| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2022/0001/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/02 |
| Огноо | 2021-12-24 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 2032001950001 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1989 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, халх бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух, Топ чулуу ХХК-д туслах ажилтан ажилтай, урьд өмнө
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 хоногийн хорих ял шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 02 жил 07 сар 21 хоногийн хорих ялыг өршөөн сулласан,
-Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
-Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №361 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цэрэннадмидын Отгонбат/рд:*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Баатарвангийн 1-10б тоот хашаанд иргэнээс ирүүлсэн дуудлагын дагуу очсон цагдаагийн албан хаагч *******ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Миний бие 2021 оны 10 дугаар сард Мандал сумын Түнхэл тосгонд ахындаа ирээд нэг сар гаран самарт явж байгаад ирээд ахаас ажлын хөлсөө нэхээд байж байхад эхнэр нь ажлын хөлс өгөхгүй мөнгө байхгүй бид хоёр машин авсан гээд намайг хөөж туугаад байсан юм. Тухайн үед би архи уусан байсан учраас бэр эгчтэй маргаж хэрэлдээд байж байхад эгч цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд дуудлагаар ирсэн цагдаатай маргалдаж нүүр рүү нь цохиж тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж биелүүлээгүй юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед байсан цагдаагаас уучлалт гуйж эвлэрсэн байгаа. ...гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2132001950001 тоот хавтаст хэргээс
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл тосгон 5 дугаар багт үйл ажиллагаа явуулж байгаа архи согтууруулах ундаагаар үйлчилдэг хүнсний дэлгүүр болон аж ахуйн нэгж байгууллагуудад Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж баталсан А/225 дугаар тушаал буюу архи согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхийг хориглох тухай захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар аж ахуйн нэгж байгууллагуудын архи согтууруулах ундааны зүйлийг тооллого хийж битүүмжилж байсан. Тус өдөр орой 18 цагийн орчимд /МЗ81061262/ бичиг баримттай Баасанжаргал овогтой Гийхнаран нь 99134306 дугаарын утсаар мэдээлэхдээ Сэлэнгэ аймгийн Түнхэл 5 дугаар баг, Баатарвангийн 1-106 тоотод манай нөхрийн төрсөн дүү болох ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайраад хутга шөвөг ав шидээд байна хурдан ирээрэй хурдлахгүй бол энд хүн амны хэрэг гарч болзошгүй байна гэх дуудлага мэдээлэл өгсөн. Би дуудлага аваад тус хаягаар очиход тухайн хаяг дээр ууланд самарт явчхаад ирсэн хөл хорионд орсон байгаа гэсэн 10 гаруй хүмүүс байж байсан. Тэгээд би дуудлага өгсөн байна танхайраад байгаа хүн хаана байна гэхэд ******* гэх залуу цаанаас хүрч ирээд би байна миний мөнгийг манай ах Ц.Отгонжаргал нь өгөхгүй байна гэхээр нь би та яагаад танхайраад байна одоо намайг дагаад яв гэхэд ******* гэх залуу шууд миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би тэгээд ******* гэх залууг бариад авахад шаардлага эсэргүүцэн цааш зугтааж яваад машины доороос газар тариалангийн багаж болох жоотуу аваад би чамайг ална гээд дайраад намайг хөөгөөд гүйсэн тэгэхээр би тухайн айлын хашаанаас зугтаж гараад төвөөс нэмэгдлээр ирсэн эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа цагдаагийн дэд ахлагч Ганзоригийг дуудан хамт ороход нөгөө жоотуугаа бариад ална гээд дахиад ирсэн тэгэхээр би хашаан дотроос хашааны банз олж аваад ******* гэх залуугийн барьж байсан жоотуу руу нь банзаар цохиж дайралтыг няцаахад манай цагдаа болох Ганзориг уг залууг дарж унагаагаад аваад гарах гэмтэл ******* гэх залуугийн найз нэг залуу та нар боль та нарыг ална шүү гэж мэтээр хэл амаар доромжлоод шаардлага эсэргүүцээд байсан. ... Тухайн иргэний эрх чөлөөнд халдсан асуудал байхгүй ээ Гартаа бариад над руу дайрсан жоотуу руу нь цохисон өөр асуудал байхгүй. ...Миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон. ...Уруулан дотор зулгаралт үүсэж цус хурсан байдалтай байна. ...2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр намайг дуудлагаар очиход ******* нь агсан согтуу тавиад байсан ба шаардлага тавихад эсэргүүцэж улмаар миний нүүрэн тус газар буюу дээд уруул орчимд гараараа нэг удаа цохисон. Үүнээс болж миний дээд уруулын дотор хэсэгт язарсан шарх үүссэн. ...Тийм зүйл болоогүй. Зөвхөн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. ...Надад ямар нэгэн бусдаас нэхэмжлэх хэмжээний хохирол учраагүй тул хохирлын баримт гээд байх зүйл байхгүй. ...Надад ямар нэгэн гомдол санал, бусдаас нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Гэрч О.Оюунболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө Отгонбат ах бид хоёр хамт уул руу самарт явах гэж байсан хүмүүстэй хамт нийт дөрвүүлээ нэг шил 0,75 литрийн хараа архи хувааж уусан. Үүний дараа орой 17 цагийн үед Отгонбат ах бид хоёр Отгонбат ахын төрсөн ах Отгонжаргалын хажуу илүү байшинд нь буюу бид нарын өөрсдийн байрлаж байсан байранд хамт нэг литрийн эдэн нэртэй архийг хувааж уусан. Архиа уугаад талд нь оруулж байтал Отгонжаргал ах эхнэртэйгээ гаднаас орж ирээд архи уулаа гэж уурлаад тал шил архи үлдсэн байсныг асгасан. Тэгээд Отгонжаргал ах эхнэртэйгээ гараад гэр рүүгээ ороход нь Отгонбат араас нь орсон. Тэнд Отгонбат ахынхаа эхнэртэй маргалдсан чинь Отгонжаргал ах эхнэрээ өмөөрөөд Отгонбаттай маргалдаж бужигналдаад байхаар нь би гарч очсон.Энэ үед дуудлагаар дэслэгч цолтой нэг цагдаагийн алба хаагч ирээд Отгонбатыг авч явах гэсэн чинь өөдөөс нь эсэргүүцээд нүүр рүү нь мөргөсөн. Цагдаа Отгонбатад мөргүүлчхээд нүүрээ дараад гарч яваад удалгүй өөр хоёр цагдаагийн албан хаагчийг дагуулж орж ирэхэд нь Отгонбат жоотуу бариад өөдөөс нь эсэргүүцээд орилоод дайраад байсан. Тэгэхэд нь цагдаа нар барьж аваад жоотууг нь салгаж авсан. Тэгээд цагдаагийн хэсэг рүү Отгонбатыг авч явсан. ...Мөргүүлсний дараа цагдаагийн алба хаагчийн дээд уруул нь хавдсан байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 25-26 дугаар хуудас/
Гэрч Я.Шижирболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн үед ******* нь өөрийн төрсөн ах Ц.Отгонжаргалтайгаа хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд *******ыг цагдаагийн хэсэг рүү явъя гэж шаардлага тавиад баруун гараас нь барихад ******* цагдаагийн алба хаагчийн гарыг тавиулж цагдаагийн алба хаагчийн гүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд Отгонбат нь цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцээд байшингийн араар яваад орох үед цагдаагийн алба хаагч *******ын араас байшин тойроод орсон тэгээд удалгүй цагдаагийн алба хаагч ганцаараа байшингийн араас гүйгээд гараад ирсэн араас нь ******* гартаа төмөр жоотуу барьчихсан би мөнгөө аваад харимаар байна ойртуул ална шүү гээд орилоод байсан. Тэгээд цагдаа Ц_Отгонбатын гартаа барьсан төмөр жоотууг цохиж газар унагасан. Тэгээд удалгүй дахин нэг цагдаагийн алба хаагч хашаанд орж ирээд *******ыг цагдаагийн хэсэг рүү аваад явсан. ...*******ыг цагдаагийн алба хаагч зодож цохисон асуудал байхгүй. Гартаа барьсан жоотуу руу нь цохиж гараас нь унагасан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 28-29 дүгээр хуудас/
Гэрч О.Анхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...******* нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өглөөнөөс хойш архи уусан юм шиг байсан лээ. Тэгээд өдөр тийш ******* гадагш гараад нэг шил архи авч ирээд Нараа эгчийн гэрт ууж байхад гаднаас Нараа эгч орж ирээд *******ад хандаж та нар гэрт архи уулаа гэж загнаад архийг нь асгасан тэгтэл ******* нь Нараа эгчтэй мөнгө төгрөг яриад муудалцаад гэрээс гараад яваад өгсөн. Тэгээд би гэрт байж байтал гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гараас гараад хартал Ц.Отгонжаргал, ******* хоёр хоорондоо зодолдож байхаар нь салгасан. Тэр үед тэр хоёр газар өнхрөлдөөд зууралдаад байсан. Тэгээд тэр хоёрыг салгаж байж байтал гаднаас цагдаа орж ирээд *******ыг цагдаа руу явъя гэсэн чинь ******* нь байшингийн хойгуур ороод жоотуу бариад би явахгүй гэж орилж чарлаад цагдаа руу дайрсан. Тэгээд цагдаа *******ын гартаа барьж байсан төмөр жоотууг цохиж унагаад бариад цагдаа руу аваад явсан. Миний мэдэх асуудал ердөө энэ. ...*******ыг цагдаагийн алба хаагч зодож цохисон асуудал байхгүй. ...гэх мэдүүлэг/30-31 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл/Хх-ийн 12 дугаар хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 49-50 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №214 дугаартай дүгнэлт:
1.*******ийн биед дээд уруулын дотор талд шарх, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 47-48 дугаар хуудас/
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 79 дүгээр хуудас/
Шүүгдэгч *******ын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан “өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 163 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны оройн 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгон Баатарвангийн 1-106 тоотод иргэнээс ирүүлсэн дуудлагын дагуу очсон хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэж цагдаагийн алба хаагч *******ийн уруул орчимд гараараа нэг удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 18-19 дүгээр хуудас/,Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 49-50 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №214 дугаартай дүгнэлт/Хх-ийн 47-48 дугаар хуудас/,гэрч О.Оюунболдын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч Я.Шижирболдын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 27-29 дүгээр хуудас/, гэрч О.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 31-32 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэж заажээ.
Цагдаагийн албаны тухай хуулийн “23.1.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно. “25.5.4. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг хамгаалах хүнд, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэх үндэслэлтэй бол холбогдох байгууллагад хүлээлгэн өгөх, эсхүл Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд заасан журмын дагуу арга хэмжээ авах, “23.6. Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч *******ийн хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагч мөн байх бөгөөд Цагдаагийн албаны тухай хуульд заасан албан үүргээ биелүүлж, иргэнд хуулийн хүрээнд зүй ёсны шаардлага тавьсан байна.
Шүүгдэгч ******* нь Цагдаагийн албаны тухай хуулийн 23.6 дугаар зүйлд заасан “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.” ...гэснийг зөрчиж, хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг хүч хэрэглэж эсэргүүцсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэлээ.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр:гэм хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд буюу уруулын дотор талд язралт үүссэн хөнгөн хохирол учирсан болох нь Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №214 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд уг хохирлыг гэмт хэргийн улмаас хууль сахиулагчийн эрүүл мэндэд учирсан хор уршигт тооцож, хохирогч нь шүүгдэгчээс энэ тогтоолоор нэхэмжлэх зүйлгүй гомдол санал байхгүй гэжээ.
Гурав.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар.
Шүүгдэгч ******* нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 08 сарын хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх өдрөөс өмнө буюу 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д зааснаар 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн, 1996 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамруулахгүй.” ...гэж заажээ.
Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 хоногийн хорих ял шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар биечлэн эдлээгүй үйлдсэн 02 жил 07 сар 21 хоногийн хорих ялыг өршөөн сулласан байх тул шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй болно.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Цэрэннадмидын Отгонбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 08/найм/сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч *******ыг шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Шүүгдэгч *******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ