Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 3452

 

 

 

 

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2017/03452

Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

                                                                                                                                                      

Нэхэмжлэгч:  Б -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч -д холбогдох,

 

Ж.Ч   аас 5,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Я.Б     ээс 3,640,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Лхасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номинцэцэг нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар  болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багийн малчин Я.Б      би Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 81 дүгээр гудамжны 44 тоотод оршин суугч “Цахар баян” ХХК-ийн захирал гэх Ж.Ч      тай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баргилтын өндөр хөтлийн өвөлжөөнийхөө дэргэд гүний өрмийн худаг гаргуулахаар эр үхэр 3, нэг бүрийг нь 1,500,000 төгрөгөөр, хонь 3, нэг бүрийг нь 100,000 төгрөгөөр тооцож, малыг Улаанбаатар хотод хүргэж өгөхөд 200,000 төгрөг, бүгд 5,000,000 төгрөг хөлсөнд нь өгч тохиролцсон юм. Ж.Ч    нь би танай нутгийн хүн, худгийг ус гартал нь найдвартай өрөмдөж өгнө, эндээс ус гарахгүй байсан ч өөр газар өрөмдөж ус гаргаж өгнө гэж тохирч итгэл хүлээлгэн хөлсөнд нь дээрх малыг урьдчилан авч Улаанбаатар хотод хүргүүлсэн юм. Гэтэл Ж.Ч    хил хамгаалах газрын 252 дугаар ангийн 42 метр ухаад байсан нарийн трубатай газрын гадуур бүдүүн труба цохиж оруулснаа 14 метр ухлаа, ус гарахгүй байна хэмээн худлаа хэлж орхиж явсан юм. Иймд би Ж.Ч   тай удаа дараалан уулзаж, утсаар ярьж тохиролцсоныхоо дагуу ус гаргаж өгөх талаар 2 жил шахам шаардахад дахин өндөр хөлс авахаар нэхэж, аашилж загнаж, айлган сүрдүүлдэг болж ядарсан малчин намайг удаан хугацаагаар хохироож байна. Ж.Ч    нь уг газраас ус гарах үгүй талаар хайгуулын судалгаа хийгээгүй. Ж.Ч    гүний худаг ухаж ус гаргаж өгөөгүйгээс Дамбарэнчин, Мөнхөө нарын худгаас 10 гаруй км явж, их хэмжээний бензин тос зарж өдөр бүр 40 тн ус зөөн малаа услаж олон сая төгрөгөөр хохирлоо. Мөн өөр компаниар дахин хөлс төлж уг газрын дэргэд ус гаргуулсан. Би энэ тухай хуулийн мэдлэг муугаас Баянзүрх дүүрэг, Төв аймгийн цагдаагийн газарт болон Төв аймгийн шүүхэд 2 удаа өргөдөл гаргаж, багагүй чирэгдэл хохирол учирлаа. Иймд худаг ухаж ус гаргаж өгнө гэж тохирч өртөг хөлсийг нь урьдчилан авчихаад ус гарахгүй байна гэж ярилцаж тохиролцсоноосоо буцаж ус гаргаж өгөлгүй намайг 2 жил хохироож байгаа Ж.Ч   аас надад учирсан 5,000,000 төгрөгийн хохиролыг барагдуулж өгнө үү.

2014 оны 09 дүгээр сард өрөмдлөг хийж 42 метр ухаад орхисон цооногийг ус гартал өрөмдөх аман тохиролцоо бидний дунд хийгдсэн. Хэдэн метр үргэлжлүүлэн ухсан нь тодорхойгүй орхиод явсан. 2016 оны 09 дүгээр сард Ж.Ч   ы ухсан газраас 500 метрийн зайд 100 метрийн гүнээс гүний худаг гаргуулсан. Энэ газар өрөмдлөг хийсэн учир 2 машин гаруй овоолготой шороо гарсан нь одоо болтол худгийн хажууд байгаа. Ж.Ч   ы ухсан нүх 79,8 метр гэж хэлэхэд дэндүү үнэмшмээргүй дүр зураг харагдаж байна. Иймээс ямар ажил хийсэн нь тодорхой. Газар дээр нь усны хайгуулыг Ж.Ч    өөрөө ах нь ус гартал ухаж өгнө, 3 үхрээ хүргээд өг гээд авсан. Надтай гэрээ байгуулах тухай асуудлыг надтай ганц ч удаа яриагүй. Зүгээр ухах тухай асуудал ерөөсөө яриагүй, ус гаргах тухай асуудал ярьсан. Сумын цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахад манайх шийдэхгүй шүүхээр шийднэ гэсэн хариу өгсөн. Гаргасан шорооноос нь харахад 79,8 метр газар ухаагүй. Тиймээс илүү ухсан гэх 28 метр газрын төлбөр 3,640,000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оноос хойш 3 жилийн турш хуулийн байгууллагаар явсан бодит зардлуудыг дараа нь жич нэхэмжлэх болно” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “2014 оны 09 дүгээр сард Төв аймгийн малчин Я.Б     э гэгч утсаар холбогдож Төв аймгийн Эрдэнэсант суманд ирж хуучин ухаж байсан худагны нүхийг үргэлжлүүлэн ухаж өгөөч, нутгийн хүнээс таныг худаг гаргадаг гэдгийг чинь сонслоо. Та эхлээд ирээд газраа үзээд, үнээ тохирооч гэж гуйсны дагуу миний бие өөрийн зардлаар явж Я.Б     этэй уулзаж тэр газрыг үзсэн. Тухайн үед нутгийн малчин Бөлцгөө гэдэг залуу цуг явж худаг гаргуулах газрыг үзэхэд өвөлжөөнөөс 500 метр баруун урд ухаж байгаад орхисон газар байсан. Ойр орчим газрын дээд хэсэг сөвсөг хөрсний бага зэрэг шороо гаргаж орхисон байсан. Тэр үед энэ газрыг хэр их ухсан бэ гэхэд наана чинь ухаж шалиагүй ухаж байгаад өрөм юмуу, машин нь эвдрээд тэрэнтэйгээ ноцолдож байгаад хүмүүс нь буцсан. Би энэ газар хайгуул хийсэн үү гэхэд манай ах таньдаг Эрдэнэбаяр гэдэг хүнээрээ хайгуул хийлгэсэн, хөлсөнд нь 150,000 төгрөг өгсөн гэсэн. Хайгуулын дүгнэлт өгсөн үү гэхэд аваагүй зүгээр эндээс баттай ус гарна та зүгээр үргэлжлүүлээд 20 метр ухаад өг. 40-60 метр ухаад л ус гарна гэж шалаад байсан. Тухайн үед би өрөмдөөд энэ цэгээс ус гарахгүй бол би хариуцахгүй шүү гэж тайлбарлаж хэлэхэд угаасаа энэ газар ухаж эхэлсэн газар учир та үргэлжлүүлээд 20 метр ухаад өгчих би танд 3 үхэр өгье гэж шалж гуйгаад байхаар нь би ийм бага зардлаар ухах боломжгүй, өөр худаг гаргуулах айл байвал би хамтруулаад хийж өгье гэж хэлсэн. Тэр үед хамт явж байсан Бөлцгөө гэдэг хүн би худаг гаргуулъя манай хүргэн ах бас худаг гаргуулна гэж хэлсэн учир би зөвшөөрсөн, тус газар дээр нь ухахаар тохиролцсон. Үүний дагуу тус газар нийт 3 айлд худаг гаргаж хүлээлгэж өгсөн бөгөөд акт бичиг баримт нь бүгд байгаа болно. Бат-Эрдэнийн газрыг 79,8 метр ухаж өгсөн боловч ус гараагүй. Анх 20 метр ухахаар тохиролцсон боловч миний бие 65,8 м ухаж өгсөн бөгөөд илүү 45,8 м газрыг ухаж өгсөн. Ухаж байсан газар дээр ухалт хийсэн бөгөөд ус гарах хайгуулын дүгнэлтийг өөрсдөө хийсэн гэж тайлбарлаж намайг маш хохироосон бөгөөд миний бие илүү ухсан мөнгөний зардлыг өөрөөсөө гаргасан. Би ухаж байсан газар дээр 20 метр ухаж өгөхөөр анх тохиролцсон бөгөөд тэр газар 40 м ухсан гэсэн боловч хэмжилт хийхэд 14 м газар л ухсан байсан. Надад хөлс гэж 3 үхэр л өгсөн бөгөөд энэ мөнгө нь зөвхөн ажилчдын ажлын хөлсний тал зардалд л хэрэглэсэн бөгөөд материалын зардал түлшний зардал зэргээр би өөрөө хохирсон. Миний бие хохирсон зардлаа жичдээ нэхэмжлэх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ тухай орон нутгийн цагдаагийн хэлтэст хандаад намайг холбогдолгүй гэж дүгнэлт гаргасан болно.

Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Я.Б     ийн хүсэлтээр өрөмдлөг хийж байгаад дутуу орхисон цооногт дээрээс нь өрөмдлөг хийхээр тохирч өрөмдлөг хийсэн. Тухайн үед уг цооногт өрөмдлөг хийж байгаад дутуу орхисон учир үргэлжлүүлэн ухах аман тохиролцоо бидний дунд хийгдсэн. Миний зүгээс хайгуулын дүгнэлт хийлгэсэн үү гэхэд бид хайгуул хийлгэх шаардлагагүй, манай ах хайгуулын дүгнэлт хийлгэсэн үргэлжлүүлээд 40-60 метр өрөмдөхөд болно гэсний дагуу бид 60 метр ухсан боловч ус гараагүй. Цааш үргэлжлүүлээд ухаад өгөөч гэсний дагуу нийт 79,8 метр ухаж шахалтууд хийж үзэхэд ус гараагүй. Тухайн газар миний бие хэд хэдэн газар худаг гаргаж бүгдийг гэрээний дагуу биелүүлж актаар хүлээлгэн өгсөн. Харин Я.Б     этэй гэрээ байгуулъя гэж удаа дараа хэлэхэд өөрөө шаардлагагүй гэж татгалзсан. Бид мэргэжлийн талаас нь тайлбарлаж өгөөд цааш ухахаа зогсоосон. Учир нь анхны аман тохиролцоо бол өрөмдөж байсан газрыг цааш үргэлжлүүлээд 40-50 метр ухаад өг  хөлсөнд нь 3 үхэр өгье гэж тохиролцсон боловч бид илүү зардал гаргаж 79,8 метр ухаж өгсөн. Тухайн үед илүү ухсан метрийн хөлсийг төлнө цааш үргэлжлүүлээд ух гэсэн боловч хөлсийг төлөөгүй. Хайгуулын асуудлыг надтай хамааруулж байгааг ойлгохгүй байна. Миний зүгээс ус гаргаж өгнө гэсэн амлалт өгөөгүй. Ухсан газрыг үргэлжлүүлэн ухаад өг гэсний дагуу ухсан. Тухайн үед тус сумын цагдаагийн байгууллага шалгаж энэ хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Иргэн Я.Б     э нь анхны тохиролцсон тохиролцоогоо зөрчиж надад маш их чирэгдэл учруулж байгаа учир миний бие илүү ухсан 28 метрийн хөлсийг нэхэж байна. Миний бие өрөмдлөг хийхэд ажилчид болон ажлын хөлсийг өөрөөсөө гаргаж илүү ухсан хөлсийг ч нэхэхгүй байхад ийм зан гаргаж байгаад маш их гомдолтой байна. Я.Б     э нь өөрийн хүчний байгууллагад ажилладаг танил талаараа айлган сүрдүүлж дарамталж, гэр орноор минь хүртэл удаа дараа ирж дарамталж байгааг миний бие дурдах нь зүйтэй байх. Иймд илүү ухсан 28 метр газрыг 130,000 төгрөгөөр бодоход 3,640,000 төгрөг болсон тул Я.Б     ээс гаргуулж өгнө үү” гэв.

 

     Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад         

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Б      нь хариуцагч Ж.Ч   аас 5,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг,

хариуцагч Ж.Ч    нь нэхэмжлэгч Я.Б     ээс 3,640,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.

 

1/ Хариуцагч Ж.Ч   аас худаг ухуулах ажлын хөлсөнд өгсөн эр үхэр 3, нэг бүрийг нь 1,500,000 төгрөгөөр, хонь 3, нэг бүрийг нь 100,000 төгрөгөөр тооцож, малыг Улаанбаатар хотод хүргэхэд гарсан зардал 200,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар

Нэхэмжлэгч Я.Б     нь хариуцагч Ж.Ч   аас 5,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Нэхэмжлэгч Я.Б     э нь 2015 оны 10 дугаар сард Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багийн нутаг Баргилт гэх газар өөрийн өвөлжөөний орчим ухсан байсан нүхийг хариуцагч Ж.Ч   аар үргэлжлүүлэн худгийн нүх ухуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан гэрээг байгуулахад хэлбэрийн талаар тусгайлсан зохицуулалт хуульд байхгүй ба зохигчдын тохиролцооноос үзэхэд талууд хүсэл зоригоо илэрхийлж, нэхэмжлэгч тохиролцсоны дагуу хөлс төлсөн, хариуцагч худгийн нүх ухах ажлыг хийж гүйцэтгэсэн байх тул тэдний хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч уг газраас ус гарах эсэх талаар хайгуулын судалгаа хийлгүй худаг ухаж, ус гаргаж өгнө гээд өртөг хөлсийг нь урьдчилан авчихаад ус гарахгүй байна гэж ярилцаж тохиролцсоноосоо буцаж ус гаргаж өгөөгүй тул 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

 

Хариуцагч Ж.Ч    нь нэхэмжлэгч таньдаг хүнээрээ хайгуулын ажил хийлгэсэн, дутуу ухсан нүхийг үргэлжлүүлээд 20 метр ухаад өг, 40-60 метр ухаад л ус гарна гэж хэлсний дагуу 20 метр ухаад ус гарахгүй болохоор нь 65,8 метр ухсан боловч ус гараагүй, тохирсноос илүү ажил хийж хохирсон тул нэхэмжилж буй 5,000,000 төгрөгийг хариуцахгүй гэх тайлбарыг гарган маргасан.

 

Нэхэмжлэгч Я.Б     э нь хариуцагч Ж.Ч   д холбогдуулан 5,000,000 төгрөгийг гаргуулах гомдлыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт гаргаж, тайлбар  өгөхдөө “...газар өрөмдөхөд 1 метр нь 130,000 төгрөг гэхээр нь бид хоёр ус гарвал 10 сая төгрөг гэж тохиролцоод би тал мөнгийг нь өгнө гэж үлдээд 2015.10.10-ны өдөр би өөрийнхөө улаан халзан нас гүйцсэн гуна, эрээн хүрэн нас гүйцсэн гуна, улаан нас гүйцсэн гуна, 3 эм хонь амьдаар нь ачаад Улаанбаатар хотод Чулуунд 3 үхэр, 3 хонь, нийт 5 сая төгрөг гэж бодож өгсөн юм...” гэж мэдүүлснээс үзэхэд зохигчид худаг ухаж, ус гаргах ажлын хөлсний талаар тохиролцсон байсан гэж үзэхээр байна. /хх-37/

 

Нэхэмжлэгч нь өөрийн өвөлжөөний орчим ухсан байсан нүхийг үргэлжлүүлэн ухуулахдаа нүхний гүнийг хэмжиж хариуцагчид хүлээлгэн өгөөгүй, хариуцагч нь ухсан байсан нүхийг хүлээж авахдаа хэмжилт хийгээгүй, мөн өөрийн үргэлжлүүлэн ухсан нүхийг хэмжилт хийн хүлээлцээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч нь 42 метр ухсан байсан нүхийг үргэлжлүүлэн ухуулсан, хариуцагч 79,8 метр ухаагүй, хайгуул хийж, ус гаргаж өгөх ёстой байсан гэх тайлбарыг гаргаж байх боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй бөгөөд хариуцагч Ж.Ч    3 үхэр, 3 хонь ажлын хөлсөнд аваад худаг ухаж, ус гаргах ажлыг хийж гүйцэтгэж дуусгах ёстой байсан болох нь тогтоогдохгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ж.Ч   аас 5,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            2/ Нэхэмжлэгч Я.Б     ээс илүү ухсан 28 метр газрыг 130,000 төгрөгөөр тооцож 3,640,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар

 

Хариуцагч Ж.Ч    нь 3,640,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагч Ж.Ч    нь нэхэмжлэгчийн зааж өгсөн газарт ухсан нүхийг үргэлжлүүлээд 20 метр ухаад өг, 40-60 метр ухаад л ус гарна гэж хэлсний дагуу 60 метр ухсан боловч ус гараагүй, цааш нь үргэлжлүүлээд ухаад өгөөч гэсний дагуу нийт 79,8 метр ухаж, шахалтууд хийж үзэхэд ус гараагүй, мэргэжлийн дагуу тайлбарлаж өгөөд цааш ухахаа зогсоосон, анхны тохиролцсоноос илүү ухсан 28 метрийн хөлсийг нэхэмжлэгчээс гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн зааж өгсөн газарт ухсан байсан нүхийг үргэлжлүүлэн ухахдаа хэмжилт хийн хүлээж аваагүй, мөн өөрийн ухсан нүхийг хэмжилт хийн хүлээлцээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь 28 метр илүү ухсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул илүү ухсан гэх 28 метр газрыг ухсан ажлын хөлс 3,640,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Я.Б     ээс 3,640,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Ч   аас 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Я.Б     ийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Я.Б     ээс 3,640,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.Ч   ы сөрөг  нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 94,950 төгрөгийг, хариуцагчийн  улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 73,190 төгрөгийг тус тус улсын орлогод  хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР

.