Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2015/0438

 

2015 оны 9 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2015/1438

Улаанбаатар хот

 

 

С.Тийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ор, хариуцагчийн өмгөөлөгч А.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 356 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Тийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Т болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Т нь одоогоор Швейцарын холбооны улсын Базелийн их сургуульд эрүүл мэндийн эдийн засгийн чиглэлээр докторантурт эчнээгээр суралцаж байгаа бөгөөд Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу Төрийналбаны төв байгууллагаас нэр дэвшин эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон мэргэшсэн төрийн албан хаагч юм. Улсын Их Хурлаас 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан Засгийн газрынбүтцийн тухай хуулийн дагуу Эрүүл мэндийн яаманд спортын чиг үүрэг нэмэгдэж ирсэнтэй холбогдуулан шинэ сайд томилогдож ирээд С.Тийг дуудаж уулзаад удирдлагын багийг бүрэн сольж, би өөрийн багийг авч ажиллуулна цаашид таныг ажиллуулахгүй гэсэн бөгөөд улмаар Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 386 дугаар тушаалаар намайг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөнд гомдолтой байна. Намайг ажлаас чөлөөлсөн дээрх тушаалын үндэслэл болгосон хууль, тогтоолын заалтууд нь ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй, хориглосон заалтууд байгаа тул энэхүү тушаал нь илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 386 дугаар тушаал гарах үед ажлын байрны чиг үүргийг өөрчилсөн тушаал шийдвэр гараагүй бөгөөд шийдвэр гараагүй байхад ажлаас чөлөөлсөн. Сүүлд 2015 оны 4 дүгээр сард батлагдсан тушаалыг С.Ттэй холбож, ажлын чиг үүрэг өөрчлөгдсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Дээрх тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг үндэслэсэн нь төрийн албан хаагчийн баталгааг илт зөрчсөн байна. Учир нь Эрүүл мэндийн яам нь Эрүүл мэнд, спортын яам болж спортын чиг үүрэг нэмэгдэж ирснээс биш Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаал, ажлын байр, чиг үүрэг өөрчлөгдөөгүй. Бүтэц орон тоог нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх байдлаар зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч ажлын байр нь хэвээр хадгалагдаж үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах гэсэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заалт үйлчлэх ёстой. Мөн тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэсэн боловч миний албан тушаалын орон тоо хасагдаагүй, хэвээрээ байгаа болох нь Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолын 1 дэх заалтын е хэсэг, е хэсгийн 5-д зааснаар батлагдаж байна. Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь тушаалыг гаргахдаа МонголУлсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйл, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын 3.1, 4.3, 4.7-д заасныг тус тус зөрчиж намайг томилсон тул түүний гаргасан 386 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн хориглох заалт буюу 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчсөн, илт хууль бус эрх зүйн акт болсон. Миний ажлын байр хэвээр хадгалагдаж байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх тушаал гарган, ажиллаж байсан албан тушаалд төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгөөгүй, төрийн албаны нөөцөд бүртгэгдээгүй Э.Ос гэгчийг Төрийн албаны тухайхуулийн 17 дугаар зүйлд заасныг зөрчиж, илт хууль зөрчиж томилсон байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан ...татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хориглоно, 40.4-д заасан аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгчөөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж заасныг ноцтой зөрчсөн. Хариуцагч нь С.Тт 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгосон гэж байгаа боловч С.Т нь уг тэтгэлгийг 2015 оны 04 дүгээр сарын 01 ний өдрийн байдлаар аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Иймд Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 386 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар эгүүлэн тогтоолгож, шүүхийн эцсийн шийдвэр гартал ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М болон өмгөөлөгч А.ЭБ нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинэчлэлийн Засгийн газрын үед ажиллаж байсан төрийн яамд татан буугдаж, Эрүүл мэндийн яам нь Эрүүл мэнд, спортын яам болж, гүйцэтгэх чиг үүрэг нь өөрчлөгдөн хамрах хүрээ, хариуцах ажил, үүрэг нь тэлснээр Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын чиг үүрэг өөрчлөгдсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдсан гэж үзэхгүй. Харин ч Эрүүл мэндийн яам нь өөрчлөгдөнбайгуулагдаж, бүтцийн өөрчлөлт хийгдэж, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг өөрчлөгдсөн тул дээрх хуулийн дагуу ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан шалтгаанаас хамаарч С.Тийн ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт орсонтой холбогдуулан мөн хуулийн 27.2.4-т заасны дагуу 6 сарын тэтгэлгийг олгож, нэмэгдэл баталгаагаар хангасан. Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганчимэгийг Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө гэж заасны дагуу Засгийн газрын шийдвэрээр Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон тул Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй С.Тийн ажиллаж байсан ажлын байр, албан тушаалд тавигдах онцлог, шаардлагыг харгалзан сонгон шалгаруулж, дээрх ажлын байранд ажиллах шаардлага хангасан гэж үзэж Э.Осг уг албан тушаалд томилсон. Шинэчилсэн бүтцийн дагуу Эрүүл мэнд, спортын яамны дотоод нэгжийн ажил үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүдэд өөрчлөлт орсон тул Эрүүл мэндийн яамны бүтцээр ажиллаж байсан Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ажлын байрын тодорхойлолт өөрчлөгдөж, гүйцэтгэх чиг үүрэг нэмэгдсэн тул 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 386 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан тохиолдолд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгоно гэж заасны дагуу Эрүүл мэнд, спортын яам нь 6 сарын цалинтай тэнцэхүйц тэтгэлгийг олгож, төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдсан гэж үзэх тул 6сарын хугацаанд эрх ашиг нь зөрчигдөхгүй үргэлжилнэ. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. С.Т нь төрийн албаны нөөцөд бүртгэлтэй байгаа тул цаашид ажлын байраар хангагдах эрх нь нээлттэй байгаа гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 сарын 11-ний өдрийн 356 дугаар шийдвэрээрТөрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дугаар зүйлийн 24.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 386 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Тийг урьд эрхэлж байсан Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.ЭБ давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч С.Т нь Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30 ны өдрийн 386 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрындаргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болно. Дээрх нэхэмжлэлийн дагуу анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэмээн үзэж шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдлыг доорхи үндэслэлээр гаргаж байна. Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9,Засгийн газрын бүтцийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 14 дэхь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 заалтуудыг үндэслэн С.Тийг "... газрын даргын үүрэгт ажлаас " Эрүүл Мэнд, Спортын Яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар чөлөөлсөн нь үндэслэлтэй бөгөөд дээрх яам нь хамрах хүрээ, хариуцах чиг үүрэг нь тэлснээр Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөн учир уг ажлын байр, албан тушаалд тавигдах онцлог, шаардлага хангасан гэж үзэн оронд нь Э.Осг томилсон нь үндэслэлтэй бөгөөд Шинэчлэлийн Засгийн Газрын үед ажиллаж байсан яамд татан буугдсан. Төрийн Албаны Тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар"ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдсан" гэж үзэхгүй юм.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т Энэ хуулийн 5.1.2,5.1.3-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ" гэж заасан бөгөөд анх С.Т нь 2012 оны 09 дүгээр сарын 28 ны өдөр Эрүүл мэндийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албантушаалд томилогдсон гэх боловч төрийн албаны хуулийн дагуу удирдах болон гүйцэтгэх ажилтны мэргэшлийн сонгон шалгаруулалтад ороогүй бөгөөд энэ удирдах албан тушаалд тавигдах шаардлага хангаагүй, Төрийн Албаны Зөвлөлийн сонгон шалгаруулалтад ороогүй, орсон болохыг баталсан буюу шалгаруулалтад тэнцсэн эсэх тухай нотлох баримт байхгүй байхад хуулийн дагуу үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж үзэхэд хүргэж байна.

Дээрх баримтуудаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг ажил, албан тушаалаас чөлөөлсөн нь түүний хуулиар тогтоосон "төрийн албан хаагчийн ажиллах, нөхцөл, баталгааг"-г зөрчөөгүй, Эрүүл мэнд, спортыняамны төрийн нарийн бичгийн даргын 386 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзэн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж байгаа тул гомдлын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв боловч Төрийн албаны тухай хуулийн хэрэглэх ёстой хуулийн заалтыг баримтлаагүй, ажилгүй байсан хугацааны олговрыг буруу тооцсон байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 386 дугаар тушаалаар Засгийн газрын бүтцийн тухай 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулийн 14, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэг, Засгийн газрын 2014 оны Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 382 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн е заалтыг үндэслэн яамдын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой ажлын байрны чиг үүрэг нь өөрчлөгдсөн гэх үндэслэлээр С.Тийг Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн маргаан бүхий актыг гаргахдаа баримталсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтаар төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөн үед албан тушаалын орон тоо хэвээр хадгалагдсан, цөөрсөн, хасагдсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хэрхэн хангах асуудлыг зохицуулжээ.

Хэрэгт авагдсан 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Эрүүл мэнд, спортын яамны Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод С.Тийн эрхэлж байсан Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалын чиг үүрэг үндсэндээ хэвээр хадгалагдаж, дээр нь спортын салбарт хяналт тавих чиг үүрэг нэмэгдсэн боловч түүнтэй холбоотой албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага өөрчлөгдөөгүй байх тул дээрх хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх, өөрчлөх үндэслэл болох орон тоо цөөрсөн, орон тоо хасагдсан гэж үзэхгүй.

Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д ...төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах гэж заасныг зөрчиж С.Тийг албан тушаалаас чөлөөлж, түүний төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн ... чиг үүрэг нь тэлснээр ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөн учир уг албан тушаалд тавигдах онцлог шаардлага хангасан гэж үзэн Э.Осг томилсон нь үндэслэлтэй ... гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо ... С.Т нь ... Төрийн албаны тухай хуулийн дагуу удирдах болон гүйцэтгэх ажилтны мэргэшлийн сонгон шалгаруулалтад ороогүй, уг шалгаруулалтад тэнцсэнийг нотлох баримт байхгүй байхад хуулийн дагуу үнэлэлт, дүгнэлт өгөөгүй... гэж дурдсан боловч маргаан бүхий актыг энэ үндэслэлээр гаргаагүй бөгөөд С.Тийг эрх бүхий этгээд нь уг албан тушаалын шаардлагыг хангасан гэж үзэж 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс томилон ажиллуулсаар байжээ.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд хэрэглэх ёстой Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг хэрэглээгүй, мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг илүү бодож олгосон байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д заасан хэргийг бүхэлд нь хянах үүргийн дагуу шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, 27.2.4 дэх заалт нь төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болохгүй, төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлийг баримтлана гэж хуулийг буруу тайлбарлан, маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн заалтыг баримталсныг, мөн маргаан бүхий Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 386 дугаар тушаалд Батлан хамгаалах яам-ны зохион байгуулалтын бүтцийг баталсан Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолын 1 дэх заалтын е хэсгийг баримталсныг техникийн шинжтэй алдаа гэж үзэн энэ үндэслэлээр хууль бус гэж үзээгүйг[1] тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 4, 5 дугаар зүйлд зааснаар С.Тийн ажилгүй байсан 5 сар 8 хоногийн /2014.12.30-ны өдрөөс 2015.06.11-ний өдөр хүртэл/ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6.450.899 /зургаан сая дөрвөн зуун тавин мянга найман зуун ерөн есөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн[2] 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 356 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1-д... гэснийг ... 27 дугаар зүйлийн 27.2.3-д ... гэж, 2 дахь заалтын ... 113 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6.785.209,3 /Зургаан сая долоон зуун наян таван мянга хоёр зуун есөн/ төгрөгийг ... гэснийг ... ажилгүй байсан 5 сар 8 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6.450.899 /зургаан сая дөрвөн зуун тавин мянга найман зуун ерөн есөн/ төгрөгийг... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ