Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/03104

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д. Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 2-р хороо, Монос ФТ ХХК-ийн байранд байрлах, РД-2392836, Монос дэлгэрэх ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 3-р хороо, 34 Б байрны 36 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ТЗ86082718, Замбал овогт Болдын Мөрөн-Оргил,

хариуцагч- Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 3-р байрны 38 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЕЙ84082406, Боржигон овогт Бааяагийн Сүнжидмаа нарт холбогдох,

7 587 747 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Монос дэлгэрэх ХЗХ-ны захирал С.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 7 587 747 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Иргэн Б.Мөрөн-Оргил, Б.Сүнжидмаа нартай 2014-11-12 өдөр №151 тоот зээлийн гэрээ байгуулж, 7 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн.

Зээлдэгч нартай фидуцийн №151 тоот гэрээ байгуулж, 51-88 УНН улсын дугаартай, J31120131 арлын дугаартай, Nissan Teana маркийн автомашиныг манай ХЗХ-ны нэр дээр шилжүүлэн барьцаалсан.

Зээл төлөх хуваарийн дагуу зээлийн №151 тоот гэрээний хугацаа 2015-11-12 өдөр, зээлийн төлбөрийг бүрэн төлснөөр дуусгавар болох байсан боловч зээлдэгч нар үүргээ гүйцэтгэх хугацааг хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тавьсан удаа дараагийн шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, худлаа ярьж зээлдүүлэгчид хүндрэл учруулсан.

Иймд манай ХЗХ нь Б.Мөрөн-Оргил, Б.Сүнжидмаа нартай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн зээлийн нийт дүнг 2017-10-15 өдрийн байдлаар тооцож, үндсэн зээл 3 859 800 төгрөг, үндсэн хүү 3 069 822 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 658 124 төгрөг, нийт 7 587 747 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Зээлдэгч нар нь зээл авснаас хойш нийт зээлээс үндсэн зээлд 3 140 200 төгрөг, зээлийн хүүд 3 356 800 төгрөг, нийт 6 497 000 төгрөгийг төлсөн. Уг төлөлтийг хийхдээ зээлийн барьцаанд байсан 51-88 УНН улсын дугаартай, J31120131 арлын дугаартай, Nissan Teana маркийн автомашиныг 6 000 000 төгрөгөөр зарж төлөлтөө хийсэн.

Иймд хариуцагч Б.Мөрөн-Оргил, Б.Сүнжидмаа нараас 7 587 747 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2014-11-12 өдрийн № 151 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 2.1 дэх хэсэгт 51-88 УНН улсын дугаартай, J31120131 арлын дугаартай, Nissan Teana маркийн автомашиныг бид тохиролцсон үнэ 12 000 000 төгрөг, харин фидуцээр хангагдах үүргийн үнийн дүн нь 9 000 000 төгрөг байхаар тохиролцож гэрээ байгуулсан. Харин 2015-10-08 өдөр авто машин хүлээлцсэн акт үйлдэж, авто машиныг хүлээлгэн өгсөн.Нэхэмжлэгч тал автомашиныг хүлээн авсан. Үүнээс хойш бидэнтэй огт холбоо бариагүй. Бид ч асуудал дууссан гэж бодож байсан. Хэрвээ автомашинаа үнэлүүлэх юм уу, аль эсхүл зарахдаа бидэнд мэдэгдсэн бол бид арай ийм хямдхан зарахгүй байсан. Бидний хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж зах зээлийн ханшнаас хэт доогуур зарж борлуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгч байгууллагын аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт, зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, зээлдэгч нарын иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн тодорхойлолт, зээл олгосон баримт, хураамж төлсөн баримт, автомашиныг үнэлсэн үнэлгээ, үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл, автомашин эзэмшигчийн гэрчилгээ, фото зураг, зээлийн тооцоолол, шүүгчийн 2017-01-27 өдрийн 102/ШЗ2017/01719 захирамж, автомашин хүлээлцсэн акт, CD, хурлын тэмдэглэл, тогтоол, шинээр гишүүнээр элссэн хүмүүсийн жагсаалт зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,          

ҮНДЭСЛЭХ НЬ: 

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагчид шүүх хуралдааны тов хүргэгдсэн байх боловч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд ирээгүй, ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэгийг хэлэлцлээ.

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр нэхэмжлэгч байгууллагын нябо В.Туяаг оролцуулахаар шүүх тогтоосон бөгөөд хариуцагч хуралдаанд ирээгүй, зохигчийн хооронд мэтгэлцээн явагдахгүй болсон тул хариуцагч Б.Мөрөн-Оргилтой уулзах уулзалтын үед юу яригдсан тухай гэрчлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн гэрчээс мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь Б.Мөрөн-Оргил, Б.Сүнжидмаа нартай 2014-11-12 өдөр №151 тоот зээлийн гэрээ байгуулж, 7 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлдэгч нартай фидуцийн №151 тоот гэрээг байгуулж, 51-88 УНН улсын дугаартай, J31120131 арлын дугаартай, Nissan Teana маркийн, Б.Мөрөн-Оргилын эзэмшлийн автомашиныг эзэмших эрхийг нэхэмжлэгч өөрийн нэр дээр шилжүүлэн авч барьцаалсан байна.

Зохигч харилцан хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуульд заасан хэлбэрийн шаардлагуудыг хангасан, хүчин төгөлдөр байх тул харилцан эрх эдлэх, үүрэг шаардах эрх үүссэн байна.

Нэхэмжлэгч зээлийн гэрээгээр хүлээсэн 7 000 000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн, хариуцагч Б.Мөрөн-Оргил фидуцийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулсан автомашины эзэмшигчийн эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн байна.

Зээл төлөх хуваарийн дагуу хариуцагч 2015-04-29 өдөр зээлийн хүүд 497 000 төгрөгийг төлсөн, 2015-10-08 өдөр автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байх бөгөөд зээлийн №151 тоот гэрээний хугацаа 2015-11-12 өдөр дуусжээ.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг Б.Мөрөн-Оргил болон Б.Сүнжидмаа нартай, фидуцийн гэрээг Б.Мөрөн-Оргилтой байгуулж, хамтран зээлдэгч Б.Сүнжидмаа гарын үсэг зурсан байгаа боловч хоршоо нь эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулах, гишүүндээ үйлчлэх аж ахуйн нэгж бөгөөд хариуцагч Б.Мөрөн-Оргил нэхэмжлэгч хоршооны дүрмийг зөвшөөрч, тус хоршооны Тэргүүлэгчдийн хурлаар түүнийг гишүүнээр элсүүлсэн, энэ тухай шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх тул зээлдэгч Б.Мөрөн-Оргил нь нэхэмжлэгч хоршооноос үйлчилгээ авах эрхтэй байна.

Иймд зээлийн гэрээний тал нь нэхэмжлэгч болон зээлдэгч Б.Мөрөн-Оргил, фидуцийн гэрээний үүрэг мөн нэхэмжлэгч болон автомашины эзэмшигч Б.Мөрөн-Оргил нарын хооронд үүсэх юм.

Фидуцийн гэрээний талууд гэрээний 2.1-д зээлдэгч нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн 12 сая төгрөгийн үнэ бүхий 51-88 УНН дугаартай автомашинаар зээлийн гэрээний 9 000 000 төгрөгийн үүргийг хангуулахаар тохирсон байх бөгөөд зээлдэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө уг автомашины эзэмшлийг 2015-10-08 өдөр биетээр нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн байна.

Автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх өдөр хүртэл зээлдэгч зээлийн гэрээний үүргээс зээл 7 000 000 төгрөг, зээлийн хүү 2 206 166,68 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ.

Нэхэмжлэгч 2016-01-05 өдөр уг машиныг 6 000 000 төгрөгөөр үнэлүүлсэн тухай үнэлгээг нотлох баримтаар шүүхэд ирүүлж, 2016-01-25 өдөр 6 000 000 төгрөгийг зээлдэгчийн гүйцэтгэвэл зохих үүргээс зээлд 3 140 200 төгрөгийг, зээлийн хүүд 2 860 000 төгрөгийг тооцож, 2017-10-15 хүртэл хугацаанд гүйцэтгэвэл зохих үүрэгт 7 587 747 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь зохигчийн байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний заалтад нийцээгүй, гэрээний 3.1.2 заалтыг зөрчсөн байна.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч/зээлдүүлэгч/ зээлдэгчтэй тохиролцсон үнэлгээнд үндэслэн бие даан өөрийн сонгосон хэлбэрээр автомашиныг захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлэхээр заасан байх тул 2016-01-25 өдрийн байдлаар зээлдэгчийн гүйцэтгэвэл зохих үүргээс автомашины үнэ 9 000 000 төгрөгийг хасахад, зээлдэгчийн гүйцэтгээгүй үүрэг зээл 859 900 төгрөг төлөгдөөгүй үлдэхээр байна.

Нэхэмжлэгч зээлдэгчээс 2016-12-15 өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгээгүй үүрэгт 5 945 016 төгрөгийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан байх боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч Монос дэлгэрэх ХЗХоршоо хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс нэхэмжлэлийг шүүх 2017-01-27 өдөр шүүгчийн захирамжаар буцаажээ.

Нэхэмжлэл буцаагдсан нь зээлдэгчээс шалтгаалаагүй, үүнд зээлдэгчийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгч энэ хугацаанаас хойшхи хугацаанд хариуцагчаас Иргэний хуулийн 453 дугаар зүйлд заасан хэтэрсэн хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлж шаардах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээл 859 900 төгрөг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу 2016-12-15 өдрийг хүртэл хэтэрсэн 10 сар 20 хоногийн хугацааны хүү 320 992 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64 198,4 төгрөгийг тус тус хариуцагч Б.Мөрөн-Оргилоос гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч Б.Сүнжидмаа нэхэмжлэгч хоршооны гишүүн болоогүй шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болно.

Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 136 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох 34 430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.