Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                         Нарийн бичгийн дарга                   Д.Соёлзул

                         Улсын яллагч                                  Г.Тунгалаг

   Орчуулагч                                                      Л.Нарантуяа

   Иргэний хариуцагч                          Г.*******

   Иргэний хариуцагчийн өмгөөлөгч  Н.Чимэдрэгзэн

   Хохирогч                                               Ц.******* /Онлайнаар/

                        Шүүгдэгч                                              ******* ******* ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* ******* *******-д холбогдох эрүүгийн 2232000250025 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Оросын холбооны улсын иргэн, 1961 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Оросын холбооны улсын Эрхүү мужийн Черемховский дүүргийн Гавриловская тосгонд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Оросын холбооны улсын Эрхүү хотод үйл ажиллагаа явуулдаг “ИП ЗУЕВ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Оросын холбооны улсын Эрхүү мужийн Черемховский дүүргийн Михайловка суурин Садоваяа гудамжны 2-2 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* *******, иргэний паспортын дугаар 2506843914, гадаад паспортын дугаар 752456262.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

******* ******* ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хустайн даваа”-ны орчимд төв асфальтан зам дээр “Мерседес бенз” маркийн А969 ХК38 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 11.14, 12.2, 12.3 заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Toyota prius-30” маркийн “91-59” УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ц.*******ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* ******* ******* мэдүүлэхдээ: … 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дэлгүүрийн хажууд зогсож байсан чинь найз таараад шинэ жил болж байна тэмдэглэх үү гээд жоохон архи уусан. Би 40-н жил жолоо барихдаа нэг ч удаа алдаа гаргаж байгаагүй маш их харамсаж байна. Энэ ослоос болж би их стресст ороод хэцүү байгаа. Би энэ болсон явдалд харамсаж уучлалт гуйж байна. Би гэртээ ганцаараа ажил хийж бусад хүмүүсээ тэжээдэг учраас намайг хатуугаар битгий шийтгээч гэж гуйж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.******* мэдүүлэхдээ: ... 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэр бүлийн хамтаар 2 зорилготой явсан нэг нь аавтайгаа он гаргах, 2 дугаарт Баруунхараад эмээ дээрээ очих гэж байсан /уйлав/ намайг энэ ослоос болж эмнэлэгт хэвтэж байхад эмээ минь өнгөрсөн би эмээтэйгээ уулзаж чадаагүй ажил явдалд нь оролцож чадаагүй. Би одоо болтол шокноосоо гарч чадахгүй нэг хэсэг дандаа аналген, димидрол хийлгэж унтаж байсан. Одоо хүртэл шүүх хуралдаан болно гэхээр зүрх чичрээд салгалаад байна. Өнөөдрийг хүртэл 2 сарын хугацаанд наад осол гаргасан хүн чинь утсаар болон биеэр надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Нэг ч удаа миний биеийн байдлыг асуугаагүй эмчилгээний зардал болон бусад зүйлүүдээ нэхэмжлээд цагдаагаар хэлүүлэхэд надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгсэн мөртлөө өнөөдрийг хүртэл өдрийн 40000 төгрөгийн буудалд байгаа юм байна. Манай монголд 1 ширхэг пиво уугаад хэзээ ч нэг бүхэл илүүтэй гардаггүй наад хүн чинь шүүхийн шатандаа ч худлаа ярьж байна наад хүнийг чинь гэмшээгүй гэж бодож байна. Цагдаа, Прокурор нь хэлсэн байсан энэ хүн энэ осол гарснаас хойш сэтгэл санаагаар унаад архи уугаад архины хордлогод ороод байгаа учраас энэ асуудлыг хурдан шийдээд энэ оросыг нэг тийшээ болгомоор байна гэсэн юм надад ярьсан. Би гайхаад байна нэг хүн эрүүл мэндээрээ хохироод яаж эрүүл саруул болох уу гэж байж байхад ямар нь эрүүл мэндээ хорлоод архины хордлогод ороод байхад хэнд нь илүү анхаарал санаа тавиад байгаа юм бэ. Энийг би гайхаж байсан. Наад хүн чинь ухамсартай хүн бол архи уухгүй надаас ирээд уучлалт гуйгаад надад юу хэрэгтэй байна гэж асуух байсан. Өнөөдөр хүртэл миний хүүхдийг харах хүн байхгүй байна. Би хүүхэдтэйгээ 2-3 өдөр гэртээ ганцаараа үлдсэн надад үнэхээр хэцүү байсан уйлах үедээ уйлаад охиноо явчихаар нь дуудаад аргалаад байж байсан. Үнэхээр наад хүн чинь ухамсарласан ойлгосон бол надтай ирээд нэг өдөр хань болоод би үгүй гэж хэлэхгүй хүний сэтгэлийг үнэлээд гомдолгүй ч байдаг юм уу тийм зүйл ярих байсан. Тэгэх хүн биш байна лээ би гомдолтой байна. Би сэтгэл санааны хохирлоо төлүүлмээр байна. Надад ийм л асуудлууд байна. Наад хүнийг чинь би гэмшээгүй гэж харж байгаа. Хүн нэг удаа хэл өөр байж болно хүнээр дамжуулаад чиний бие зүгээр үү, их харамсаж байна гэнээ, биеийн байдал нь дээрдэж байна уу яаж байна, би ингээд боломжгүй байдаг юмаа, би өөрөөр чамд яаж тусалж болох уу гээд асуусан бол өөр байх байсан. Гэтэл над руу нэг ч удаа холбогдоогүй. Надад үнэхээр хэцүү байна. Би эмээтэйгээ сүүлийн удаа уулзаж чадаагүй /уйлав/ хүүхдийг минь харах хүн байхгүй хөхнөөс гарчихсан хоол унд хийх хүн байхгүй асрагч авъя гэхээр надад урьдчилж төлөөд авчих мөнгө байхгүй байна. Наад хүн чинь гэмт хэрэг үйлдчихээд машин дотроо хаалгаа түгжээд унтаад байсан ерөөсөө гарч ирээгүй. Тэгэхээр наад хүн чинь машин барьж явж байхдаа унтаад л явж байсан байх. Мөрдөн байцаалтын шатанд би нөхрийнхөө цалин бас бус зүйлүүдийг гаргаж өгсөн. Цагдаагаас нь холбогдох хүн байна уу хариуцаж байгаа хүн байна уу гэж асуухад байхгүй ээ. Энэ орос чинь өөрөө л байна гээд байсан. Ерөнхийдөө би энэ хэрэгт өөрийгөө оролцоотой байсан хангалттай мэдээлэл авсан гэж бодохгүй байгаа. Хэргийн материалтай би биечлэн танилцаагүй цагдаа над руу энэ хуудсан дээр гарын үсгээ зурчих гэж хэргийн материалтай танилцсан тухайн нэг хуудас явуулсан. Би Прокурорыг над руу ярих байх гэж хүлээсэн яриагүй өнөөдөр би өөрөө холбогдож байр сууриа илэрхийлсэн байгаа. Би уул нь өөрийгөө хөл дээрээ босгоод хуралдаа оръё гэж бодож байсан чадсангүй тийм л байна даа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний хариуцагч Г.******* мэдүүлэхдээ: ...  НВЦ трейд компани нь гадаад худалдаа, өндөг үйлдвэрлэл хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би тухайн асуудлаар хохирогчтой уулзсан. Хувиараа аж ахуй эрхлэгч Зуев Валерий Викторовичийн нөхцөл байдлыг уламжилсан, зураг хөрөг явуулаад өнөөдрийн байдлаар энэ хүнээс авсан хариу бол ОХУ-д эдийн засгийн байдал хүнд байгаа тэрийг үл харгалзан миний зүгээс 33 сая орчим төгрөгийн бодит хохирлыг барагдуулсан. Одоо би ямар нэгэн төлбөр төлөхгүй гэж үзэж байна. Өөрийн өмчлөл дэх Бенз маркийн авто машиныг журмын хашаанаас чөлөөлж авахыг хүсэж байна. Мөн хохирогч Эрдэнэгэрэлийн машины үнийг бүрэн барагдуулж нэр шилжүүлж авсан тул тухайн машиныг мөн журмын хашаанаас чөлөөлж Эрдэнэгэрэлээс машины түлхүүрийг авмаар байна гэсэн хариу авсан гэв.

Хохирогч Ц.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тэр үед орой болчихсон харанхуй байсан мөн би арын суудал дээр сууж явсан тул замын нөхцөл байдлыг анзаараагүй. Биднийг хөдөлгөөнөө зогсоогоогүй зам дээр явж байхад араас машин ирж мөргөсөн. Тэгээд бидний зорчиж явсан машин зогссоны дараа миний бие хөдөлж чадахгүй машин дотор байсан. Тэгээд Дарханаас манай аав ирж намайг эмнэлэг рүү авч явсан. Машин дотроос харахад бидний араас мөргөсөн машин улаан өнгийн, том ачааны “Бенз” гэсэн бичигтэй машин байсан. ... 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай дүү Эрдэнэгэрэл тухайн машиныг зээлээр нь банк бусаар дамжуулан худалдаж авсан байсан. Машины эзэмшигч нь манай дүү Эрдэнэгэрэл байгаа юм. ... Эрдэнэгэрэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Өөрийн зорчих ёстой хэсгээр явж байсан. Миний охин Энхгэрэл нь 1 настай нялх учраас хурд хэтрүүлээгүй ойролцоогоор 60-70км/ цагийн хэвийн хурдтай явж байсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Харин биднийг мөргөсөн машиныг нэг орос хүн жолоодож байсан. Мөн тэр хүн архи уучихсан согтуу байсан. Ганцаараа байсан гэсэн. Бид нарыг мөргөчхөөд машинаа дотроос түгжээд унтаад өгсөн гэсэн. ...Түнх мултарсан, баруун дунд чөмөгний толгой хэсэг цоорсон, тархи доргисон гэх оноштойгоор одоогийн байдлаар 18 хоног хэвтэн эмчлүүлж байна. Цаашид 1 сарын хугацаанд хэвтрийн дэглэм сахиж хэвтээд цаашид 5-6 сарын хугацаанд хүнд юм өргөхгүй, алхаж болохгүй гэсэн гам барих ёстой гэсэн. ... Машиныг араас мөргөх үед нөхөр бид хоёр охиноо хоёр талаас нь дараад хэвтсэн. Тухайн үед юу болоод байгааг сайн ойлгоогүй. Машинд мөргүүлээд зогссоны дараа хөдлөх гэсэн би хөдөлж чадаагүй. Эмнэлэгт очсоныхоо дараа л өөрт учирсан гэмтлүүдийг эмчээс сонссон. ... Миний хувьд гомдолтой. Эмчилгээнд шаардагдах зардлуудыг гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ. Зам тээврийн осолд орсноос хойш 18 хоног хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Энэ эмнэлэгт би 1 өдрийн ор хоног 150000 төгрөг, түүнтэй хийгдэж буй эмчилгээ бүгд тусдаа төлбөртэй байгаа. Би өдөр бүрийн эмчилгээний зардлаа өөрөө гаргаж байна. Эмчилгээнээс гаргах үед хийгдсэн бүх эмчилгээний зардлыг эмнэлгээс гаргаж өгнө. Дээрх эмчилгээнд шаардагдсан зардлыг нэхэмжлэхээс гадна хүүхэд асрагч авах шаардлагатай болсон. Учир нь би одоо хамгийн багадаа 1 сарын хугацаанд хэвтрийн дэглэм сахих болно. Тиймээс хүүхэд бид хоёрыг асрах асрагч авах шаардлагатай. Эхний байдлаар хүүхэд асрагчийн цалин 1 сарын 1600000 төгрөг гэдэг юм байна. Мөн миний нөхөр намайг эмнэлэгт хэвтэх хугацаанд ажлаа хийгээгүй. Намайг сахиж хэвтсэн. Тиймээс энэ хугацаанд миний нөхрийн авах ёстой цалин, би өөрөө крипто филтон хувиараа эрхэлдэг байсан бөгөөд дунджаар 1 сард 500000-1000000 төгрөгийн орлого олдог байсан. Миний олдог орлогоо миний дансны хуулгаар тогтоогдоно. Би дээрх бүх зүйлүүдийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 51-53 дугаар тал/

Хохирогч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би найз ******* түүний нөхөр хүүхэд, Эрдэнэгэрэл нарын хамт Улаанбаатар хотоос Дархан чиглэлд Эрдэнэгэрэлийн эзэмшлийн Prius маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Баруунхараа /Баянгол/ сум орчим хөдөө замд явж байхад 21 цагийн үед биднийг араас гэнэт нэг машин араас ирээд мөргөчихсөн. Тэгээд л машины хамаг гэрэл анивчаад замын хажуу руу гарч зогссон. Тухайн машин бидний зорчиж явсан машиныг мөргөчхөөд тэр чигтээ түрж явсаар байгаад замын хажуу талын шороон дээр машин тэгнээд зогссон. Гэтэл бидний мөргөсөн машин арагшаа ухрах үед машин жолоодож явсан Эрдэнэгэрэл “Наадах чинь зугтлаа” гээд машинаас буусан. Би машин мөргүүлэх үед машины урд талын нүүрний хайрцгийг толгой хэсгээр /нүүр/-ээ мөргөсөн. Тэгээд машинаас буухад биднийг мөргөсөн машин том ачааны улаан нүүртэй л байсан. Ямар маркийн тээврийн хэрэгсэл гэдгийг нь мэдэхгүй. Жолооч нь согтуу орос ах байсан бөгөөд кабиндаа ганцаараа байсан. Биднийг машинд мөргүүлсний дараа ******* урд сандал, арын суудал хоёрын голд хавчуулагдаад хөдөлж чадахгүй байсан. ... Ямар хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Анхнаасаа бид нар Улаанбаатар хотоос орой гарсан, нялх хүүхэдтэй явсан учраас хурд хэтрүүлэхгүй, барихгүй явахад тохирсон байсан. Тиймээс жолооч Эрдэнэгэрэл хурд хэтрүүлээгүй байх гэж бодож байна. Машин явж байхад л араас ирж мөргөсөн. ... Миний нүүрний зүүн хэсэгт хацар зулгарсан шарх үүссэн. Мөн толгойны ар дагз, хүзүү хөшилттэй, осолд орсны маргааш нь ханиалгахаар толгой доргиж өвддөг байсан. Өнөөдрийн байдлаар толгой ар дагз, хүзүү хэсгээр байнгын хөшсөн байдалтай, юмаар даруулчихсан юм шиг зовиуртай байна. Зүүн нүүрний доод хэсгээр халцарсан шархны сорви үлдчихсэн байсан. ... Миний толгой, хүзүү хэсгээр өвчин зовиуртай байна. Тиймээс толгой, хүзүүний НRI-н зураг авхуулж гэмтэлтэй эсэхээ үзүүлмээр байна. Хэрэв гэмтэлгүй бол ямар нэгэн гомдол санал байхгүй. Гэмтэлтэй байвал шаардагдах зардлыг гаргуулж авмаар байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 46-47-р тал/

Хохирогч Т.Батмөнх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тухайн зам тээврийн осол болох үед машины асфельтан зам дундаа тасрах үед жолооч хурдаа сааруулах үед тухайн машин араас мөргөсөн 50-60 метр орчим газар түрж явсан. Биднийг мөргөсөн машиныг нэг согтуу орос жолоодож явсан. Зорчигчгүй ганцаараа байсан. ... Миний эхнэр *******ийн эмчилгээнд шаардагдсан зардал болон цаашид гарах бүх зардлыг гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 56-57-р тал/

Иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би урд өгсөн гэрчийн мэдүүлэгт болсон ослын талаар тодорхой ярьсан. Үүн дээр нэмж ярих зүйлгүй. Харин өөрийн эзэмшлийн “Toyota Prius-30” маркийн 9159 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. ... “Ашид билгүүн” үнэлгээний газраар миний тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд хохирлын үнэлгээ тогтоосон байгаа. Уг үнэлгээгээр миний тээврийн хэрэгсэлд 11.353.000 төгрөгийн хохирол учирсан гэж гаргасан байгаа. Би өөрийн машинаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 26.800.000 төгрөгөөр худалдан аваад Дархан-Уул аймаг руу явж байгаад осолд орсон. Миний машин нь шинэ машин байсан ба авсан өдрөө осолд орсон. Тиймээс би буруутай этгээдээс “Ашид билгүүн” үнэлгээний газрын гаргасан хохирлын үнэлгээг бус харин машин худалдан авахдаа гаргасан 26.800.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн үүн дээр осолд орсон машинаа ачилтын машин дуудаж Баянгол сум руу журмын хашаанд хүргэсний зардал болох 600.000 төгрөг нийт 27.400.000 төгрөгийг нэхэмжилж байна. ... Хохирлоо барагдуулаад авчихвал ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй ээ гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 40-р тал/

Иргэний нэхэмжлэгч Б.Батчулуун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Биднийг орой 20 цаг өнгөрч байх үед Баруунхараагаас цааш Баянголын гүүрний орчим замын хажууд машины дугуй хагараад солих гээд зогсож байхад араас ирж явсан улаан өнгийн Мерседес бенз маркийн улс хооронд ачаа зөөдөг том оврын ачааны машин манай машины зөв талын хойд хэсгийг мөргөж урагш 2-3 метр түрээд зогсолгүй цаашаа чигээрээ явсан. Намайг уг машины араас даллаж гүйхэд зогсолгүй чигээрээ Дархан-Уул  аймгийн чиглэлд явсан. Уг ослын талаар намайг Баруунхараагийн цагдаад утсаар мэдэгдэхэд удалгүй цагдаагаас эргэж залгаад манай машиныг мөргөсөн. Машин Хустайн давааны наана зам дээр өөр машиныг мөргөөд зогссон байна гэж хэлсэн. Тэгээд би дугуйгаа сольчхоод араас нь очиход манай машиныг мөргөсөн улаан өнгийн Мерседес бенз маркийн машин Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг араас нь мөргөөд зогссон байсан. ... Бид 3 машиныхаа хажууд дугуйгаа солих гээд зогсож байсан тул ямар нэгэн гэмтэл учраагүй. ... Миний машины зөв талын хойд хэсэгт гэмтэл учирсан. Машинд учирсан хохирлын үнэлгээг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Тэнцвэр Эстимэйт” ХХК-р гаргуулсан. Нийт хохирлын хэмжээ 985.000 төгрөг болсон. Осол гарсан тухайн өдөр цагдаа нарыг ирэхэд би машиныхаа эвдрэл гэмтлийг үзүүлчхээд ажил ихтэй яаралтай явж байсан тул машиныхаа хохирлын үнэлгээг өөрөө гаргуулаад эргэж ирээд мэдүүлэг өгье гэж хэлээд явсан юм. ... Би уг тээврийн хэрэгслийг 2021 оны 11 дүгээр сард Б.Солонго гэх хүнээс худалдан авсан ба тухайн үед худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй байсан. ... Би өөрөө машинд учирсан гэмтлийг хувиараа засаж янзлуулсан. Тиймээс манай машиныг мөргөсөн буруутай жолоочоос учирсан хохирол болох 985.000 төгрөгийг нэхэмжилж байна. ... Хохирлоо барагдуулаад авчихвал ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй ээ гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 43-р тал/

Иргэний нэхэмжлэгч Г.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Оросын холбооны улсын иргэн ******* ******* Васильвич нь миний төлөөлж байгаа хүн болох Оросын холбооны улсын иргэн Зуев Валерий Викторовичийн эзэмшлийн Мерседес бенз маркийн А969ХК38 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад 2021 оны 12 дугаар сарын 31-ний орой 21 цагийн орчим зам тээврийн осол гаргасан. Ослын улмаас уг тээврийн хэрэгслийн нүүрэн хэсэгт эвдрэл гэмтэл учирсан. Учирсан эвдрэл гэмтлийг Оросын холбооны улсын иргэн ******* ******* Васильвичийн хамт засаж сэлбэж янзалж өгнө гэсэн тул миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн Мерседес бенз маркийн А969ХК38 улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд хохирлын үнэлгээг гаргуулахгүй. ... Гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 33-р тал/

Иргэний хариуцагч Г.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Миний бие уг хэрэгт иргэний хариуцагчаар Оросын холбооны улсын иргэн Зуев Валерий Викторовичийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба бусдад учруулсан хохирлыг хэрэгт авагдсан хохирлын баримтын дагуу төлж барагдуулахад бэлэн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 36-р тал/

Гэрч И.Цэрэнлхам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Бид нарыг орой 20 цаг өнгөрч байх үед Баруунхараа өнгөрөөд явж байтал манай машины дугуй хагараад замын баруун тал руу шахаж зогсоод бид нар бүгдээрээ бууж машиныхаа баруун талын хойд хагарсан дугуйг сольж байтал араас ирж явсан улаан өнгийн том ачааны машин ирээд хажуугаар зөрөхдөө манай машины зүүн талын хойд хэсгийг мөргөөд зогсолгүй чигээрээ явсан. Тэгэхээр нь манай дүү Батчулуун Баруунхараагийн цагдаад дуудлага өгөхөд удалгүй цагдаагаас эргэж залгаад манай машиныг мөргөсөн том ачааны машин “Хустайн даваа”-ны наана өөр машин мөргөөд зогссон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид дугуйгаа сольчхоод араас нь очсон. ... Бид нар хагарсан дугуйгаа солих гээд гурвуулаа машинаасаа буугаад гадаа зогсож байсан. Тиймээс бид нарын хэн нь ч гэмтээгүй ээ гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 67-р тал/

“АСБЦД” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №001/09 дугаартай дүгнэлт: ...

 

3.1. Тоёота приус-30 маркийн 9159 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Цогтгэрэл овогтой Эрдэнэгэрэл /РД:МБ99080914/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчөөгүй.

3.2 Замын хөдөлгөөний дүрмийн ямар ч заалт зөрчөөгүй болно.

3.3 Мерседес бенз маркийн RUS 38 A969ХК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ОХУ-ын иргэн ******* ******* ******* Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 11.14, 12.2, 12.3, заалтуудыг зөрчсөн байна.

3.4 Мерседес бенз маркийн RUS 38 А969ХК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч ОХУ-ын иргэн ******* ******* ******* Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.14 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна. 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

3.5. Зам тээврийн осол Мерседес бенз маркийн RUS 38 A969XK улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ОХУ-ын иргэн ******* ******* ******* Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 11.14, 12.2, 12.3 заалтуудыг зөрчсөний улмаас үүссэн байна дүгнэлт /ХХ-ийн 74-75-р тал/

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 125 дугаартай дүгнэлт: ...

 

1. Ц.*******ийн биед баруун түнхний үений мултрал, баруун дунд чөмөгний толгой хэсгийн цуурал төст дефект, бүсэлхий орчмын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

4. Ц.*******ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй дүгнэлт /ХХ-ийн 84-85-р тал/

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт: ...

 

1. Шинжилгээнд авсан “Ц.Эрдэнэгэрэл” гэж хаягласан цусны бүлэг нь ВIII, Rh/+/ байна. /ХХ-ийн 96-97-р тал/

- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Эрдэнэгэрэл” гэж хаягласан цусанд спирт илэрсэнгүй” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 98-99-р тал/

- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны 13 дугаартай ... 1. Шинжилгээнд авсан “******* В В” гэж хаягласан цусны бүлэг нь OI,Rh/+/ байна /ХХ-ийн 101-102-р тал/

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт: ... “Шинжилгээнд ирүүлсэн “******* В В” цусанд 1 промилли спирт илэрсэн болно гэсэн дүгнэлт /ХХ-ийн 103-104-р тал/

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №2137 дугаартай “Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ”-ээр Toyota Prius-30 загварын тээврийн хэрэгсэл нь нийт 11.353.000 төгрөгийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 109-113-р тал/

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн  2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №13384/ДД№22080828 дугаартай Хюндэй Соната-6 загварын тээврийн хэрэгслийн “Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ”-ээр нийт 985000 төгрөгийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 114-116-р тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 13 дугаар хуудас/, Жолооны үнэмлэхийн хуулбар /ХХ-ийн 133 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар /ХХ-ийн 134 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* ******* ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хустайн даваа”-ны орчимд төв асфальтан зам дээр “Мерседес бенз” маркийн А969 ХК38 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 11.14, 12.2, 12.3 заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Toyota prius-30” маркийн “91-59” УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ц.*******ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь:

 

Хохирогч Ц.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 51-53 дугаар тал/, Хохирогч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 46-47-р тал/, Хохирогч Т.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 56-57-р тал/, Иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 40-р тал/, Иргэний нэхэмжлэгч Б.Батчулууны мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 43-р тал/, Иргэний нэхэмжлэгч Г.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 33-р тал/, Иргэний хариуцагч Г.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 36-р тал/, Гэрч И.Цэрэнлхамын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 67-р тал/, “АСБЦД” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №001/09 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 74-75-р тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 125 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 84-85-р тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 103-104-р тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №2137 дугаартай “Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ”-ээр Toyota Prius-30 загварын тээврийн хэрэгсэл нь нийт 11.353.000 төгрөгийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 109-113-р тал/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн  2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №13384/ДД№22080828 дугаартай Хюндэй Соната-6 загварын тээврийн хэрэгслийн “Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ”-ээр нийт 985000 төгрөгийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 114-116-р тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч ******* ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч ******* ******* *******ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хустайн даваа”-ны орчимд төв асфальтан зам дээр “Мерседес бенз” маркийн А969 ХК38 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт

Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д .........согтууруулах ундаа хэрэглэсэн, 12.2-д..........харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох, боломжтой хурдыг сонгож явна, 12.3-д ........ жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн  заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замд дугуй хагараад зогсож байсан Соната машиныг шүргэж, улмаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэн урдаа явж байсан “Toyota prius-30” маркийн “91-59” УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч  29 настай, эмэгтэй Ц.*******ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэнд  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь замын хөдөлгөөний дүрмийг  зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон нөхцөл байдал нөлөөлсөн байна үзлээ.

Шүүх шүүгдэгч ******* ******* *******ид ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн болон нөхөн төлөхөө илэрхийлсэн, өндөр настай, эрүүл мэндийн байдал муу  зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн гэмт хэрэг бөгөөд шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлсөн байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд ******* ******* *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Соната маркийн авто машины жолооч  Б.Батчулуунд “НВЦ Трейдинг” ХХК-иар дамжуулан 985000 төгрөг төлсөн /ХХ-ийн 199 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч “Toyota Prius-30” маркийн “91-59” УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Эрдэнэгэрэлд  “НВЦ Трейдинг” ХХК-иар дамжуулан 14,000,000 төгрөг /ХХ-ийн 197 дугаар хуудас/, 14,014,300 төгрөг /ХХ-ийн 200 дугаар хуудас/ нийт 28,014,300 төгрөг, Хохирогч Ц.*******д “НВЦ Трейдинг” ХХК-иар дамжуулан  эрүүл мэндэд учирсан хохирол эмчилгээний зардал 3,097,681 төгрөг /ХХ-ийн 198 дугаар хуудас/ тус тус төлсөн байна.

Иргэний нэхэмжлэгч Б.Батчулууны гомдол саналгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан гэх хүсэлт /ХХ-ийн 201 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэгэрэлийн гомдол саналгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан гэх хүсэлт /ХХ-ийн 202 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Г.Батмөнх гомдол саналгүй /ХХ-ийн 210 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Б.******* гомдол саналгүй /ХХ-ийн 211 дүгээр хуудас/ гэсэн байх тул Иргэний нэхэмжлэгч Б.Батчулуун, Иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэгэрэл, Иргэний нэхэмжлэгч Г.Батмөнх, Иргэний нэхэмжлэгч Б.******* нарын хохирол төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хохирогч Ц.******* энэ  авто ослоос ... баруун түнхний үений мултрал, баруун дунд чөмөгний толгой хэсгийн цуурал төст дефект, бүсэлхий орчмын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий  хүндэвтэр гэмтэл авсан ба эмчлүүлэх явцад нь түүний нөхөр Т.Батмөнх нь 2 сарын хугацаанд асарч ажилгүй  байсан болох нь УБТЗ-ын Барилга засвар, Ашиглалтын Үйлчилгээний ангийн Ерөнхий Инженерийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №88/134 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул 2 сарын цалин 4,589,708 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ц.*******д олгох нь зүйтэй байна.

Хохирогч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид  эмчлүүлэхэд гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт Мерседес бенз маркийн А969 ХК38 улсын дугаартай тээврийн хэрэгслийн №409378, 38ХА498534 дугаартай 2 ширхэг гэрчилгээ, №2506843914 дугаартай иргэний паспорт 1 ширхэг, №752456262, №765293524 дугаартай 2 ширхэг паспорт зэргийг эзэмшигчид нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох, №9904912027 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхгийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх, Хэргийн газрын үзлэгийн дуу-дүрсний бичлэг 1 ширхэг Дискийг хавтаст хэрэгт хадгалах, Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь Цагдаагийн хэсгийн тээврийн хэрэгслийг түр саатуулах буюу журмын хашаанд байгаа “Мерседес бенз” маркийн А969 ХК 38 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Toyota Prius-30” маркийн “91-59” УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг  иргэний хариуцагч Г.*******т олгох, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэнд  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* *******оос  хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 4,589,708 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 2 дугаар хороо 54-45 тоотод оршин суух, /МБ:93112206, утас:99184858/ Дэлгэр овогт Цогтгэрэлийн *******д олгосугай.

5. Энэ хэрэгт Мерседес бенз маркийн А969 ХК38 улсын дугаартай тээврийн хэрэгслийн №409378, 38ХА498534 дугаартай 2 ширхэг гэрчилгээ, №2506843914 дугаартай иргэний паспорт 1 ширхэг, №752456262, №765293524 дугаартай 2 ширхэг паспорт зэргийг эзэмшигчид нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох, №9904912027 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхгийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх, Хэргийн газрын үзлэгийн дуу-дүрсний бичлэг 1 ширхэг Дискийг хавтаст хэрэгт хадгалах, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч  ОХУ-ын иргэн ******* ******* *******ийн   №9904912027 дугаартай жолооны үнэмлэхийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх хасах тухай шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих эрх бүхий  байгууллагад хүргүүлэхийг  шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

7. Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь Цагдаагийн хэсгийн тээврийн хэрэгслийг түр саатуулах буюу журмын хашаанд байгаа “Мерседес бенз” маркийн А969 ХК 38 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Toyota Prius-30” маркийн “91-59” УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг иргэний хариуцагч Г.*******т олгосугай.

8. Энэ хэргийн улмаас ******* ******* ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай. 

            9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* ******* *******т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Б.