Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/00536

 

Е-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/02976 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 168 дугаар магадлалтай,

Е-гийн нэхэмжлэлтэй,

О-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нармандахын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн орчуулагч П.Марина, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Е шүүхэд гаргасан    нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Монгол Улсад оршин суудаг Е нь хариуцагч байгууллагад хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байхад хариуцагч тал хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн.

Хөдөлмөрийн тухай хуульд хугацаатай гэрээ байгуулах нөхцөлийг тодорхой заасан бөгөөд Улсын дээд шүүхийн зөвлөмж, тогтоол зэрэгт энэ тухай тайлбарласан байдаг. Гэтэл хариуцагч тал байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж, хуулийг ноцтой зөрчсөн. Иймд, нэхэмжлэгчийг өмнө нь ажиллаж байсан ажлын байранд буцааж томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Е хэдхэн сар ажилласны дараа тэтгэвэрт гарах байсан, талууд нэг үндэс угсаатай, нэг улсын иргэний хувьд хүнлэг сэтгэлээр хандаж болох байсан.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь байнгын ажлын байр юм. Гэвч хариуцагч тал 4 удаа хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.  Хэдийгээр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан боловч анхнаасаа хугацаагүй гэрээ байгуулах ёстой байсан. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусах байсан ч түүнийг уг хугацаанаас өмнө өөр газарт очиж ажиллах талаар хариуцагчийн зүгээс шаардлага тавьсан. Үүний дагуу нэхэмжлэгч тал Эйрфлот гэх газарт 4 удаа жижүүрийн үүргийг гүйцэтгэж, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажилласан.

Нэхэмжлэгч нь энэ тушаалын талаар 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр буюу Эйрфлот гэх газарт ажиллаж дууссаны дараа мэдсэн байдаг. Хариуцагчийн төлөөлөгчөөс уг тушаалыг гаргасан өдөр  нэхэмжлэгчийг мэдэж, гарын үсэг зурсан гэж байна. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн. Энэ тушаалд тамга, тэмдэг байгаагүй, зөвхөн гарын үсэгтэй л байсан. Бид Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргахад таныг шүүхэд хандах боломжгүй болгох гэж тушаал дээр тамга дараагүй байна гэж тайлбарласан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь ямар нэгэн дипломат эрх ямба эдэлдэггүй ба уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай, эсвэл хугацаагүй байгуулж болно. Тодорхой хугацаатайгаар нэхэмжлэгчтэй хэд хэдэн удаа гэрээ байгуулсан ба тэрээр эрх зүйн бүрэн чадамжтай, гэрээг сайн дураар байгуулсан, түүнд тухайн үед гэрээний нөхцөл байдлыг тайлбарлаж, гэрээний нэг хувийг өгсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгахгүй гэж тохирсон. Бид, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан шиг нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, харин гэрээний хугацаа дууссан тул сунгаагүй. Талууд гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн, хуульд заасан үндэслэлээр гэрээний хугацаа дууссан учраас нэхэмжлэгчээс гомдол гаргах шаардлагагүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээ сунгагдаагүй гэж тайлбарласан, гэтэл дээрх гэрээнүүд сунгагдаж байгаагүй, тухай бүр шинээр байгуулсан ба хуульд гэрээний хугацааг заавал сунгана гэж заагаагүй. Түүнчлэн Улсын дээд шүүхийн зөвлөмж бол хууль биш, нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрыг байнгын тогтвортой гэж үзэхгүй, манай байгууллагын өмч, хөрөнгүүд өөр өөр газарт байдаг.

Тус ажлын байранд олон хүн ажиллаж, солигдож байдаг буюу ямар ч үед ажилгүй болох боломжтой учраас хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг тул хууль зөрчсөн үйлдэл биш. Ажлаас чөлөөлөх үедээ нэхэмжлэгчтэй өөр газарт ажилд оруулж өгөхөөр ярьсан боловч түүнд уг ажил таалагдаагүй.

Зохигчид энэ талаар маргах шаардлагагүй, нэхэмжлэгч тал хуулийг буруу тайлбарлаж байна, түүний хууль ёсны ямар ч эрх ашиг зөрчигдөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/02976 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Оросын Холбооны Улсын иргэн Ег урьд эрхэлж байсан жижүүр-комендатын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 9 173 194 төгрөгийг хариуцагч Ораас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 161 721 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 168 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/02976 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Егийн хариуцагч От холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161 721 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нармандах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 22-ний өдрийн 168 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, хяналтын гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг шүүхэд хандаж болох хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзжээ. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан. Хуулийн энэхүү заалт нь ажилтан ажлаас халагдсан, чөлөөлөгдсөнөө мэдсэн өдрөөс гэсэн утгатай биш юм. Харин ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээж авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд хандах боломжтой гэсэн утгыг илэрхийлж байна. Хариуцагч нь ажилтанд ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг 2018.05.31-ний өдөр гардуулсан гэдгийг нотолж чадаагүй. Уг тушаалтай танилцсан гэх хүмүүс нь бүгд ажил олгогч буюу хариуцагчийн захиргаанд ажилладаг гэдгийг дурдах хэрэгтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3.-т Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэж заажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн энэ заалт нь хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажил олгогчоос эрх мэдэл, боломжоор сул дорой, ажил олгогчид захирагддаг ажилтныг хамгаалж өгсөн заалт юм.

Давж заалдах шатны шүүх ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргуулахгүй байхын тулд ажлаас чөлөөлсөн тушаал гэх хуулийн этгээдийн тамга тэмдэггүй тушаалыг ажилтанд гаргаж өгсөн. Энэ нь анхан шатны шүүхийн хуралдаан дээр нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, тушаалын эх хувийг гаргаж өгөхийг даалгасан шүүгчийн захирамжаар нотлогддог. Анхан шатны шүүх хурал дээр тэрхүү ажлаас чөлөөлсөн тушаал гэх баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж шүүхийн журмаар гаргуулсан болно. Энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт бий.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43.З дахь заалтын дагуу ажил олгогч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг ажилтанд тухайн өдөрт нь өгөх нь ажил олгогчийн эрх биш, харин үүрэг байна. Тушаал дээрх огноо нь тушаал гарсан өдрийг гэрчилж байгаа болохоос гардуулж өгсөн гэдгийг нотолж байгаа баримт биш юм. Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарахад хэдхэн сар үлдсэн байсан ба 2018 оны 06 сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн талаар сонсоод маш их сэтгэл санааны цочролд орж, тушаалын огноог харалгүй гарын үсэг зурсан байсан.

Иймд давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 168 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Е нь От холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ег  ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газрын Монгол Улс дахь төлөөний газарт жижүүр-комендатаар ажиллаж байхад нь Орын Алс Дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгч Б.-ийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21/18 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсонтой холбогдуулан албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...ажлаас халсан тушаалд ямар шалтгаанаар, ямар зөрчил гаргасан үндэслэл, хөдөлмөрийн гэрээний болон хуулийн заалт байгаагүй, ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгэж байсан ...тул ажлаас чөлөөлсөн тушаал нь хуульд нийцээгүй, ажилтан миний хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...ажил олгогч нэхэмжлэгчтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу харилцан зөвшилцсөнөөр, 4 удаа хугацаатай гэрээ байгуулж ажиллаж байсан. Түүний ажлын байр нь байнгын ажлын байр биш, хэзээ ч ажил үүрэг гүйцэтгэх шаардлагагүй нөхцөл байдал үүсэх тул хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж байсан. Гэрээний хугацаа дуусгавар болсноор эрх зүйн үйлчилгээ дуусгавар болсон, нэг ч гэрээний хугацааг сунгаагүй, эсвэл хугацаанаас нь өмнө цуцлаагүй. Ажил олгогчоос ажилтныг халах тушаал гаргаагүй, учир нь гэрээний хугацаа дуусгавар болсноор гэрээний эрх зүйн үйлчилгээ дуусгавар болж, ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан. Энэ нь ажлаас халах тушаал биш, нэхэмжлэгчийн хууль ёсны ямар ч ашиг сонирхол зөрчигдөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Анхан шатны шүүх “...ажил олгогч байнгын ажлын байранд ажилтантай удаа дараа хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж, Хөдөлмөрийн тухай хуульд заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүргийг зөрчсөн, хууль бусаар ажлаас чөлөөлсөн...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй алдаа гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянахдаа зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг бүрэн гүйцэд, үндэслэл бүхий үнэлээгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

  1. Хөөн хэлэлцэх хугацааны талаар:

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.

Нэхэмжлэгч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №21/18 тушаалыг 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн тул 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж, хариуцагч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг гарсан өдөр нь ажилтанд танилцуулж гарын үсэг зуруулсан, энэ баримт хэрэгт авагдсан гэж маргажээ.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Эрхэлж байгаа албан тушаалаас чөлөөлөх тухай №21/18 дугаартай тушаалд нэхэмжлэгч Е гарын үсэг зурсантай маргаагүй боловч гарын үсэг зурсан огноо, цаг хугацааны хувьд зохигч маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.-т зааснаар ажил олгогч ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй тул тэрээр тушаалыг ажилтанд тушаал гарсан өдөр танилцуулсан гэх тайлбараа нотлох  үүрэг хүлээнэ.

Ажлаас чөлөөлсөн тушаалтай танилцаж гарын үсэг зурсан гэх хэрэгт авагдсан баримтад огноо буюу танилцсан цаг хугацааны талаар тэмдэглэгдээгүй бөгөөд ажилтны 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр танилцсан гэх тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, өөрийн тайлбар, татгалзлыг нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Ажлаас халагдсан тушаалыг танилцуулах, гардуулж өгсөн хугацааг нотлох үүргийг ажил олгогч хүлээх тул ажилтныг тайлбараа нотлоогүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй, талуудын нотолгооны үүргийг зөв хуваарилаагүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байх боловч энэ нь магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч 2018 оны 06 дугаар арын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалтай танилцаж, 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хавтаст хэргийн 117-119 дүгээр талд авагдсан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар, тус нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжаар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргах хугацааг зөрчөөгүй байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2019/01409 дугаартай Шүүгчийн захирамжаар “нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй” тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.-т зааснаар нэхэмжлэлийг буцаажээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, 79.9.-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэжээ.

Нэхэмжлэгч Е нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар түүний шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх тул нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамж гарснаар тус хугацаа дахин шинээр тоологдоно.

Иймд нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамж гарсан 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан нэг сарын хугацааг тооцвол дахин нэхэмжлэл гаргах хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусахаар байтал нэхэмжлэгч нь шүүгчийн захирамж гарснаас хойш 55 хоногийн дараа буюу 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Тэрээр хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн талаар тайлбар гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлт гаргаагүй, хэрэгт энэ талаар баримт байхгүй тул хяналтын шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл тогтоогдсонгүй.

  1. Ажил олгогчийн шийдвэр хууль зөрчсөн эсэх талаар:

Нэхэмжлэгч Е нь ажил ологч байгууллагад 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллахдаа 4 удаа хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж ажиллаж байсан бөгөөд энэ талаар ямар нэг гомдол гаргаж байгаагүй байна.

Ажил олгогч өөрийн байгууллагын онцлог, байнгын, тогтвортой үйл ажиллагаа явуулах эсэхээс шалтгаалан тухайн ажлын байрыг байнгын ажлын байр биш гэх үндэслэлээр ажилтантай харилцан тохиролцож, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж ажилласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2. дахь заалтыг зөрчөөгүй бөгөөд гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Ажилтныг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн талаарх нэхэмжлэгчийн гомдолд давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо дурдаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 168 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нармандахын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД