Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 020/2014/0557/З |
Дугаар | 221/МА2015/0191 |
Огноо | 2015-04-30 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2015/0191
Иргэн Ц.Г , Ц.П нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Б , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э , хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б , гуравдагч этгээд МС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М , С.Б , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 64 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ц.Г, Ц.П нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 300 дугаар захирамжийн МС д холбогдох хэсэг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон Архитектур төлөвлөлтийн 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2013/408 дугаар даалгавар, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 127/2014 дүгээр зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн байна. Уг маргаан бүхий газарт барилгын ажил эхлүүлээд одоогийн байдлаар барилга үргэлжлэн 6 давхар хүртэл баригдсан байдалтай байна. МС д дээрх байршилд газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн амьдардаг 36 дугаар байрны оршин суугчдын эрх ашгийг зөрчсөн талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй.
... МУИС энэхүү газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглан ... хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй. ... Нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчлөх эрхтэй.
... Маргаан бүхий газрыг МС-ийн багш, ажилчдын орон сууцны зориулалтаар ашиглахыг тодорхойлсон Төрийн өмчийн хорооны 2011 оны 291 дүгээр тогтоол болон сургуулийн захиргааны хүсэлтийг үндэслэн өөрийн эзэмшлийн газрын зориулалтыг өөрчлөх хүсэлтийг хянан үзэж Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/704 дүгээр захирамжаар ажилчдын орон сууцны зориулалтаар 983 м.кв газрыг МУИС-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 300 дугаар захирамжийн МС д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын хүчингүй болсон 2009 оны 300 дугаар захирамжийн МС д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй.
... Уг барилга баригдаж дуусаад хамгаалалт хашааг нь авснаар орц гарц нь нээлттэй болно. Барилга барьж буй асуудал нь түр зуурын асуудал юм.
... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж заасан. Хэрэгт үүнийг тогтоосон баримт байхгүй. Мэргэжлийн хяналтын газраас эрх зүйн зөрчилгүй гээд харин нэхэмжлэгч субьектүүдийн хувьд МС-ийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэдэг дүгнэлт гарсан байна. Нийслэлийн Засаг даргын зүгээс дээрх маргаан бүхий газрыг МС д агуулахын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь Газрын тухай хууль болоод бусад газар эзэмшигч, ашиглагчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул иргэн Ц.Г ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 300 дугаар захирамжаар 3 хаалгатай агуулах болон 4 айлын орон сууцны барилга бүхий газар эзэмшдэг ба уг газарт байгаа обьект нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07-394/653 дугаар ашиглах боломжгүй гэсэн дүгнэлттэй, Төрийн өмчийн хорооны 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 291 дүгээр тогтоолын дагуу дээрх обьектыг акталж, чөлөөлөгдөх талбайд тус сургуулийн ажилчдын орон сууц барихаас өөр зориулалтаар ашиглахгүй байх талаар дурдсан байдаг.
... Архитектур төлөвлөлтийн даалгавар гэдэг бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, харин тухайн барилгын захиалагч болон баригдах барилгын ажлын зургийг боловсруулах зургийн байгууллагад мэдээлэл өгөх агуулга бүхий баримт бичиг маань нэхэмжлэгч нарын эрхийг зөрчөөгүй. Харин зураг төслийн байгууллага уг баримтад заасан мэдээллийг ашиглан тухайн барилгын ажлын зургийг боловсруулж, холбогдох байгууллага, албан тушаалтнаар батлуулдаг.
... МС-ийн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүссэн хүсэлт нь Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 6.4-т заасан шаардлагыг хангасан учир Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 127/2014 дугаартайгаар олгосон болно.
... Иймд 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2013/408 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 127/2014 дугаар зөвшөөрлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд МС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж захиргаа үзээгүй байдаг. Нөгөө талаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй нь нэхэмжлэгчийн эрхийг яаж зөрчсөн бэ гэдэг асуудал гарч ирж байна.
... Газар эзэмших эрхийг Газрын тухай хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгоно. Барилгын зөвшөөрлийг Барилгын тухай хууль болон холбогдох бусад хуулиар хүчингүй болгоно. Эдгээр хуулийн аль заалтыг үндэслэн хүчингүй болгуулах шаардлага гаргасан гэдэг нь тодорхойгүй. Дуу чимээ гаргасан, хог хаягдал бий болгосон гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг болон барилга барих үйл ажиллагааг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй.
... Газар эзэмших эрхийг 2009 онд өгсөн, зориулалт нь 2014 онд өөрчлөгдсөн. Архитектур төлөвлөлтийн даалгавар нь 2013 онд гарсан журам нь 2014 онд гарсан байна. Тухайн зөвшөөрлийг авах үед энэхүү журам хэрэгжиж байгаа учир буцаан хэрэглэх үндэслэл байхгүй. Нарийн журмаас үзэхэд барилгажаагүй талбай дээр барилгын эскиз зураг олгох боломжгүй. МС 2001 оноос газраа баталгаажуулсан.
... Шаардлага хангахгүй барилгыг нураасан учир зориулалт нь өөрчлөгдсөн. 2009 оны 300 дугаар захирамжийн эрх зүйн үйлчлэл нь 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зориулалт өөрчлөх захирамж гарснаар дуусгавар болсон. Дуусгавар болсон эрх зүйн үйлчлэлгүй актыг хүчингүй болгуулахыг шаардах боломжгүй. Акт нь өөрөө хууль ёсны учир нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн зөрчил байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 64 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 9 дүгээр зүйлийн 9.1.4, 16 дугаар зүйлийн 16.2, 16.6 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 300 дугаар захирамжийн МС д холбогдох хэсэг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2013/408 тоот Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 127/2014 тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Г , Ц.П нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулгын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Б давж заалдах гомдолдоо: Нэг. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх хуулийн заалт нь нэхэмжлэгч талын эрхэд хамааралгүй гэсэн утгаар тайлбарлаж нэхэмжлэлийг маань хэрэгсэхгүй болгох үндэслэлээ бичжээ. Гэтэл дээрх хуулийн заалт үйлчлэх нөхцөл нь буюу гуравдагч этгээд газраа хүндэтгэн үзэх шалтгаан байхгүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй байсан. Түүнчлэн, энэ заалт нь Засаг даргын санаачлагын асуудал биш. Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан нь үүрэгжүүлсэн, Засаг дарга биелүүлэх ёстой заалт байгааг эрхэм шүүгч гуравдагч этгээдэд ашигтайгаар тайлбарлаж шийдсэнийг эсэргүүцэж байна.
Хоёр. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд газрын талаар төрөөс баримтлах зарчмуудыг тодорхойлсон бөгөөд энэ зүйлийн 4.1.4-д газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх; гэж заасан болон газар эзэмшүүлэхдээ гэрээнд заавал зориулалтыг заадаг. Гэтэл хуулийн шаардлагыг зөрчсөн нөхцөл байдал болох агуулахын зориулалттай газар дээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар барилга барихыг зөвшөөрсөн нь хариуцагчийн гэм буруу гэж үзэж байна. Хуулийн зөрчил байсаар байхад эрхэм шүүгч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрыг буруутгах боломжгүй гэсэн нь том алдаа гэж гомдож байна. Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх, газар эзэмшигчийн мөрдөх ёстой зарчмын заалт бол газрыг тодорхой зориулалтаар ашиглах явдал.
Түүнчлэн, дээрх зөвшөөрөл олгогдсоны дараа зориулалтыг өөрчилсөн Захирамж гарсан явдал нь өмнөх буюу барилга барих зөвшөөрлийн үндэслэл болсон Нийслэлийн Засаг даргын 300 дугаар захирамж хүчингүй болохоор барилга барих, эхлүүлэх зөвшөөрөл хүчингүй болох ёстой гарцаагүй, эрх зүйн факт гэж үзэж байна.
Гурав. Манай гомдол, нэхэмжлэл гарсны дараа буюу захиргааны хэрэг үүссэний дараа 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/704 дүгээр захирамжаар өмнөх 300 дугаар захирамжийг хүчингүй болгож зориулалтыг өөрчилсөн. Гэтэл шүүгч эрх зүйн үйлчлэлгүй захирамжийг хүчингүй болгуулахаар тодорхойлсон нь ойлгомжгүй гэж дүгнэж байгаа нь шийдвэрлэсэн эрхэм шүүгчийн мэдлэг хүрээгүй явдал уу, эсхүл илт аль нэг талд үйлчилсэн үү гэсэн эргэлзээг төрүүлж байна. Учир нь үүнээс үүдэлтэй буюу хүчингүй болсон гэх 300 дугаар захирамжийг үндэслэсэн Барилга барих зөвшөөрөл одоо хүртэл хүчинтэй байгаа нь харин ч үл ойлгогдох байдлыг шүүх бий болголоо.
Дөрөв. Энэхүү барилга нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын барилга барихтай холбоотойгоор ойр орчмын оршин суугчдаас зөвшөөрөл авах тухай тогтоолд заасан шаардлагыг зөрчсөн. Тодруулбал, нэхэмжлэгч нарын орон сууц барилга хэт ойрхон буюу 12 метр хэмжээнд байгаа нь дээрх тогтоолын заалтыг зөрчсөнөөс нэхэмжлэгч нарын айдасгүй, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг зөрчиж байна. Бид энэхүү барилгыг барьж байгаа байдал, гэр орондоо орж гарах нөхцөлийг хааж байгаа байдал, энэ нь бухимдал, үйл ойлголцлыг бий болгож байгааг харуулсан бичлэг, зургийг нотлох баримтаар өгсөн боловч яаж үнэлсэн нь тодорхойгүй. Гэтэл энэ баримтыг маань хэн ч үгүйсгээгүй. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь барилга хоорондын хэмжээ хэт ойрхон байгаа, түүнтэй холбоотой эрхийн зөрчил байгааг уг үндэстэй нь холбож маргасан боловч эрхэм шүүгчийн нэг талд хичээнгүйлэн шийдвэрлэсэн үзэл бодол даан ч харамсалтай байна. Үүний нэг жишээ бол Үндэслэх хэсэгт байгаа ...иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд бусад этгээдийн эрхээр мөн хязгаарлагдана. Тухайлбал, МС-ийн 90 гаруй багш, ажилчид тэдгээрийн гэр бүл, хүүхдүүд эрүүл аюулгүй ая тухтай орчинд амьдрах эрхтэй гэх гуравдагч этгээдийн тайлбарыг үгүйсгэх аргагүй юм. гэсэн тайлбар юм. Энэ нөхцөлд захиргааны байгууллагын хууль зөрчсөнийг хуулиар зөвшөөрөгдсөн гэж зөвтгөж байна уу, ая тухтай орчинд амьдрах гуравдагч этгээдийн ажилчдын эрх үүсээгүй, үйлчлүүлэгчдийн маань эрх бодитой байхад урьдчилан төсөөлж, хамгаалж байгааг юу гэж ойлгох вэ?
Тав. Эрхэм шүүгчийн дүгнэсэн Үндэслэх хэсгийн эцэст ...нэхэмжлэгч нарын оршин суудаг 36 дугаар байрны оршин суугчдад хүндрэлтэй байдал үүсгэж байгааг үгүйсгэх аргагүй ч... гэснээс ойлговол их л эргэлзэж, мэргэжлийн шүүгчийн хувьд биш хувь хүний хувьд шийдсэн нь харагдаж байна. Түүнчлэн, энэ хэргийн хариуцагчдын байр суурь зөв, үндэслэлтэй байсан эсэхэд дүгнэлт хийлгүй зөвхөн гуравдагч этгээдийн хүсэл, таашаалд нийцүүлсэн шүүхийн шийдвэр боллоо гэж үзэж байна.
Иймээс, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулж, нэхэмжлэлээ бүрэн хангуулахыг хүсэхийн хамт дээр дурдсан гомдлын маань үндэслэлийг нухацтай харьцуулан дүгнэж, шударгаар хянаж шийдээсэй гэж хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
МС-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 1958 онд ашиглалтад орсон ажилчдын 4 айлын орон сууц, агуулахын барилга оршиж буй газрыг тухайн сургууль эзэмшсээр ирсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2001 оны 518 дугаар захирамжаар газар ашиглах эрхийг нь, 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 300 дугаар захирамжаар эзэмших эрхийг нь баталгаажуулжээ.
Дээрх ажилчдын 4 айлын орон сууц, агуулахын барилгыг ашиглах боломжгүйг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч 2011 оны 07-394/653 дугаар дүгнэлтээр тогтоосноор тус сургуулиас хүсэлт гаргасныг үндэслэн Төрийн өмчийн хороо 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 291 дүгээр тогтоолоор барилгуудыг актлахыг зөвшөөрч, чөлөөлөгдөх талбайг тус сургуулийн ажилчдын орон сууц барихаас өөр зориулалтаар ашиглахгүй байхыг сургуулийн захиргаанд даалгажээ.
Улмаар МС Төрийн өмчийн хорооны тогтоол, багш, ажилчдынхаа саналын дагуу чөлөөлөгдөх газарт багш, ажилчдын орон сууц барих зорилгоор баригдах барилгын эскиз зургийг батлуулахаар шаардагдах баримтыг бүрдүүлж хандсаны дагуу Нийслэлийн хот байгуулалт, газрын бодлогыг хэрэгжүүлэх, газар зохион байгуулалт, барилгажилт, дэд бүтцийн хангамж, орчны эрүүл ахуйн талаар техникийн нэгдсэн шийдэл, дүгнэлт гаргах техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Этүгэн дээд сургуулийн баруун талд байршуулан Нийслэлийн Засаг даргын эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 0,98 га талбайн 0,04 га талбайд 15 давхар барилга барихыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрч, 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Архитектур, төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зургийг баталсан, мөн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон нь Газрын тухай, Барилгын тухай хуулиуд болон Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам зэрэгт нийцжээ.
Дээрх байдлаар МС өөрийн эзэмшлийн Төрийн өмчийн хорооны тогтоолд зааснаас буюу ажилчдын орон сууцны зориулалтаас өөрөөр эзэмших бололцоогүй газарт багш, ажилчдын орон сууцны барилга барихаар шаардагдах бүхий л баримтуудыг бүрдүүлж эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлүүдийг авсан нь тогтоогдсон бөгөөд тухайн үед Нийслэлийн Засаг даргын агуулах-ын зориулалтаар газар эзэмшүүлсэн 2009 оны 300 дугаар захирамж хүчин төгөлдөр байсан нь дангаараа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын маргаан бүхий актуудыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга 2014 оны А/704 дүгээр захирамжаар Төрийн өмчийн хорооны шийдвэр болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан 2009 оны 300 дугаар захирамжаа хүчингүй болсонд тооцож, МС-ийн барилга барих газрын зориулалтыг ажилчдын орон сууцны болгон өөрчилсөн байна.
Нэгэнт газар эзэмших эрхийг нь хууль ёсны дагуу баталгаажуулсан, зохих журмын дагуу Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч иргэдийн маргасан үндэслэлээр маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл уг актуудын улмаас нэхэмжлэгч нарын Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2/-т заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөөгүй байна.
Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
Харин шүүх нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...газар чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн, уг шаардлагаа шүүх хуралдаан дээр дэмжсээр байхад дүгнэлт өгөөгүй, улмаар шийдвэрлэлгүй орхигдуулсан нь буруу байна. Зүй нь шүүх газар чөлөөлүүлэх тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан маргаанд хамаарахгүй дээрх нэхэмжлэлийн шаардлагыг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байжээ.
Үүний зэрэгцээ шүүх маргааны үйл баримтад хамааралтай хуулийн зүйл, заалтыг оновчтой баримтлаагүй байгааг зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 64 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтыг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 300 дугаар захирамжийн МС д холбогдох хэсэг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2013/408 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 127/2014 дүгээр Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай иргэн Ц.Г , Ц.П нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д зааснаар нэхэмжлэгч нарын газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР