Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/03066

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 8-р хороо, 42-р байранд байрлах, Намуун дэнж СӨХ-ны нэхэмжлэлтэй,

хариуцагч-Баянгол дүүрэг, 8-р хороо, Намуун дэнж хотхон, 37-р байрны 17 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ДМ76091235, Арвин Алтай ХХК-ийн захирлаар ажилладаг, Аргалчин овогт Бадарчийн Амартүвшинд холбогдох,

орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 2 254 476 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Намуун дэнж СӨХ-ны гүйцэтгэх захирал С.Мөнхцэцэг, хариуцагч Б.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний 2013-02-01 өдрөөс 2017-08-31 өдрийг дуустал хугацааны зардалд 2 254 476 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Иргэн Б.Амартүвшин нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 148.3-т заалтуудыг зөрчин Намуун дэнж СӨХ-д сар тутам төлөх орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, хамгаалалт, хэрэглээний зардлуудын 2013 оны 02 сарын 01 өдрөөс 2013 оны 12 сарын 31 өдөр хүртэлх төлбөр 336 340 төгрөг, 2014 оны 01 сарын 01 өдрөөс 2014 оны 12 сарын 31 өдрийг хүртэлх төлбөр 523 128 төгрөг, 2015 оны 01 сарын 01 өдрөөс 2015 оны 12 сөрын 31 өдрийн хүртэлх төлбөр 523 128 төгрөг, 2016 оны 01 сарын 01 өдрөөс 2016 оны 12 сарын 31 өдрийг хүртэлх төлбөр 523 128 төгрөг, 2017 оны 01 сарын 01 өдрөөс 2017 оны 08 сарын 31 өдрийг хүртэлх төлбөр 348 752 төгрөгийг тус тус төлж барагдуулаагүй нийт 2 254 476 төгрөгийн хуримтлагдсан өр төлбөр үүсгээд байна.

 

Иймд сууц өмчлөгч Б.Амартүвшингээс 2 254 476 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү? гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Миний бие Баянгол дүүргийн 8-р хороо, 37-р байрны 17 тоотод оршин суудаг. Манайх энэ байранд орсон цагаас байрны мөнгийг банкинд тушаадаг байсан. Байр СӨХ гээд бүгд нэг төлбөрт багтдаг байсан. Байрны мөнгийг мобайл банкаар төлдөг болсон. Уг төлбөрт байр СӨХ мөнгө бүгд багтсан гэж бодож явтал СӨХ-ийн мөнгө төл гэж амаар шаардсан. Бичгээр мэдэгдэл өгөөгүй. СӨХ-ийн нягтлан бодогч Тогоо гэж хүнтэй тохиролцоод, 1 200 000 төгрөг төлөхөөр болоод тэр даргаас зөвшөөрөл аваад ирье гэсэн. Дарга зөвшөөрөхгүй байна гэсэн хариу өгсөн. Иймд манайх энэ төлбөрийг төлөх боломжгүй. 4 жилийн төлбөрийг хувааж үзэхээр сард 47 000 төгрөг болж байна. Энэ СӨХ юу хийсэн юм бэ? Манайх 3 давхарт байдаг. Тэр бүрт цахилгаан шат хэрэглээд байдаггүй гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан СӨХ-ны гэрчилгээ, СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолууд, төлөгдөөгүй зардлын тооцоолол, төлбөрийн баримтууд, хариуцагчид өгсөн мэдэгдлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ нь: 

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Намуун дэнж СӨХ 2013-11-30 өдөр байгуулагдаж, 37-р байрыг харьяалан үйл ажиллагаа явуулж байгаа байх бөгөөд хариуцагч Б.Амартүвшин тус СӨХ-ны харьяалан ажилладаг 37-р байрны 17 тоотод орон сууцны өмчлөгч болох нь зохигчийн тайлбар, бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.Амартүвшин 2013 оны 2 сараас эхлэн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу тус СӨХ-д төлөх нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд сар бүр оролцох үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч байгаа байх бөгөөд нэхэмжлэгч 2017 оны 08 сарыг дуустлах хугацааны үүргийг шаардсныг хариуцагч биелүүлэхээс дараах үндэслэлээр татгалзсан байна.

 

Хариуцагч СӨХ муу ажилладаг, банкинд байрны төлбөрөө төлөхөд СӨХ-ны төлбөр гарч байгаагүй, СӨХ-ны төлбөрийг хуримтлагдсан талаар мэдэгдээгүй, өөрийнхээ оршин суугаа орцонд засвар үйлчилгээ хийгээгүй, лифт тэр бүр ашигладаггүй зэрэг шалтгаан зааж, нэхэмжлэлээс татгалзаж байгаа байх боловч энэ хугацаанд үйлчлэгч болон жижүүр ажилласан, лифт ажилласан зэрэг нь түүний тайлбараар тогтоогдож байна.

 

Мөн СӨХ-ны төлбөр их байна гэж хариуцагч тайлбарласан боловч СӨХ-ны нэхэмжилсэн зардал дотор хариуцагчийн гарааш ашиглалтын зардал багтсан, нэхэмжлэгч СӨХ-ны төлбөрөө төлөхийг шаардаж, хариуцагчийн гэрийн хаалганд мэдэгдэл наадаг байсан нь тогтоогдож байна.

 

Хуульд заасан сууц өмчлөгчийн үүргийн заримыг биелүүлэхээр СӨХ-ны няботой тохиролцох боломжгүй, СӨХ-ны гүйцэтгэх захирал болон нябо нар сууц өмчлөгчийн биелүүлбэл зохих хуульд заасан үүргийг заримыг биелүүлүүлэхээр үүргээ зөрчсөн этгээдтэй тохирох нь бусад өмчлөгчдийн буюу гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчих тул хуульд нийцэхгүй юм.

 

Нэхэмжлэлээс татгалзаж байгаа хариуцагчийн татгалзал нь түүнийг Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 51 022 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 51 022 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.