Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1594

 

2018.11.23

 

 

 

 

 

                                         

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                           

улсын яллагч Ч.Батбаяр,

хохирогч Б.Б,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Батнасангийн Насанбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0065 30628 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овогт Батнасангийн Насанбат, 1983 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбогч найруулагч мэргэжилтэй, Багануурын уурхайд холбогч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ************** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ************* тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амгалан” авто тээврийн гадаа хохирогч Б.Бын өмчлөлийн 2007 онд Япон улсад үйлдвэрлэсэн, улсын дугаар аваагүй, NHW20-3313385 аралын дугаартай “Тоёото Приус-20” маркийн автомашиныг “мөнгийг нь дараа өгнө” гэж хэлэн авч, бусдыг хуурч, залилан мэхэлж, хохирогч Б.Бт 11.220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Найзаасаа машин аваад, банкны зээл бүтээгүй бас хоёр удаа мөргөлдсөн болохоор нь хүнд зарсан. 11.220.000 төгрөгөөр авахаар тохирсон боловч нэг жил мөнгийг нь өгөөгүй тул уучлалт гуйж байна. Хохирол төлбөрөөс 8 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн, үлдэх 3.220.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө нөхөн төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Ганбаяр манай найз байгаа юм гээд Приус 20 маркийн машиныг 11.220.000 төгрөгөөр зарахаар болсон. Машин аваал сураггүй алга болсон. Өнөөдөр хохиролд 8 сая төгрөгийг хүлээн авсан. Үлдэх мөнгийг 2018.12.31-ний өдрөөс өмнө өгнө гэж гэрээ байгуулсан. Ял шийтгэлийн хувьд хэлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай хүргэн Ганбаяр нь Насанбат гээд манай найз байгаа найдвартай хүн байгаа юм Тоёото приус-20 маркийн автомашиныг хэд  хоногийн хугацаатай өгчих мөнгөө найдвартай буцаагаад өгнө гэж хэлэхээр 11.220.000 төгрөгний үнэ бүхий машинаа 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 18-412 тоот хашаанаас Насанбат ирээд машин аваад явсан цагаан сар болох гэж байсан тул цагаан сарын дараа нэрээ шилжүүлээд авий гээд шууд аваад явсан. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Насанбат утсаар яриад манай эцэг эх хотод явж байгаа машины нэр дээр шилжүүлээд өгчих хэд хоногоос мөнгийг нь өгнөө гэхээр авто тээврийн үндэсний төв дээр очоод машины нэрийг Батнасан гэх хүний нэр дээр шилжүүлж өгсөн боловч одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй...” гэх мэдүүлэг. /хх-21/,

Гэрч А.Батнасан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр найз Б.Ганбаяртай манай хүү Насанбат ярилцаад машин зээлээр авахаар болсон гэж байсан тэгээд би хүү Насанбатын хамт ирээд цагаан өнгийн приус-20 маркийн автомашин аваад шууд Багануур луу явсан маргааш нь цагаан сар болж байсан. Цагаан сар өнгөрөөгөөд эхнэртэйгээ хамт ирээд Улаанбаатар хот ороод Б.Б гэх хүнээс машины нэр шилжүүлж авсан. Насанбат найз Ганбаяраас зээлээр авч байгаа гэсэн манай хүү Насанбат цалингын зээл аваад төлнө гэж байсан. Машиныг би өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг. /хх-29/,

Яллагдагч Б.Н мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр найз Б.Ганбаяртай уулзаад зээлээр машин өгөх үү гэхэд ирж уулзаад ярьж хөөрөөд болно гэхээр нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны үед Ганбаяртай уулзаж Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооо Монелд хадамынх нь хашаанд очиход саарал, цагаан өнгийн 2 тоёото приус-20 машин байсан. Тэгээд би цагаан өнгөтэй Приус-20-ыг нь ав гээд Вьетнам засварт өгч засуулах зүйл байгаа гээд намайг тал мөнгийг нь гарга гээд бид тохироод 2 хоног Вьетнам засварт янзлуулаад би 150,000 төгрөг гаргаад Ганбаяр 250,000 төгрөг гаргаад 400,000 төгрөгөөр янзлуулаад би аваад явсан ба би машины мөнгийг цалингийн зээл аваад өгөхөөр амаараа ярьж тохирсон юм...” гэх мэдүүлэг. /хх-65-66/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амгалан” авто тээврийн гадаа хохирогч Б.Бын өмчлөлийн 2007 онд Япон улсад үйлдвэрлэсэн, улсын дугаар аваагүй, NHW20-3313385 аралын дугаартай “Тоёото Приус-20” маркийн автомашиныг “мөнгийг нь дараа өгнө” гэж хэлэн авч, бусдыг хуурч, залилан мэхэлж авч, хохирогч Б.Бт 11.220.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Н бусдыг хуурч, залилан мэхэлж эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэм буруутай этгээд нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бт 11.220.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогчид 8.000.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд үлдэх 3.220.000 төгрөгийг 2018.12.31-ний өдрөөс өмнө нөхөн төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан тул шүүх дээрх хугацаанд хохирлыг нөхөн төлөх үүрэг  хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.Над эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, бага насны 2 хүүхэдтэй, хохирогчид учруулсан хохирлын заримыг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Батнасангийн Насанбатыг бусдыг хуурч, залилан мэхэлж эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Над хорих ял оногуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, засарч хүмүүжих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б.Ныг гэмт хэргийн хор уршиг болох 3.220.000 төгрөгийг 2018 оны 12 дүгээр сарын 31-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Наас 3.220.000 /гурван сая хоёр зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бт олгосугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Над хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР