Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/201

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шинжээч эмчээр шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Б.Д,

Гэрч Н.Э,

Хохирогч Д.Э,

Хохирогчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Б.Дагийнамжил,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч С.Шинэбаяр ,

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ад холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 11 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Э.А

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт иргэн Д.Эыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “...Бид ажил  дээр оччихоод тарахдаа  хятад архи авч Н эгчийнд орж уусан. Хүүхэд харах хүнгүй байсан учраас би гэр лүүгээ яваад эргээд иртэл бараг уугаад дуусч байсан. Тэднийхээс гараад манайд орж нэг шил архи, нэг пиво аваад ууж байтал Э нэг шил архи аваад орж ирсэн. Тэр архийг мөн ууцгаагаад тарсан. Эыг З эгч хүргэж өгнө гэж явчихаад эргээд хүрээд ирэхээр нь би гаргаж өгөх гээд явтал өлсөөд байна гэхээр нь би түрүүлж очоод шөл хийгээд байж байя гээд гэртээ очоод байж байтал хаалга тогшихоор нь тоглоод хаалгаа дотроосоо татаж байгаад нээтэл эхнэр чинь хужаатай явалддаг, чиний хүүхэд  хужаагийн  хүүхэд, чи хужаагийн хүүхэд тэжээж байгаа гэхээр нь барилцаж авсан ...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч  Д.Эын  шүүхийн  хэлэлцүүлэгт  өгсөн  “Хятад  архи  уусан. Аийн ярьсан үнэн зөвөө. Намайг мөргөхөд араас нэг хүн цохьсон. А ааваа гэхээр нь аав нь юм байх гэж бодсон” гэсэн мэдүүлэг

Гэрч Н.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэртээ байж байтал Э утсаар яриад гараад ир гэж хэлсэн. Гарахад Э согтуу байсан. Э 0.75 граммын архи авчирсан учраас бид хэд хувааж уусан. Тэр үед А байгаагүй. Дараа нь Э Хараа нэртэй архи аваад Аийнд бид хэд очоод уусан. Тэр үед А мөн нэг архи, пиво авсан байсан. Манай ажлынхан уучихаад гараад явсан. Тухайн үед би эрүүл байсан. А эхнэрээ хот явуулчихаад болъё гээд бас уугаагүй байсан. Э Доншин ХХК-ийн дотуур байранд байдаг учраас А бид хоёр хүргэж өгөх гээд явахад энэ хүнийг дууд, тэр хүнийг дууд гээд явахгүй байсан. Тэгэхээр нь би миний дүү манайд ороод унтчих гэрт манай нөхөр, хүүхдүүд байгаа, чамайг яах ч үгүй гэж хэлэхэд үгэнд ороогүй. Тэгэхээр нь бид хоёр Аийнд эргээд очиход А хаалгаа тайлж өгөхгүй  болохоор  нь  эгч  нь  байна  хаалгаа  нээ  гэж  хэлсэн.  Тэр  үед  энэ  4 хөллөж суучихаад танай авгай чинь хужаатай байдаг, танай 3 хүүхэд чинь хужаагийн хүүхэд гээд байсан.Тэгтэл А хаалгаа нээгээд уурлаад Эыг заамдаж аваад нүүрлүү нь 1 удаа баруун гараараа цохиод нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөсөн юм .Толгой руу нь юмөр цохихыг би хараагүй. Гэрийнх нь гадаа Аын  аав ирээгүй,харин бид гурвыг цагдаа руу явахад А  утсаар яриад байсан. Захиргааны гадаа аав нь мотоцикльтой  ирсэн .  Аав  нь  ирээд  юу  болоод  байгаа  юм  бэ  гэхээр нь Эыг Аийн эхнэрийг хужаатай явалддаг, 3 хүүхдийг нь хужаагийн хүүхэд гээд байсан гэж хэлэхэд тэгвэл явлаа гээд яваад өгсөн. Би цагдаа дээр болсон хэргийн талаар үнэнийг хэлсэн. Аийн аав гэрийнх нь гадаа ирээгүй,үүнийг би хэлнэ гэсэн мэдүүлэг.

Гэрч Ш.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 сарын 27- ны шөнө дунд цаг хэд болж байсныг би сайн мэдэхгүй байна гэртээ унтаж байхад манай хүү А миний.. дугаарын утас руу өөрийнхөө .... дугаарын утсаар залган цагдаагийн утас мэдэх үү гэж асуухаар нь би өөдөөс нь яах гэж байгаа юм гэж асуусан чинь би цагдаа дээр байна гэсэн би юу яриад байгаа юм бол гээд мотоциклтой ганцаараа захиргааны байрны гадаа очиход манай хүү А. нэг залуу, нэг хүүхэн гурвуулаа байж байсан би очоод  яасан  юу  болсон  гэж  асуухад  манай  хүү  А  энэ  манай  эхнэрийг доромжилсон хужаагийн хүүхэд тэжээж байгаагаа чи мэдэж байна уу гээд доромжилсон гээд зогсож байсан. Тэгтэл А, Э 2 барилцаад авсан. Тэгэхээр нь би тэр 2-г салгаад гэр гэрлүүгээ харьцгаа гэж хэлээд мотоциклтойгоо хөдлөөд явсан... Дэргэд байсан эмэгтэй бол сайн мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/

Шинжээчийн  ...  дугаартай: “...Д.Эын биед тархины баруун чамархай зулайд хатуу хальсан доорх цус хуралт, хамар яс, хамрын таславчийн хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, дагзны шарх, баруун зовхины цус хуралт, нүүрний зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн  зэрэгт  хамаарна.  Ерөнхий  хөдөлмөрийн  чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”  гэсэн  дүгнэлт  /хх-ийн  123-124  дүгээр тал/

Шинжээч эмч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д.Эын биед  учирсан  тархины  баруун  тал бөмбөлгийн дух  хэсгийн  хатуу  хальсан  доорх цусан хуралт гэмтэл нь амь насанд аюулгүй, амь тэмцсэн байдалд хүргээгүй учраас Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа юм. Бусад хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, тархи доргилт, дагзны шарх, баруун нүдний зовхины цус хуралт нүүрний зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мөн адил гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Тархины баруун чамархай зулайд хатуу хальсан доорх цус хуралт гэх гэмтэл нь ямар нэг хатуу мохоо зүйлд цохигдох юм уу газар савж унах үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/

Хохирогч  Д.Э,  гэрч  Н.Э нарыг мөрдөн  шалгах  ажиллагаанд нүүрэлдүүлж авсан мэдүүлэгт: Д.Эын: “...Намайг салгаад сөхрөөд сууж байхад араас хүн ирээд юмаар цохьсон тэр үед А нь аав гэж хэлэх шиг болсон. Би яг аавыг нь цохисныг хараагүй. Ямар ч гэсэн толгой дагзны ар хэсгээр гараараа тэмтрэхэд цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 245-247 хуудас/

Шинжээчийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 9 дүгээр тал/

Шинжээчийн :.... нэмэлт дүгнэлт /хх-ийн 15 дугаар тал /

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 195-197, 198-200 дугаар тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас / хх-38 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.      

  Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн ... тоотод оршин суух  Э.Аийн гэрийн гадаа хохирогч Д.Э нь  “... чи муу хужаагийн шээс тэжээдэг чиний 3 хүүхэд чинь хужаагийн хүүхэд танай эхнэр хужаатай явдаг” гэж хашхирснаас шүүгдэгч Э.А нь түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Д.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ...А миний нүүр лүү мөргөөд, бас 1 удаа цохьсон... Дэргэд бол З эгч байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 сарын 27-ны шөнө дунд цаг хэд болж байсныг би сайн мэдэхгүй байна гэртээ унтаж байхад манай хүү А миний.. дугаарын утас руу өөрийнхөө .... дугаарын утсаар залган цагдаагийн утас мэдэх үү гэж асуухаар нь би өөдөөс нь яах гэж байгаа юм гэж асуусан чинь би цагдаа дээр байна гэсэн би юу яриад байгаа юм бол гээд мотоциклтой ганцаараа захиргааны байрны гадаа очиход манай хүү А. нэг залуу, нэг хүүхэн гурвуулаа байж байсан би очоод яасан  юу  болсон  гэж  асуухад  манай  хүү  А  энэ  манай  эхнэрийг доромжилсон хужаагийн хүүхэд тэжээж байгаагаа чи мэдэж байна уу гээд доромжилсон гээд зогсож  байсан...”  гэсэн  мэдүүлэг, гэрч Н.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....  Э  Аийн  үүдэнд  доошоогоо өвдөглөж суучихаад Аптангэрэл рүү чи  муу хужаагийн шээс  тэжээдэг  чиний  3  хүүхэд чинь хужаагийн хүүхэд танай эхнэр хужаатай явдаг гэсэн. Тэгтэл А хаалгаа нээгээд уурлаад Эыг заамдаж аваад нүүрлүү нь 1 удаа баруун гараараа цохиод нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөсөн юм....” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  ..., ... дугаартай нэмэлт дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн ..., ... дугаар дүгнэлтүүд, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Хохирогч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд “...намайг А нүүр лүү цохиж,мөргөсний дараа араас 1 хүн юмаар цохьсон. Тэр үед А “ааваа” гэж хэлэх шиг болсон,би тэгээд аав нь цохьсон байх гэж бодсон  “ гэж мэдүүлж байгаа хэдий ч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн хэргийн үйл баримтыг шууд гэрчилж буй гэрч Н.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...А уурлаад Эыг заамдаж аваад нүүр лүү нь 1 удаа баруун гараараа цохиод нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөсөн юм.Тухайн үед Эын хамарнаас нь цус гарч байсан... Яг толгой руу нь бол юмаар цохиж байхыг би хараагүй. Энэ үед Эын аав Э ирээгүй. Бид гурваас өөр хүн байгаагүй. Харин цагдаад хэлнэ гээд цагдаагийн хэсгийн байр луу явж байхад А аав руугаа утсаар яриад байсан. Тэнд аав нь очсон,гэхдээ зодоон болоогүй...”гэсэн мэдүүлэг болон  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн” А хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь эгч нь байна  хаалгаа  нээ  гэж  хэлсэн.  Тэр  үед  энэ  4  хөллөж суучихаад танай  авгай чинь хужаатай байдаг, танай 3 хүүхэд чинь хужаагийн хүүхэд гээд байсан.Тэгтэл А хаалгаа нээгээд уурлаад Эыг заамдаж аваад нүүрлүү нь 1 удаа баруун гараараа цохиод нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөсөн юм... Би цагдаа дээр болсон хэргийн талаар үнэнийг хэлсэн. Аийн аав гэрийнх нь гадаа ирээгүй,үүнийг би хэлнэ...”гэсэн мэдүүлгээр  шүүгдэгч Н.Аийн аав Ш.Э хохирогчийг цохьсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзлээ. 2019 оны 08  сарын 28-ны өдрийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 12 сарын хугацаагаар хохирогч Д.Эын хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон  нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шинжээч эмч Б.Дгийн “... энэ гэмтэл нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны үзлэг болон томографикийн зургаас харахад баруун чамархай,зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт шимэгдэж дууссан байдаг. 05 сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн томографикийн шинжилгээгээр хариуг уншиж танилцуулаад тархины эддээ ямар нэгэн няцрал,голомт байхгүй учраас эмчилгээнд шимэгдэх боломжтой гэж үзээд хөнгөн зэргийн гэмтэлд хамааруулсан.Гавал тархины талаас өвдөх гэмтэл байхгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шинжээч эмч Э.Анхбаярын “Д.Эын биед учирсан тархины баруун тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хуралт гэмтэл нь амь насанд аюулгүй, амь тэмцсэн байдалд хүргээгүй учраас Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа юм...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 сарын 05-ний өдрийн 1402 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдож байна.  Иймд шүүгдэгч Эы Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.            

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирол төлбөрөө нөхөн төлж байгаа,цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн /түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор,өмгөөлөгчийн санал,эрхэлсэн тодорхой ажилтай  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж  шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн цалин хөлс, бусдад төлөх төлбөр зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Ад оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Хохирогч Д.Э нь  ажилгүй байсан хугацааны 6,7,8 сарын цалин 2946276 төгрөг, хохирол төлбөрт 1.532.000 төгрөг нэхэмжилснээс хохирол төлбөрийн 90747 төгрөгийг шүүгдэгч Э.А төлж барагдуулаагүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дугаар зүйлд “хөдөлмөрийн чадвар түр алдаж 10 хоног акттай байсан хугацаанд эхний 5 өдрийн тэтгэмжийг ажил  олгогчоос,  6  дахь  өдрөөс  эхлэн  тэтгэмжийн  даатгалын  сангаас  нөхөж  олгох”- оор хуульчилжээ.

                    Хохирогч Д.Э нь  эмнэлгээс хэд хоногийн акттай байсан, акттай байсан хугацаанд түүнд тэтгэмж олгогдсон эсэх,  2019 оны 6,7,8 сард хэдэн төгрөгийн цалин, актны мөнгө авсан эсэх нь тодорхойгүй байх тул хохирогчийн цалинтай холбоотой нэхэмжлэлийг дан ганц байгууллагын цалингийн тодорхойлолтыг үндэслэж шийдвэрлэх боломжгүй байх тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж үзлээ. Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

   1.Шүүгдэгч Э.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  11.6  дугаар зүйлийн  1  дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.Ад 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Э.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгуулыг  /6 сарын/ хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аээс 90747 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Эт олгож, хохирогч нь 2946276 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй,түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ,хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АДЪЯАСҮРЭН