Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/207

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2021/0189/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар З овогт Ж-ы Б-д холбогдох эрүүгийн 2118000000235 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, …. оны …. дүгээр сарын ....-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, “......” ХХК-нд дампын оператор ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ..... сумын ..... дугаар баг ..... .... тоотод оршин суух хаягтай,

урьд Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн ..... оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, З овогт Ж-ы Б /РД:...../,

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ж.Б нь согтуурсан үедээ 20… оны .... дугаар сарын ....-ны орой .... цагийн орчим ..... аймгийн .... сумын .... баг .... дугаар байрны гадна зогсоолд ..... ДАХ улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч П.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэрэгт авагдсан: - ...би 20… оны …. дугаар сарын ....-ны өдөр 18:00 цагийн үед манай 2 найз болох Б, М дүү болох Б нар намайг Өргөөгийн уулзвар дээрээс ирж авсан. Тухайн үед би согтуу машинд нь суусан бөгөөд бид нар нэг шил архи нэг байрны гадаа ууж байсан. ...нэг сэрсэн чинь эмнэлэгт хэвтэж байсан. Маргааш нь найзуудаасаа юу болсон талаар асуухад Батцолмон намайг цохисон гэж хэлсэн... гэх хохирогч П.М мэдүүлэг /хх-ийн 16/,

-...би жолоочийн суудал дээр буюу баруун урд хэсэгт, М миний хажууд буюу зүүн талд Т баруун ар хэсэгт, Ц зүүн хойд хэсэгт сууж байсан. Тэгээд тухайн үед Т машины голын хайрцаг дээр хөлөө тавихад Ц уурлаад “миний эд хөрөнгө шүү дээ” гээд жижиг зүйлээс болж маргалдаж улмаар Ц гартаа барьж байсан архитай жижиг стаканаар Т-н зүүн нүд рүү нэг удаа цохих шиг болсон... гэх гэрч О.Б-н мэдүүлэг /хх-ийн 18/,

-...Б гартаа барьсан байсан архитай жижиг стаканаар М-н зүүн нүд, хацар хавьцаа нь хавсраад нэг удаа цохих шиг болсон. Би хойшоо эргээд хартал М-н зүүн нүд хавьцаа их цус гарч, Б-н зүүн гараас цус гарч байсан. Тэгээд бид нар эмнэлэг дээр очсон... гэх гэрч Э.М-н мэдүүлэг /хх-ийн 25/,

-...П.М-д хэсгийн мэдээ алдуулалд, шарханд оёдол, боолт наалт тавив гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30/, -...

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн …. дугаартай “П.М биед зүүн хацар, зүүн нүдний гадна хэсэгт шарх, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. П.М биед илэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар мэрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. П.М биед илэрсэн гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/,

-... гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

-...хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.М-н эрүүл мэндэд зүүн хацар, зүүн нүдний гадна хэсэгт шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрийг нөхөн төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч П.М “...надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/, “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 65/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ж.Б нь 20… оны …. дугаар сарын ….-ны орой …. цагийн орчим орчим ..... аймгийн ..... сумын Өргөө баг .... дугаар байрны гадна зогсоолд ..... ДАХ улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгсэл дотор П.М-н зүүн хацар, зүүн нүдний гадна хэсэгт шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар: Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ж.Батцолмон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Б нь .....” ХХК-нд дампын оператор ажилтай гэх бөгөөд түүний орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хагарсан хундаганы шил 4 ширхэг хураагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Ж-ы Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б-д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хагарсан хундаганы шил 4 ширхэг хураагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ИХТАМИР