| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1541/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1612 |
| Огноо | 2018-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1612
2018.11.28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Э.Намуун,
шүүгдэгч А.Н /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Хотон овогт А.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0700 22009 дугаартай хэргийг 2018 оны 11 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Хотон овогт Аюурсүрэнгийн А.Н, 1982 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, Вайт найт бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, *************** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,ял шийтгэлгүй, /РД:**********/,
Шүүгдэгч А.Н нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” бааранд иргэн Б.Лыг нүүрэн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч А.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, миний буруутай үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Яллагдагч А.Нын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай бармен Сарангэрэл намайг алгадлаа гэхээр нь би тэр Лутбаяр гэх залууг хойш нь түлхтэл тэр залуу надад хандан чамд хамаагүй гээд найзтайгаа дайраад байхаар нь би баруун гараараа Лутбаяр гэх залуугийн нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон...Б.Лыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хх-26-27,45/
Хохирогч Б.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Моника бааранд найз Адъяагийн хамт ороод текэн дээр очиход тухайн баарны бармен гэх эмэгтэй та нарт үйлчлэхгүй гэхэд яагаад бид хоёрт үйлчлэхгүй юм бэ гэж хэлэхэд миний нүүр лүү алчуур шидсэн юм тэгэхээр нь би тухайн алчуурыг урдаас нь буцаагаад шидэхэд хажуу талаас махлагдуу 30-35 орчим насны хамгаалагч гэх залуу миний нүүрэн тус газар цохисон юм...А.Н гэх хүн миний нүүрэн хэсэгт нэг удаа цохиод газарт унасан байхад нүүрэн хэсэгт гараараа цохисон...” гэх мэдүүлэг. /хх-9-10/
Хохирогч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...найз Лутбаярын хамт ороод үйлчлүүлээд бармен дээр нь очоод уух зүйл захиалах гэж байгаад барментай нь маргалдаж эхэлсэн.Бармен нь та нар шиг бацаануудад үйлчлэхгүй гээд Лутбаяр луу алчуураа шидсэн. Лутбаяр тэр эмэгтэй рүү шидсэн алчуурыг нь шидэж маргалдсан. Энэ үед хамгаалагч А.Н гэх залуу хажуу талаас ирж Лутбаярын нүүрэн хэсэгт цохиж унагаад газарт унасан байхад дээрээс нь цохиж зодсон. А.Н гэх хүн миний биед хүрээгүй..” гэх мэдүүлэг./хх-16-17/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10471 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч А.Н нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” бааранд иргэн Б.Лыг нүүрэн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч А.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Л нь шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хотон овогт А.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Ныг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР