Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 018/2014/0079/З |
Дугаар | 221/МА2015/0194 |
Огноо | 2015-05-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2015/0194
Иргэн Д.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Д.Б-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 63 дугаар тушаалыг илт хууль бусд тооцож, тэтгэвэр тогтоолгоход шаардлага хангах тушаал гаргахыг Цагдаагийн газарт даалгах, тэр үед Цагдаагийн хэлтсийн дарга байсан н.Н-ийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон тул 2002 оны 10 дугаар сарын 01-нээс 2014 оны 11 дүгээр сар хүртэлх цалин хөлсийг тэр үед байсан хэмжээгээр болон түүнээс хойш Засгийн газраас нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож Цагдаагийн газраас гаргуулах, төрийн тусгай албан хаагчийн хувьд өндөр насны тэтгэвэрт гараад авах ёстой 36 сарын тэтгэмжийг Цагдаагийн газраас тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Цагдаагийн Ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 36/765 дугаар албан бичигт Тус аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 748 дугаартай шийдвэрээр Д.Б-ийн танай газарт 2002 оны 9 дүгээр сард цагдаагаар ажилласан хугацааг сэргээн тогтоосон тухай материалтай танилцлаа. Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар баталсан Хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх журам /код 900/-ын 900.3 дахь хэсгийн 900.3.4-ийн а-д заасныг баримтлан тухайн ажлын байранд томилсон, чөлөөлсөн тухай шийдвэрийг түүгээрээ гаргаж, өргөдөл гаргагчид хариу өгнө үү гэсэн албан бичгийг тус байгууллагын даргад хандан ирүүлсэн юм.
Цагдаагийн Ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 36/765 тоот албан бичгийг болон Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 748 дугаартай шийдвэрийг биелүүлэх үүднээс 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга 62 тоот тушаал гаргаж Д.Б-ийг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс цагдан хорих байрын жижүүрийн цагдаагийн үүрэгт ажилд томилж, мөн өдрийн 63 тоот тушаалаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 748 дугаартай шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичигдсэн Д.Б-ийн шүүхэд гаргасан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэсэн хүсэлтийн дагуу 2002 оны 9 дүгээр сарын 31-ний өдрөөс үүрэг ажлаас чөлөөлж, ахлагчийн бүрэлдэхүүнээс гаргасан тушаалуудыг Д.Б нь хүлээн авсны дараа түүний эхнэр Н.Нарангэрэл нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэх тушаалын агуулгыг өөрчилж өгөөч гэсэн хүсэлтийг амаар надад болон Дэмжлэг үзүүлэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Уртбаярт удаа дараа гаргаж байсан болно. Иймд Д.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхболд давж заалдах гомдолдоо: 1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн нөхцөл байдлын талаар бүрэн, бодитой дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг бүх талаас нь бодитой үнэлэлгүйгээр гарсан нь Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Цагдаагийн газрын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 63 дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулах шаардлагын талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Д.Б нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх үндэслэлээр 2002 оны 09 дүгээр сарын 31-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж ахлагчийн бүрэлдэхүүнээс гаргасан 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 63 дугаар тушаалууд нь тус тус илт хууль бус байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч баталгаажуулан дүгнэсэн атлаа мөн үндэслэх болон тогтоох хэсгийн нэгдүгээрт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэсэн нь хоорондоо зөрчилтэй, тодорхойгүй байна.
2. Нэхэмжлэгч Д.Б нь 2002.07.15-ны өдрийн Цагдаагийн газрын даргын 87 дугаар тушаалаар ажлаасаа халагдсан байх боловч тухайн үед Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Ж.Н нь уг тушаалыг буруу гаргаснаа хүлээн зөвшөөрч Д.Б-ийг 2002 оны 09 дүгээр сард Цагдан хорих байрны жижүүрийн цагдаагаар ажиллуулж байсан, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 748 дугаар шийдвэрээр мөн дээрх ажилласан байдлыг тогтоосон зэрэг баримтууд нь 2002 оны 07 дугаар сарын 15-ны 87 дугаар тушаалыг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй.
Шийдвэр гаргагч нь өөрөө уг тушаалаа үгүйсгэж ажилтныг ажилд нь буцаан авч ажиллуулж эрх зүйн харилцаа үүссэн байсан болохыг хангалттай нотолж байгаа. Үүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хүлээн зөвшөөрч дүгнэсэн байна. Харин үүрэг гүйцэтгэж эхэлсэн 2002 оны 09 дүгээр сарын 01-нээс хойшхи хугацаанд Д.Б-ийг ажлаас чөлөөлсөн тухай ямар нэг шийдвэр байхгүй байхад хэргийн нөхцөл байдлыг бодитой дүгнэлтгүйгээр, нотлох баримтад үндэслэлгүйгээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан зүйлд заасан зохицуулалтыг удирдлага болгон хийсвэр дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Иймд хэргийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.Б-с Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 63 дугаар тушаалыг илт хууль бусд тооцуулах, тэтгэвэр тогтоолгоход шаардлага хангах тушаал гаргахыг даалгах, 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 сар хүртэлх цалин хөлсийг гаргуулах, үндэслэлгүйгээр ажилгүй байсан 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны өдий хүртэлх хугацааг ажилласнаар тооцуулах, төрийн тусгай албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад авах ёстой 36 сарын тэтгэмжийг гаргуулах гэх агуулгаар шаардлагаа тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагынх үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс нь үзвэл түүнийг шүүхэд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3, 70.2.4, 70.2.6-д заасан шийдвэрүүдийг гаргуулах буюу захиргааны актыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх, захиргааны акт гаргахыг даалгах, захиргааны байгууллага, албан тушаалтнаас учруулсан хохирлыг гаргуулах агуулгатай, тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 63 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх, мөн хариуцагч албан тушаалтанд Д.Б-д тэтгэвэр тогтоолгоход шаардагдах тушаал гаргахыг болон үндэслэлгүйгээр ажилгүй байсан хугацаа буюу 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны өдийг хүртэлх хугацааг ажилласнаар тооцож, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанаас чөлөөлөгдөхөд олгогддог 36 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгох тухай шийдвэр гаргахыг даалгах, үндэслэлгүйгээр ажлаас халагдсаны олговрыг 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 сар хүртэлх хугацаагаар гаргуулах тухай шаардлагыг гаргасан гэж үзэхээр байна.
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн ахлах ахлагч Д.Б-ийг 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс цагдан хорих байрны жижүүрийн цагдаагийн үүрэгт ажилд томилсон, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Д.Б-ийг 2002 оны 09 дүгээр сарын 31-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн агуулгатай 62, 63 дугаар тушаалуудыг гаргажээ.
Дээрх тушаалуудыг гаргасан үндэслэлээ хариуцагч Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн шийдвэр болон Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичгийг биелүүлсэн гэж тайлбарласан бөгөөд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 748 дугаар шийдвэрээр Д.Б-ийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтэст 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 31-ний өдрийн дуустал мөрдөнгийн жижүүрээр ажиллаж байсныг тогтоожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоосон тохиолдолд тухайн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг захиргааны байгууллага, албан тушаалтан дахин тогтоох эсхүл тухайн агуулгатай шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай ойлголт байхгүй атал Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Б-ийн 2002 оны 09 дүгээр сард ажилласан байдал буюу шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин шийдвэр гаргасан нь үндэслэлгүйгээс гадна ойлгомжгүй байдлыг бий болгожээ. Өөрөөр хэлбэл хариуцагч албан тушаалтны 2014 оны 62, 63 дугаар тушаалууд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д /захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй/ заасан илт хууль бус захиргааны актад хамаарахаар байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Илт хууль бус захиргааны акт нь өөрөө ямар нэгэн эрх зүйн нөлөөлөлгүй, үр дагаваргүй буюу хэн нэгэн этгээдэд эрх олгож, үүрэг хүлээлгэдэггүй учраас Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын даргын 2014 оны 62, 63 дугаар тушаалууд гарснаар нэхэмжлэгч Д.Б-д ямар нэг эрхийг үүсгэсэн тухайлбал, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн шийдвэрт зааснаас илүү хугацаагаар ажиллаж байсан гэдгийг тогтоосон, түүнчлэн хөдөлмөр эрхлээгүй хугацааг ажиллаж байсанд тооцуулах, тэрхүү хугацааны цалин хөлсийг авах, төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэрт гарсантай холбоотой олгогддог буцалтгүй тусламж зэргийг шаардах эрхийг бий болгосон гэх боломжгүй.
Эндээс харвал Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын даргын 2014 оны 63 дугаар тушаал нэхэмжлэгч Д.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямар нэг байдлаар хөндөөгүй, түүнийг нь хязгаарлаагүйгээс гадна уг тушаалыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрснөөр нэхэмжлэгчийн ямар нэг субьектив эрх сэргэхээргүй байна.
Нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлдээ Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаар тушаалын өөрт холбогдох хэсэг нь хууль бус байсан талаар дурьдсан боловч тухайн тушаалд маргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул энэхүү тушаалын талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй.
Иймд Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ маргааны үйл баримттай холбоотой хуулийн зүйл, заалтыг оновчтой баримтлаагүйг зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 63 дугаар тушаалыг илт хууль бусд тооцуулах, тэтгэвэр тогтоолгоход шаардлага хангах тушаал гаргахыг даалгах, 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 сар хүртэлх цалин хөлсийг гаргуулах, үндэслэлгүйгээр ажилгүй байсан 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны өдий хүртэлх хугацааг ажилласнаар тооцуулах, төрийн тусгай албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад авах ёстой 36 сарын тэтгэмжийг гаргуулах тухай Д.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.БАТБААТАР