| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2019/0328/З |
| Дугаар | 489 |
| Огноо | 2019-08-14 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 489
2019 оны 08 сарын 14 өдөр Дугаар 128/ШШ2019/0489 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дүгнэлт гаргагч: Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Н,
Хариуцагч: Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч О.О,
Прокурорын дүгнэлт: “Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч О.Оийн 0141140 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, холбогдогч “Д” ХХК-ийн “Нийслэл” рестораны гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулах”-ыг хүссэн дүгнэлттэй зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа, дүгнэлт гаргагч М.Н, хариуцагч О.О, гуравдагч этгээд “Д” ХХК-ийн төлөөлөгч Г.Билгүүн нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Н нь шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Н би, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч О.О 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төлөвлөгөөт хяналт шалгалт хийх 02-01/68 тоот удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д “ ХХК-ийн “Нийслэл” рестораны үйл ажиллагааг шалгажээ. Шалгалтаар хоол үйлдвэрлэлийн өрөө эмх цэгцгүй, ариун цэвэр туйлын хангалтгүй бохир заваан, цэвэрлэгээ ариутгал хангалтгүй бүртгэл хөтлөлт байхгүй зэрэг зөрчил илэрсэн талаар эрх бүхий албан тушаалтан тэмдэглэлдээ тусгаж бичсэн байна. Эрх бүхий албан тушаалтан Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч О.О дээрх шалгалтаар илэрсэн зөрчлийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, “Д” ХХК-ийн “Нийслэл” ресторанд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ. Материалд авагдсан баримтуудтай танилцахад, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Учир нь Хүнсний тухай хуулийн 3 дахь хэсгийн 3.1.12 дахь заалтад “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч” гэж хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/ цаашид “иргэн” гэх/, хуулийн этгээдийг;
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дэх хэсгийн 4.1.6 дахь заалтад “хүнсний сүлжээ” гэж хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах, экспортлох, импортлох , хоол үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх үйл ажиллагааг ойлгохоор зохицуулсан байна.
Мөн Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна.” гэж заасан байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч О.Оийн 0141140 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, холбогдогч “Д” ХХК-ийн “Нийслэл” рестораны гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулах шаардлагатай байх тул прокурорын дүгнэлт бичив.
Хариуцагч Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч О.О шүүхэд гаргасан тайлбартаа: “ ... Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Нын гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 39 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...”Дээрх аж ахуй нэгж байгууллагын гаргасан зөрчилд “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйл 9 дэх хэсэгт “Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтын дагуу арга хэмжээ авсан. Учир нь Монгол Улсын Эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.3. “ Эрүүл ахуйн нөхцөл, шаардлага” гэж эрүүл ахуйн дүрэм, журам, заавар, стандартад заагдсан хэм хэмжээг хангасан байхыг” гэж заасан байна. Дээрх аж ахуй нэгж байгууллага нь “ Хоолны газрын нийтлэг журам”-ын 8.1 “Хоолны газрын шал, хана, хаалгыг өдөр бүр цэвэрлэж ариутгах ба их цэвэрлэгээг 7 хоног тутам хийнэ”. 8.5 “Хоол үйлдвэрлэлд хэрэглэсэн багаж хэрэгсэл, сав, суулгыг 1%-ийн сода, эсвэл гичийн +50 0С-ийн хэмтэй халуун усаар зориулалтын угаалгын бодисоор сойздож угаана. Угаалгын бодисын үлдэгдлийг 80-90 0С-ийн хэмтэй халуун усаар сайтар зайлж зориулалтын тавиур дээр хатаана.” Гэсэн заалтууд зөрчигдөж байсан тул холбогдох арга хэмжээ авсан.
Эрүүл ахуйн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт “Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан нь Эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтад хамаарч байна.
Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзсэн байна. Дээрх заалтууд нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль” зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын заалт гэж үзэж байна. Учир нь “ Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “Энэ хуулийн зорилт нь хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад энэ хуулийн 5 дугаар зүйлд тодорхой хэд хэдэн зарчмуудыг баримтлахаар заасан байна. Тухай рестораны зөрчил нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг зөрчсөн зөрчил тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2 дахь заалтаар арга хэмжээ авах нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэг “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна” гэсэн /шударга ёсны зарчим /заалтыг баримтлан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1-р зүйлийн 4.1.3 “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд прокурорын зөвшөөрлөөр явуулахаар зааснаас бусад ажиллагааг явуулах шийдвэрийг биед даан гаргана” гэсэн заалтуудын дагуу холбогдох арга хэмжээ авсан болно” гэжээ.
Гуравдагч этгээд “Д” ХХК-ийн төлөөлөгч Г.Билгүүн шүүхэд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс манай рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд тухайн өдөр гал тогооны хэсэгт угаалга цэвэрлэгээ хийх бүрдээ бүртгэл хөтөлж, гарын үсэг зуруулаагүй, хоол хийсэн сав, аяга тавгийг дор бүр угаагаагүй овоолсон, шалан дээр ногооны үлдэгдэл асгарсан гэх мэтээр эмх замбараагүй байдалтай байсан нь үнэн.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7.4-т зааснаар “Хүнсний сүлжээний бүх үе шатанд эрүүл ахуйн зохист дадал нэвтрүүлэх аргачлал зөвлөмжийг хяналтын байгууллага гаргана” гэж заасан байсан. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 156 дугаар тушаалаар батлагдсан Мал төхөөрөх, мах ангилж савлах, мах боловсруулах үйлдвэрт үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохист дадлыг нэвтрүүлэх тухай зөвлөмж байдаг. Харин манай ресторан нь “ Хоолны газрын нийтлэг журам”-д заасан эрүүл ахуйн нөхцөл шаардлагуудыг хангаагүй, угаалга цэвэрлэгээ хангалтгүй байсан зөрчлүүдийг тухайн өдөр гаргасан тул хүнсний чанар, стандартын чанарын хяналтын улсын ахлах байцаагч О.Оийн оногдуулсан торгуулийг хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэн, албан даалгаврын дагуу зөрчлөө арилгаж, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг дахин хийлгүүлсэн.
Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ нь зөрчил үйлдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хир хэмжээнд тохирсон байна” гэж заасан байгаа нь рестораны хүчин чадал, ажиллах хүч, өдөрт гаргадаг хоолны хэмжээ зэргийг харгалзан үзээд тохирсон торгуулийг тавьсан гэж үзэж байгаа. Учир нь манай ресторан нь 1 тогооч, 1 зөөгч, 1 касс нийт 3 хүн ажилладаг хүчин чадал маш багатай, ажлын байрны зай талбай жижиг, өдөрт гаргадаг хоолны хэмжээ бага, голдуу ресторан гэхээсээ пабын чиглэлээр ажилладаг. Захиалгын дагуу өдөрт цөөхөн хоол хийдэг бөгөөд угаасаа согтууруулах ундаагаар үйлчилдэг ол халуун хоол, цайгаар үйлчилдэг байхыг архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад тавигдах шаардлагад заасан байдаг. Энэ шаардлагын дагуу өдөрт захиалгаар цөөхөн хоол хийдэг. Мөн манай аж ахуйн нэгж нь Баянгол дүүрэгт үйл ажиллагаа эрхлэх хугацаандаа хоолны амт чанартай холбоотой гомдол болон хүнсний түүний эд, бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбоотойгоор хордлого гаргаж байгаагүй тул Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан зөрчлөөр шийтгэл хүлээх ямар ч нөхцөл байхгүй. Зөвхөн тухайн өдрийн угаалга, цэвэрлэгээ, хоол үйлдвэрлэх хэсгийн ариутгал, эмх цэгцгүй байдал нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг зөрчсөн тул хүлээн зөвшөөрч, торгуулиа төлөөд, зөрчлөө арилгаж ажилласан.
Иймд Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 5.1 болон 5.2-т заасан зөрчлүүдийг үйлдээгүй гэж үзэж байгаа тул хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, манай байгууллагын үйл ажиллагааны хүчин чадал зэргийг харгалзан оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулахаар гаргасан Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Нын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Наас Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч О.Оийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0141140 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02-01/68 тоот “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” хяналт шалгалтын удирдамжийн дагуу нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг хамруулж төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдсэн байх бөгөөд хариуцагчаас “Д” ХХК-ийн Нийслэл рестораныг “Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй нь хяналт шалгалт, фото зургаар тогтоогдсон” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх заалтын дагуу 500.000 төгрөгөөр торгожээ.
Холбогдогч “Д” ХХК-ийн Нийслэл рестораны хувьд хоол үйлдвэрлэлийн өрөөгөө эмх цэгцгүй ариун цэвэр туйлын хангалтгүй бохир заваан, цэвэрлэгээ ариутгал хангалтгүй бүртгэл хөтлөлт байхгүй гэсэн зөрчил гаргасан бөгөөд уг зөрчлөө тус компани хүлээн зөвшөөрсөн байна.
Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбогдон дараах зүйлийг хориглоно”, 20.1.1-д “Хүний эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах, үйлдэл хийх”, 20.1.2-д “Хүн амын суурьшлын бүсэд халдварт, сүрьеэгийн эмнэлгийг шинээр төлөвлөх, барьж байгуулах”, 20.1.3-д “Эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх технологи ажиллагаатай үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг байгуулахаар төлөвлөх, барьж байгуулах”, 20.1.4-д “Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх”, 20.1.5-д “Гоёлын гоо заслын газарт арьс, салстыг цоолж гэмтээх мэс ажилбар хийх”, 20.1.6-д “Хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хоёрдогч түүхий эд хүлээн авах, цуглуулах, хадгалах үйл ажиллагаа эрхлэх цэгийг орон сууц, нийтийн эзэмшлийн зам, талбай болон гэр хороололд эрхлэх”, 20.1.7-д “Зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт автотехникийн засвар, машин техник, бохир зүйл угаах, эд анги, тос, тосолгооны материалыг ил задгай хаях, асгах, түүгээр худалдаа, үйлчилгээ эрхлэх”, 20.1.8-д “Нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаах”, 20.1.9-д “Олон улсын болон улсын чанартай авто замын дагуу зориулалтын бус газарт бие засах, хог хаях” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтын дагуу Эрүүл ахуйн тухай хуульд заасан эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбоотой дээр дурдсан гадаад орчны талаар хориглох зүйлсийг иргэн, хуулийн этгээд зөрчсөн тохиолдолд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж торгохоор тухайлан заасан байна.
Прокурорын дүгнэлтээр “...Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дэх хэсгийн 4.1.6-д ““хүнсний сүлжээ” гэж хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах, экспортлох, импортлох, хоол үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх үйл ажиллагааг ойлгохоор зохицуулсан” гэж тайлбарлан холбогдогч компанийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй” гэж үндэслэлээ тайлбарладаг.
Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй”, 5.2-д “Үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй” гэж, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “Хүнсний эрүүл ахуй” гэж хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний аюулгүй байдлыг хангахад шаардагдах бүхий л нөхцөл, шаардлагыг”, 4.1.6-д “Хүнсний сүлжээ” гэж хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах, экспортлох, импортлох, хоол үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх үйл ажиллагааг”, 4.1.20-д ““Эрүүл ахуйн зохистой дадал” гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, үйл ажиллагааг” гэж, MNS CAC/RCP 39:2011 дугаартай “Нийтээр үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал” Монгол Улсын стандартын 5-д “Хоол үйлдвэрлэлийн газар: Эрүүл ахуйн шаардлагууд”, 5.2-т ““Цэвэрлэгээ ба ариутгал – Өдөр тутмын цэвэрлэгээ”, 5.2.2-д “Хоол хүнсний бохирдлоос сэргийлэхийн тулд бүх тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шаардлагад нийцүүлэн байнга, тогтмол цэвэрлэх ёстой бөгөөд хэрэгцээ гарвал ямар ч үед ариутгалыг хийнэ”, 5.2.4-д “Ажил дууссаны дараа эсвэл өдрийн тохиромжтой цагт хоол хүнс боловсруулах байр, өрөө тасалгааны шал, бохирын трап зэрэг бусад туслах эд зүйл, хана зэргийг сайтар цэвэрлэх ёстой” гэж тус тус заажээ.
Хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл болон фото зургаас үзэхэд холбогдогч Д ХХК нь хоол үйлдвэрлэлийн өрөө эмх цэгцгүй ариун цэвэр туйлын хангалтгүй бохир заваан, цэвэрлэгээ ариутгал хангалтгүй гэсэн зөрчлийн шинжтэй үйлдлийг гаргасан байх ба уг үйлдлүүд нь Эрүүл ахуйн тухай хууль бус Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан эрүүл ахуйн зохистой дадлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын удирдамжид зааснаар хяналт шалгалт хийх чиглэлийг тодорхойлсон бөгөөд уг чиглэл нь хүнсний чанар, стандартын хяналт, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт, нийгмийн хамгааллын хяналт гэсэн 3 чиглэлээр холбогдох эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн хариуцсан чиглэлээр хяналт шалгалтаа хийсэн байна.
Гэтэл Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч нь өөрийн чиглэлд үл хамаарах буюу Эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр шалгалт хийсэн мэтээр зөрчил гаргасан гэж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүх захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдаж, шийтгэлийн хуудсыг өөрчлөх эрх хэмжээ байхгүй, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтээр уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч О.Оийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0141140 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1.6, 4.1.20-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын гаргасан дүгнэлтээр Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч О.Оийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0141140 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт тус тус заасны дагуу дүгнэлт гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА