Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 765

 

 

 

 

2019 оны 11 сарын 04 өдөр                 Дугаар 128/ШШ2019/0765                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.У /РД:*******/

Хариуцагч:Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/226 дугаар тушаалын иргэн Д.Ут холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, энэхүү илт хууль бус актын улмаас надад учирсан хохирол 5.299.182 төгрөгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундралмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б нарыг оролцуулав.

Нэхэмжлэгч Д.У болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Д.У миний бие 2007 онд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 30 дугаар байрны хойд талд байрлах автомашины тоосгон гараашуудаас хамгийн зүүн захад байрлах 111 тоот гараашийг 6 сая төгрөгөөр худалдан авсан. Намайг гараашийг авах үед гараашид ямар нэгэн бичиг баримт байхгүй нэгдсэн зөвшөөрөлтэй гэсэн. Ингээд би 2013 он хүртэл машинаа тавьж ямар нэгэн маргаангүй эзэмшиж ашиглаж байсан.

2013 онд хорооны Засаг дарга Ч.Д, эрх зүйч Д нар дуудаад гараашуудыг нурааж хүүхдийн цэцэрлэг барина гарааш эзэмшиж байгаа хүмүүст нөхөн олговор олгоно гэсэн учраас би зөвшөөрсөн.

Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Б дарга

уулзалт хийгээд бүх гарааш өмчлөгч нарт ямар ч саадгүйгээр нөхөн олговрыг олгоно гэж байсан учраас итгэж байсан. Ингээд гараашийн нөхөн олговрын үнэлгээ хийгдэж төсвийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 192 дугаар тогтоолоор баталж Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын  2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/163 дугаар тушаалын хавсралтын 10-д зааснаар надад 5299182 төгрөг олгохоор шийдвэрлэсэн.

2013 оны 10 дугаар сараас иргэдэд нөхөн олговрыг олгож эхэлсэн бөгөөд миний нөхөн олговор өгөгдөхгүй байсан учраас би удаа дараа очиход “мөнгө өгөөд дууссан байна та жаахан хүлэээж байна уу, төсөвт мөнгө байхгүй байна мөнгө орохоор тань руу ярина” гээд хүлээлгээд байсан. Би бичгээр 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргөдлөө гаргахад “Иргэн Д.Утэй холбогдсон нөхөн төлбөр олгохоор болсон” гэсэн хариу өгсөн боловч олгоогүй, дахин 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл гаргахад 2017 оны 08 дугаар сард шийдвэрлэнэ гэсэн хариуг өгсөн.

2017 оны 07 дугаар сард Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Амартүвшинтэй уулзахад “Манай төсөв 2.7 тэрбумаар тасарсан, 9 сар хүртэл харж байгаад улс тодотгол хийлээ гээд мэдээгээр гарна, тэгэхээр 21 хоногт багтааж өгөх байх, бүр болохгүй бол хоёулаа жагсаал хийж байгаад ч гэсэн олж авъя” гэсэн.

Түүнээс хойш намайг нааш цааш явуулсаар 2018 оны 3 дугаар сарын сүүлээр нягтлантай нь уулзахад таны мөнгө орж ирсэн материалаа өгөөд ав гэсэн.

Миний анх өгч байсан хүсэлт бичиг баримт байхгүй болсон байсан. Тэгэхээр нь дүүргийн орлогч дарга Батцогттой уулзахад бүх төлбөр авсан хүмүүсийн бичиг баримтыг авч үзэхэд нягтлан нь 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” тушаалыг үзүүлэхэд тушаал дээр нь миний нэр байхгүй Уранцэцэг гэсэн нэр байсан. Тэгээд тамгын газрын дарга Амартүвшин нь материалаа бүрдүүлээд мөнгөө ав гэсэн боловч өгөөгүй.

Би Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Ингээд би Баянзүрх дүүргийн Засаг даргад өргөдөл гаргахад нөхөн олговрыг олгох боломжгүй гэсэн хариуг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/1442 тоот албан бичгээр өгсөн.

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын тушаалд өөрчлөлт оруулах тухай А/226 тушаалаар миний гараашийг “Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоож өгсөн байршилд ороогүй, зөвшөөрөлгүй баригдсан” гээд миний өмчлөлийн эд хөрөнгийг нураасныхаа дараа нөхөн төлбөр авахаар батлагдсан иргэдийн нэрсийн жагсаалтаас намайг хасахаар шийдвэрлэсэн нь иргэн миний эд хөрөнгө өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн илт хууль бус шийдвэр юм.

Эдгээр 11 гараашийг анх Нийслэлийн Засаг даргын 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 104 дүгээр захирамжаар “Ноён хангай” ХХК-д 0,013 га газар 6 машины гарааш бариулахаар олгосны үндсэн дээр барьсан байдаг.

Гарааш барьснаас хойш 7 жилийн дараа би худалдан авсан, аваад 6 жил гаран хугацаанд эзэмшиж байгаа. Энэ хугацаанд төрийн ямар ч байгууллага зөвшөөрөлгүй хууль бус гэж хэлээгүй. Газар олгогдон гарааш барьж байгаа компанид захирамж, тушаалыг биелүүлж байна уу гэдэгт төрийн байгууллага хяналтаа тавьж үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авах, иргэдийг хохироохгүй байх арга хэмжээ авах үүргийг иргэдийнхээ өмнө хүлээсэн. Энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс би өнөөдөр хохирч байна. Баригдаад 7 жил болсон учраас би гараашийг худалдан авах боломжтой ямар нэгэн байдлаар миний эрхийг зөрчихгүй гэсэн итгэл үнэмшилтэй байсан, нэгдсэн зөвшөөрөлтэй гэхэд итгэсэн, надад газрын татвар төлдөг гэж анх худалдсан хүн хэлээгүй, татварын алба намайг гараашаа аваад 6 жилийн хугацаа өнгөрөхөд татвар хураамж төл гэж шаардаагүй учраас би газрын татвар төлөх ёстой гэдгийг мэдээгүй. Тухайн гарааш баригдаад нийт 13 жил болсон, иргэн миний бие худалдан авч эзэмшээд 6 жил болсон учраас төрийн байгууллага иргэн миний хууль ёсны итгэл үнэмшлийг хамгаалах ёстой байтал таны гарааш зөвшөөрөлгүй байна гээд миний эд хөрөнгийг төрөөр хураалгаж үгүй болгосны дараа нөхөн олговор олгох шийдвэрээ хүчингүй болгож байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон миний эд хөрөнгө өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай”  А/226 дугаар тушаалын иргэн Д.Ут холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Энэхүү тушаалын улмаас миний гараашийн нөхөн төлбөрт олгохоор шийдвэрлэсэн 5.299.182 төгрөгийг надад олгохгүй болж би хохирч байгаа тул надад учирсан хохирол 5.299.182 төгрөгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү.” гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь шүүхэд “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/226 дугаар тушаалын Д.Уранцэцэгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, илт хууль захиргааны актын улмаас учирсан хохирол 5,299,182 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анх тус дүүргийн 7 дугаар хороонд байрлах 58 дугаар байрны урд талын 0.013 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 104 дугаартай захирамжаар “Ноён хангай” ХХК-д автомашины гараашийн зориулалтаар эзэмшүүлсэн ба тус компани нь иргэд хоорондын гэрээний дагуу иргэн А.Гантулга, Д.Батбаяр, П.Гэрэлт, Г.Алтансүх, Ц.Бадам, Т.Рэгзэн, Ш.Ганбат, Л.Түвшинбаяр, Х.Отгонтуяа, Ж.Цогтбаатар нарын захиалгын дагуу автомашины 10 ширхэг гараашийг барьж дээрх иргэдэд худалдсан байдаг.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 192 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 04  дүгээр сарын 01-ний өдрийн А/185 дугаартай захирамжаар тус дүүргийн 7, 25 дугаар хороодын нутаг дэвсгэрт орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр цэцэрлэг барихаар болсон тул газар дээр байгаа автомашины гараашийн эзэмшигч нартай тохиролцон чөлөөлүүлж, дүүргийн тусгай хэрэгцээнд авахаар болсон.

Ийнхүү дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/163 дугаар тушаалаар газрыг чөлөөлөхтэй холбогдуулан 7 дугаар хорооны гарааш эзэмшигч иргэдэд тус бүр 5,299,182 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн хавсралтад нэр дурдагдсан П.Нэргүй, Д.У нар нь гарааш эзэмших эрхтэй биш болох нь тогтоогдсон тул Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/226 дугаартай тушаалаар нөхөн олговор авах иргэдийн нэрсээс хассан.

Тодруулбал, улсаас үнэлсэн үнэлгээний хуудас, үнэлгээг зөвшөөрсөн гарын үсэгтэй гараашийн гэрчилгээний эх хувь, иргэний үнэмлэхний хуулбар, гарааш эзэмшигчээс гаргасан өргөдөл, гараашийн газрын захирамж, үнэлгээний тодорхойлолт зэрэг баримтуудыг үндэслэн 10 иргэнд гараашийн нөхөн олговрыг олгосон.

Гэтэл нэхэмжлэгчийн эзэмшдэг гэх гарааш нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоож өгсөн байршилд ороогүй, холбогдох баримтууд байхгүй бөгөөд нэхэмжлэгчээс дээрх нөхөн олговор олгосон гараашнуудаас аль гараашийг эзэмшиж байсан талаар тодруулахад мэддэггүй, мөн хэрхэн гарааш эзэмших эрхтэй болсноо нотолж чаддаггүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т нэхэмжлэлд “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”-ийг тусгана, 52.5.1-т “..захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарна гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу захиргааны акт нь илт хууль бус байх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаарддаг.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаас 2013 оны А/163 дугаартай тушаалд өөрчлөлт оруулан 2013 оны А/226 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийн нэрийг нөхөн олговор авах иргэдийн нэрсээс хассан нь нэхэмжлэгч Д.У нь тус дүүргийн 7 дугаар хороонд хууль ёсоор гарааш эзэмшиж байсан талаар баримт бичиг байхгүй, Нийслэлийн Засаг даргын тогтоож өгсөн байршилд байхгүй зэрэг нөхцөл байдлуудыг тус тус үндэслэсэн.

Хэрэв нэхэмжлэгчээс хууль ёсоор гарааш эзэмших эрхтэй этгээд гэдгээ нотолсон баримт бичгийг бүрдүүлэн нөхөн олговор авахаар хандсан тохиолдолд захиргааны байгууллагаас нөхөн олговор олгоход татгалзах зүйлгүй боловч нэхэмжлэгч нь энэ талаар нотолсон зүйлгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт захиргааны акт илт хууль бус байх тохиолдлуудыг дурдсан ба нэхэмжлэгч нь дээрх тохиолдлуудын алийг үндэслэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2013 оны А/226 дугаартай тушаалыг илт хууль бусад тооцуулах гэж байгаа нь тодорхойгүй буюу нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анх Нийслэлийн Засаг даргын 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Барилгын байршил тогтоох тухай” 104 дүгээр захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2000 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 3 дугаар мэдэгдэл хүргүүлж “Ноён хангай” ХХК-д 10 машины гарааш барих зориулалтаар Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 58 дугаар байрны урд талд байрлуулан 0.013 га газар олгосон байна.

“Ноён хангай” ХХК нь нэр бүхий 10 иргэнтэй иргэд хоорондын гэрээ байгуулж, 10 автомашины гараашийг барьж худалдсан байна.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Хөрөнгө зарцуулахыг зөвшөөрөх тухай” 192 дугаар тогтоол болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/185 дугаар захирамжаар тус дүүргийн 7, 25 дугаар хороодын нутаг дэвсгэрт цэцэрлэг барих газар дээр байгаа автомашины гараашийн эзэмшигч нартай тохиролцон газрыг чөлөөлүүлж, тусгай хэрэгцээнд авахаар болжээ.

Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/163 дугаар тушаалаар тус дүүргийн 7, 25 дугаар хороодод орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдах цэцэрлэгийн газрыг чөлөөлөхтэй холбогдуулан нэр бүхий 33 иргэнд тус бүрт нь гараашийн нөхөн төлбөр болох 5,299,182 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүний хавсралтын 10 дугаарт иргэн Д.Уийн нэр орсон байна.

Харин Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/226 дугаар “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар иргэн Д.Уранцэцэгийн эзэмшиж байгаа гарааш нь Нийслэлийн Засаг даргын тогтоож өгсөн байршилд ороогүй, зөвшөөрөлгүй баригдсан гэх үндэслэлээр гараашийн нөхөн төлбөр авахаар батлагдсан иргэдийн нэрсийн жагсаалтаас иргэн Д.Уранцэцэгийг хасч шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Өргөдлийн хариу өгөх тухай” тоотод дээрх А/226 дугаар захирамж нь “Д.Уранцэцэг” хэмээн техникийн алдаатай бичигдсэн талаар дурджээ.

Нэхэмжлэгч Д.У нь “..Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын “Тушаалд өөрчлөлт оруулах тухай”  2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/226 тушаалаар “Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоож өгсөн байршилд ороогүй, зөвшөөрөлгүй баригдсан” гээд миний өмчлөлийн эд хөрөнгийг нураасныхаа дараа нөхөн төлбөр авахаар батлагдсан иргэдийн нэрсийн жагсаалтаас намайг хасахаар шийдвэрлэсэн нь иргэн миний эд хөрөнгө өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус акт юм” хэмээн маргаж байна.

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 13/2194 дүгээр албан бичиг, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13/3164 дүгээр албан бичгүүдээр иргэн Д.У нь тус албатай 7 дугаар хороонд гараашийн “Газрын төлбөр тодорхойлох түр акт” үйлдсэн бүртгэл байхгүй бөгөөд 2011 оноос 2014 онуудад Улаанбаатар банкны 2609005981 тоот төлбөр төвлөрүүлэх дансанд гараашийн газрын төлбөр төлсөн бүртгэл байхгүй болохыг тодорхойлсон байх бөгөөд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “...Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө” гэж заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн Газрын харилцаа геодези зураг зүйн газраас гараашийн зориулалтай газрын 2005-2018 онуудын агаарын зургийг давхцуулан үзэхэд Д.Уийн гарааш байсан гэх газар нь Нийслэлийн Засаг даргын 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 104 дүгээр захирамжаар “Ноён хангай” ХХК-д олгосон 10 автомашины гараашаас тусдаа, зэргэлдээ байрлалтай байсан болох нь тогтоогдож байна. 

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...2007 онд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 30 дугаар байрны хойд талд байрлах автомашины тоосгон гараашуудаас хамгийн зүүн захад байрлах 11 тоот гараашийг 6 сая төгрөгөөр худалдан авсан. Намайг гараашийг авах үед гараашид ямар нэгэн бичиг баримт байхгүй нэгдсэн зөвшөөрөлтэй гэсэн. Ингээд би 2013 он хүртэл машинаа тавьж ямар нэгэн маргаангүй эзэмшиж ашиглаж байсан” гэж тайлбарлаж байх бөгөөд энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, эх сурвалжаа заагаагүйгээс үзэхэд Д.Ут маргаан бүхий газрыг эзэмших ашиглах эрхийн ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.  

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчийн архивт хийсэн үзлэгийн баримтыг нэгтгэн дүгнэвэл уг тушаал нь 2013 онд гарсан, тушаал гарах үед нэхэмжлэгч Д.У нь материалаа бүрдүүлэн өгсөн эсэх нь хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс “...тушаалыг 2017 онд нөхөж гаргасан...” гэх тайлбар үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, 2013 оны 11 сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын А/226 дугаар тушаалаар Д.Уийн гарааш нь цэцэрлэгийн газартай ямар нэгэн давхцалгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын тогтоож өгсөн байршилд ороогүй, зөвшөөрөлгүй баригдсан гэх үндэслэлээр иргэн Д.Уийг гараашийн нөхөн төлбөр авахаар батлагдсан иргэдийн нэрсийн жагсаалтаас хасч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй акт нь практикт маш ховор бөгөөд энэ төрлийн акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байдаг. Жишээлбэл, шийдвэр гаргасан захиргааны байгууллага нь татварын улсын байцаагч боловч нийгмийн даатгалын шимтгэл ногдуулсан байх гэх мэт илт алдаатай захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд Засаг даргын тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолт болон Хөдөлмөрийн дотоод журам зэргээс үзэхэд Засаг даргын тамгын газрын дарга нь нөхөн төлбөр авахаар батлагдсан иргэдийн нэрсийн жагсаалтаас иргэн Д.Уийг хасч шийдвэрлэх эрх бүхий этгээд байна.

Түүнчлэн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлсон байх бөгөөд 33 дугаар зүйлийн 33.5-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга ... эрх хэмжээнийхээ хүрэннд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэж заасан байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/226 дугаар тушаалын иргэн Д.Уранцэцэгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, энэхүү илт хууль бус актын улмаас надад учирсан хохирол 5.299.182 төгрөгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргуулах” шаардлага бүхий иргэн Д.Уийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.5, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/226 дугаар тушаалын иргэн Д.Уранцэцэгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Энэхүү илт хууль бус актын улмаас надад учирсан хохирол 5.299.182 төгрөгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргуулах” шаардлага бүхий иргэн Д.Уийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ОДМАА