Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2017/02291

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, гудамж байранд байрлах, Ч хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, хороо, тоот хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Н ХХК-д холбогдох

 

Татварын өр 257,796,602.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б, О, хариуцагчийн төлөөлөгч С, Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б, О  нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК нь барилгыг дуусгах шатны ажил, кафе гуанз, зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын өр 251,480,654.7 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 1,776,230.2 төгрөг, Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын өр 4,539,717.6 төгрөг нийт 257,796,602.50 төгрөгийг төлж барагдуулаагүй нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, мөн Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1. ногдуулсан, татварын өр буюу дутуу төлөлтийг ногдол хийсэн акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн хугацаанд татварын өрийг төлж барагдуулах гэсэн хуулийн заалтуудыг зөрчиж байна. Татварын алба татварын өрийг Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгчийн банкин дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулахаар дансны гүйлгээг бүрэн зогсоох арга хэмжээ авч, татвар төлөгчид удаа дараа татварын өрийг төлөхийг шаардсан мэдэгдэх хуудас гардуулсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Эд хөрөнгийн лавлагаа болон ярилцлагын тэмдэглэлээр Н ХХК-ийн өмчлөлд эд хөрөнгө байхгүй нь нотлогдсон учир барьцаа, битүүмжлэл хийх боломжгүй. Үнэт цаас, хувьцаа, тээврийн хэрэгсэл эзэмшдэггүй болох нь тодорхойлолт, лавлагаагаар нотлогдсон. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын өр 251,480,654.7 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 1,776,230.2 төгрөг, Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын өр 4,539,717.6 төгрөг нийт 257,796,602.50 төгрөгийг Н ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Н ХХК нь 2014 онд барилгын засал чимэглэл, барилгыг дуусгах шатны ажил, гуанз зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Энэ хугацаанд хэд хэдэн газартай гэрээ байгуулан ажилласан бөгөөд ажлын гүйцэтгэлд мөнгө авахаас илүүтэй бартераар голдуу ажлын хөлсөө авдаг байсан. Миний бие С санхүүгийн мэдлэг боловсрол муутайгаас энэхүү НӨАТ-ын татварын өрийг зохиомлоор бий болгосон байна. 2015 оноос улс орон даяар эдийн засгийн хүндрэлтэй байдал бий болсон бөгөөд хэдэн ажилчдаа цалинтай байлгахын тулд ашиг харалгүй ажилласаар ирсэн. Гэрээ байгуулсан газруудаас ажлын хөлсөө авах гээд очиход НӨАТ-ын падаан бичиж өг гэхээр нь бичиж өгөөд байтал манай байгууллага ийм өрөнд орсон байна гэжээ.

 

Хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч С, Б  нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын улсын байцаагчийн 2017 оны 35/240018 тоот мэдэгдэл хууль бус акт. Мэдэгдэх хуудсаар зөвхөн тухайн татвар төлөгчийг дуудан ирүүлэхэд хэрэглэдэг. Татварын ерөнхий хуульд энэ хуулийн 28, 29 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд татвар төлөгч болон бусад этгээдийг дуудан ирүүлэхэд мэдэгдэл бичнэ. Татварын ерөнхий хуулийн 33.1-д зааснаар Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл үйлдэнэ гэж заасан. Татварын улсын байцаагч мэдэгдэх хуудсаар мэдэгдээд байгаа нь хууль бус бөгөөд улсын байцаагчийн актаар мэдэгдэх ёстой. Мэдэгдэх хуудсаар тухайн татварын өрийг төл гэдэг нь хуульд нийцэхгүй байна. Татвар тогтоосон биш, харин гадагшаа чиглэсэн үр дагавар үүсгээд байгаа учир Захиргааны шүүхэд хандаад байна. Хан хул холдинг ХХК-иас ажил гүйцэтгэхдээ холбоотойгоор байр, машин өгсөн тул тайлангаа үнэн зөвөөр мэдүүлсэн гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч хэлтэс, хариуцагч Н ХХК-д холбогдуулан Нэмэгдсэн өртгийн албан татварын өр 251,480,654.7 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 1,776,230.2 төгрөг, Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын өр 4,539,717.6 төгрөг нийт 257,796,602.50 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н ХХК нь Татварын тайлангаа буруу гаргаж, татварын өрийг зохиомлоор бий болгосон, Татварын улсын байцаагчийн 2017 оны 35/240018 тоот мэдэгдэл хууль бус гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар татварын өр төлбөрийг татвар төлөгчөөс шаардах эрхтэй.

 

Хариуцагч Н ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган, төлөгчийн тайлангаар тайлангийн эцсийн үлдэгдэл 251,480,654.79 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар эцсийн үлдэгдэл 1,776,230.19 төгрөг, Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангаар эцсийн үлдэгдэл 4,539,717.6 төгрөг нийт 257,796,602.50 төгрөгийг төлж барагдуулахаар 2016 оны 12 дугаар сард Ч хэлтэст баталгаажуулсан тайлангаа ирүүлжээ.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заажээ.

 

Хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч нар Татварын улсын байцаагчийн 2017 оны 35/240018 тоот мэдэгдэл хууль бус гэж маргаж байгаа боловч дээрх өр нь Ч улсын байцаагчийн актаар тогтоосон өр биш, Татвар төлөгч Н ХХК-ийн тайлангаар тогтоогдсон /хх-ийн 10-23 талд/, өр болох нь Татварын тайлан, Татварын улсын байцаагчийн уулзалтын тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Татварын улсын байцаагч 35/240018 тоот мэдэгдэх хуудас /хх-ийн 26 талд/ хүргүүлж, татвар төлөгчтэй татварын өрийг 3 хоногийн дотор төлөх талаар биечлэн уулзаж, Мэдэгдэх хуудас гардуулсан тухай татварын улсын байцаагчийн тэмдэглэл үйлдэж татвар төлөгч С гарын үсэг зуруулж баталгаажуулсан /хх-ийн 6 талд/ тухайд талууд маргаагүй.

 

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Н ХХК-иас татварын өр 257,796,602.50 төгрөгийг гаргуулж  Ч хэлтэст олгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас 257,796,602.50 /Хоёр зуун тавин долоон сая долоон зуун ерин зургаан мянга зургаан зуун хоёр/ төгрөгийг гаргуулж Ч хэлтэст олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,446,933 төгрөгийг гаргуулж Улсын орлогод оруулсугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ