүрсний үнийн тооцоог 12600 төгрөгөөс дээшгүй байхаар тогтоосон ба бусад борлуулалт буюу ахуйн хэрэглэгчдэд борлуулах нүүрсний үнийг тогтоогоогүй байдаг зэргээс үзэхэд “А” ХК, “МА” ХХК “Н” ХХК-иуд нь дангаар эсхүл бусад этгээдтэй гэрээ байгуулах замаар нүүрсний үнийг тогтоох боломжгүй гэдэг нь үндэслэлгүй байна.
Торгох шийтгэлийг “ДБЭХС” ТӨХК-д нийлүүлэх нүүрсийг 12600 төгрөгөөр тогтоосон асуудлаар бус “жижиг хэрэглэгчид” буюу ахуйн хэрэглэгчдэд нийлүүлэх нүүрсний үнийг 14000 төгрөг болгон ижил хэмжээгээр тогтоосон асуудалд шийтгэл ногдуулсан болно.
Хоёр. Шийтгэлийн хуудсанд Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчсөн гэж дүгнэсэн. Өрсөлдөөний тухай хууль нь 4 хэсэг, 8 заалттай байх бөгөөд алийг нь зөрчсөн талаар дүгнэлт хийгээгүй байна. Энэ нь захиргааны шийдвэр хуульд үндэслэх зарчмыг зөрчсөнөөс гадна ямар зөрчилд холбогдсон талаар холбогдогч мэдэх эрхийг хязгаарлаж байна гэсэн тухайд:
“А” ХК, “МА” ХХК-иуд нь мөн гэрээний 2.2.2-т “талууд жижиглэн борлуулалтанд нэг үнийн бодлого баримталж ажиллана” гэж, 3.3-т “Жижиглэн борлуулалтын үнийг 14000 төгрөг/НӨАТ/-гүй” болгон ижил хэмжээгээр тогтоосон буюу тогтсон нэг үнээр борлуулахаар харилцан тохиролцсон нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-т “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн”, 1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж,
“А” ХК, “МА” ХХК-иудын “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.6-д “Дорнод бус нутгийн аж ахуйн нэгж, айл өрхөд (жижиг хэрэглэгчид) нийлүүлэх нүүрсний зах зээлийг 60:40 (МА 60 хувь, А ХК 40 хувь) харьцаагаар тус тус хуваан нийлүүлэх”-ээр заасан нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-т “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн”, гэж, 1.2-т “зах зээлийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, барааны нэр, төрөл, худалдан авагчаар хуваарилах” гэж заасныг,
Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК буюу нэг нийлүүлэгчид, уурхайгаас шууд худалдан авалт /ачилт хийх/ иргэд, аж ахуй эрхлэгчдэд тогтсон нэг үнэ /нэг үнийн бодлого/-ээр нийлүүлэх нүүрсний хэмжээг харилцан тохиролцсон үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-т “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн”, 1.3-т “бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалт, ачилт болон тээвэрлэлт, зах зээлд нэвтрэн орох боломж, хөрөнгө оруулалт, техник, технологийн шинэчлэлийг хязгаарлах гэрээ, хэлцэл (картель) байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй тул шийтгэлийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-т заасныг зөрчсөн үндэслэлээр оногдуулсан.
Түүнчлэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зөрчлийн хэрэг нээсэн даруйд буюу 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/68 дугаартай албан бичгээр “А” ХК-д мэдэгдсэн байх бөгөөд тус компаниас Ч.Эыг холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Ч.Э нь зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад холбогдогчийн мэдүүлэг өгч, хүсэлт гаргаж, зөрчлийн хэрэг, тэмдэглэлүүдтэй танилцаж байсан зэргээс үзэхэд ямар зөрчилд холбогдсон талаар холбогдогч мэдэх эрхийг хязгаарласан гэсэн нь үндэслэлгүй байна.
Гурав. “А" ХК нь “Н" ХХК-тай ч “МА” ХХК-тай Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж өгсөн 12600 төгрөгийн үнэлгээг баримталж нүүрс олборлох гэрээг байгуулж “ДБЭХС” ТӨХК-д нийлүүлж ирсэн тул улсын байцаагч нар шалгаж тогтоогоогүй байж шийтгэл ногдуулсан гэсэн тухайд:
Дээр дурьдсанчлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас торгох шийтгэлийг “ДБЭХС” ТӨХК-д нийлүүлэх нүүрсийг 12600 төгрөгөөр тогтоосон асуудлаар бус “жижиг хэрэглэгчид” буюу ахуйн хэрэглэгчдэд нийлүүлэх нүүрсний үнийг 14000 төгрөг /НӨАТ/-гүй болгон ижил хэмжээгээр тогтоосон асуудалд шийтгэл ногдуулсан болно.
Дөрөв. “А" ХК нь олборлогч буюу оператор компани тул лицензтэй компаниуд болох “Н” ХХК, “МА” ХХК-иудын санал болгосон үнэ, ЭХЗХ-ны баталсан үнээр “ДБЭХС” ТӨХК-д нүүрсийг нийлүүлсэн нь “үнэ тохиролцон тогтоосон” гэх дүгнэлттэй огт нийцэхгүйгээс гадна 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ байгуулаагүй болно гэсэн тухайд дараах тайлбарыг гаргаж байна:
Ашигт малтмал газрын тосны газраас авсан тодруулгаар “А” ХК нь МV-001339 дугаартай нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байна.
Түүнчлэн “А” ХК нь “Н” ХХК, “МА” ХХК-иудын талбайгаас нүүрсний олборлолт хийдэг ч олборлолт хийсэн нүүрсээ тус тусын уурхайгаас жижиг хэрэглэгчдэд борлуулдаг, нэг зах зээлд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өрсөлдөгч аж ахуй эрхлэгчид юм.
Мөн гэрээ байгуулсан хоёр аж ахуйн эрхлэгчдийн үйл ажиллагааны зардал болон өртөг /“А” ХК-ийн 1 тонн нүүрс борлуулах өртөг 14785.2, “МА" ХХК-ийн 1тонн нүүрс борлуулах өртөг 105,668 төгрөг/ харилцан адилгүй байхад жижиглэнгийн үнийг нэг хэмжээнд тогтоон гэрээ байгуулсан нь өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.
Дорнод бүс нутаг дах нүүрсний томоохон худалдаа эрхлэгчид болох “А” ХК, “МА” ХХК-иуд нь өрсөлдөөнийгхязгаарлах зорилгоор үгсэн хуйвалдсан үйлдэл нь зах зээл дэх өрсөлдөөнийг бууруулах, үнийг ижил түвшинд тогтоосноор бусад аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөх боломжийг хязгаарлах, үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох зэрэг үр дагаварбий болгох асуудлыг харгалзан “А” ХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Д.М, Г.А нар нь “МА” МАК ХК-аас гаргасан нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “МА” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Д.М, Г.А нарын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 0005546 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан “Н” ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан “А" ХК болон “МА” ХХК-иуд нь хамтран ажиллах гэрээг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулахдаа Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ байгуулж зах зээлийг хуваасан гэх зөрчлийн талаархи гомдол мэдээллийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шалгаад 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр “А” ХК, “МА” ХХК-иудад холбогдох 1902000035 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Ингээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж “МА” ХХК, “А” ХК-иудад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн үндэслэлээр 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 0005546 дугаартай шийтгэлийн хуудсаар борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан.
Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх шалтгаан
Нэг. “А” ХК, “МА” ХХК-иуд нь өрсөлдөгч аж ахуй эрхлэгчид “А” ХК-ийн талбайн олборлох боломжтой нүүрсний нөөц дууссан учир ашиглалт, олборлолт хийхгүй байгаа тул “А” ХК, “МА” ХХК-ийн хооронд нүүрсний зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл байгуулах боломжгүй, “МА” ХХК нь өөрийн тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон нүүрсээ “А" ХК-д худалдах нөхцөлөө сайн дурын үндсэн дээр тохиролцон гэрээ байгуулсан нь “Н” ХХК-ийн өрсөлдөх боломжийг хязгаарлаагүй гэсэн агуулга бүхий үндэслэлийг нэхэмжлэлдээ дурджээ. Үүнд дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай албан бичгээс үзэхэд Дорнод аймгийн Баянтүмэн суманд байрлах Аы нүүрсний уурхайн талбайд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг “А” ХК, “МА” ХХК, “Н” ХХК-иуд эзэмшдэг.
“А” ХК нь 92 гектар талбай бүхий уурхайн талбай бүхий 1389А дугаартай нүүрс ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг ба Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 06 тоот тогтоолоор “А" ХК нь Дорнод аймагт “Эрчим хүч, ахуйн нүүрс”-ний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон.
Хоёр. Хамтран ажиллах гэрээнд 60:40 гэсэн харьцааг гаргасан нь тухайн үед нийт борлуулах нүүрсний хэмжээг урьдчилан мэдэх боломжгүй байсан тул талууд тус харьцаагаар нүүрс худалдана, худалдан авна гэдэг тохиролцоогоор л баталгаажуулсан хэлбэр юм. “А” ХК нь“ДБЭХС” ТӨХК-тэй гэрээ байгуулсан хэдий ч нийлүүлэх нүүрсний хэмжээ нь өөрчлөгддөг гэдгээ хэлэлцээрийн явцад бидэнд тайлбарлаж байсан, мөн жижиглэнгээр хэдэн тонн нүүрс худалдагдахыг урьдчилан мэдэх боломжгүй учраас ерөнхий харьцаа гаргаад төлбөр тооцоогоо гүйцэтгэлээр хийхээр болж, тэр агуулгаар 60:40 гэсэн харьцааг гэрээндээ зааж өгсөн.
МА” ХХК-иас 2019 оны 02/109 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “А” ХК, “МА” ХХК-иудын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан №155-0218 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээний Хавсралт №1-т 2018 онд нийлүүлэх нүүрсний хэмжээг сар тус бүрээр гаргаснаас үзэхэд тухайн үед нийт борлуулах нүүрсний хэмжээг урьдчилан мэдэх боломжгүй байсан гэдэг нь үндэслэлгүй байна.
Гурав. Өрсөлдөгчид барааныхаа үнийг зах зээл дээр тогтсон үнээс багаар, эсхүл өндрөөр борлуулахаар тохиролцсон тохиолдолд “үнэ тогтоосон” гэж үздэг. Гэрээнд заасан үнэ нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 233 дугаар тогтоолоор тодорхойлогдсон хэмжээтэй нийцдэг. Худалдах, худалдан авах гэрээ байгуулж байгаа учраас барааныхаа үнийг гэрээндээ тусгах нь хууль зөрчсөн асуудал биш гэсэн тухайд:
А” ХК нь “Н” ХХК, “МА” ХХК-иудын талбайгаас олборлолт хийдэг ч олборлолт хийсэн нүүрсээ тус тусын уурхайгаас жижиг хэрэглэгчдэд борлуулдаг, тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүд байх ба 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 3.2-т “ДБЭХС” ТӨХК-д нийлүүлэх нэг тонн нүүрсний үнэ нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 223 дугаар тогтоолоор тогтоогдсон 12600 төгрөг болно” гэж тусгасан ч мөн гэрээний 2.2.2-т “талууд жижиглэн борлуулалтанд нэг үнийн бодлого баримталж ажиллана” гэж, 3.3-т “Жижиглэн борлуулалтын үнийг 14000 төгрөг /НӨАТ/-гүй” болгон ижил хэмжээгээр тогтоосон буюу тогтсон нэг үнээр борлуулахаар харилцан тохиролцсон байна.
Мөн гэрээ байгуулсан хоёр аж ахуйн эрхлэгчдийн үйл ажиллагааны зардал болон “А” ХК-ийн 1 тонн нүүрс борлуулах өртөг 14785.2, “МА” ХХК-ийн 1 тонн нүүрс борлуулах өртөг 105,668 төгрөг/ харилцан адилгүй байхад жижиглэнгийн үнийг нэг хэмжээнд тогтоон гэрээ байгуулсан нь өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.
Дорнод бүс нутаг дахь нүүрсний томоохон худалдаа эрхлэгчид болох “А” ХК, “МА” ХХК-иуд нь өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор үгсэн хуйвалдсан үйлдэл нь зах зээл дэх өрсөлдөөнийг бууруулах, үнийг ижил түвшинд тогтоосноор бусад аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөх боломжийг хязгаарлах, үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох зэрэг үр дагавар бий болгох асуудлыг харгалзан “МА” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Гуравдагч этгээд “Н” ХХК-аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Н” ХХК нь 2018 оны 10 дугаар сараас уурхай нүүрс олборлолтын ажлыг эхлүүлсэн бөгөөд 2018 оны 05 дугаар сард “А” ХК, МА ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ, түүний үр дагавраас болж зах зээлд нүүрсээ олборлож нийлүүлэхэд хүндрэлтэй болсон. Улмаар бидний зүгээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт дээрх 2 хоногт Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байгаа, манай компанийг зах зээлд гарахад нь хясан боогдуулж байгаа талаар гомдол гаргасан. Улмаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ тооцсон.
Тэр нь хуулийн үндэслэлтэй зөв шийдвэр гарсан. МА МАК болон А ХК-ий зүгээс өнөөдрийг хүртэл ил далд хэлбэрээр бидний зах зээлээс татан гаргах үйл ажиллагааг явуулж байна.
А ХК, МА ХХК-тай хамтран ажиллах гэрээ, зах зээлд олборлож нийлүүлж, борлуулсан байдлаас үзэхэд Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь хангалтай нотлогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.М, Г.А нар нь “Н” ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан “А” ХК болон “МА” ХХК-иуд нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулахдаа Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ байгуулж зах зээлийг хуваасан гэх зөрчлийн талаархи гомдол мэдээлэл ирүүлсний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр “А” ХК, “МА” ХХК-иудад холбогдох 1902000035 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, “МА” ХХК, “А” ХК-иуд нь Дорнод бүс сумын зах зээлийг хувааж, бараа бүтээгдэхүүний үнийг гэрээгээр тохиролцсон, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ хэлцэл байгуулж, зах зээлийн нутаг дэвсгэр, бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэсэн үндэслэлүүдээр 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “А” ХК-д 0005547 дугаартай шийтгэлийн хуудсыг, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “МА” МАК ХХК-д 0005546 дугаартай шийтгэлийн хуудсаар борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулжээ.
Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно: бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох; 11.1.2-д зах зээлийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, барааны нэр, төрөл, худалдан авагчаар хуваарилах” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Баянтүмэн сумын А нэртэй газарт “А” ХК нь 92 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын 1389А дугаартай тусгай зөвшөөрөл, “МА” МАК ХХК нь 4048.94 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын МҮ-017334 дугаартай тусгай зөвшөөрөл, 1084.3 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын 14892А дугаартай тусгай зөвшөөрөл, гуравдагч этгээд “Н” ХХК нь 74 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын 1364А дугаар бүхий зөвшөөрлүүдийг тус тус эзэмшиж, нүүрс олборлох үйл ажиллагааг явуулж байна.
“А” ХК нь “МА” МАК, “Н” ХХК-уудын талбайгаас нүүрсний олборлолт хийж, нүүрсээ тус тусын уурхайгаас жижиг хэрэглэгчид борлуулдаг бөгөөд тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүд байх бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нь 154-0218 дугаар бүхий Хамтран ажиллах гэрээг “МА” ХХК нь “А” ХК-иуд нь байгуулж, гэрээний 3.2-т “...“Дорнод бүсийн эрчим хүчний сүлжээ /цаашид ДБЭХС гэх/ ТӨХК-д нийлүүлэх нэг тонн нүүрсний үнэ нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 223 дугаар тогтоолоор тогтоогдсон 12600 төгрөг /НӨАТ-гүй/ болно. Нүүрсний үнэ өөрчлөгдсөн тохиолдолд өөрчлөгдсөн үнийг баримтлана” гэж заасан байх бөгөөд энэ гэрээний 2.2.2-т “талууд жижиглэн борлуулалтанд нэг үнийн бодлого баримталж ажиллана” гэж, 3.3-т “Жижиглэн борлуулалтын үнийг 14000 төгрөг /НӨАТ/-гүй” болгон ижил хэмжээгээр тогтоосон буюу тогтсон нэг үнээр борлуулахаар харилцан тохиролцсон нь зөрчлийн хэрэгт холбогдогчоос авсан мэдүүлгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-т “...Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн: 1.1.бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасны дагуу “А” ХК, “МА” МАК ХХК-иуд нүүрсний үнийг ижил хэмжээгээр тогтоож, гэрээгээр тохирсон нь бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэж үзэхээр байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний үнийн тооцоог хянаж зөвшөөрөх тухай” 223 дугаар тогтоолоор “А” ХК-ийн эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар нийлүүлж буй 1 тн /нэг тонн/ нүүрсний үнийн тооцоог 12,600 төгрөгөөс дээшгүй байхаар хангасугай” гэж заасан байна.
Мөн 2018 оны Хамтран ажиллах гэрээний 1.6-д “...Энэхүү гэрээгээр “Нүүрс нийлүүлэх гэрээ”-ний дагуу “ДБЭХС” ТӨХК-д нийлүүлэгдэх нүүрсийг 60:40 /МАК60: А” ХК 40 хувь/ гэсэн харьцаагаар, мөн Дорнод бус нутгийн аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхөд (жижиг хэрэглэгчид) нийлүүлэх нүүрсний зах зээлийг 60:40 (МА 60 хувь, А ХК 40 хувь) харьцаагаар тус тус хуваан нийлүүлэх”-ээр заасан нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-т “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн”, гэж, 1.2-т “зах зээлийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, барааны нэр, төрөл, худалдан авагчаар хуваарилах” гэж заасныг зөрчсөн байна.
“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК буюу нэг нийлүүлэгчид, уурхайгаас шууд худалдан авалт хийх иргэд, аж ахуй эрхлэгчдэд тогтсон нэг үнээр нийлүүлэх нүүрсний хэмжээг харилцан тохиролцсон үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-т “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн”, 1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;1.2.зах зээлийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, барааны нэр, төрөл, худалдан авагчаар хуваарилах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус заасны дагуу 3 хувиар шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна. /Дэлгэрэнгүй тооцоолол: Зөрчлийн хэргийн 193, 211 дүгээр хуудас/
Хэдийгээр хариуцагч нар хуулийн дээрх заалтын дагуу хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураагаагүй боловч Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино.” гэж заасанд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2-т тус тус заасныг баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.М, Г.А нарын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 005547 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай А ХК-ийн гомдол, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 0005546 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай МА /МАК/ ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 (Нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА