Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 281

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

            -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

            -улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган,

            -шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

-шүүгдэгч З.Алтанзаяа нарыг оролцуулан,

Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хойд овогт Зурмаагийн Алтанзаяад холбогдох 201619000541 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 17-ний өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1-р баг, Рамын 1-1 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх, Хойд овогт Зурмаагийн Алтанзаяа /РД:ПМ88071712/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч З.Алтанзаяа нь П.Отгондуламыг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг Рам гэх газарт, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөн газарт, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Жаргалант сумын урд талын ууланд тус тус зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулан тарчлаах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Алтанзаяа нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би П.Отгондуламыг хардаад 2-3 удаа зодсон нь үнэн. Миний буруу...” гэв.

 

Хохирогч П.Отгондулам нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....З.Алтанзаяа бол намайг хардаад 3 удаа зодож байсан. Үүнийг би дэс дараалалтай яръя. Хамгийн анх 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Аптанзаяа намайг хардаж гэртээ байж байхад шөнө 23 цагийн үед ирээд үсдэж чирч гэрээс гаргаад миний биед гэмтэл учруулсан. Тухайн үед Алтанзаяа намайг зодоогүй ч үсдэж чирсэний улмаас миний баруун мөр, гуя, нуруу зулгарсан байгаа. Тухайн үед би эмнэлэгт үзүүлж чадаагүй. Дараа нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны орой 17-18 цагийн үед гэртээ би түүнд хоёулаа ингэж амьдрахаар салъя гэхэд тэрээр шууд миний нүүр хэсэгт цохиод гэрээс гараад яваад өгсөн. Би маргааш нь болох 2016 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Батбаяр эмчид үзүүлж байсан. Түүний дараа 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын урд талын ууланд Алтанзаяа архи уусан үедээ миний хоолойг боогоод баруун нүд хэсэгт цохиод, газар унагаагаад миний зүүн мөр, ууцанд зулгаралт үүсгэсэн. Тэр үед би Пүрэвхатан эмчид үзүүлсэн. Тэрнээс хойш би түүнд зодуулж байхаар цагдаагийн байгууллагад хандая гэж бодсон юм..." гэх мэдүүлэг,

Гэрч Б.Сэдхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “..2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр намайг үдээс хойш Алтанзаяа утсаар дуудаад та хүрээд ирээч хэдүүлээ наадмын талбай орж хуушуур энэ тэр авч идээд уул гаръя гэсэн. Тэгэхээр нь би Алтанзаяатай уулзаад наадмын талбай дээр явж байхад манай найз Энхболд утсаар залгаад би жоохон архи уучихсан байна нэг пиво аваад ирээч гэхээр нь Алтанзаяа бид хоёр нэг нэг сав 2.5 литрийн нийслэл пиво аваад гэрт нь очсон. Тэр үед би мотоцикольтой явж байсан учраас пиво уугаагүй. Алтанзаяа ганц нэг татсан. Тэгээд бид хоёр Энхболдын гэрээс гараад Алтанзаяа эхнэрээ аваад уул руу жимс түүхээр явъя гэхэд Алтанзаяагийн эхнэр Отгондулам Энхболдын эхнэрийг хань татаад бид нар уулын мод руу гарсан. Тэгээд бид нар тэнд 2.5 литрийн нэг сав нийслэл хувааж уугаад энд тэнд очоод жимс түүж идсэн. Тэгээд явах болоход би сууж байсан газраа ирэхэд Алтанзаяа эхнэртэйгээ маргалдаад байсан. Тухайн үед би юунаас болж маргалдаад байгааг мэдээгүй. Би тэр хоёр дээр явъя гээд очиход Алтанзаяа эхнэрээ алгадаад байхаар нь салгаад авч явах гэхэд явахгүй болохоор нь тэр хоёрыг модон дотор үлдээгээд Нямааг аваад сумын төв рүү ирсэн. Нямаа сумын төв орж ирээд Отгондуламын гэрээр орж Алтанзаяа Отгондуламыг зодох гээд байгаа талаар гэрийнхэнд нь мэдэгдсэн..” гэжээ. /хх-19-20/,

Гэрч П.Батцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Миний төрсөн дүү П.Отгондулам нь Алтанзаяа гэдэг залуутай 2015 оны 11 сараас үерхэж эхэлсэн юм. Тэгтэл сүүлийн үед хардах болж 3 удаа зодсон байсан учраас цагдаад өргөдөл өгсөн. 2016 оны 05 дугаар сарын 09-ний орой З.Алтанзаяа манай дүүг гэртээ байхад нь очоод гэр дотор үсдэж чирээд гэрээс гаргаад явсан байсан. Тэр үед манай ээж Отгондуламын бие улаан эрээн болоод зулгарчихсан З.Алтанзаяагийн ээж, эгч хоёр ирж үзээд эмэгтэй хүнийг ийм болгочихдог гээд уйлж байгаад гараад явлаа гэж надад хэлсэн. Би Отгондуламаас юу болсон талаар асуухад зүгээр зүгээр бид хоёрын хооронд хүн худлаа хов зөөчихсөн юм. Эмнэлэг энэ тэрт үзүүлэхгүй, гайгүй гээд байсан учраас уг асуудал өнгөрсөн. Дараа нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны орой П.Отгондуламыг нөхөр нь ирээд зодоод байна гэж манай нөхөр Баатарсүх надад утсаар хэлсэн. Тэгэхээр нь би сумын цагдаа Бат-Эрдэнэд утсаар дуудлага өгөөд Бат-Эрдэнэ цагдаа Алтанзаяаг аваад явсан байсан. Тэгээд тухайн үед нь цагдаад өргөдөл бичиж өгөх гэсэн боловч баяр наадмын өдрүүд эхэлсэн учраас цагдаад өргөдөл өгөлгүй сумын эмч Батбаярт үзүүлж магадлагаа бичүүлж авсан. Тухайн үед толгой өвдөөд байна гэж өөрөө хэлж байсан бөгөөд хамарнаас нь цус гарчихсан хавдчихсан, баруун нүд хөхөрсөн, үснээс нь зулгааж унагасан байдалтай байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авсан. Тэгээд цагдаад өргөдөл өгнө гээд байж байтал 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр би ажил дээрээ оройн ээлжинд гараад байж байхад манай охин Энхнаран над руу утсаар яриад Нямаа гэдэг эгч ирж хэллээ Отгондулам эгчийг нөхөр нь ууланд зодоод байна салгах гэхээр дийлэхгүй байна гэж хэлж байна гэж утсаар хэлсэн. Тэгээд сумын цагдаа Бат-Эрдэнэд дуудлага өгсөн. Тэгээд байж байтал манай охин утсаар яриад Отгондуламыг Нямаа эгчийнд ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд би маргааш өглөө нь очиход хоолойг нь боосон оромтой, цээжин бие нь энэ тэндээ зулгарсан байдалтай байсан..” гэжээ. /хх-21/,

 

Гэрч Т.Батбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “..П.Отгондулам нь надад ирж хүүхдээ хэдэн удаа үзүүлж байсан мөн манай ЭМТ-ийн сувилагч Батцэцэгийн дүү гэдгээр зүс мэднэ. З.Алтанзаяа гэгчийг танихгүй. 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн сумын төвийн буурлын 1 дүгээр багийн нутаг Рам гэх газар зодуулсан эмэгтэй хүн байна гэсэн дуудлаган дээр очсон. Намайг очиход Пүрэвдорж овогтой Отгондулам, 25 настай, эмэгтэй нөхөртөө зодуулсан зовиур нь толгой өвдөнө, хамар битүү амьсгалж болохгүй, гар, хөл, бүх бие хүндүүр, янгинана гэсэн зовиуртай байсан Биеийн ерөнхий үзлэгт биеийн байдал дунд ухаан саруул, асуултанд зөв, цэгцтэй хариулна, байрлал идэвхтэй зүрхний авиа тод жигд, зүрхний цохилт минутанд 80. артерийн даралт, 110/70, уушиг 2 талд цулцангийн амьсгалтай, хэвлийн зөөлөн эмзэглэл үгүй, элэг, дэлүү томгүй, ил хавангүй, хэсэг газрын үзлэгт хамрын хянга. 2 нүдний доод зовхи хандсан хөхөрсөн, зүүн гарын бугалганы дотор хэсэгт 2:2 см хөхрөлттэй, зүүн гарын шууны дотор хэсэгт 2.2 см 2 хэсэг хөхрөлттэй байсныг үзлэг хийгээд тэмдэглэл үйлдэж өгсөн. Би үзлэг хийсэн талаараа сая дэлгэрэнгүй ярьсан бөгөөд тодруулж хэлвэл биеийн байдал дунд гэдэг нь нүүр ам хавдсан, толгой тархи нь өвдөж байгаа. сэтгэл санааны бага зэргийн цочролтой байгааг хэлж байгаа юм. Хамрын хянга/ хамрын гол яс/, 2 нүдний доод талын зовхи болон зүүн гар дээрх хөхрөлтүүд мохоо зүйлээр цохигдсоноос болж үүссэн тухайн үеийн шинэ гэмтэл байсан П.Отгондулам нөхөртөө зодуулсан гэж хэлж..” гэжээ. /хх-22/

 

Гэрч З.Оюунгэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “..2016 оны 05 дугаар сарын 10-ны өглөө Отгондулам ээж рүү утсаар яриад та ороод ирээч гэж утсаар ярьсан байсан. Тэгээд ээж бид хоёр Отгондуламын гэрт очиход П.Отгондулам намайг Алтанзаяа өчигдөр зодоон гэж хэлж байсан бөгөөд намайг харахад Отгондуламын толгойн ар хэсэгт үснээс нь хэсэг газар зулгаагаад авчихсан, нурууны ар талд хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд юунаас болсон юм бэ? гэж асуухад Алтанзаяа, Отгондулам нарын гэр бүлийн найз болох Нямаа, Алтанзаяад танай эхнэр хүн амьтантай явдаг, унтаж хэвтдэг гэж хэлсэнээс болж Алтанзаяа намайг зодсон гэж хэлж байсан. Ер нь тийм байдлаас болоод манай дүү Отгондуламыг зодох болсон. Тэрнээс хойш 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр З.Алтанзаяа Отгондуламыг дахиад зодсон гэж сонссон тэр үед нь ажилтай байсан учраас очиж чадаагүй, дараа нь 7 дугаар сарын 20-ны өдөр зодчихлоо гэхээр нь ажил дээрэээсээ яваад очиход зүүн шанаа хөхөрчихсөн байсан. Тэрнээс өөр ил харагдах шархи сорви байгаагүй, тэгээд хувцастай байсан учраас бусад биеийн хэсгийг хараагүй. Хоёр дахь удаагаа Отгондуламыг зодлоо гэхээр нь би дүү Алтанзаяагаас яагаад зодоод байгаа талаар асуухад нэг хүнтэй мессеж бичээд өөрөөс нь асуухаар ажлын газрын ах гээд худлаа яриад, олж ирсэн мөнгө зөв үрэхгүй, олон нийтийн газар амаа татаж явахгүй, хүний үг авахгүй байна гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-23/,

 

Гэрч Ж.Лхагваа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “..2016 оны 05 дугаар сарын эхээр байхаа өдрийг нь сайн санахгүй байна. Манай бэр болох гэж байгаа охин Отгондулам утсаар яриад намайг Алтанзаяа зодсон та хүрээд ирээч гэхээр нь гэрт охин Оюунгэрэлийн хамтаар яваад очиход П.Отгондулам ярихдаа намайг гэрээс чирч гараад зодсон гэж хэлж байсан бөгөөд биеийг нь үзэхэд нуруун дээр нь хөхөрчихсөн, үсийг нь зулгаагаад хаячихсан байсан. Тэгээд би гэртээ ирээд З.Алтанзаяаг баахан загнаад гэрээс хэд хоног гаргаагүй. Тэрнээс өөр зодсоныг би мэдэхгүй байна. Сүүлд нь 2 удаа зодлоо гэж би хөдөө байхдаа сураг сонссон. Тэр зодсон талаар нь мэдэх зүйл алга байна. Надад З.Алтанзаяа ямар учраас П.Отгондуламыг зодсоноо огт хэлээгүй, хэлдэггүй, уг нь хоорондоо их л эвтэйхэн байгаад байдаг..” гэх мэдүүлэг /хх-24/

 

Гэрч Ц.Базарсад мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “..Би он сарыг нь сайн санахгүй байна. Хэдэн сарын өмнө бид нарыг унтаж байхад Алтанзаяа гаднаас орж ирээд хэрүүл хийгээд Отгондуламыг үснээс нь чирээд шалан дээгүүр татаад гадаа гаргасан. Тэр үед Отгондуламын үснээс унаж, бие нь зулгарсан байсан. Би салгах гээд чадаагүй. Дараа нь 7 сарын эхээр Отгондуламын хүүхэд намайг дуудахаар нь гэрээс гарахад Отгондуламын хамраас нь цус гарчихсан байсан бөгөөд Алтанзаяа ирээд зодсон гэж байсан. Би чих дүлий учраас тэр хоёрын зодооныг мэдээгүй үүдэнд тэр хоёр юм яриад сууж байгаад Алтанзаяа зодсон байсан...” гэх мэдүүлэг, /ХХ-ийн 26-р хуудас/,

 

Гэрч Т.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “..2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Жаргалант сумын ЭМТ-ийн сувилагч Батцэцэг утсаар Жаргалант сумын Буурлын 1-р баг рам гэх газар манай дүү Отгондуламыг найз залуу нь болох Заяа гэдэг хүн зодоод байна гэж дуудлага өгсөний дагуу Отгондуламын гэрт очиход Заяа нь зугтаагаад явсан байсан бөгөөд араас нь гэрт нь очиж З.Аптанзаяа гэгчийг барьж цагдаагийн хэсэг дээр авчираад түр саатуулан архийг нь гаргаад явуулсан. Тэгээд энэ тухай Батцэцэгт хариу мэдэгдэн Отгондуламын зодуулсан асуудлыг хэсгийн төлөөлөгчид өргөдлөө гаргаж өгөөд шалгуулаарай гэж хэлсэн. Тэгтэл 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Батцэцэг утсаар яриад манай дүү Отгондуламыг Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн нутаг Рам гэх газрын зүүн талын уулын мод руу найз залуу Алтанзаяа нь ална гээд чирээд явчихлаа гэсний дагуу уулын модоор Алтанзаяагийн хүргэн ах болон эгч Оюунгэрэл нарын хамтаар явж хайж байхад гэртээ ирчихлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-27/,

 

Гэрч Б.Нямхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэртээ амарч байхад Алтанзаяа, Отгондулам, Сэдхүү нар орж ирсэн. Тэд нар орж ирэхдээ 2,5 литрийн 3 ширхэг "Нийслэл" пивотой орж ирээд тус 3 ширхэг пивыг манай нөхөр Энхболд, Алтанзаяа хоёр ууцгаасан. Тэр үед Сэдхүү мотоциколь барьж байгаа гээд огт пиво уугаагүй. Отгондулам тэр үед надад хэлэхдээ хоёулаа хамт уулруу явъя, Аптанзаяа архи уухаараа жаахан аашлаад байдаг гэхээр нь би түүнтэй хамт уул руу явсан ба араас Алтанзаяа, Сэдхүүтэй ирсэн. Ирэхдээ 1 ширхэг 2,5 литрийн "Нийслэл" пивотой ирсэн ба би тэр үед жимс түүгээд явж байтал Сэдхүү ирээд Алтанзаяа, Отгондулам хоёр муудалцаад байна гэхээр нь би тэр хоёр дээр очиход тэр 2 муудалцаад сууж байсан. Тэгээд би одоо больцгоо гэхэд Алтанзаяа Отгондуламыг алгадсан ба Сэдхүү тэр үед "Чи одоо болиоч" гэхэд Алтанзаяа миний бодлоор Отгондулам, Сэдхүү хоёрыг хардаад байх шиг байсан. Тэгээд Алтанзаяа уурлаад Отгондулам руу агсам тавиад байхаар нь би Сэдхүүтэй сумын төв орж энэ талаар Отгондуламын Батцэцэг эгчид хэлэх гэхэд эгч нь байхгүй байсан болохоор охинд нь хэлсэн. Би маргааш нь болох 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Отгондуламын гэрт нь очиход Отгондуламын баруун нүд нь хөхөрсөн, зүүн талын мөр нь халцарсан байсан. Юу болсон талаар түүнээс асуухад тэрээр "Яг Алтанзаяад зодуулсан талаараа хэлэхгүй, харин ийм юм болчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-29/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 367 тоот шинжээчийн: "..1.П.Отгондулам-н биед хамар ясанд хугарал, зүүн мөр, ууцанд зулгаралт гэмтэл тогтоолдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-32/,

 

Бусад баримт сэлт

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-11/,

-эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-12/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-13/,

-шүүгдэгч З.Алтанзаяагийн ял шийтгэх хуудсыг шалгахад “...ял шийтгэгдэж байгаагүй..” гэх лавлагаа /хх-48/,

         -шүүгдэгч З.Алтанзаяаг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр /хх-43/ сэжигтнээр, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр /хх-45/ яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл зэргийг шинжлэн судлав.

 

   Шүүгдэгч З.Алтанзаяа нь П.Отгондуламыг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг Рам гэх газарт, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөн газарт, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Жаргалант сумын урд талын ууланд тус тус зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулан тарчлаах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч З.Алтанзаяагийн: “...З.Алтанзаяа намайг хардаад 3 удаа зодож байсан. Үүнийг би дэс дараалалтай яръя. Хамгийн анх 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Аптанзаяа намайг хардаж гэртээ байж байхад шөнө 23 цагийн үед ирээд үсдэж чирч гэрээс гаргаад миний биед гэмтэл учруулсан. Тухайн үед Алтанзаяа намайг зодоогүй ч үсдэж чирсэний улмаас миний баруун мөр, гуя, нуруу зулгарсан байгаа. Тухайн үед би эмнэлэгт үзүүлж чадаагүй. Дараа нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны орой 17-18 цагийн үед гэртээ би түүнд хоёулаа ингэж амьдрахаар салъя гэхэд тэрээр шууд миний нүүр хэсэгт цохиод гэрээс гараад яваад өгсөн. Би маргааш нь болох 2016 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Батбаяр эмчид үзүүлж байсан. Түүний дараа 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын урд талын ууланд Алтанзаяа архи уусан үедээ миний хоолойг боогоод баруун нүд хэсэгт цохиод, газар унагаагаад миний зүүн мөр, ууцанд зулгаралт үүсгэсэн. Тэр үед би Пүрэвхатан эмчид үзүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Сэдхүүгийн: “..Би тэр хоёр дээр явъя гээд очиход Алтанзаяа эхнэрээ алгадаад байхаар нь салгаад авч явах гэхэд явахгүй болохоор нь тэр хоёрыг модон дотор үлдээгээд Нямааг аваад сумын төв рүү ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч П.Батцэцэгийн: “..Энхнаран над руу утсаар яриад Нямаа гэдэг эгч ирж хэллээ Отгондулам эгчийг нөхөр нь ууланд зодоод байна салгах гэхээр дийлэхгүй байна гэж хэлж байна гэж утсаар хэлсэн.....” гэх мэдүүлэг,  гэрч Т.Батбярын: “..Би үзлэг хийсэн талаараа сая дэлгэрэнгүй ярьсан бөгөөд тодруулж хэлвэл биеийн байдал дунд гэдэг нь нүүр ам хавдсан, толгой тархи нь өвдөж байгаа. сэтгэл санааны бага зэргийн цочролтой байгааг хэлж байгаа юм. Хамрын хянга/ хамрын гол яс/, 2 нүдний доод талын зовхи болон зүүн гар дээрх хөхрөлтүүд мохоо зүйлээр цохигдсоноос болж үүссэн тухайн үеийн шинэ гэмтэл байсан...” гэх мэдүүлэг, гэрч З.Оюунгэрэлийн: “..7 дугаар сарын 20-ны өдөр зодчихлоо гэхээр нь ажил дээрэээсээ яваад очиход зүүн шанаа хөхөрчихсөн байсан..“ гэх мэдүүлэг, гэрч Ж.Лхагваагийн “...охин Оюунгэрэлийн хамтаар яваад очиход П.Отгондулам ярихдаа намайг гэрээс чирч гараад зодсон гэж хэлж байсан бөгөөд биеийг нь үзэхэд нуруун дээр нь хөхөрчихсөн, үсийг нь зулгаагаад хаячихсан байсан..” гэх мэдүүлэг, гэрч Ц.Базарсадын: “...Отгондуламын хамраас нь цус гарчихсан байсан бөгөөд Алтанзаяа ирээд зодсон гэж байсан..” гэх мэдүүлэг, гэрч Б.Нямхүүгийн: “...Би маргааш нь болох 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Отгондуламын гэрт нь очиход Отгондуламын баруун нүд нь хөхөрсөн, зүүн талын мөр нь халцарсан байсан...” гэх мэдүүлэг, шинжээчийн 367 тоот дүгнэлт, шүүгдэгч З.Алтанзаяагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэргээр тус тус давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч З.Алтанзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт  заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч З.Алтанзаяад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол санал гаргаагүй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.        

Хохирлын талаар:

Хохирогч П.Отгондулам нь шүүгдэгч З.Алтанзаяагаас нэхэмжилсэн зүйлгүй, хохирол гомдолгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

  

         Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

         Энэ хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн З.Алтанзаяагийн эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагийн тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгч З.Алтанзаяа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

         Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

          1. Шүүгдэгч Хойд овогт Зурмаагийн Алтанзаяаг бусдыг зодож тарчлаах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч             З.Алтанзаяаг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  1.           Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан З.Алтанзаяад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           4. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар З.Алтанзаяад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

            5. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэхь хэсэгт зааснаар ялтан З.Алтанзаяад хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

              6. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэнгийн хугацаанд ялтан З.Алтанзаяа захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

           7. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, ялтан З.Алтанзаяа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            8 . Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан З.Алтанзаяад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 5 ханатай монгол гэр /3 000 000/-ийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч З.Алтанзаяад олгосугай.

            10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ю.ЭНХМАА