Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 14

 

Э.Золжаргалын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2017/00255 дугаар шийдвэртэй

Э.Золжаргалын нэхэмжлэлтэй

Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлэгт холбогдох

ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 290 300 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгч Э.Золжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Золжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Загдаа, хариуцагчийн төлөөлөгч Д.Өлзийсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт:

Э.Золжаргал миний бие 2016.01.18-ны өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан тус эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж эхэлсэн. Гэтэл 2017.03.14-ний өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Өлзийсайхан нь Ажлаас халж, ажилд томилох тухай Б/43 тоот тушаал гаргаж ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас намайг халсан. Ажил олгогч ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг үндэслэл болгосон байдаг. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна, 131.1.3-т Ажлаас халах сахилгын шийтгэлийн төрлийг зааж өгсөн байна. Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 29-д Хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасан сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх... гэж тайлбарлажээ. Миний бие Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Өлзийсайханы авсан сахилгын шийтгэл нь миний гаргасан зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохироогүй гэж үзэж байна. Учир нь 2017.02.24-ний өдөр Архангай аймгийн Аудитын газраас тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргад Аудитын гэрчилгээ гэсэн 94 тоот албан бичиг хүргүүлсэн байдаг. Түүнд Төсөв захирагч нь тайлангийн хугацаанд... 26 617 687 төгрөгийн алдаа зөрчлийг гаргасан байна... гэж дүгнэсэн бөгөөд үүний дараа Архангай аймгийн Аудитын газраас 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай 41/41 тоот акт тавьсан ба түүнд "1.Дээр дурьдсан 10 000 000 төгрөгийн төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний дотор аймгийн орон нутгийн төсвийн орлогын Төрийн сан банкин дахь 100010000914 тоот дансанд төвлөрүүлэх. 2.Дээрх төлбөрийг барагдуулах арга хэмжээ авч төлбөрийн актын биөлэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 15-ны дотор Аудитын газарт ирүүлэхийг Нэгдсэн эмнэлгийн дарга, өрөнхий нягтлан бодогч нарт хариуцуулав. гэжээ. Мөн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 42/42 тоот акт тавьсан бөгөөд энэ актад дурьдсанаар 1.Дээр дурьдсан 9 000 645 төгрөгийн төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний дотор аймгийн орон нутгийн төсвийн орлогын Төрийн сан банкин дахь 100010000914 тоот дансанд төвлөрүүлэх. 2.Дээрх төлбөрийг барагдуулах арга хэмжээ авч төлбөрийн актын биөлэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 15-ны дотор Аудитын газарт ирүүлэхийг Нэгдсэн эмнэлгийн дарга, ерөнхий нягтлан бодогч нарт хариуцуулав. гэж гаргасан зөрчлөө арилгах хугацаа олгосон байдаг. Дээр дурьдсан актууд тавигдсаны дараа 2017.03.10-ны өдөр Архангай аймгийн Аудитын газар 41/41 тоот албан шаардлагыг Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Өлзийсайханд хүргүүлсэн байдаг. Энэхүү албан шаардлагад ...Иймд Төрийн Аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. ...санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалттай, сөрөг санал дүгнэлт авсан ...албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ гэсэн заалтыг үндэслэн шаардах нь: 1.Нэгдсэн эмнэлгийн ахлах нягтлан бодогчид хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах... гэж заажээ. Харин Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т Дараах тохиолдолд зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах тухай саналыг төрийн аудитын байгууллага эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ:, 28.2.1-д аудитад хамрагдсан байгууллагын санхүүгийн тайланд төрийн аудитын байгууллагаас санал дүгнэлт өгөх боломжгүй тохиолдолд, 28.2.2-т төрийн аудитын байгууллагаас тавьсан албан шаардлага, төлбөрийн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гэж тус тус заажээ. Уг хуулийн зохицуулалтаас үзвэл төрийн аудитын байгууллагын зүгээс зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах саналыг дээр дурьдсан хоёр тохиолдолд л эрх бүхий албан тушаалтанд хүргүүлдэг болох нь харагдаж байна. Төрийн аудитын байгууллагын зүгээс 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 41/41, 42/42 тоот хугацаа тогтоосон төлбөрийн актуудыг Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргад хүргүүлсээр байтал зөрчлөө засах боломж өгөлгүй шууд үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу юм.Дээрхээс үзвэл Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т заасан төрийн аудитын байгууллагаас тавьсан албан шаардлага, төлбөрийн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд буюу Архангай аймгийн Аудитын газрын 2017 оны 03дугаар сарын 09-ний өдрийн 41/41, 42/42 тоот төлбөрийн актуудад дурьдсан хугацаа болох 2017.04.15-ны дотор албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд л ажлаас халах боломжтой байна. Харин бусад тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан өөр төрлийн сахилгын шийтгэлүүдээс сонгох нь зөв гэж үзэж байна. Миний бие 3 сартай жирэмсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно, 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйпдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажлаас халахаар заасан байна. Харин дээр дурьдсанаар Төрийн аудитын байгууллагын зүгээс намайг ажлаас халахыг шаардаагүй, гагцхүү гаргасан зөрчилд нь тохирсон сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлага хүргүүлсээр байтал ажлаас халсан нь буруу юм. Иймд урьд эрхэлж байсан ажил болох Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 290 300 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч Э.Золжаргал нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийг зөрчиж байгууллагад их хэмжээний хохирол учруулж, өр авлага үүсгэж мөнгөболон эд хөрөнгө хариуцсан ажилтан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь Архангай аймгийн Аудитын газрын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 03/02 ААГ-2016/01-3А тоот акт, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 94 тоот аудитын гэрчилгээ, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 41/41 ААГ-2017/01-СТА тоот акт, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 42/42 ААГ-2017/01-СТА тоот акт, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 41/41 ААГ-2017/01-СТА тоот албан шаардлага, Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/42 тоот тушаал, Нэгдсэн эмнэлгийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.4.9-д Байгууллагын санхүүд хохирол учруулсан өр төлбөр, акт тавиулсан гэсэн заалтуудаар хангалттай нотлогдож байгаа. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон, дотоод журамд заасан ноцтой зөрчил гарсан тул ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөхийг хориглоогүй байдаг. Иймд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/43 тоот тушаал нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй учир Э.Золжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2017/00255 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 290 300 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Э.Золжаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Э.Золжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 360 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Золжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд:

Нэхэмжлэгч Э.Золжаргал би Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2017/00255 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахыг хүсч энэхүү гомдлыг гаргаж байна. Ажил олгогчийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Ажлаас халж, ажилд томилох тухай Б/43 дугаар тушаалын үндэслэсэн актуудын нэг нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 03/02 тоот акт байсан. Тус акт нь (актын эхлэл хэсэгт тэмдэглэгдсэнээр) байгууллагын 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд завсарын аудитын хяналт хэрэгжүүлсэний үндсэн дээр гарсан билээ. Өөрөөр хэлбэл тус актаар илэрсэн гэх зөрчил нь цаг хугацааны хувьд 2016 оны санхүүгийн эхний хагас жил буюу 01-03 сарыг хамарсан юм. Иймд тус актаар зөрчил илрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй хэдий ч тус зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаа өнгөрсөн юм. Иймд ажил олгогч тус актыг үндэслэл болгон ажлаас халсан нь үндэслэлгүй юм. Ажил олгогчийн маргаан бүхий тушаалын үндэслэсэн дараагийн акт бол аймгийн Аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 41/41, 42/42 тоот актууд юм. Тус актуудаар 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж "...хэвтэн эмчлүүлэгчдийн хүнсний материал их хэмжээгээр бэлтгэж үлдээсэнтэй холбоотой 10 сая төгрөгийн төлбөр зөрчил, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг ... илүү шилжүүлсэн 8.9 сая төгрөг, ... утасны төлбөрт 100 000 төгрөгийг илүү тооцож шилжүүлэн авлага үүсгэсэн, нийт 9 000 645 төгрөгийн төлбөр зөрчил илэрсэн хэмээн үзсэн байдаг. Гэвч тус зөрчлүүдэд байгууллагын ерөнхий нягтлан бодогч буруутай болох нь тодорхой тогтоогдоогүй. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.38-д төсвийн шууд захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, ...захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг ойлгохоор заасны дагуу төсвийн захиран зарцуулах эрх нь төсөв захирагчид байх юм. Харин нягтлан бодогчийн хувьд төсөв захирагчийн захиран зарцуулсан төсвийг нягтлан бодох бүртгэлийн дагуу үнэн зөв бүртгэх, санхүүгийн тайлан гаргах, түүнийг тайлагнах үүрэг хүлээх юм. Байгууллагын нягтлан бодогчийн үүрэг нь нягтлан бодох бүртгэлийг үнэн зөв гаргах, тайлан хөтлөх буюу ня-бо бүртгэл хийх явдал байдаг. Өөрөөр хэлбэл өөрөө мөнгө, хөрөнгө захиран зарцуулах бус, захиран зарцуулагдсан хөрөнгийг бүртгэх явдал байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна гэж, 18.3-т Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна гэж тус тус заасны дагуу байгууллагын нягтлан бодогч нь байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, түүнийг тайлагнах үүрэг хүлээх юм. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-т байгууллагын ерөнхий нягтлан бодогчийн үүргийг тодорхойлсон байх бөгөөд үүнд дээрх агуулгаар тайлбарлагдахаар тодорхойлсон байна. Иймд дээрх актуудаар тогтоогдсон зөрчлийг нэхэмжлэгчид хамаатуулах нь үндэслэлгүй юм. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан сахилгын зөрчил гаргасныг ажил олгогч илрүүлсэнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол түүнд сахилгын шийтгэл ногдуулж болохгүй тухай заасан бөгөөд дээрх зөрчлүүдийг нягтлан бодогч гаргасан гэж үзвэл ажил олгогч тухай бүр мэдэж байсан тул хуульд заасан шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн гэж үзэх юм. Учир нь дээр тайлбарласанчлан байгууллагын нягтлан бодогч нь төсөв захирагч биш тул төсөв захиран зарцуулах асуудлыг Төсвийн тухай хуулийн дагуу төсөв шууд захирагч болох байгууллагын дарга шийдвэрлэж, харин нягтлан бодогч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.3-т аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт- ...д хоёрдугаар гарын үсэг зурах гэж заасны дагуу төсөв захирагчийн гаргасан төсвийн зарлага, орлогын шийдвэр, баримтад хоёрдугаар гарын үсэг зурах юм. Аудитын байгууллагын актуудыг тухайн үеийн дарга болон нэхэмжлэгч /нягтлан бодогч/-д танилцуулсан нь тухайн этгээдүүд нэг болон хоёрдугаар гарын үсэг зурсантай холбоотой юм. Иймд зөрчил үйлдэгдсэн гэж үзвэл тухайн зарлага, орлогын баримтуудад байгууллагын дарга тухай бүрт нь гарын үсэг зурж байсан тул ажил олгогчийн зүгээс энэ нөхцөл байдлыг тухай бүрт нь мэдэж байсан буюу хуульд заасан шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн гэж үзэх юм. Мөн аудитын дүгнэлтээр илэрсэн зөрчлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гэж ойлгох үндэслэлгүй юм. Учир нь зарлагын баримтуудыг ажил олгогчийн төлөөлөгч буюу дарга нь өөрөө үйлдэж, нягтлан бодогч хоёрдугаар гарын үсэг зурж байсан тул ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэхгүй юм. Ажилтан ажил олгогчийн төлөөлөгчөөс нууж ямар нэгэн зөрчил гаргасан байж сая ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэх үндэслэлтэй болно. Ажил олгогчийн зүгээс ... ажил олгогчийн итгэлийг алдсан гэж буй асуудлаар нэхэмжлэгч нь төсөв шууд захирагч буюу байгууллагын даргын шийдвэрийн дагуу ажиллаж байсан тул түүнийг хууль ёсны итгэл үнэмшлийн үндсэн дээр ажиллаж байсан гэж үзэх юм. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1-д төрийн албанд захирах, захирагдах зарчим үйлчлэх талаар заасны дагуу тус зарчмын хүрээнд ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн ажил олгогчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх дараах үндэслэл байсныг анхан шатны шүүх анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн байна. Үүнд Төсвийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д заасны дагуу төрийн сангийн тогтолцоо нь төв төрийн сан, аймаг, нийслэлийн төрийн сан, сум, дүүргийн төрийн сан, төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгж, төсвийн нягтлан бодогчоос бүрдэх буюу нягтан бодогч нь төрийн сангийн доод шатны нэгж болно. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 6.3-т аймгийн төсөвт байгууллагын төсвийн захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймгийн төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөж томилох, чөлөөлөх талаар заасан байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтныг ажлаас халах бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах бүрэн эрхтэй хэдий ч төсвийн байгууллагын нягтлан бодогчийг төрийн сангийн тогтолцооны нэгж болохын хувьд дээд шатны төрийн сангийн нэгжийн даргатай зөвшилцсөний үндсэн дээр чөлөөлөх ёстой байна. Гэтэл ажил олгогч нь хуулиар тогтоосон тус журмыг зөрчиж өөрөө дангаар шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь хууль бус байна. Аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2-т заасан зөрчлүүдийн хувьд ажлаас халах тухай шаардлага хүргүүлэх талаар заасан нь тухайн зөрчлүүдийг ноцтой, ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэх үндэслэл болно гэж үзэж байна. Учир нь төсвийн байгууллагын хувьд дээрх зөрчлүүд нь зөрчил гаргасан ажилтныг ажлаас халахад хүргэх ноцтой зөрчил болохыг тодорхойлсон хэрэг юм. Нэхэмжлэгчийн хувьд аудитын байгууллагаас тийнхүү ажилтныг ажлаас халах шаардлага хүргүүлээгүй нь аудитын байгууллагаас илрүүлсэн зөрчлүүдийг ноцтой гэж үзээгүйг илтгэх юм. Иймд ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэж ажлаас халсан шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн аудитын актаар тогтоогдсон гэх зөрчлийг байгууллагын дарга, эсхүл нягтлан бодогч гаргасан гэж үзэх эсэх, хэрэв нягтлан бодогч гаргасан гэж үзвэл зөрчил гарсан хугацаа болон түүнийг ажил олгогч мэдсэн хугацаа тодорхой биш байх тул тус нөхцөл байдлуудыг тодруулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж үзэж байна. Зөрчлийг нягтлан бодогч, эсхүл байгууллагын дарга гаргасан гэж үзэх эсэх нь аудитын актуудад тодорхой биш байна. Мөн зөрчил гаргасан гэж үзсэн ч түүнд шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн эсэх нь тодорхойгүй байна. Иймд хэрэв анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзвэл тус нөхцөл байдлуудыг тодруулах үүднээс хэргийг анхан шатны шүүхэд буцаахыг хүсч байна. Хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцох тул нэхэмжлэгч болон өмгөөлөгчид хуралдааны тов мэдэгдэнэ үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй байна.

Нэхэмжлэгч Э.Золжаргал нь Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 290 300 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж бичилт хийлгэхийг даалгах шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ажлаас халж, ажилд томилох тухай Б/43 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Төсвийн тухай хуулийг хэрэглээгүй, өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Хэрэгт нэхэмжлэгчийг ажлаас халахдаа хариуцагч нь Төсвийн тухай хуулийн 19.6-д заасан зохих этгээдтэй зөвшилцсөн эсэх талаархи хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт авагдаагүйгээс гадна нэхэмжлэгчийг ажлаас халахдаа аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцсөн гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргаж буй тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

Шүүх энэ нөхцөл байдлыг тогтоогоогүйгээс ажил олгогчийн тушаалын үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх, улмаар хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 360 төгрөгийг Э.Золжаргалд захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2017/00255 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 9 360 /есөн мянга гурван зуун жаран/ төгрөгийг Э.Золжаргалд захирамжаар буцааж олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ              Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                   Л.НЯМДОРЖ

                                   Д.БЯМБАСҮРЭН