Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуянг суулцуулан,

 Улсын яллагч П.Итгэл,

Хохирогч С.Н***********,

 Хохирогчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,

Шүүгдэгч Г.С*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Г***********ийн С***********ид холбогдох эрүүгийн 201622000585 тоот хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Г.С*********** нь 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Мөрөн сумын 14-р багт тус багийн иргэн С.Н***********ийг түлхэж унагаасны улмаас биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

 Шүүгдэгч Г.С*********** нь 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Мөрөн сумын 14-р багт тус багийн иргэн С.Н***********ийг түлхэж унагаасны улмаас биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Г.С***********ийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагийн үед эхнэр бид хоёр Мөрөн сумын 14 дүгээр багт явж байгаад найз Даваабаатар, Нэргүй хоёртой гудамжинд таарч, тэндээсээ Нэргүйгийнд очиж гурван шил архи уусан. Тэр үед эхнэр бид хоёр муудалцаж эхнэртээ агсам тавьсан. Эхнэр маань надаас айгаад гарч зугатааж байгаад нэг айлруу гүйж орсон. Тэгэхээр нь би араас нь гүйж ороод зуухыг нь бүтэн тойрч эхнэрээ хөөгөөд буцаад хаалгаар нь гараад гүйсэн. Тэр үед гэрийн эзэн бололтой нэг эмэгтэй хүн чи юун хүн бэ? айлд дураараа орж ирлээ гээд миний урдуур ороод ирэхээр нь би тэр эмэгтэйг та холдож бай, би эхнэрээ аваад гарлаа гээд баруун тийш түлхэж унагаагаад гарч гүйсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Хохирогч С.Н***********ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: "2016 оны 08 дугаар сарын 28-ны орой намайг гэртээ байж байтал манай хашаа руу нэг эмэгтэй хүн туслаарай гээд гүйж орж ирээд айж сандарсан бололтой зуухны хажууд зогссон. Гэтэл тэр хүний араас нэг залуу гүйж орж ирээд бүгдийг чинь ална гэж орилж, хашгираад нөгөө хүүхэн рүү дайрсан. Тэгэхээр нь би нөгөө хүүхнийг өмөөрөөд тэр залууруу чи юун хүн юм бэ? айлд дураараа орж ирээд танхайрч байдаг гэж хэлтэл намайг бас ална гээд над руу дайрч, намайг хоёр удаа цохиж унагаасан. Би өөрөө бие давхар жирэмсэн болохоор хүчтэй эсэргүйцэж чадахгүй газарт унасан юм. Тэр үед нөгөө хүүхэн айгаад гараад зугатаасан." гэх мэдүүлэг /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

 Гэрч Н.Гэрэлмаагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: "...Би 2016 оны 08 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед Насанжаргал эгчтэй уулзах гэж гэрт нь очсон. Тэгээд Насанжаргал эгч надад хоол хийж өгөх гээд байж байтал хашааны гаднаас нэг эмэгтэй хүн гэрт нь гүйж орж ирээд надад туслаарай гээд орилоод байсан. Насаа эгч бид хоёр юугаа ч ойлгоогүй байтал араас нь нэг эрэгтэй хүн бүгдийг чинь ална гээд хашгираад ороод ирсэн. Тэр залуу Насаа эгчийн гэрт орж ирээд мэндийн зөрүүгүй нөгөө орж ирсэн хүүхэн рүү зодох гэж дайрсан. Тэгэхээр нь Насаа эгч нөгөө залууг чи юун хүн бэ? Танихгүй айлд орж ирчихээд юу болоод байгаа юм бэ? гэтэл нөгөө залуу та нарыг бүгдийг чинь ална гээд насаа эгчийг барьж аваад татаж унагаасан. Тэр хооронд нөгөө эмэгтэй айж сандраад гараад гүйчихсэн. Насаа эгч бие давхар жирэмсэн болохоор унчихаад босч чадахгүй байтал толгой руу нь нэг хоёр удаа цохиж аваад нөгөө хүүхний араас гараад гүйсэн. Тэгээд Насан эгч намайг чи гараад хаашаа явж байна харчих гэхээр нь би гараад харчих санаатай хашааны хойд хаалган дээр очтол нөгөө залуу үүдэн дээр байж байгаад намайг бас зодох гэж дайрсан. Тэгтэл хашааны гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд наад хүн чинь танай эхнэр биш байна гээд нөгөө агсам тавиад байсан залууг аваад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

 Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 488 тоот "...1.Н***********ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2.С.Н***********ийн биед баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, тархины доргилт, мөр зулайд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.3.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрхи гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.5.Дээрхи гэмтлүүд нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын алдангид нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

Шүүгдэгч Г.С***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч С.Н*********** нь шүүгдэгч Г.С***********той эвлэрсэн болох нь 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн заалт байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.С*********** нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн болох нь шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ялтайд тооцогдохоор байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хамаарагдаж байх тул түүний ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв. Эрүүгийн 201622000585 эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч Г.С*********** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаарт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Авга хариад овогт Г***********ийн С***********ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Г.С***********ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн 201622000585 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч Г.С*********** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С***********ид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ