| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1706/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/835 |
| Огноо | 2020-05-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2020/ШЦТ/835
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал
улсын яллагч: П.Даваасүрэн
хохирогч : Д.Энхбат
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов :
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 1906 05987 0339 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* 1975 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 26-672 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч ******* нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо жанжины 29 дүгээр гудамжны 291 тоотод Д.Энхбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр 14 цагийн үед Жанжин клубын эцсийн автобусны буудлаас хойшоо алхаж байхад Доржоо ах, Энхбат нар автобусны буудал дээр халамцуу сууж байсан. Би энэ хоёроос “ганц юм уух уу?” гэж асуухад “тэгье” гэж хэлсэн. Би хүнсний дэлгүүр ороод нэг шил архи, ундаа аваад гарч ирээд “хаана архиа уух юм бэ?” гэж асуухад “Хуягаагийнд очъё” гэж хэлсэн. Тэгээд 1 шил 0.75 граммын архи, 1 кола ундаа аваад тэднийд очсон. Тэднийд орж архи уухдаа би Доржоо ахтай Амгалангийн хуучин хүмүүсийн талаар яриад байж байсан. Бид нар ширээний наана цаана сууж байсан. Тэгээд юм яриад байж байхад Энхбат “чи муу юугаа мэддэг юм, чамайг ална даа” гээд босоод ирсэн. Босоод ирэхээр нь ширээний наана цаанаасаа алгадалцсан. Тэгэхэд “Доржоо ах одоо больцгоо” гэж хэлсэн. Тэгээд ширээ тойрох гээд ухасхийхдээ ахуйн хэрэглээний газ хошуутайгаа газар байхад нь бүдэрч унаад духаараа газар унасан. Босож ирэхэд нь духнаас нь цус гарч байсан. Би газны хошууг гараараа хаагаад хөргөгчин дээр тавьсан. Босч ирэхэд нь Доржоо ах “наад нүүрээ угаа” гэж хэлээд шанаганд ус хийж өгсөн. Тэгээд Доржоо ах гараад би гэрт нь үлдсэн. Тэгээд байж байгаад буцаж орж ирээд “нүүрээ угаасангүй, духныхаа цусаар нүүрээ будаж байгаад утсаар яриад яваад өглөө. Цагдаа дуудах гэж байх шиг байна зугт” гэж хэлсэн. “Би зугтаагаад яадаг юм бэ” гээд сууж байхад гаднаас 2 цагда дагуулаад ороод ирсэн. Бид 2 харилцан нэг нэг удаа нүүр рүүгээ цохисон гэв.
Хохирогч Д.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Доржоотой “жанжин клуб”-ын автобуснаас буухад ******* нэг шил архи, ундаа аваад урдаас ирж байсан. Тэгээд бид нар найз Хуягаагийнд орж архиа хувааж уусан. Архи ууж байхдаа энэ 3 хоорондоо “амгалангийн атаман” гэх мэт юм яриад байхаар нь “та нар энэ тухай мэдэхгүй, битгий ийм юм яриад бай гэж хэлэхэд” намайг цохиж аваад өшиглөөд, заамдаж аваад буцаад суусан. Тэгээд архи ууж байснаа атаман гээд яриад байхаар нь “та нар болиоч” гэж хэлэхэд дахиж босч ирээд заамдаж аваад боонгуутаа богино саарал хошуутай газаар цохисон тэгэхэд надаас их хэмжээний цус гарсан. Гэрээс гараад цагдаа дуудахад 2 цагдаа ирээд *******ыг аваад явсан. Би духан дээр оёдол тавиулж, томографийн зураг авахуулсан. Би нэг хоног өнжөөд 6 хоног духаа боолгосон. Тухайн үед тархины 4 эм бичиж өгснийг өдрийн гурваар уусан. Би олон нийтийн газар хамгаалагчаар ажилладаг учраас хүмүүсийн дунд явахад хэцүү санагдаад
ажилдаа 7 хоног яваагүй. Тэгээд оёогоо авахуулаад ажилдаа очсон. Би эмний 100.000 төгрөг, томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг, таксигаар ирж очсон 6 хоногийн 20.000 төгрөг буюу нийт 120.000 төгрөг, 5 өдөр ажилдаа яваагүй цалин өдрийн 80.000 төгрөг байдаг бөгөөд нийт 400.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэв.
Хохирогч Д.Энхбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Тэдний гэрт архиа хуваагаад бид дөрөв авч орсон архиа хуваагаад уугаад байж байхад Болдоо, Хуягаа, Доржоо нар амьдарч байсан талаар газрынхаа талаар яриад байхаар нь би өөр юм яриач гэсэн чинь Болдоо босож ирээд намайг дуугүй бай ална шүү гэж хэлээд багалзуурдаж аваад миний нүүр рүү гараа атгаж байгаад 2-3 удаа цохьсон тэгэхээр нь би сууж байсан сандал дээрээс босоод ирэхэд хөргөгч дээрээс ахуйн газ аваад миний дух хэсэг рүү газны бөгс хэсгээр нэг удаа цохьсон тэгэхэд би хойшоо саваад ширээн дээр унасан намайг унасан байхад Болдоо миний хөл рүү 2-3 удаа өшиглөсөн тэгэхэд Доржоо, Хуягаа нар Болдоог салгахаар нь би гэрээс гүйж гараад цагдаа дуудсан тэгээд цагдаа нар ирээд Болдоог эрүүлжүүлэх рүү авч яваад надад түргэн дуудаж өгөөд явсан. Түргэн намайг гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгөөд би гэмтлийн эмнэлэг дээр очиж 4 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-18/, Гэрч, хохирогчийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл / хх-н 21-25/
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тэр өдөр би Жанжин клубын автобусны буудал дээр 14 цагийн орчим Энхбат, Доржоо нартай тааралдсан тэгээд тэр хоёрыг ганц юм уух юмуу гэж асуусан чинь тэр хоёр зөвшөөрсөн тэгэхээр нь би дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн архи ундааны хамт аваад бид гурав Жанжин клубын автобусны буудлын хойд талд байдаг Хуягаа гэдэг айлд архиа уухаар очсон. Тэгээд Хуягаа ахын гэрт Хуягаа, Доржоо, Энхбат бид нар авч очсон архиад хувааж уугаад байж байхдаа Хуягаа бид хоёр Амгалангийн талаар яриад байж байтал Энхбат өөр юм ярьж дундуур орж ирээд байхаар нь би чи мэдэхгүй байж чимээгүй бай гэж хэлсэн чинь чамайг алнаа гэж хэлээд Энхбат босоод ирсэн. Энхбат бид хоёр ширээний өөдөөс хараад сууж байсан юм би Энхбатыг босоод ирэхээр нь өөдөөс босоод ирсэн чинь Энхбат миний нүүр рүү нэг удаа цохихоор нь би зөрүүлээд Энхбатын нүүр рүү нэг удаа цохьсон чинь Энхбат ширээ тойрч над дээр ирэх гэж байгаад ширээний булангийн цаана өөрөө газар уначихсан. Тэгэхээр нь би очоод Энхбатыг татаад босгоод ирсэн чинь Энхбатын духны гол хэсгээс цус гарчихсан босож ирсэн тэгэхэд Доржоо ах Энхбатыг цусаа уга гэж хэлээд ус аваад Энхбаттай цуг гэрээс гарсан.
Хэсэг хугацааны дараа Доржоо буцаж ирээд Энхбат цусаа угаасангүй цусаараа нүүрээ угаачихаад утсаар яриад гараад явчихлаа цагдаа дуудах гэж байгаа юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар цохьсон биш гэж хэлээд байж байхад 30 орчим минутын дараа Энхбат 2 цагдаа дагуулаад ирсэн. Тэгээд намайг эрүүлжүүлсэн.
Энхбатын духны гол хэсгээс цус гарч байсан өөр ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байсан. Энхбат бид хоёр бие биенээ нэг нэг удаа шанаа хэсэг рүүгээ цохьсон. Энхбат ширээний булан тойрох гэж байгаад согтуу байсан болохоор уначихсан яг яаж унасан гэдгийг мэдэхгүй байна хөл алдаад унасан байх. Тэгээд Энхбатыг газар унасан байхад нь босгоход Энхбатын унасан газар дээр хошуутай ахуйн газ байсан тэр газ дээр унаад Энхбатын духнаас цус гарсан… гэсэн мэдүүлэг / хх-н 26/
Гэрч Д.Доржчулуун мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 11 цагийн орчим Амгалан захаас мах үзчихээд харих гээд автобусанд сууж явтал дотор Энхбат гэх залуу юм ярьж байгаад ботаникийн эцсээс жанжины автобусанд цуг суугаад жанжин клубийн эцэс дээр буугаад Энхбат бага зэргийн халамцуу намайг ганц юм уухуу гэхээр за тэгий гэж хэлээд эцсийн буудал дээр ирээд юм яриад сууж байтал Болдоо 0.75 литрийн Хараа архи 1 том ундааны хамт барьцан ирэхлээр нь Хуягийн гэрт орж ууя гээд бид 3 Хуягийн гэрт ирээд сууж байгаад Болдоо бид хоёр уулзаагүй удсан болохоор хуучин Амгаланд байсан хүмүүсийн талаар яриад сууж байтал Энхбат та нар нутагхарлаа гээд хэлэхэд Болдоо би Амгалан мэдэхгүй гээд тэр 2 маргалдсан Болдоо эхлээд шанаа руу 1 удаа гараараа алгадсан чинь Энхбат эргүүлээд 1 удаа алгадсан чинь өндийгөөд барилцаад авсан тэр 2 ширээний хөлөнд тээгэлдээд хоёулаа унасан тэгсэн чинь Энхбат босоод ирэхдээ духнаас нь цус гарч байсан... гэсэн мэдүүлэг / хх-н 27-28/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол / хх-н 29/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 11831 тоот шинжээчийн дүгнэлт: 1. Д.Энхбатын биед духанд шарх, хамар ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн шанаа, чамархай, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-н 31/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 32-33/
Шинжээч эмч О.Болороо мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Хохирогч Д.Энхбатын биед учирсан духанд шарх, хамар ясны хугарал нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч болно. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хохирогч Д.Энхбатын биед учирсан хамар ясны хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлэр үүссэн гэмтэл хамар ясны хугарал, духанд шарх шинэ гэмтэл байна... гэсэн мэдүүлэг / хх-н 34-36/,
*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 38/, шийтгэх тогтоолын хуулбар / хх-н 40-47/, *******т Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 49 /, прокурорын тогтоол /хх-н 50-51/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 52-53/, *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 54-55 /зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******ыг 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 29 дүгээр гудамжны 291 тоотод Д.Энхбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч *******ыг 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 29 дүгээр гудамжны 291 тоотод Д.Энхбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Энхбат “чи муу юугаа мэддэг юм, чамайг ална даа” гээд босоод ирсэн. Босоод ирэхээр нь ширээний наана цаанаасаа алгадалцсан. Тэгэхэд “Доржоо ах одоо больцгоо” гэж хэлсэн. Тэгээд ширээ тойрох гээд ухасхийхдээ ахуйн хэрэглээний газ хошуутайгаа газар байхад нь бүдэрч унаад духаараа газар унасан. Босож ирэхэд нь духнаас нь цус гарч байсан. Би газны хошууг гараараа хаагаад хөргөгчин дээр тавьсан. Босч ирэхэд нь Доржоо ах “наад нүүрээ угаа” гэж хэлээд шанаганд ус хийж өгсөн… гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Энхбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Архи ууж байхдаа энэ 3 хоорондоо “амгалангийн атаман” гэх мэт юм яриад байхаар нь “та нар энэ тухай мэдэхгүй, битгий ийм юм яриад бай гэж хэлэхэд” намайг цохиж аваад өшиглөөд, заамдаж аваад буцаад суусан. Тэгээд архи ууж байснаа атаман гээд яриад байхаар нь “та нар болиоч” гэж хэлэхэд дахиж босч ирээд заамдаж аваад боонгуутаа богино саарал хошуутай газаар цохисон тэгэхэд надаас их хэмжээний цус гарсан. Гэрээс гараад цагдаа дуудахад 2 цагдаа ирээд *******ыг аваад явсан. Би духан дээр оёдол тавиулж, томографийн зураг авахуулсан.. гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Доржчулууны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...Энхбат та нар нутагхарлаа гээд хэлэхэд Болдоо би Амгалан мэдэхгүй гээд тэр 2 маргалдсан Болдоо эхлээд шанаа руу 1 удаа гараараа алгадсан чинь Энхбат эргүүлээд 1 удаа алгадсан чинь өндийгөөд барилцаад авсан тэр 2 ширээний хөлөнд тээгэлдээд хоёулаа унасан тэгсэн чинь Энхбат босоод ирэхдээ духнаас нь цус гарч байсан... гэсэн мэдүүлэг / хх-н 27-28/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 11831 тоот шинжээчийн дүгнэлтээр Д.Энхбатын биед духанд шарх, хамар ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн шанаа, чамархай, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-н 31/,
Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн.. Хохирогч Д.Энхбатын биед учирсан духанд шарх, хамар ясны хугарал нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч болно. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хохирогч Д.Энхбатын биед учирсан хамар ясны хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлэр үүссэн гэмтэл хамар ясны хугарал, духанд шарх шинэ гэмтэл байна... гэсэн мэдүүлэг / хх-н 34-36/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь Д.Энхбаттай маргалдаж улмаар харилцан бие биенээ цохиж хамт газар унаад босож ирэхэд нь Д.Энхбат дух орчимдоо цохигдож шарх, хамар ясны хугарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэргийн улмаас ******* нь цагдан хоригдсон хоноггүй болно. хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар *******ыг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэргийн улмаас ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ******* нь бусдад хохирол төлөөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Хохирогч Д.Энхбат нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН