Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 455/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн

Улсын яллагчаар М.Гансувд

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Бад холбогдох эрүүгийн 2034005640571 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Л.Б нь согтуугаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн Улаан худгийн 1-3 тоотод байх өөрийн гэртээ 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.Идэрбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Бгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Л.Б нь согтуугаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн Улаан худгийн 1-3 тоотод байх өөрийн гэртээ 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.Идэрбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 4-5 тал/
  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай Прокурорын №165 тоот тогтоол /хх-ийн 54 тал/
  • Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 487 дугаартай: "...Б.Идэрбаярын биед духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 8 тал/,
  • Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 83 дугаартай "...Б.Идэрбаярын биед зүүн чамархайд сорив гэмтэл тогтоогдлоо...Дээрх сорив гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба үүсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлт /хх-ийн 28 тал/,
  • Хохирогч Б.Идэрбаярын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: "...Би 2020 оны 08 дугаар сарын 22-ны 18 цагийн үед хотоос Батсүмбэр сумын төвийн Будайн толгой гэх газар байх цагаан идээ боловсруулдаг гэртээ иртэл манай нөхөр Л.Б архи уусан байсан би Баяраад юм хэлээгүй Баяраа дахиж архи уух гэж байгаа бололтой гараад явсан би Баярааг шөнө ирээд агсам тавьж зодох байх гэж айгаад гэртээ хонолгүй гэрийн гадаа байх Патрол маркийн машины арын суудал дээр унтсан өглөө нь 07 цагийн орчим Баяраа согтуу ирээд намайг машин дотор унтаж байгааг мэдээд чи шөнө хэнтэй хаашаа алга болсон бэ? гээд намайг нойрмог байхад толгой дээрээс хоёр гараараа нүдээд эхэлсэн тэгтэл Баяраагийн ах Ганхуяг ирсэн сүүлд сонсоход Баяраа намайг нэг хүнтэй алга болчихлоо гэж хардаад ахыгаа дуудсан юм байна лээ. Баяраагийн ах Ганхуяг Баярааг надаас салгаж гэрлүүгээ авч явсан тэгээд би саалийн гэртээ юмаа хийгээд байж байтал өдөр 15 цаг өнгөрч байхад Баяраа согтуу ирсэн дахиад намайг зодно, гэртээ чинь шатаана гэж дайрсан би зугтаад хол очтол Баяраа саалийн гэрт байсан миний хувцас болон хөнжил зэргийг овоолж байгаад шатаасан би урд айл руу гүйж орж тусламж гуйсан тэр айлын Уянгаа гэх хүүхэн манай хашаанд очиж Баярааг болиулсан би дүү нартаа энэ талаар утасдаж хэлсэн Баярааг ах нь ирээд аваад явсан манай дүү нар ч удалгүй ирсэн мөн цагдаа дуудсан байсан...3өндөө бий архи уух болгондоо агсам тавьж, хүнтэй хардаж зодож байсан. Хавар л гэхэд хоолой боож ухаан алдуулж байсан мөн 2 жилийн өмнө агсам тавьж намайг шатааж ална гээд паялник асааж дайрахаар нь би зугтаасан зузаан хүрэмтэй байсан болохоор хүрэм шатаад би түлэгдээгүй. Мөн 2012 онд намайг дарж байгаад миний үсийг өм, цөм хайчилж байсан би тэрнээс болж үсээ хусуулсан хөх няц болтлоо зөндөө зодуулж байсан, ясны бэртэл авч байгаагүй ална гээд зодохоор нь боломжийг харж байгаад л зугтаадаг...архи ууж алга боллоо л гэж загнадаг...Байнга эвдэж сүйтгэдэг Патрол гэх машины цонхыг саяхан 5 сард цохиж хагалсан. 08 дугаар сарын 12-нд Лексус гэх машиныг согтуу унаж яваад юм мөргүүлээд ирсэн одоо хашаанд байгаа ойрын юмыг л сайн санаж байна урд өмнө нь зурагт болон бусад эд хогшлоо байнга эвдэж гэмтээдэг...2005 онд гэр бүл болсон 15 жил болж бид дундаасаа хүү, охин хоёртой...Миний нөхөр Л.Б байнга архи уудаг тэгээд намайг хүнтэй хардаж, агсам тавьдаг Баяраа өмнө нь олон удаа архины эмчилгээ хийлгэж спрайл тавиулж байсан тэгээд ямар ч нэмэр алга архи уудаггүй бол бид нар хэрүүл хийдэггүй...Миний дүү нар болон манай хөрш Матай болон урд айлын Уянгаа, Баяраагийн ах дүү найзууд бүгд мэднэ..." гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,
  • Хохирогчоор өгсөн: "...2020 оны 08 дугаар сарын 22-ны өглөө нөхөр Баяраа гаднаас согтуу орж ирээд намайг толгой руу цохиж зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би төрсөн ах Ганхуяг руу нь залгаж тусламж гуйсан. Тэгээд ах нь орж ирж авч гарсан. Юунаас болж агсам согтуу тавьсан талаар би мэдээгүй. Тэгээд дүү нартаа хэлсэн чинь цагдаад дуудлага өгсөн байсан...2005 онд анх танилцаад гэр бүл болж 2006 онд гэр бүлээ батлуулсан дундаасаа 11 настай хүү, 14 настай охин хоёртой...Урьд өмнө нь цохиж зоддоггүй байсан. Ер нь архи их уух болсон тэгээд л орж ирээд л муухай хараад байдаг байсан. Би архи уухаа болиоч гэж эхэндээ их хэлдэг байсан. Сүүлдэээ намайг архи уулгахгүй тэмцээд байна гэж бодоод л архи их уух болсон...Толгой, нүүр, өвдөгөнд гэмтэл учирсан...Ахыг дуудаад гадаа гараад нуугдаад харж байтал гарч ирээд машиныхаа цонхыг хагалаад миний хувцасыг гаргаж байгаад шатаасан. Би бодохдоо л намайг хардаад хэн нэгэн хүнээс янз бүрийн юм сонсоод л түүндээ бухимдаад л цонхоо хагалаад хувцас шатаасан байх гэж бодож байна. Би машинаа унаад өглөө эрт сүү авч хотруу оруулж борлуулдаг юм тэгээд л янз бүрийн буруу ташаа зүйлд гутарч архи ууж намайг цохиж эд зүйлээ эвдэж сүйтгэсэн байх гэж бодож байна...Одоо архи уухгүй гайгүй л хамт амьдарч байна. Би ч одоо гомдолтой гээд ч яах юм билээ. 2 хүүхдээ л бодох юм энэ хүн маань чухам юу бодож яваа юм бүү мэд. Жирийн үед юу ч дуугарахгүй л байгаад байдаг дотроо л юм бодоод явдаг тэгээд л архи уухаар нөгөөх нь сэдэрч хэрүүл маргаан болдог байх гэж бодож байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
  • Хохирогчоор хоёр дахь удаагаа өгсөн: "...Надад одоо гомдол санал гээд байх зүйл байхгүй надад хэлэхдээ дахиж архи уухгүй л гэж хэлдэг мөртлөө архи уучихсан л байж байдаг. Одоо дахи архи уугаад ийм асуудал гаргавал надад салахаас өөр арга алга байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,
  • Гэрч Д.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Би гэртээ өглөө унтаж байтал утсаар Баяраа яриад намайг ирээд аваадах гэхээр нь машинаа асаагаад Улаанхудагт байх гэрт нь очсон чинь хашааныхаа буланд согтуу зогсож байсан. Тэгээд л миний машинд суугаад манай хадмынхруу явсан. Тэгээд хадам ээжийнд оруулсан чинь араас эхнэр Идэрбаяр нь ирээд утсаа аваад явсан...Урьд өмнө нь хэрэлдэж маргалдаж байхыг нь сонссон уу гэхээс зодолдож байхыг нь хараагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,
  • Шүүгдэгч Л.Бгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: "...2020 оны 08 дугаар сарын 22-ны өглөө согтуу гэртээ харьсан. Тэгээд эхнэртээ агсам тавьсан. 2 жилийн өмнө хүнтэй явалдаж түүнийг хүлээн зөвшөөрсөн түүнээс хойш би архи уух болгонд нөгөөх нь толгойнд орж ирнэ тэгээд л агсам тавьдаг болсон. Тэр өглөө ч мөн адил тэгсэн байсан. Би архи шөнөжин уусан байсан болохоор сайн мэдэхгүй байсан. Өөрөөс нь толгой нүүр хөл гар луу нь цохиж зодсон гэсэн. Тэгээд гараад явахаар нь араас нь гарч машины цонхоо хагалж гэрээс хувцасыг нь гаргаж шатаасан гэсэн. Би дотроо намайг хуурч хүнтэй явдаг болсонд нь байнга л гомдож явдаг болсон. Эрүүлдээ би энэ талаар ярьдаггүй. Гадуур явж байхад хамт архи ууж байгаа хүмүүс эхнэрээ захирч чаддаггүй гэж хор шар малтдаг түүнээс л улбаатай...Би хүлээн зөвшөөрч байна. Урд өмнө нь зодож цохиж байгаагүй үглэж байсан байх...Би одоо архинаас гарч амьдралдаа цаг заваа зарцуулна эхнэр хүүхдээ хайр халамжаар дутаахгүйг хичээх болно. Эхнэр маань намайг уучилсан би ч эхнэрээ уучилсан. Одоо хэн нэгэн хүний үгээр биш хоорондоо ярилцаж ойлголцож амьдрана гэж бодож байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,
  • Шүүгдэгч Л.Бгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: "...Би 2020 оны 08 дугаар сарын 22-ны өглөө Төв аймгийн Батсүмбэр сум Улаанхудаг гэх газар 07 цагийн үед эхнэр дээр очтол манай эхнэр гэртээ байхгүй байсан тэгээд машинд байгааг нь мэдээд машинд ороод хаана байсан, хаагуур явсан гэж маргалдаад тэгээд ноцолдоод би толгой руу нь гараараа цохичихсон. Тэгээд тэр хавиар нийлж уудаг найзындаа очиж архи уусан. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ дэлгэрэнгүй ярьсан байгаа надад нэмж ярих зүйл байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Б нь 2020 оны 10 сарын 08-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 25, 45 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 10 сарын 23-ны өдөр 165 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-54, 61 тал/ 2020 оны 9 сарын 15-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Л.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Л.Бд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Л.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч Л.Бд холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Л.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Бг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Ю.ЭНХМАА